Д.Халтархүү: Жолооны ард суухаар насаа мартчихдаг

2020 оны 9 сарын 222020-09-22
Д.Халтархүү: Жолооны ард суухаар насаа мартчихдаг

 

Арван найман настайгаасаа 50 гаруй жил жолоо барьж яваа ануухан буурай Д.Халтархүүтэй ярилцлаа. Тэрээр тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд тэтгэвэрт гарсан ч жолооноосоо гар салгалгүй автомашин унаж, хүүхдүүдээсээ гуйхгүй ажлаа амжуулж яваа сүйхээтэй эмээ юм. Өдгөө 75 насыг зооглож байгаа бөгөөд таван хүү хоёр охинтой. Тэдгээрээс нь 17 ач зээ гарсан байна. Түүний нөхөр мөн тээврийн жолооч байсан бөгөөд хамтдаа холын тээвэрт явдаг байжээ.

-Та өөрийнхөө тухай товчхон танилцахгүй юу?

-Намайг Д.Халтархүү гэдэг. Одоо 75 настай. Долоон  хүүхдийн ээж. Тэдний минь 17 ач зээ бий. Тээврийн жолооч мэргэжилтэй. Хань минь мөн тээврийн жолооч хүн байсан.

Эмээ нь Завхан аймгийн Сантмаргац суманд төрж өссөн. Айлын бага, дээрээ хоёр эгчтэй. Намайг жоохон байхад аав ээж маань бурхан болоод авга ах дээрээ өсөж том болсон. Гэр бүлд маань жолооч хүн байдаггүй байхад яагаад ч юм жолооч болно гэж бодоод 18 настайдаа жолооны курст сурж жолооч болсон. Тэгээд өнөөдрийг хүртэл жолоогоо барьсаар явна. Жолооныхоо ард суухаар насаа мартчихдаг юм.

-Та тээвэрт хэчнээн жил ажилласан бэ. Ямар ямар машин унаж байв. Яагаад тээврийн жолооч мэргэжлийг сонгосон бэ?  

-Би 18 настайдаа Улаанбаатар хотод ирж жолооны курст суусан. Тэр цагаас хойш жолоо барьж байна. Тэтгэвэртээ гарсан ч тээвэрт явдаг байсан. Тухайн үед ЗИЛ-130, 53 машин унадаг байсан. Харин одоо жижиг машин унадаг.

Тээврийн жолооч гэдэг чинь нутаг орноо үзэж, амар тайван явж болох сайхан мэргэжил шүү дээ. Ажлынхаа гүйцэтгэлийг хангачихаад явж байх сайхан байдаг байсан. Ажилдаа маш их дуртай. Ямар сайндаа Завханд жирэмсний амралтаа авчихсан байхдаа Увс руу ачаа байна гэсэн чинь нуугаад гарч явж билээ. Тэгээд замдаа өвдөөд Завхан аймгийн Сантмаргац суманд төрж байсан. Тэр маань тав дахь хүүхэд минь байсан. Тухайн үед хүргэн ах энэ тэр маань миний машиныг аваад ачааг минь хүргэж, эргээд давс ачиж, авчирч өгч байсан. Би тэндээ сар байж биеэ тэнхрүүлээд эргээд онгоцоор ирж байсан.

-Замд хүртэл төрж байсан байна шүү дээ. Хүүхдүүдээ тээвэрт дагуулж явдаг байв уу?

-Дагуулж явна. Бүр хулгайгаар дөрвөн хүүхдээ хайрцаганд хийгээд авж явдаг байлаа шүү дээ. Харин хичээлтэй үед нь орхиод амралтын үед нь газар үзүүлэнгээ дагуулж явдаг байсан.

1.jpg

Д.Халтархүү: Нөхөр минь миний машиныг гоёж өгдөг байсан

-Таны нөхөр бас тээврийн жолооч байсан гэсэн. Нөхрийнхөө тухай яривал?

-Манай нөхөр Геологийн амны жолооч байсан. Бид хоёр нэг гудамжны хүүхдүүд байлаа. Манай нөхөр тэргээ их гоёдог хүн байсан. Тэгээд миний машиныг бас их гоёж гангалдаг байсан. Тэгээд нөхөртэйгөө ханилж долоон хүүхдийн аав ээж болсон. Миний хань надтай адил насаараа машин барьсан. 1998 онд  нас барсан. Тэрнээс хойш сайхан ханийнхаа нэр хүндийг унагалгүй авч явна. Бид хоёр холын тээвэрт хамт явдаг байсан. Ард урдаа ороод л машинаа хамт засахдаа засаад, цасанд суухдаа суугаад л явдаг байлаа. Хүүхдүүдээ хувааж аваад л явдаг байсан. Эмээ нь Зил-130 машинд хоёр хайрцганд дөрвөн хүүхдээ зөөж хийгээд л будаанд явдаг байлаа. Тухайн үед сайдад баригдаад л загнуулаад явдаг байсан. Шинэ тэргээ өгөхгүй гээд хүүхдүүдээ нуугаад явдаг байсан.

-Эмэгтэй хүн жолооч мэргэжлийг хэр баргийн сонгодоггүй шүү дээ. Тэр тусмаа тээврийн жолооч байх хэцүү байх. Хүндрэлтэй зүйл юу байв?

-Сайн ажилладаг байсан болоод ч тэр юм уу, надад шинэ тэрэг унуулдаг байсан. Тийм учраас машин тэрэг эвдрэх зовлонтой учирч байгаагүй. Харин байгалийн үзэгдлээс болж заримдаа саатах зүйл байдаг байсан. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа болохоор ямар ч үед дуугаа дуулаад инээгээд л гардаг байсан. Шаварт суух, цасанд боогдсон ч инээгээд л дуугаа дуулаад ухаж гарна шүү дээ./Инээв/

- Тээвэрт явахдаа ямар дууг их дуулж, сонсож явдаг байв?

-Алтан шар зам дууг их дуулна. Мөн Жин жингээр жижгэрсэн. Жирмийн цагаан нуур минь. Жилээс жилдээ жижгэрсэн. Жаахан буурал ижий минь. Дусал дуслаар дундарсан. Дундуур цагаан далай минь. Дуунаас дуунд минь мөнхөрсөн. Дэндүү ч уяхан ижий минь гээд л дуулна шүү дээ.

Д.Халтархүү: Хүнд даваа гүвээг давах хоббитой байсан

-Эмэгтэй жолооч нар хамт тээвэрт явдаг байв уу?

-Байлгүй яахав 22-т Дуламжав гээд жолооч байсан. Нээх сайхан чиргүүлтэй зил-130 машинтай.  Дуламжав гуай Говь-Алтай аймаг руу тээвэрт явдаг байсан.

Би хамгийн өндөр гэсэн даваатай, хүнд бэрх замыг сонгож тээвэрт явдаг байсан. Манайх Завханых болохоор ихэнхдээ Завхан руу тээвэр хийдэг байсан. Завхан руу тээвэр хийхэд 12 хоног явна. Увс руу 18 хоног явдаг байсан. Бид нар өдөрт 250км туулах хувиартай байдаг байсан. Тэр хугацаанаасаа хэтэрвэл шагнал урамшууллаас хасагддаг байсан.

-Та машинаа бариад ямар хэрэгцээгээ хангаж байна. Хүүхдүүд нь жолоо барихад дуртай байдаг уу?

-Машин бол миний амьдралын нэг хэсэг. Хүүхдүүд маань машинаа тавь, таны хараа ямар билээ гэдэг. Гэхдээ би хүүхдүүддээ хэлдэг юм. Ээж нь шөнө машин унахгүй харин өдөр бол унана гэж хэлдэг. Өдөр хүүхдүүдийнхээ гарыг харахгүйгээр ажлуудаа амжуулдаг. Эд нар чинь нэг газар хаячихаад завгүй байна боломжгүй байна гэдэг. Тийшээ нэг явах юмсан гэхээр манайх урд нь хүргэж өгсөн одоо тэднийх хүргэж өгнө гээд нэг нэгэн рүүгээ чихээд зав гаргадаггүй. Ямар сайндаа л хүүхдүүддээ төвөг удахгүй гээд машинаа унаад явж байна. Энэ нь ч надад амар жаргалтай сайхан байдаг. Манайх Мойлтын тохойд зуслантай. Тэр лүүгээ явдаг. Лексус 570-аас бусад бүх машиныг унаж байсан. Хоёр жилийн өмнө энэ унаж байгаа Mitsubishi Pаjero io-г унаж байна. Өөрийн гэсэн машинтай байх дуртай.

-Хөдөө гадаа явахдаа хүмүүс сүү өргөж, уул усандаа аян замаа даатгадаг шүү дээ. Таны хувьд?

-Алтан шаргал замд уулын цагаан өвөө байдаг. Би үүнийг залуучуудад их хэлж өгдөг юм.

Алтан шаргал зам минь аварч өршөө, Уулын цагаан өвөө, ээж минь гэж залбирдаг.

-Энэ зун аялалд явсан уу?

-Завхан, Увс, Ховд аймгаар аялаад ирсэн. Хүүхдүүд машин бариулахгүй гээд, хааяа нэг л машин унаж явсан. Монгол орноороо олон жил тойрч явсан болохоор хүүхдүүддээ энд ийм газар бий гээд нэг ёсондоо хөтөч хийж явсан.

2.jpg

-Та их ганган юм, таныг хүмүүс ганган эмээ ч гэж дуудаж байна?

-Тиймээ. Баярлалаа. Хүнд магтуулахдаа дуртай байдаг. Эмээ нь ганган эмээ хочтой болсон. Хаа ч явсан дээлээр гоёж явдаг. Хүмүүс намайг ганган гээд хэлчих юм бол илүү гоё болох гээд л бүр гангалдаг. Дээхэн үед тээвэрт явдаг байхдаа эмэгтэй тээвэрчдийнхээ нэр хүндийг авч явахын тулд ганган явах ёстой гэж боддог байсан. Тэгээд аль болох гоёж гангалж явдаг байсан. Цагаан өдөн малгай,цэнхэр дээл өмсдөг байсан. Эмээ нь одоо ч тэрийгээ хадгалахыг боддог. Баяр ёслол болгоноор шинэ дээл хийлгэдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг. Намхан ултай гутал өмсөхөөр нэг л эвгүй байдаг.

-Таны зураг цахим орчинд нэлээд түгсэн. Таныг их сайхан ааштай, мундаг жолооч гэж магтсан байсан. Ер нь гадуур жолоо барихад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

-Их сайхан байдаг. Сүйд болно шүү дээ. Урдуураа оруулж зам тавихаас авахуулаад. Өвөл хааяа гарна. Цантсан цонхоо буулгаж байхад инээгээд л зам тавьж өгнө шүү дээ. Заримдаа жолоо барьж явахад зураг авна. Ер нь ямар ч харилцаан дээр эерэг гоё байх юм бол эргүүлээд хүн сайхан харьцдаг.

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Намайг холын тээвэрт явдаг байхад хотын зам сайхан сэлүүхэн байдаг байлаа. Одоо түгжрэл гэж аймар болсон. Хүмүүс ч их бухимддаг болж. Харин намайг тээвэрт явдаг байхад зам гэж аймар байлаа шүү дээ. Бартаа ихтэй. Одоо харин сайхан болсон. Залуучуудад хандаж хэлэхэд хүлээцтэй, хүндэтгэлтэй байгаасай гэж хэлмээр байдаг юм.

 

 

 

 

Санал болгох

Г.Пүрэвдорж: Эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагаанд мэргэжлийн удирдлага шаардлагатай

Монголын эрчим хүчний ассоциацын ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор Г.Пүрэвдоржтой эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. 

7 өдрийн өмнө
Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар: Самар түүж зардаг, вагоноор гэр хийж ганзагын наймаа хийж байсан үе саяхан юм шиг санагдаж байна

Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатартай ярилцлаа.

23 өдрийн өмнө
С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

Хиймэл оюун ухаанаар яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох Монголын “Чимэгэ” технологийг үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш судалгаа хийж, өнөөдөр ийнхүү дэлхийд танигдах технологийн салбарын шинэчлэлийг хийсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаагаа нээсэн бөгөөд алсдаа дэлхийд гаргах зорилготой юм. Та бүхний мэдэхээр болор толь, болор дуранг тэд санаачлан бүтээж байсан юм.

1 сарын өмнө
Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай та бүхнийг уулзуулж байна.

1 сарын өмнө