Төрийн бодлогын гадна хоцорсон "Дуугүй киноны үзэгчид"

2020 оны 9 сарын 162020-09-16
Төрийн бодлогын гадна хоцорсон "Дуугүй киноны үзэгчид"

Чойжин ламын сүм музейн хашаан дотор түм түжгэнэж, бум бужигнана. Монголын эртний соёлын болон түүхийн дурсгалыг тээж ирсэн эд өлгийн зүйлсийг дохионы орчуулгатайгаар сонсголын бэрхшээлтэй иргэдэд танилцуулна гэсэн зарыг олж хараад л би нааш зорьсон хэрэг.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 107500 иргэн байдаг бөгөөд 12 мянга нь сонсголын бэрхшээлтэй юм байна. Тэдний эх хэл бол дохионы хэл. Тиймдээ ч тэд дохионы хэлээрээ үйлчилгээгээ авах ёстой. Харин сонсголгүй иргэдэд бурхны шашныг таниулахаар Самъяа хийдийн 5 лам гурван сарын хугацаанд дохионы хэл сурчээ. Дохионы хэл сурсан таван ламын нэг Ч.Сүхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

ТэрээрБид бурхны шашныг таниулах, гаднаас ирсэн лам нарын хэлж, ярьж байгаа зүйлийг иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой байгаа. Тиймээс бид хичээж л байна. Эхэндээ гар гар, хуруу эвлэж өгөхгүй хэцүү байсан. Бид жилийн хугацаанд дохионы хэл сурч ёстой. Одоо гурван сарын дотор танилцуулах гэж байгаа зүйл болон бурхны шашныхаа үгийг дохиж сурсан. Сурч байх явцад сонсголын бэрхшээлтэй иргэд хийд дээр  ирээд ном уншуулж байсан. Мөн хичээл дээрээ сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харьцдаг” гэсэн юм.

Музейн үзмэртэй танилцахаар ирсэн иргэдтэй ойлголцохыг хэчнээн хүсээд ч би гэдэг хүн дохионы хэл мэдэхгүй...Мэдэхгүй гэдэг ганцхан үгэнд хашигдан дэмий л тэднийг харуулдан зогсоно. Харин тэд бидэнтэй ярилцахыг хэчнээн хүсээд ч өөрчлөгдөхгүй. Зөвхөн дохионы хэлээр л бидэнтэй ярилцаж чадна. Харин бид тэдэнтэй ойлголцож, бодол сэтгэл, ертөнцийг үзэх үзлийг нь мэдэхийн тулд дохионы хэл сурах бүрэн боломжтой. Байгаа боломжоо ашиглаж чадахгүй байна гэдэг яасан хайран. Одоо бол тэд дуугүй кино үзэж байгаа юм шиг л бидний үйл хөдлөл бүрийг ажиглан зогсоо.

Ийн бодож зогстол хажууханд зогсож байсан найз минь маань дохионы хэлний сургалтад хэд хэдэн удаа сууж байснаа надад хуучлан, “Сайн байна уу, баярлалаа, хайртай шүү, баяртай” зэрэг үгсийг хэрхэн дохидгийн надад зааж өгөв. Дөрөвхөн үг дохиж сурсан учир тэдэнтэй бүрэн ойлголцох боломжгүй. Тиймээс дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрээс тусламж авч С.Энхцэцэг эгчтэй яриа өрнүүллээ.

Иргэн С.ЭнхцэцэгСонсголын бэрхшээлтэй иргэдийг харилцаа байхгүй гээд ажилд авдаггүй л дээ. Эгч нь гэртээ уйдаж суухаар гээд музейн үзмэр үзэхээр ирлээ. Үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл их гардаг. Эмнэлгийн үйлчилгээ авахаас эхлээд. Өрхийн эмчтэйгээ ч дохионы хэлээр ойлголцож чаддаггүй. Цаашид дохионы хэлмэрчийг бэлтгэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Одоог хүртэл манай улсад дохионы хэлний хэлмэрч-орчуулагч хэмээх мэргэжлийг албан ёсоор бүртгээгүй, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль ч байхгүй. Албан ёсны дохионы хэлмэрч 10 хүн л байдаг бөгөөд тэдний ихэнх нь бие биенээсээ болон сонсголгүй найз нараасаа дохионы хэл сурчээ.

Цаашид дохионы хэлмэрчийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа мэргэжлийн боловсролын сургалтын төв дохионы хэлмэрчийн нэг жилийн ангийг нээхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд бидэнд өгсөн мэдээлэлдээ дурдсан юм.

"Төрийн үйлчилгээ дохионы хэлмэрчтэй байх шаардлагатай”

Иргэд музейн үзмэрүүдтэй танилцахаас гадна сэтгэлийн цэнгэл цэнгэл эдлээд буцсан биз ээ. Учир нь жүжигчин Д.Ганцэцэг дохионы хэлмэрчийн тусламжтайгаар тэдэнтэй халуун сэтгэлийн яриа өрнүүлсэн юм. Мөн “Жинжиймаа” киноны дууг дуулж, О.Дашбалбарын “Амьддаа би бие биенээ хайрла” шүлгийг уншсан юм. Тэрээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн тухай асуудал дэвшүүлсэн кино хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ мэргэжлийн жүжигчид биш сонсолгүй иргэдийг кинондоо тоглуулах тухайгаа ч дурдлаа.

Мөн дуучин Т.Ариунаа “Талын Монгол айл” дуугаараа дуун цацал өргөсөн юм. Харин түрүүхэн л хажууд дохионы хэлээр ярилцаж байсан хоёр охин түүний дуулж буй дууг дохионы хэл рүү хөрвүүлж байлаа. Тэдний нэг нь хэсэг хөдөлгөөнгүй зогсож байв. Харин өнөөх нь дуулж байгааг сонсохгүй байгаа хэрнээ нэг ч удаа зогсохгүйгээр дохисоор байсан юм. Дуу дууссаны дараа дохионы хэлмэрчийн тусламжтайгаар түүнээс хэдэн зүйл тодрууллаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Н.Халиун гэдэг. 2006 онд 29 дүгээр сургуульд ороод 2017 онд төгссөн.Харин 2020 оны зургадугаар сард Монгол Солонгосын коллежийг компьютерийн оператор мэргэжлээр төгссөн. Их сургуульд байхад сонсголгүй хүнд таарсан үйлчилгээ авч чадахгүй ер нь хүндрэлтэй хэцүү байсан. Байнга л хуулж бичиж, бусад хүүхдүүдээс илүү хичээж байж л сургуулиа төгссөн дөө. Одоо CU сүлжээ дэлгүүрт ажиллаж байгаа.

-Цаашдаа мэргэжлээ ажиллах бодол байгаа юу?

-Мэргэжлээрээ ажиллахгүй. Харин АНУ явж суралцах хүсэлтэй байгаа.

-Дуулж байгаа дууг нь сонсохгүй байгаа хэрнээ нэг ч удаа зогсолгүй дохилоо шүү дээ. Эсвэл тал сонсголтой юм уу?

-Би сонсголгүй. Дуунд маш их дуртай болохоор дууныхаа үгийг цаасаар эхлээд авсан. Үгээ цээжлээд, аяан дээрээ дуулахад хэлмэрч нар тусалдаг.

-Сонсголын бэрхшээлтэй иргэд үйлчилгээний газруудаар ороход хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Хүндрэлтэй зүйл их бий. Ялангуяа төрийн үйлчилгээ дохионы хэлмэрчтэй байх,үйлчилгээний газрууд хэлмэрчгүй байлаа гэхэд хадмал орчуулгатай байх шаардлагатай байгаа юм.

Бидэнд хэдий ярилцах цөөхөн хором олдсон ч төрийн бодлогоор зохицуулах, төрийн бодлого үгүйлэгдэж байгаа хэд гурван зүйлийг яриад өнгөрлөө.Төр нь иргэнээ үл хайхарч “нийгэм гэх хашаан дотор” ялган хаших ёсгүй. Эсвэл сонсголгүй иргэд гадуур явахдаа мөнгө төлж, дохионы хэлмэрч хөлслөх ёстой юм уу?

Санал болгох