Б.Отгонсүх: Нийтийн тээврийг үнэгүй болгохоос наана хэрэгжүүлэх ажил нэлээд бий

2020 оны 9 сарын 162020-09-16
Б.Отгонсүх: Нийтийн тээврийг үнэгүй болгохоос наана хэрэгжүүлэх ажил нэлээд бий

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн төслүүдийн асуудал хариуцсан удирдагч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

--------------------------

-Яармагт хотын шинэ захиргаа баригдаж байгаа. Ирэх онд НЗДТГ, харьяа агентлагуудтайгаа тийшээ нүүнэ. Тэнд хувийн томоохон таван сургууль, дахиад өчнөөн орон сууцны хороолол бий болсон. Тэнд дахин төлөвлөлт явна, цаашаа Төв аймаг руу Майдар хот, Айро сити байгуулна. Өлзийт, Наадамчдын зам тэр ачааллыг даахгүй байгаа нь өнөөдрийн түгжрэлээс харагдаж байна. Одоо тэр түгжрэлийг хэрхэх вэ?

-Улаанбаатар хот 1135 км хатуу хучилттай автозамтай. Үүнээс босоо тэнхлэгийн зам ховор. Энхтайваны, Нарны, Олимпийн гээд босоо тэнхлэгийн гүүр бий. Үүнийг нэмэх ёстой. Сүүлийн 3-4 жилд Яармагийн буюу Наадамчдын гудамж руу бүтээн байгуулалт ихэссэнээс үүдэж замын ачаалал нэмэгдсэн. Замын урд талаар зургаан эгнээ замыг төлөвлөсөн байгаа. Замын трасс нь гарчихсан. Тэр ажлууд явна, учир нь 2021 оны төсөв дээр сууна гэж ойлгосон.

-Хотын замаа бүсчилье, тэгш, сондгойгоор явъя, баруун, зүүн тийш эргэхийг хориглоё, төв замын хөдөлгөөнд төлбөртэй зорчиё гэх мэт санаачилгууд явдаг. Дүлэгнээд байлгүй зоригтой шийдээд, нэг зүтгэчихэж болдоггүй юу?

-Ноднин бид иргэдээсээ асуусан. Автомашины хураамжаа нэмж, өдөрт 300 төгрөг аваад замаа засч өргөтгөе гэсэн. Иргэд зөвшөөрөөгүй. Бөөнөөрөө түгжрэх үү, өнөөдөр та, маргааш би гэдэг зарчмаар явах уу гэсэн. А, В, С бүсчлэлийг иргэд маань зөвшөөрөөгүй. Улаанбаатар хотын инженерчлэлийн газраас нэг хүн өдөрт нэг цаг түгжирч байна гэсэн тооцоолол гаргасан. Түгжрэлийн ард бид хамтдаа л гарах ёстой. Иргэд өөрсдөө ухамсарладаг, өөрсдөө бүтээн байгуулалтыг дэмждэг, хотоос гарч байгаа бодлогыг дэмждэг байвал болж байна. Хотын эрх мэдэл хязгаартай. Бид Нийтийн сонсголын хуулиар иргэдээсээ заавал асуух ёстой байдаг. Даанч асуухаар уначих юм. Ийм учраас нийтийн тээврийг нь сайжруулъя, замаа тавья гэдэг дээр тогтоод байна.

-Улаанбаатар смарт карт компанийн 24 хувийг хотын захиргаа, үлдсэн хувийг Дата карт консерциум эзэмшдэг. Тендерт шалгарахдаа өөрийн хөрөнгөө БНСУ-ын банкны зээлээр бүрдүүлээд орчихсон. Ингээд үндсэн зээлээ төлөөгүйн улмаас хувь эзэмшигч Улаанбаатар хотын захиргаа өр төлбөрт орох асуудал үүссэн гэдгийг аудитын байгууллага тогтоожээ. Энэ асуудлыг хэрхэх вэ?

-Энэ асуудлыг шалгаж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдсан. Манай өөр нэг орлогч, Захирагчийн ажлын албаны дарга нарын хүмүүс орсон байгаа. Би өөрөө ороогүй учраас сайн мэдэхгүй байна.

-Түгжрэлийг сааруулах арга хэмжээний төлөвлөгөөг хотын удирдлагын зүгээс Ерөнхий сайдад танилцуулна гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, түгээлтийн машинуудыг үүрээр түгээлт хийлгэх гэх мэт зарим шийдэл ярьж байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Ерөнхий сайдад төлөвлөгөө танилцуулна. Түгээлтийн автомашиныг өглөөний 07-10 цагийн хооронд явуулдаггүй байх. Оройны 17-21 цагийн хооронд явуулдаггүй байхыг төлөвлөөд байна. Энэ хүрээнд түргэн муудах магадлалтай хүнсний түгээлтийг ч шийдэх боломжтой юм билээ. Түгжрэл олон асуудлаас шалтгаалдаг. Боловсролын салбар ч багтана. Хамрах сургах тойргоос эхлээд. Баянгол дүүргээс хүүхдээ Хан-Уул руу, эсвэл Баянзүрх дүүрэг рүү хичээлд нь зөөж байгаа маш олон ээж, аав бий. Улаанбаатарт төрийн өмчийн 133 сургуульд 292 мянган хүүхэд сурч байна. Энэ дээр судалгаа хийхэд 60-70 хувийнх нь эцэг, эх өглөө, оройны цагаар хүргэж өгч авдаг байна. Тэгэхээр 100 гаруй мянган автомашин автоматаар ачааллын үеэр хөдөлгөөнд нэмэгддэг гэсэн үг. Энэ бол үнэний ортой. Хүүхдийн хичээл сургууль амарчихаар замын ачаалал багасчихдаг. Тийм учраас нийтийн тээврийн парк шинэчлэлийн үеэр хүүхдийн 200 автобус шийдэхээр төлөвлөөд байна. Эхний ээлжийн автобусууд энэ сардаа орж ирнэ. Арваннэгдүгээр сар дуусахад хүүхдийн 75 шинэ автобус шинээр автобус гарна. Дахиад ноднин туршсан 40 автобус гарна. Энэ мэтээр, түрүүн дурдсан арга хэмжээг хэрэгжүүлбэл 2025 он гэхэд түгжрэлийг 50 хувиар бууруулж чадсан байна гэсэн судалгаа бий.

-Түгжрэлийг сааруулахын тулд олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлнэ гэж шийдсэн. Олон төрөлт нийтийн тээвэр гэдгийг та манай уншигчдад задлаад ярьж болох уу?

-Улаанбаатар хотын замын даац 350 мянган автомашиных. Өнөөдрийн байдлаар 602 мянган машин байна гэсэн тооцоо бий. Түгжрэлгүй хот байх тухай судалгааг бид өчнөөн хийсэн, эхнээс нь туршсан. Харамсалтай нь үр дүн төдийлөн сайн биш байгаа. Нэгдүгээрт, авто замын сүлжээ төлөвлөлтийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээг авахдаа өвөлдөө даардаггүй, зундаа халууцдаггүй, чихэлдэж цухалддаггүй байх шаардлагатай. 2020 ондоо 300 автобусаар парк шинэчилнэ. Өнгөрсөн өвөл бид 12 цахилгаан автобусыг туршаад үзсэн. Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд тохирч байна. Хоёр давхар автобус Улаанбаатарт явж эхэлсэн.

Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч байна. Судалгаагаар 1.2 сая нь ямар нэг байдлаар зорчиж байгаа. Энэ хүмүүсийн хэрэгцээг автобус, троллейбусаар үйлчлээд хангаж дийлэхгүй. Жижиг тэрэг битгий хэл жийп машин хүрч чадахгүй ууланд байгаа иргэддээ зориулж агаарын дүүжин тээврийг нэвтрүүлэхээр ТЭЗҮ-г боловсруулсан. Баянхошуу-Ханын материал-3, 4-р хороолол гэсэн маршрут, трасс нь батлагдаад ажил нь эхэлснийг хэлье. Шон зоох учраас инженерийн шугам сүлжээ, хөрс геологийн шинжилгээ хийгээд эхэлж байгаа. Ашиглалтын өмнөх захиргааг НИТХ-ын шийдвэрээр байгуулсан. Коронавирусийн хорио тавигдаж, хил нээгдэхээр гадаадаас инженер техникийн болон зөвлөх багийн хүмүүсээ авчраад ажиллуулахад бэлэн болгоно, хоёрдугаарт.

Гуравдугаарт, нийслэлд 592 такси байгаа. Олон улсын стандартаар 1.5 сая хүнтэй хотод 3000-4000 такси үйлчлэх ёстой. Тийм учраас такси үйлчилгээг шинэ шатанд гаргах тал дээр анхаарч байна.

Дөрөвдүгээрт, дугуйн замын трасс Улаанбаатарт 387 км гэж Ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан байдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр байгаа нь 80 км зам. Та бүхэн мэднэ, 80 км зам нь чанар стандартад нийцэхгүй байгаа. Эхлээд 80 дугуйн замаа стандартад нь нийцүүлэх шаардлагатай. Нэмж 2020 онд 50 км дугуйн замыг хийхээр төлөвлөөд, ажлуудаа явуулж байгаа.

Мөн дээрээс нь Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордны 12.6 км зам дээр соронзон галт тэргийг хийхээр ТЭЗҮ нь батлагдсан байгаа. Энхтайваны өргөн чөлөөнд газар доорх инженерийн шугам сүлжээ маш ихтэй учраас газар доогуур метро тавихын оронд дээгүүрээ тулгуур баганууд босгоод соронзон галт тэрэг явуулах боломжтой юм байна гэж солонгос эрдэмтэд үзсэн байгаа. Энэ мэтчилэн нийтийн тээврийг хөгжүүлж байж л иргэд хувийн тэргээ ашиглахгүй болох, энэ нь эргээд түгжрэл саарах нөхцөлийг бүрдүүлнэ.

-Дүүжин тээврийг хэзээ ашиглалтад оруулах вэ. Анхны тооцсон хугацаандаа амжих уу?

-Бидний тооцооллоор 2022 онд дуусна гэсэн байгаа. Амжихын төлөө явж байгаа.

-Соронзон галт тэрэг явуулах ажлыг хэзээ эхэлж, хэзээ дуусгах вэ?

-Солонгост боловсруулсан тэр ТЭЗҮ-г коронавирусээс шалтгаалаад гар дээрээ аваагүй байгаа. Яг тэдэнд эхэлж, тэдэнд дуусна гэдэг нь тэр дээр тодорхой байгаа.

-Нийтийн тээврийг үнэгүй болгосноор түгжрэлийг бууруулах боломжтой гэж Ардчилсан намаас мэдээллээ. Ийм бодитой боломж байгаа юу?

-Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ буюу эмзэг сэдэв учраас сайн тооцоо, судалгаатай хандахгүй бол болохгүй. Нийтийн тээврээр өдөртөө 600 мянгаас 650 мянган хүн зорчдог. Үнэгүй болгохоос өмнө хийх, сайжруулах маш олон ажил бий. Цэвэрхэн, аюулгүй, сүлжээ төлөвлөлт сайтай, хүртээмжтэй болгох чиглэлд ажиллаж байна. Ийм үйлчилгээг үзүүлсний хариуд 500 төгрөгөө өгөхгүй гэдэг хүн цөөхөн. Гэрээсээ гараад нийтийн тээвэртээ суугаад ажлынхаа гадна буудаг байх юм бол хэн ч хувийн машинаараа явах шаардлагагүй болно. Өдөрт 900-950 автобус үйлчилгээнд явж байгаа. Нийтийн тээврийг үнэгүй болговол бензин, шатахууны асуудлаас авахуулаад улсаас татаас өгөөд явах уу гэдэг дээр бэрхшээл үүсч магадгүй байгаа.

-Өдөрт 900-950 автобусыг үнэгүй явуулаад эхэлбэл татаас өгч таарна. Энэ нь нийслэлийн төсөвт хэр хэмжээний дарамт үзүүлэх вэ?

-Нийтийн тээврээс үнэгүй болгохоос өмнө авч хэрэгжүүлэх арга хэмжээ нэлээд бий. Ядаж 1200 автобусаар паркаа шинэчлэх ёстой. Гэхдээ БНСУ-д ашиглаж байсан хуучин автобусаар биш шинийг нь. Хоёрдугаарт, дизель биш цахилгаан автобус сонгох шаардлагатай байна. Энэ нь байгаль орчинд ээлтэйгээс гадна эдийн засагт хэмнэлттэй. Нэг автобус өдөрт 400 мянган төгрөгийн түлш зарцуулдаг. Тэгэхэд цахилгаан автобус 40 мянган төгрөгийн цахилгаан зарцуулдаг. Тэгэхээр хэмнэсэн зардлаараа дахиад парк шинэчлэх, сэлбэг хэрэгслээ авах, үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авч болж байна. Энэ бол хотын захиргаанаас баримталж байгаа бодлого.

 

Санал болгох

Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна

13 цагийн өмнө
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай  зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав

1 өдрийн өмнө
Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа

2 өдрийн өмнө
Камбож, Лаос, Тажикстан улсын төлөөлөгчид Улаанбаатарын туршлагыг судалж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан Улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна

2 өдрийн өмнө