ШИРЭЭНИЙ НОМ | Ж.ЖАМЪЯНСҮРЭН

2020 оны 9 сарын 242020-09-24
ШИРЭЭНИЙ НОМ | Ж.ЖАМЪЯНСҮРЭН

Уншигчдын амралт, чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Ширээний ном” буланд гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү, найруулагч Ж.Жамъянсүрэн оролцлоо. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/

------------------------------------------------------------

-Таны ширээний ном юу вэ? Ширээний номоо хоёр өгүүлбэрээр тодорхойлооч?

-Мишэль дө Монтэний “Сонгомол эсээнүүд”-ийг их уншдаг л даа. Аливаа асуудлыг олон талаас нь хөндөж, дараа нь өөрийнхөө өнцгийг гаргаж тавьдгаараа онцлог. Найруулгын маш өндөр түвшинд бичигдсэн эдгээр эсээг сэтгэхүйн туршилтууд гэж нэрлэх нь зүйтэй болов уу.

Мөн Расул Гамзатовын “Миний Дагестан” номыг унших дуртай. Бас л ширээний минь ном доо.

28.jpg

-Та ширээний номтойгоо анх хэдийд, хэрхэн учирсан бэ?

-Аав маань Оросоос урлаг соёлын сонин, сэтгүүл захиалж уншдаг байсан юм. Анх тэдгээр сонин сэтгүүлийн булангаас Монтэний эсээг уншиж байлаа. Тухайн үед Орос хэлний хичээл ордог байсан болохоор мэдэхгүй үгээ ааваасаа асууж байгаад муухан уншина. Философийн чиглэлийг номыг орос хэл дээр уншина гэдэг бас хэцүү. Ойлгохоосоо ойлгохгүй нь их.  Харин дараа нь нь морьтны хишиг явганд гэж, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзанын орчуулгаар 2000 оны эхээр уншсан.

Г.Аюурзана бол 1990-ээд он гараад оюуны хоосролд орж байсан залуусын оюуныг хооллосон, яахын аргагүй том гавьяа байгуулсан сэхээтэн. Зол болж, энэ хүнтэй нэг цаг үед амьдарч, бүтээлүүдээс нь уншиж байсан даа баярладаг даа.

-Ширээний ном танд яагаад чухал бас яагаад онцгой санагддаг вэ?

- Хэчнээн дахин уншиж, эргүүлж харсан ч шавхагдаж баршгүй зүйл цаана нь нуугдаж байгаа бол тэр номыг л ширээний ном гэх байх.

Чингис хаан өөрийн шадрууддаа “Тангад улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж бай” гэж дахин дахин хэлж байсан шүү дээ. Яг үүнтэй адил оюун ухаанаа үргэлж сэргээж, сэрээж, хөглөж байхын тулд л ном уншдаг.

 -Ширээний номынхоо хамгийн дуртай хэсгээс эшлээч?

-“Зохист хэмжээг баримтлах тухайд” эсээнээс “Төрсөн хүүгээ хүүгээ илчилж, шийтгэл болгон амьдаар нь авсалсан хананы анхны чулууг тавьсан Павсанийн ээж ч, нэгэн тун амжилттай тулалдааны үеэр залуу насны хөөргөн зангаар эгнээнээсээ урагш түрэн гарсных нь төлөө хүүдээ цаазлах ял оноосон Ромын дарангуйлагч Постумий ч надад шударга гэхээсээ илүү гаж солиотой санагддаг” гэсэн хэсгийг эшлэмээр байна.

Тэд хүүгээ цайзын дор хорьчихоод сард нэг удаа уулзаж, сэтгэлээ дэвтэж болох л байсан. Гэвч тэдэнд нэр нөр л хэрэгтэй байж.

Эхийн хайраас илүү шударга ёс гэж байх юм бол хүн төрөлхтөнд шударга ёс ямар хэрэгтэй юм бэ. Хүний хайр сэтгэлээс илүү шударга ёс гэж байх юм бол тэр шударга ёс хүнд хэрэгтэй юу. Яахав хайр сэтгэлээс үнэтэй шударга ёс байж болно. Гэхдээ надад лав ийм шударга ёс хэрэггүй гэж л Монтэнь хүн төрөлхтнөөс асууж байгаа юм.

-Энэ булан өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

-Төрсөн дүү найруулагч Ж.Сэнгэдоржийг уримаар байна.

Санал болгох

Олимпын цуглуулгад зориулсан хувцас худалдаанд гарлаа

Олон улсын олимпын хороо өчигдөр цуглуулгад тусгай зориулсан хувцасны багц танилцуулж, албан ёсоор худалдаанд гаргажээ.

4 өдрийн өмнө
Дэлхийн хамгийн "Баян" ээж ГОВЬ брэндээр гоёлоо

Дэлхийн хамгийн баян ээж гэхээр таны санаанд хэн бууж байна

10 өдрийн өмнө
"АПУ" ХК сагсан бөмбөгийн шилдгүүдийг хувьцаагаар шагналаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын тоглолтын шилдгүүдийг тодруулах ёслол боллоо.

13 өдрийн өмнө
Тайз дэлгэцийн мэргэжлийн оюутнуудын “3.27” наадам удахгүй эхэлнэ

Уралдаанд СУИС-ийн ТУС, РТМУС, СИТИ дээд сургууль, КУДС, ЗОХИОМЖ дээд сургууль, МҮИС-ийн оролцож шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “3.27” Оюутны их наадам 3-р сарын 26-нд зохион байгуулагдана.

14 өдрийн өмнө