Номын баяр | Тэдний "точкалсан" ном

2020 оны 9 сарын 182020-09-18
Номын баяр | Тэдний "точкалсан" ном

Өнөөдрийг догдлон хүлээсээр гэрээсээ гарсан хэчнээн олон хүн байгаа бол... Авах номуудынхаа жагсаалтыг бичсээр цүнхээ үүрээд гарсан, зав гаргаад очно доо гэсэн хүсэл тээсэн долоон хүнийг бид энэ удаа онцоллоо.

Тэд ням гараг хүртэл үргэлжлэх "Үндэсний номын баяр"-аас ямар, ямар ном авахаар төлөвлөснийг хамтдаа харцгаая.

------------------------------------------------------------

 Ч.БАТ-УЯНГА 

Номын баярт заавал очдог. Бидний хувьд Гандан гарч Хийморийн сан тавиулж буйтай адилхан ойлголт. Мэдээлэл технологийн паркт болдог жилүүдэд нь оюутан байлаа. Ээж ааваас өгдөг сарын хуваарьт мөнгөөрөө ном аваад тэр сардаа автобус, хоол, хичээлийн материал хувилуулах мөнгөгүй явдаг байлаа. Энэ жил Улбар паблишинг асарт ном зараад зогсож байна. 

Миний хувьд сүүлийн хэдэн жилийн сонирхож судалж буй сэдэв, мөн одоо ажиллаж буй төслийн судалгаатай холбоотой учраас ШУА, Монгол судлал сан, МУИС пресс, Степпэ паблишингийн гаргаж буй антропологи, угсаатан судлал, Монголын түүх, социологийн чиглэлийн 30-аад ном онилсон байгаа. 

------------------------------------------------------------

No description available.

 О.БЯМБАГЭРЭЛ

Жил болгон л номын баярт зав гаргаад очдог. Миний хувьд  "Tagtaa publishing" "Nepko" хэвлэлийн газрууд шинээр ямар ном гаргах бол хэмээн чих тавин хүлээдэг л дээ. Тиймдээ ч өглөө 10 цагаас номын баяраар ороод гарлаа. Улс төрийн сэтгүүлч учир тал талын өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймдээ ч "Nepko" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Улс төр" "Библи" "Будда" гэсэн гурван цувралыг авлаа. Цаг зав багатай үедээ уншихад их тохиромжтой юм шиг байна. 

Мөн "Tagtaa publishing" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Тэвчихийн эрхгүй хөнгөн оршихуй" номыг, мөн хүүхдүүддээ үлгэрийн ном авлаа.

------------------------------------------------------------

Б.АЛТАНХУЯГ

Бяцхан шавар байшингийн сүүдэрт эгчийгээ шоглож уйлуулчихаад өөрөө инээмсэглэж зогссон улаан хацартай, буржгар шар үстэй хөвгүүн бол би байлаа. Төмөр хуйлж үзэг хийнэ гээд гараа олон ч удаа зүсч билээ. Болохгүй болохоор нь нөгөөдхөө байшингийн буланд хаяж орхив оо. Жаахан хүүхдүүд хойно тоглоомноосоо болж муудалцаад эгчийгээ түлхэж орхитол өнөөх хуйлсан төмөр дээр алгаараа дарж унаад гараа зүсчих нь тэр.

Их цус хараад айж билээ. Анх удаа айдас гэж юу болохыг, зүрх хэрхэн өвдөж, бие чичирхийлэх мэдрэмжийг амссан юм. Гэхдээ л би инээмсэглэж чадсан.

Эгч минь уйлж дуусаад хөгшин ижийн гэрийн бүрээсний уранхай хэсгээс тастаж аваад гарынхаа цусыг арчиж, цус бялдсан өнөөх даавуугаараа ороож орхих нь тэр. Орой нь мэдсэн хэрнээ огт тоосон шинжгүй царай гаргасан ч дотроо бол хамгийн их зовж шаналсан, төмрийн хор орчихвий гэж халаглаж суусан хүн аав байлаа. Харин эгч намайг түлхсэн тухай үг дуугараагүй юм. Тэгээд л би дахин хүн түлхэхгүй гэж өөртөө шивнэж зогссонсон.

Нар өвсний толгой дээгүүр явгалан алхдаг талын бяцхан сууринд ийм нэг нулимс, цус, инээд гурав холилдсон үйл явдал өрнөж билээ. Энэ түүхийг санах болгондоо би эгчийгээ хайрладаг, өрөвддөг. Эмэгтэй хүний зовлон ямарч чимээ, аниргүй байдаг шиг санагддаг. Дотроо зовж, уйлдаг, өвдгөө тэвэрсэн жаахан охин зовлон хэмээх нүсэр том хананд даруулж суух мэт төсөөлөгддөг. Тиймдээ ч цээжин дээр чулуугаар дарсан мэт хүнд, гараа төмрөөр удаан гэгч нь зүсэх шиг сэтгэл хорсгодог гэдгийг ойлгов.

Тэгээд би хүмүүсийг биш, өөрийгөө түлхдэг болсон юм. Оюун бодол минь аажмаар өсч томрох тусам ном гэдэг зүйл рүү өөрийгөө удаанаар түлхэв. Гадаа тоглох минь цөөрч, найзууд ховордож, таазанд өлгөөтэй шар гэрэл шөнө ч амрахаа больж, доор нь ном тэвэрсэн аз жаргалтай хүүгийн зураг Батноровын бяцхан сууринд амилдаг болсон.

Тиймдээ ч номын баяраас хоцорч байсангүй. Энэ удаад "boobooks" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Хармсын “Оршихуй №2”, Рэй Брэдбэйригийн "Френхайтын 451 хэм" номуудыг авна. Эх монгол хэлээрээ ийм сайхан зохиолууд унших болсондоо баяртай байна.

------------------------------------------------------------

П.БАТХУЯГ

Хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг номын баярт жил бүр оролцдог. Миний хувьд 12 цаг 13 цагийн үед очихоор төлөвлөж байна.  Яг тухайлан авахаар төлөвлөсөн ном одоохондоо алга. Очоод үзэж хараад л нэг хоёроор тогтохгүй ном авна даа. 

------------------------------------------------------------

Х.БУЯНБАТ

Номын баярт жил бүр оролцдог. Хичээл тараад л талбай зүглээд дүүрэн догдлолоор дүүлэх шахам л гүйгээд оччихдог. Ном ихийг авч чаддаггүй ч шинэ ном гарсныг харах, бас зохиолчдоо бишрэнгүйхэн бишүүрхэнгүйхэн жаахан халгасан ч харах нь сайхан байдаг.

Тагтаа паблишингаас шинээр гарч буй номууд бол миний хамгийн эхний “олз” байдаг. Энэ жил Германы философич Хан Бён Чолийн "Тамирдсан нийгэм" –ийг юун түрүүнд авахаар төлөвлөж байна. Хачин чигжүү, хэт өндөр хөгжлийнхөө золиос болсон гээд л ярьдаг байсан Япон, АНУ-ын нийгэмтэй өдгөө бидний амьдрал нэг их ялгаагүй болсон энэ үед түүний философийн бүтээлүүд “хүчил төрөгчийн коктейл” болно гэж бодож байгаа. Найздаа бэлэглэхээр амласан болохоор бүр 2 ч ширхгийг авах учиртай. Удаах нь хайртай зохиолчийн минь монгол хэл дээр орчуулагдан гарч байгаа 4-дэх роман нь болж байгаа “Өнчрөл хагацлын он жилүүд”-ийг авна. Казүо Ишигүрогийн бичсэн гэмт хэргийн, триллер төрлийн роман гэхээр сонирхолтой санагдаад байгаа юм. Итгэж үл болох өгүүлэгчийн арга барил нь чухам триллер төрөл дээр яах бол гэдэг нь бүүр ч сонирхол төрүүлж байгаа. Бурхан 3-ын тоонд дуртай байдаг гэдэг шиг. Хэрэвзээ хэвлэгдсэн байх ахул "Алдагдсан цагийн эрэлд"-ийг авна даа. Төвөгтэй бичлэгийн хэлбэрт дуртай гэж жигтэйхэн учир. Олон ч жил эх хэл дээрээ гарахыг хүлээсэн дээ...

 

------------------------------------------------------------

119697873_363054874722570_173978220094567143_n.jpg

Г.ТҮВШИНБАЯР

Номын өдөрлөгийн хамгийн анхаарал татах хэсгийн нэг бол “Ховор номын худалдаа” байна. Миний хувьд Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн” романыг хайж очсон. Яагаад гэвэл хуучны уран зохиолын номоос бид маш их хэрэгтэй өргөн мэдээллийг авах боломжтой мэт санагддаг. Уг романд Шадар ван Чингүнжавын тухай гарахаас гадна бусад уран зохиолын дүрүүд, үйл явдлаар дамжуулан, юун түрүүнд Монгол ахуй, түүний дүрслэл, ургамлын нэрс, газар нутгийн нэр гэх мэт сайхан зүйлсийг агуулсан байдаг гэж боддог.

Мөн унших дуртай номын зохиолч нартайгаа уулзаж, номыг бичихэд, орчуулахад ямар сэтгэгдэл төрсөн тухай ч асууж болох боломж бүрдэж байна гэж харж байна. Нийслэлийн хотын номонд дурладаг эрхэм уншигч та бүхнийг энэхүү өдөрлөгт өргөнөөр оролцож, олон сайхан уран зохиолын номыг сонирхон, худалдаа хийгээсэй гэж уриалж байна.

Миний худалдаж авахаар төлөвлөж буй номонд:

  1. Ж.Пүрэв, “Зүрхний хилэн”
  2. Д.Намдаг, “Цаг төрийн үймээн”
  3. Я.Цэвэл, “Монгол хэлний тайлбар толь”
  4. Юань улсын судар
  5. Д.Урианхай, “Ёст хаан Аригбөх” роман
  6. Д.Норов, “Хөх тавилан”
  7. Шиба Рёотарагийн "Мэйжи хэмээх төр улс"
  8. Японы агуу суут хүн, соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичигийн "Эрдмийг эрхэмлэх ухаан", Смайлсын "Өөртөө туслах ухаан"
  9. Нэпко хэвлэлийн зураг, “Агнистын гэгээ цуврал”
  10. Хан Бён Чопь, “Тамирдсан нийгэм” зэрэг номууд байна.

------------------------------------------------------------

No description available.

Ш.Номин-Эрдэнэ

Маргааш амралтынхаа өдрөөр номын баярт очих бодолтой байна. Энэ жил анх удаагаа номын баярыг үзэх гэж байгаа, их догдлолтой байна. Авахаар төлөвлөсөн номууд гэвэл өөртөө зориулж Л.Энхзулын Сахар, Хан Бён Чолын “Тамирдсан нийгэм”, найзынхаа охинд зориулж Жангарын Арслан Шувуу хоёр, Миний Улаанбаатар номуудаас сонголт хийхээр төлөвлөсөн.

 

 

Санал болгох

“Соёлын сэргэлт-2023” аян нийслэлд эхэллээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй.

9 цагийн өмнө
Зураач П.Содгэрэлийн анхны үзэсгэлэн Бээжин хотноо нээлтээ хийлээ

Бээжин дэх Монголын соёл мэдээллийн төвд зураач П.Содгэрэлийн “Гийхүй” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

6 өдрийн өмнө
19 дэх жилдээ "ТОП-100" ААН-ээр шалгарсан "АПУ ХК" экспортын өсөлт, тэлэлтийг чухалчилж байна

99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна

11 өдрийн өмнө