Дүрэмт хувцсаа өмсөөд, гэзгээ чамбайлан боосон арван жилийн сурагч байсан цэнхэрхэн өдрүүдээ дурсах бүрийд будаг нь халцарсан модон ширээ, түүн дээр бичиж үлдээсэн хайрын үгс, хуулахаар бэлтгэсэн хэдэн өгүүлбэр л нүдэнд үзэгддэг сэн. Болохгүй гэдгийг нь мэддэг атлаа л хүүхдийн гэнэхэн зангаа тэвчилгүй, үсэг эвлүүлж орхидог сон. Оюутан болоод ч тэр гэнэн зангаа гээлгүй, ганц нэг үг өөрийн мэдэлгүй биччихдэг байсан сан. Харин өчигдөр оюутан ахуйдаа ард нь сууж, аливааг эргэцүүлэн хийж бүтээхийн их хүслийг авсан ширээнүүд намартай зэрэгцээд өнгөө хувилсныг цахим сүлжээнээс олж үзээд тийш зорилоо.

Үзэг, дэвтэрээ барьсаар үүдээр нь ороход харуул ах, цэвэрлэгч эгч нар халуун дотноор мэнд мэдэн угтлаа. Танхимын хичээл эхэлсэн тул хөл гишгэх зайгүй. Бид цааш алхсаар лекцийн танхим руу ороход будаж чимэглэсэн 43 ширээ мөн арын эгнээнд будаж амжаагүй дөрөв таван ширээ харагдлаа. Энэ үеэр “Уйтгартай мөлгөр, нэгэн хэвийн байсан бол одоо өөрийн сэтгэл санаатайгаа зохируулаад ширээ сандлаа сонгоод суух боломжтой болсон байна. Энэ маань хичээлийн идэвхийг нэмэгдүүлж байгаа юм шиг санагдсан” хэмээн сэтгүүл зүйн ангийн оюутан Ц.Дуня бидэнд хуучилсан юм. Мөн тэрээр “Удаан хугацаанд сургууль дээрээ ирээгүй тул маш сайхан байна. Ширээн дээр зурсан зургууд их таалагдсан. Ялангуяа эх хэлний асуудал яригдаж байгаа энэ цаг үед монгол бичгээр чимэглэсэн ширээ хүртэл байсан” гэв.
Бид уг ажлыг удирдан зохион байгуулсан СУИС-ийн Медиа анимейшны тэнхимийн эрхлэгч О.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургууль, цэцэрлэгүүд ихэвчлэн ханан дээрээ зураг зурж, суралцагчдаа урлагт хайртай, уран бүтээлийг үнэлдэг бие хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч байгаа харагддаг. Та бүхний хувьд яагаад ширээн дээр зурах болов?
-Ширээ бол оюутнуудын хамгийн дотны анд нөхөр, түшиг тулгуур шүү дээ. Тиймдээ ч тэдний сууж байгаа ширээ тэдний орон зай. Энэ орон зайгаа бусдад яаж илэрхийлж, ойлгуулах нь тэдний сонголт. Тиймдээ ч оюутнууддаа урлан бүтээх эрх чөлөөг нь олгосон л доо. Тэд өөрсдийн хүссэн сэдвээрээ зураг зурсан. Яахав сургуулийн зүгээс зурж болохгүй зүйлсийг анхааруулсан.
-Хичээл танхимаар орж эхлэхээс өмнө гурав хоногийн хугацаанд зурсан гэсэн. Хэчнээн оюутан ирж, гар бие оролцсон бэ?
-Есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллага танхимаар хичээллэх шийдвэр УОК-оос гарсан. Уг шийдвэр гарсны дараа РТМУС-ийн захирал Д.Одсүрэн хичээл эхлэхээс өмнө оюутнууддаа гэнэтийн бэлэг баръя, ямар бэлэг барих уу гэж байсан л даа. Тэгээд манай Медиа анимейшны тэнхимийнхэн ярилцаад бүх оюутнууд суудаг лекцийн ширээг будъя гэж шийдээд оюутнууддаа зар тараасан. Манай тэнхимийн бүх оюутнууд ирж, зураг зурсан.
-Цаашдаа бусад анги танхимуудынхаа ширээг будах уу?
-Уран бүтээлч хүн яах гэж уран бүтээл хийдэг билээ дээ. Бусдад харуулахын тулд. Бусдаар үнэлүүлж, дүгнүүлэхийн тулд. Тийм учраас оюутан цагаас нь бүтээлч дадал зуршлыг суулгахыг зорьсон. Дан ганц цаасан дээр зураад, нэг удаагийн үзэсгэлэн болгоод өнгөрдөг биш, бүтэн жил ширээн дээр хадгалагдаад үлддэг зүйл болгоё оо гэсэн зорилготой. Тиймдээ ч манай тэнхимийн оюутнууд жил бүр хичээл эхлэхээс өмнө ширээнүүдээ шинэчлэн будна. Харин бусад анги танхимын ширээг будах тухай хараахан яригдаагүй л байна.
Түүнтэй ийн ярилцсаны дараа бид өөрсдийн сурч боловсрох орчиндоо сэтгэл тавьж, бийр будгаар зураг таталсан залуусын төлөөлөлтэй уулзлаа. Тэд хоёул Медиа анимейшны гуравдугаар дамжааны оюутан ажээ.

М.Цэлмүүн
Миний хувьд нэг ширээн дээр зураг зурсан. Одоохондоо лекцийн танхимд хичээл ороогүй байгаа тул өөрийнхөө зурсан зурагтай ширээн дээр хараахан суугаагүй л байна. Оюутнууд ширээн дээрээ шалгалтын “шипи” их бэлдэхээс гадна, балаар их сараачдаг байсан бол одоо ширээтэйгээ хүндэтгэлтэй харьцаж байна.

Б.Анхзаяа
Би хоёр ширээн дээр зураг зурсан. Хүн болгон өөрсдийнхөө харж буй өнцгийг, дуртай хүүхэлдэйн киноныхоо баатрыг зурсан байсан л даа. Өөр тэнхимийн найзууд болон ангийнхан маань чиний зурсан зураг аль вэ, очиж сууя гэж асууж байсан шүү гэв.
Бид завсарлагааны 10 минутад хэдхэн хором ч болов хөөрөлдсөн маань энэ. Баяртай хэмээн хэлчихээд гараад алхаж явтал ар нуруун дээрээс хэн нэгний халуун харц, ээх нарны бүлээн илчтэй хамт дараад ч байгаа юм шиг. Хаа нэгтэйгээс буцах болоход энэ мэт бодлуудад бүчлүүлээд сэтгэл цэх байж чаддаггүй сан.
