"Single ladies-4" уран сайхны кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Бид киноны гол дүрийн жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа. Тэрээр 30 насны ганц бие эмэгтэйн дүрийг гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн цувралд эсрэг дүрд тоглосон байна.
-Юуны түрүүнд киногоо нээх гэж буйд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Та өмнөх цувралууд дээр үзэсгэлэнтэй, айлгүй, тачаангуй төрлийн эмэгтэйн дүрд тоглосон шүү дээ. Энэ удаагийн таны гаргах дүр ямар байв?
"Single Ladies -4"-ийн дэлгэцнээ хэзээ ч харж байгаагүй цоо шинэ Туяа гарч ирэх болно.
Эмэгтэйчүүд амьдрал дээр хайртай хүндээ сэтгэлээ нээж чаддаггүй шүү дээ. Хайртай хэрнээ хайраа илчилж, таалагддаг залуудаа чи гоё шүү, би чамайг крашладаг гээд сэтгэлээ нээгээд хэлж чаддаггүй. Эрчүүдийг л хүлээгээд байдаг.
"Single ladies-4" дээр үүнийг эвдэж эмэгтэйчүүдийн шийдэмгий байдал, түрүүлж сэтгэлээ илчилж сонголтыг гартаа авах талаар гарах болно. Миний хувьд урд нь эсрэг дүрд тоглож байгаагүй. Энэ удаад эсрэг нэг тийм зэвүүн дүр бүтээсэн байгаа. Киноны дараа эсрэг дүрд тоглох сонирхолтой болсон. Өөрийгөө өөр талаас нь харуулж байгаадаа баяртай байна.

-Ер нь бүх ангид тоглох ямар байсан бэ. Эхний хэдэн ангиасаа юугаараа онцлог байв?
-"U Flim" буюу Ундармаа эгчтэй хамтарч ажиллаад долоон жил болж байна. Долоон жил гэдэг чинь урт хугацаа шүү дээ. Надад яг одоо их сургуулиа төгсөж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Догдлол, баяр баясгалан, жоохон гуниг гээд л.
Хамт олон маань халуун дулаан болохоор хамтарч ажиллахад сайхан байдаг. Бидний долгион таардаг учраас уран бүтээлүүд маань ч чанартай сайн болдог байх.
"Single Ladies"-4 уран бүтээлийн ерөнхий найруулагч Бат-Амгалан ахтай анх удаа хамтарч ажиллаж байгаа. Найруулагч маань дүрийн талаар ярьж өгөхөд би ерөөсөө ойлгохгүй байсан. Яг ямар учир утгатай дүр гэдгийг хүн хүнээс асуухад өөр өөрөөр тайлбарлаад, бүр толгой эргэчихсэн. Тэгээд ойлгохгүй явж байгаад эхний зураг авалтаар Дундговь аймагт очиод мэдсэн. Өмнө нь эсрэг дүрд тоглож байгаагүй болохоор жоохон хэцүү байсан.
-Ойрын уран бүтээлийн санаа юу байна. Эсрэг дүрийн санал ирэв үү?
-Хоёр уран бүтээлийн санал ирсэн. Гэхдээ өмнөхөөсөө арай өөр дүр бүтээхийг бодож цензур тогтоож байгаа. Мөн жүжгийн санал ирсэн. Миний дотроо бодож байгаа эсрэг дүр бол солонгос киноны хатдын дүр юм. Солонгосын олон ангит кинонуудын эсрэг дүр эерэг дүрээсээ илүү сайн байдаг шүү дээ. Тиймээс тиймэрхүү эсрэг дүрд тогломоор санагдаад байгаа.
-Түүхэн кинонд тоглох бодолтой гэж ойлгох уу?
-Түүхэн хатны дүрд тогломоор санагдаад байгаа. Хамгийн сүүлд С.Жаргалсайханы хатны тухай ном уншсан. Ер нь бүх зүйл намайг хатны дүрд тоглохыг өдөөгөөд байгаа. Тэр нь эсрэг дүр байвал бүр гоё.