Шинэ коронавирусийн халдварын улмаас энэ оны нэгдүгээр сард бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсож, улмаар их дээд сургуулиуд дотуур байранд суугаа оюутнуудаа өрөөгөө чөлөөлөхийг шаардсан. Бүтэн улирал байрандаа суугаагүй оюутнууд байрны төлбөрийн тодорхой хувийг уян хатан байдлаар буцааж олгох чиглэлийг БСШУСЯ-наас өгч байсан.
Ихэнх сургууль төгсөх ангийн оюутнуудынхаа байрны төлбөрөөс зохих хэмжээг нь буцааж олгосон. Мөн сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй бол суутгах зарчмаар хохирлыг нь барагдуулсан байгаа юм. Харин МҮИС оюутнууддаа дотуур байранд амьдраагүй хугацааных нь төлбөрийг өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Хичээл эхлээд тав хоног өнгөрчихөөд байхад ямар ч зохицуулалт хийгээгүй байгаа хэрнээ 2019-2020 оны хичээлийн жилд байранд сууж байсан оюутнуудыг энэ жил төлбөрөө бүтэн төлөхийг шаардаж байгаа аж. Үүнд бухимдсан оюутнууд “МҮИС-МҮИС-ээс хариуцлага нэхье” групп үүсгэжээ.
Бид төлбөрийн зохих хэмжээг суутгуулах болон буцааж авахыг хүссэн оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Н.Олзбаяр: Би энэ байранд гурван жил амьдарсан. Энэ жил байранд оръё гэж бодож байсан ч санхүүгийн хүндрэлээс болоод орж чадаагүй л байна. Миний хувьд нэгдүгээр сарын эхээр хөдөө гэр рүүгээ явсан. Хөл хорио сунгагдсаар байсан тул өрөөндөө орхисон эд зүйлээ авч чадаагүй. Харин өнгөрсөн долоо хоногт угаалгын машин, хөлдөөгч хоёроо авах гээд ирсэн боловч олдсонгүй. Уг нь хавар дотуур байрны групп дээр оюутнуудын үлдээсэн эд зүйлийг хадгалж байгаа гэж байсан.
Оюутнууд бид байрны төлбөр дээрээ нэмээд барьцаа 100 мянган төгрөг төлдөг. Барьцаа мөнгөө ирэх жилийн намар сургалтын төлбөр рүүгээ шилжүүлж болдог л доо. Миний хувьд нэг л удаа авч байсан. Тавилгын барьцаа мөнгө учир тавилгын тооцоогүй хүүхдүүд л буцааж олгодог юм. Энэ жилийн тухайд өнгөрсөн жил байранд сууж байсан оюутнууд барьцаа мөнгөө өгөхгүйгээр төлбөрөө бүтэн төлөөд орж болно гэсэн. Гэхдээ хавар сургуулиа төгссөн, энэ жил дотуур байранд орохгүй өөр сургуулийн оюутнууд ч байгаа шүү дээ. Оюутнуудынхаа хохирлыг даруй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэсэн юм.
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тус сургуулийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбандиас зарим зүйлийг тодрууллаа.

-Хавар хичээл ороогүй шүү дээ. Танай сургууль дотуур байранд амьдарсан оюутнуудынхаа төлбөрийн зохих хэмжээг буцааж олгох уу. Буцааж олгох бол хэзээ ямар хэлбэрээр буцааж олгох вэ?
-Манайх хувийн байгууллага. Хичээл ороод долоо ч хоноогүй байна. Хэн ч өгнө, хэн ч өгөхгүй гээгүй. Бид ТУЗ-ийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. Дараагийн долоо хоног гэхэд тодорхой шийдвэр гараад, оюутнууддаа хариу өгнө.
-Гэхдээ өмнө жил байранд амьдарч байсан оюутнуудыг төлбөрөө заавал бүтнээр нь төл гээд байгаа юм байна. Үнэхээр энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх бол оюутнуудаас зохих хэмжээний төлбөр авч болно шүү дээ. Оюутнууд байрандаа орж чадахгүй, хамаатан садны даа л байх шиг байна?
-Энэ асуудлыг бид маш сайн ойлгож байгаа. Арванхоёрдугаар сараас хойш дулаан, цахилгааны төлбөр гараад, байр оюутнуудаа хүлээгээд л байсан. Шийдвэр нь гарахаас өмнө дэврээсэн нь оюутнуудын буруу ч биш л байх л даа. Ямар ч шийдвэр гараагүй болохоор бид одоо танд хариулж чадахгүй байна.
-Бусад сургууль төгсөх ангийн оюутнууд болон гадны сургуулийн оюутнуудынхаа байрны төлбөрийн зохих хэмжээг хавар өгчихсөн. Зарим нь сургалтын төлбөр рүүгээ ч суутгуулсан юм билээ. Таны сургуулийн хувьд төгсөх ангийн оюутнуудынхаа төлбөрийг ч буцааж өгөөгүй гэсэн үг үү?
-Улсын байгууллага хувийн байгууллага учир ялгаатай талууд байх. Хувийн байгууллага ус, цахилгаан гээд бүхий л эрсдэлээ өөрсдөө төлдөг. Бид коронавирусийн халдвар намжаад хичээл удахгүй л эхэлнэ гэж бодсон.
-Зарим оюутнуудын өрөөндөө орхисон эд зүйл олдохгүй байгаа юм байна. Оюутнуудыг байхгүй хугацаанд өрөөнүүдэд хүн амьдарч байсан юм уу?
-Манай сургуулийн дотуур байранд гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлахаар болсон учир бид оюутнуудын үлдээсэн эд зүйлийг нэг өрөө рүү нэгтгэсэн. Байрны багш хамт байж байгаад зөөсөн. Камерын бичлэг ч байгаа.
Тус сургуулийн оюутны дотуур байрны төлбөр 950 мянгаас сая 200 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Өнгөрсөн онд тус сургуулийн байранд 441 Монгол оюутан, 135 гадаад оюутан байжээ.