Шүүхийн хуулийн төслийг шүүн хэлэлцсэн нь

2020 оны 9 сарын 222020-09-22
Шүүхийн хуулийн төслийг шүүн хэлэлцсэн нь

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулах төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-аас томилсон ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүн чиглүүлж, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн хувилбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.

Одоо мөрдөж байгаа Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн онд өөрчилсөн Үндсэн хуульд нийцүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлджээ. Үндсэн хуультай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрэлдэхүүн, Шүүхийн сахилгын хорооны эрх хэмжээ, тойргийн шүүх байгуулах асуудлыг голчлон хөндөх юм. Засгийн газраас томъёолсноор ШЕЗ нь 10 гишүүнтэй байх бөгөөд тав нь УИХ гурвыг, Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд тус бүр нэгийг, шүүгчид дотроосоо тавыг сонгодог байх юм. ШЕЗ-ийн орон тооны бус болон шүүгч гишүүнд тавих шаардлага, нэр дэвшүүлэх, томилох алхмыг нарийвчилжээ. Түүнчлэн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг чөлөөлдөг асуудлыг Шүүхийн сахилгын хороог байгуулах замаар эцэс болгохоор төлөвлөжээ. Шүүхийн сахилгын хороо нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийдвэр оноох эрхтэй байх аж. Мөн шүүгчид тавих болзол шалгуурыг нарийвчилж, хориглох зүйлсийг тодорхой болгосон байна. Харин Дээд шүүхийн Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрх энэ төсөл дээр сэргэж орж иржээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулах төслийг ирэх сард эхлэх намрын чуулганаар хэлэлцэх талаар дуулгалаа. Засгийн газраас уг хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй зэрэгцэн Х.Баттулга Ерөнхийлөгч ч Шүүхийн багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Дээрх төслийг хэлэлцэх эсэхийг шийдээгүй, хэлэлцэхээр шийдсэн тохиолдолд Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэх эсэхийг бас л шийдээгүй байгаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулийн төслийн хувилбарыг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд танилцуулсан. Ингэхдээ оршил хэсгээ хэт удаан ярьснаас үүдэн төслийн гол агуулгаа танилцуулж чадалгүй цаг нь дууссан.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо,  хуульч эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир нарын гишүүд оролцсон. Ажлын хэсэгт багтсан Ш.Раднаасэд гишүүн л ирсэнгүй. Харин Б.Жаргалмаа гишүүн ажлын хэсгийн гишүүн биш хэдий ч хэлэлцүүлэгт бүтэн сууж мэдээлэл авлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид юу ярьсныг товчлон хүргэе.

Хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Шүүгчийн сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа багаас болоод хариуцлага тооцож чаддаггүй

 

3097bd7d-7261-485d-bcf4-cb3326ea4bb2.png

-Манайх Ерөнхий шүүгч нь танхим харгалзахгүйгээр хуралдаанд оролцох, маргааны харьяалал үзэмжээрээ шийдэх, танхимын тэргүүний ажлыг удирдах, бүрэлдэхүүнийг батлах эрхтэй байгаа. Үүнийг хязгаарлах, нэг мөр хуулиар зохицуулах шаардлагатай. Шүүгчид зөвлөлгөөнөөсөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг санал хураан сонгож, УИХ-д санал болгохын оронд өөрсдөө шууд томилдог байх нь зүйтэй. Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүнээр өөр өөрийн төлөөллөөс бүрдүүлэх талаар тусгасан байна лээ. Судлаачийн хувьд би Монгол Улсын Ерөнхийлөгчийг ШЕЗ-ийн гишүүнийг томилуулахад оролцох ёсгүй гэж үзэж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг хуульд тусгахгүй бол Үндсэн хууль зөрчихөөс гадна журмыг үзэмжээрээ өөрчилдөг байх асуудал үүсэх магадлалтай. ШЕЗ-ийн Мэргэшлийн хороог татан буулгах ёстой. Яагаад гэвэл Мэргэшлийн хорооны гуравны хоёрыг нь шүүгчид бүрдүүлдэг байх жишээтэй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг бүрэн эрхээ дуусгавар болгоод гурван жилийн хугацаанд шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нь хуулиар хязгаарлах шаардлагатай. Тэгэхгүй бол шүүгч сонгон шалгаруулах байгууллага болох ШЕЗ-ийн гишүүн нь бүрэн эрх нь дуусаагүй байхад шүүгчийн сонгон шалгаруулалтад өөрөө оролцож тэнцээд шүүгч болж байсан тохиолдол байдаг. Шүүгчийн сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа бусад хуульчаас гурав дахин багаар тооцож байгаа нь буруу. Гэтэл шүүгчид бол хамгийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Гэтэл Монгол Улсад хугацаа өнгөрсөн гэдэг шалтгаанаар шүүгчиддээ хариуцлага тооцож чадахгүй байна. Үүнээс болоод шүүхэд итгэх олны итгэл алдардаг. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг нь дор хаяж таван жил болгож, огцруулах шийтгэлтэй хөөн хэлэлцэх хугацааг хугацаагүй болгох шаардлага бий. Манайх шүүхийн захиргааны байгууллага нь тусдаа буюу ШЕЗ-тэй учраас шүүгчийн сургалтыг Дээд шүүхэд өгч болохгүй.

ШЕЗ-ийн дарга, доктор Э.Батбаяр: Шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг УИХ 7 жил тэглэсэн

-Монгол Улсад 117 шүүхэд 523 шүүгч ажиллаж байгаа. Шүүхийн 42 тамгын газарт 1510 шүүхийн захиргааны ажилтан ажилладаг. Иргэний шүүхийн шүүгч жилд 200, захиргааных 42, эрүүгийнх 75 хэрэг шийдвэрлэвэл хэвийн байна гэж үздэг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн ачаалал 2019 онд нийтдээ 1.6 дахин нэмэгдсэн байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, тэдгээрийн процессын хуулиудыг батлахдаа шүүгчийн ачааллыг огт тооцоолоогүй. БЗД, БГД, ЧД, СХД, ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох ачаалал 100 орчим хэргээр буюу 57.6 хувиар нэмэгдсэн.

УИХ-аас 2016 онд анхан болон давж заалдах шатны шүүхэд 699 шүүгч ажиллуулахаар баталсан. Гэхдээ 198 шүүгчийн орон тоо дутуу байгаа бөгөөд шүүгч нэмж авах төсөв, авлаа гэхэд суулгах сандал ширээ, ажлын өрөө нь байхгүй. Яагаад гэвэл сүүлийн долоон жилд шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг УИХ тэглэсэн. Шүүхийн захиргааны ажилтнуудаа тогтоож үлдээж чадахгүй байна. Энэ хүмүүсийн орон тоог нэмэгдүүлэх цалингийн санг шүүхийн төсөвт суулгах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Шүүхийн захиргааны ажилтны орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төрөөс дэмжих шаардлагатай. Шүүхийн захиргааны ажилтны цалингийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Шүүхийн байрандаа багтахгүй байна. Акталсан цэцэрлэг, гадаадын компанийн байр, аймгийн Тамгын газрын байранд шүүхүүд байрлаж байна. Шүүхийн эдийн засаг нийгмийн байдлыг хангаж өгөх шаардлагатай байна.

Хуульчдын холбооны гишүүн, хуульч Н.Баасанжав: Сахилгын хорооны үйл ажиллагаанд мониторинг хийх эрхийг Хуульчдын холбоонд өгөх шаардлагатай

-Монголын хуульчдын холбоо байгуулагдаад өөрөө удирдах ёсны байгууллага маань бэхжээд зургаан жил болсон. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зарчмын томоохон өөрчлөлт хийгдсэн. Өмгөөллийн тухай хууль батлагдсанаар хуульчаа сонгон шалгаруулдаг, хуульчийг давтан сургадаг, сургуулийг магадлан итгэмжилдэг чиг үүрэг л Хуульчдын холбоонд үлдэх гээд байна. Монголын Хуульчдын холбоог мэргэжлийн дүрмийг тогтоогоод салбарын хороодын үйл ажиллагаанд мониторинг хийдэг байдлаар үлдээх нь зөв гэж бодож байна. Сахилгын хорооны үйл ажиллагаанд мониторинг хийх эрхийг Хуульчдын холбоонд өгөх шаардлагатай.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Эрдэнэцогт: Хуулийн заалтыг илэрхий санаатай зөрчсөн шүүгчийн асуудлыг Шүүхийн сахилгын хороо авч үзэх ёстой

-Ойлголтын асуудлаа цэгцэлж авах хэрэгтэй санагдаж байна. Шүүх эрх мэдлийн талаарх Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн хүрээнд хязгаарлагдахгүй. Тийм учраас Ерөнхийлөгч ШЕЗ-ийн гишүүнийг томилох эсвэл нэр дэвшүүлэх, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох эсвэл нэр дэвшүүлэх эрх нь Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл гэсэн хэсгээс урган гарч байгаа шүү. Тодорхой бүрэн эрх гэдэг ойлголт онолын хувьд өөрөө маргаантай. Шүүгчийг томилох Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн зөв хийх вэ гэдэг асуудлыг бид ярьж байна. Томилгоог нь Ерөнхийлөгч хийнэ, хийхгүй гэдэг бол бүр хойно арав дахь асуудал. Хяналт тэнцлийг бид төрийн институц хоорондын тэнцвэртэй холбож ярьдаг болохоос олон нийтийн хяналттай хольж, төрийн бус байгууллагуудын оролцоог ярихгүй. Ерөнхийлөгчөөс хараат бус байлгана гээд ШЕЗ-ийн гишүүдийг сонгох эрхийг дан ганц УИХ-д өгчихөөр харин ч УИХ-ын хараат болчих юм биш үү. Энийг тооцохгүйгээр Шүүхийн тухай хуулийн төслийг ярьж болохгүй. Ерөнхийлөгчид хаяглагдсан олон шүүмжлэл байдгийг би хуульчийн хувьд дэмжинэ. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ сонгон шалгаруулж болохгүй. Аль нэгэнд эрх мэдлийг хэт их төвлөрүүлбэл бидний яриад байгаа хяналт тэнцвэр алдагдана. 2015-2020 онд авагдсан дүнгээр 1238 гомдол хүлээж авч шийдсэн байна, Шүүхийн сахилгын хороо.. Ингээд 80 орчимд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь буюу 69 шүүгчид сахилгын шийтгэл оноосон боловч түүний 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон. Энэ 5 жилийн хугацаанд 18 шүүгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн. Тэгэхээр нэг бол манай шүүхийн системд сахилгын зөрчил байхгүй байна. Эсвэл иргэд хий дэмий юманд гомдоод байгаа юм уу. Асуудал хаана нь байна вэ. Нэгдүгээрт, шүүгчийн сахилгын зөрчил гэж юу вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Шүүгч хуулийг санаатай зөрчсөн бол, ёс зүйгээ зөрчсөн бол. Одоо бол ёс зүйн зөрчлийг л сахилгын зөрчил гэж үзээд байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн гэдэг ойлголтыг байхгүй болгочихож байна. Үүнээс болоод олон гомдол шүүхэд очиж хэрэгсэхгүй болоод байна. Тийм учраас хуулийн заалтыг илэрхий санаатай зөрчсөн асуудлыг Шүүхийн сахилгын хороо авч үзэх ёстой. Шүүгч нар нэгнээ хамгаалаад байгаа гэдэг судалгаа гарсан. Шүүгчийн дур зоргыг хазаарлая гэвэл энийг хийхээс аргагүй. Нэмээд төрийн тусгай албан хаагч дотор ялангуяа шүүгч нар Монгол Улсын иргэний үндсэн эрхээ хязгаарлуулсан байдаг гэдгээ мэдэж байх ёстой. Шүүгч нар Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг давж заалдаж шүүхэд хандах эрх нь хязгаарлагдсан байх ёстой шүү. Энэ утгаараа Сахилгын хорооны шийдвэрийг эцсийн гэж үзэх зохицуулалтыг хийх шаардлагатай.

Оюуны инноваци ТББ-ын дарга Т.Алтангэрэл: Шүүхийн шийдвэр биелээгүй байхад эцэслэн шийдлээ гэж ярихгүй

-Сайн реформыг иж бүрэн хийгээсэй. Бид тоо ярих хэрэгтэй байна. Ачааллыг бууруулах талаар судалгаа сайн хийж, шийдлээ хуульд оруулах шаардлагатай байна. Иргэний гомдлыг хэд хоногт эцэслэн шийдэх вэ гэдгийг өдөр хоногийг нь заагаад хуульчлах шаардлагатай. Тэгэхгүй бол иргэн чирэгдээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүх эрх мэдэлд байх ёстой. Ингэснээр шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэнэ. Тэгж байж шүүхийн шийдвэр бодитоор биелэх асуудал яригдана. Тоо ярьж, тоо тавъя. Улсын тэмдэгтийн хураамжийг яаж зохицуулбал дан ганц улсын төсвөөс хамааралгүйгээр явж болох вэ. Хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг яаж сайжруулах вэ гэдэг дээр судалгаа хийх шаардлагатай. Судалгааны үр дүн харсангүй, ийм учраас судалгаа хийж байж хөдлөх ёстой. Цахим шүүхийг хэрэгжүүлж байгаа улс орнуудаас суралцаж, урьдчилсан хуралдааныг онлайнаар явуулах, баримт материалаа онлайнаар хүргүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг яаж сайжруулах вэ гэдэг дээр судалгаа хийлгэх хэрэгтэй байна. Судалгаа хийхгүйгээр яаж шинэчлэлийг хийх вэ.

Ж.Эрхэмбаатар: Шүүгч шударга ёс биш хуульт ёсыг тогтооно

Шударга ёс биш хууль ёсыг тогтооно. Ялсан нь шударга ёс тогтлоо, ялагдсан нь шударга ёс тогтсонгүй гэдэг. Ингээд шүүх шударга ёсыг тогтоосонгүй гэж иргэдийн итгэл буурдаг. Шүүгч нар шүүхийн үйлчилгээг иргэнд үзүүлж байгаа хүн биш засаглагч, дарга болж, иргэндээ хөндий хүйтэн болсон. Захиргааны хэргийн шүүх иргэний талд байж захиргааны байгууллагыг хянах үүрэгтэй. Гэтэл захиргааны шүүхэд очиход иргэнд туслахгүй, эрх зүйн зөвлөгөө өгөхгүй байна. Ийм учраас хуульд нь тусгах хэрэгтэй. Засгийн газраас оруулсан хуулийн төсөлд Хуульчдын холбоо гэсэн ганц ч өгүүлбэр алга. 5800 хуульчийн эрх ашиг. Улс төрийн системээс хараат бус байхын тулд мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагуудын хяналтыг оруулж ирэх тал дээр тодорхой шийдэл гаргах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Тагнуул, Хуулийн яам байртай болсон ч шүүхэд ганц ч байшин барьж өгсөнгүй

 

70bde556-df3d-406d-9fe2-3548bada5d34.jpg

-Үндсэн хуулиа л барина шүү. Үндсэн хуулийн хүрээнд л ярина шүү. Эрх мэдлийн балансыг зөв хадгална шүү. Яагаад бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчид, олон түмнээс сонгогдсон УИХ-д квот өгч болохгүй гэж. Ерөнхийлөгч гэдгийг би Х.Баттулга гэдэг өнцгөөр харахгүй байгаа. Ард түмнээс авсан итгэл найдварт нь квот өгөх хэрэгтэй. Шүүхийн сахилгын хорооны тухайтад шүүхээс эхэлсэн асуудал шүүхээр дуусч болохгүй. Шүүхийн мэргэшлийн хороо гэдэг зүйл байх шаардлагагүй шүү. Х.Тэмүүжин манай Засгийн газрын сайд байхдаа шүүхийн байрны асуудлыг маш их анхаарсан. Тэрнээс хойш хөрөнгө оруулалтын төсвийг дараагийн Засгийн газрын үед нь хассан юм байна л даа. Саяын хэдэн жилд тагнуул, Хууль зүйн яам шинэ байртай болсон. Гэтэл иргэнд үйлчилдэг шүүхийн байрны төсөв хасагдаад баригдаж дуусахгүй байна. Тэгэхээр хандлагын асуудлаа бид анхаарах шаардлагатай боллоо. Дарга гахай илүү тэгш эрхтэй гэдэг шиг ерөнхий шүүгчид илүү эрх мэдэлтэй байж болохгүй. Тал талаасаа сурсан мэдсэн сайн туршлага, санаагаа нэмэрлээд шударга шүүхтэй болъё.

Хуульч Х.Тэмүүжин: Дээд шүүхийнхэн анхан болон давж заалдах шатны шүүхийн журмаар хэрэг шийдэж болохгүй

-Агуулга дээр философи, зарчмын зөрүү гараад байна. Яах аргагүй өнгөрсөн 30 жилд Дотоод хэргийн сайдын ажил сайн явсан. Хуулийн сайдын ажил сайн яваагүй. Хуулийн шинэтгэл хийгдсэн үү, байшин нэмж барьсан уу гэдгээс харж болно. Гэрч хохирогчийг хамгаалах систем Тахарын албыг татан буулгаад Дотоодын цэргийг дахин байгуулж байна гэдэг чинь Хууль зүйн сайдын чиг үүрэг нь унаад Дотоод хэргийн сайдын чиг үүрэг нь тэлж байна гэсэн үг. Шүүгчдийн зөвлөл гэдгийг шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий байгууллага гэж томъёолж. Өөрөө удирдах ёс гэдэг бол иргэний нийгмийн байгууллага, нутгийн удирдлагад хэрэглэгддэг үг болохоос шүүх эрх мэдэлд огт хэрэглэж болдоггүй ойлголт. Хэрэв энийг хэрэглээд эхэлбэл шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс, хууль сахиулах байгууллагын өөрөө удирдах ёс гэж гараад ирнэ. Зогсоохгүй бол маш том алдаа завхрал гарч ирж болзошгүй. Шүүхийн актавизмийг зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд хууль тогтоомжийн хүрээнд л явах ёстой.

Б.Чимид багш, “Шүүхийн дотоод эрх мэдлийг хуваарилалтыг бид Үндсэн хуульд бичээгүй юм байна лээ. Шүүхийн үндсэн тогтолцоо гэдэг дотор засаг захиргаа, нэгжийн хуваарь бичсэн болохоос анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн тогтолцоог бичээгүй алдаа гаргасан. Бүр олон улсад зөвшөөрдөггүй зүйлийг бичсэн. Амилж болохгүй Үндсэн хуулийн заалтууд байдаг. Үхмэл байх ёстой заалтууд байна” гэж байсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн эрх мэдлийг давж заалдахын шүүх нь булааж болохгүй шүү. Давахын шүүхийн эрх мэдлийг анхан эсвэл хяналтын шатны шүүх булааж болохгүй шүү. Энэ хил хязгаарыг нэвтлэх юм бол шүүх чинь шүүх биш болно шүү гэдэг зохицуулалт. Гэтэл Шүүхийн тухай хууль дээр Улсын дээд шүүхийг анхан шат, давж заалдах шатны шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх эрхтэй байхаар бичсэн байна. Монгол Улсын Дээд шүүх албан ёсоор хоёр шаттай байх зохицуулалтыг дахин амилуулж бичих гэж байна. ШЕЗ дээр Үндсэн хуулиар олгогдоогүй эрхүүдийг нэмж өгмөөргүй байна. Мэргэшлийн хороо гэдэг нэрийн дор энэ эрхээ авах гэж байна.

Доктор, профессор Н.Лүндэндорж: Иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ШЕЗ-д өгөх нь зөв

-Шүүхийн эрх зүйн асуудлаар УИХ-ын шинэ залуу хуульч гишүүд ултай суурьтай судалж хандаж байгаад баяртай байна. Намайг 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болж байхад шүүгч нар өрөөндөө шүүх хурлаа хийдэг байсан. Тэрийг Ж.Сүхбаатар үзсэн бол ухаан алдаж унах байсан. Шүүхээр орж үзсэн нь сайн байна. Шүүхийн багц хуулийг шинэчлэх гэж байгаа нь Үндсэн хуульд нийцүүлэх гэж байгаа гэж ойлгож байна. Шүүхийн хууль өөрчлөх гэж байгаад бусад байгууллагын амбиц орж ирэх гэж байна. Энэ амбиц ороод иржээ Б.Энхбаяр аа. Би 2006 оноос хойш л шүүхийн босоо удирдлагыг нураах талаар ярьж байгаа. Үндсэн хуулийн цэц дээр гомдол гаргаж байгаад босоо удирдлагыг нураах ажлыг, бас өнгөтэй өөдтэй заалтуудыг унагаасан. Х.Нямбаатар сайд маань Шүүхийн тухай хуулийн төсөлд байгаа зарим заалттай өөрөө ч санал нийлэхгүй байгаа тухайгаа ярьж байна.

Шүүхийн босоо удирдлагыг сэргээж, Н.Алтанхуягийн яриад байдаг хонгилын хоёр дахь шатыг угсрах гэж байна. Дээд шүүхийн хууль тайлбарлах эрхийг сэргээх шаардлагагүй. Дээд шүүхийн гаргаж байгаа тогтоол нь тайлбар юм гэдгийг бид өмнө нь баталсан. Шүүгчийг зэрэглэдэггүйн дээр шүүгч хүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө шагнадаггүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Засгийн газарт байна. Иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэлийг ШЕЗ-д өгөх нь зөв шүү.

fda97028-628d-42be-bd3c-2bda9bc211df.jpg

Б.Энхбаяр: Шүүхийн шинэчилсэн хуулийг даргад зориулсан, байгууллагын хууль болгохгүй

-Өнөөдрийн хэлэлцүүлэг зорьсон зорилгодоо хүрч чадлаа. Хууль боловсруулсан Засгийн газар болон Ерөнхийлөгчийн талаас мэдээллээ авлаа. Хэлэлцүүлэгт оролцсон 11 хүний саналыг сонслоо. Шүүхийн хуулиайн асуудлаар олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Нэг зүйл тодорхой боллоо, цаашид нэлээд хэлэлцэгдэх нь ээ. Нэг их яарахгүй, яарвал даарах юм байна. Даарахгүй байна гээд нэг их удахгүй. Яагаад гэвэл намрын чуулганы хэлэлцэх асуудалд орсон төсөл. Ултай суурьтай. Байгууллагын хууль хийхгүй, даргад таалагдах хууль хийхгүй. Манайхан хууль хийхээрээ дарга тойруулаад л, даргын бүрэн эрх гэж бичээд л хийгээд байдаг. Энэ хуульд бас байна. Насаараа өөрийгөө дарга байна гэж өөртөө зориулж эрх мэдэл нэмсэн хууль бичиж, түүнийгээ лоббидох гэсэн бодлооосоо салах хэрэгтэй. Тийм учраас энэ хандлагаас салсан хууль хийх ёстой.

Үндсэн хуулийн өөрчлөлт түүхэн өөрчлөлт байсан. Энэ хуулийн хүрээнд, өөрчлөлтийг амилуулсан хууль болох ёстой. Шүүхэд бид нэгэнт эрх мэдлийг өгсөн юм бол түүнтэй дүйхүйц стандарт, хариуцлагыг олгох ёстой. Шүүхийн хараат бус байдалд шүүгчид өөрсдөө нөлөөлөөд байна гэдэг судалгаа гаран. Ийм учраас шүүгч нар улстөрд нөлөө бүхий хүмүүстэй протоколтой буюу гэрчтэй уулзах ёстой. Ийм стандарт тавих асуудлыг тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай гэж боддог. Ерөнхий хараат бус байдлыг олон жил тавьсан. Одоо маш тодорхой хараат бус байдлуудыг хуульчлах шаардлагатай. 

 

 

Санал болгох

МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувиар хямдрууллаа

Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ

2 өдрийн өмнө
М.Бадарч: Би гүжирдүүлсэн

Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь батлагдсан талаарх мэдээлэл өнөөдөр ч анхаарлын төвд байна. Тэгвэл Улсын арслан М.Бадарчаас гарч буй мэдээллийн талаар дараах тодруулгыг авлаа

3 өдрийн өмнө
ТӨСӨВГҮЙ гэх үгийн золио нь 13 настай охины амь

Зам тээврийн ослын улмаас 12 настай охин нас барж, 13 настай эмэгтэй Х нь  биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Дээрх хэрэг

3 өдрийн өмнө
ЭМЯ: Хөх хотод сурсан 30 сувилагч гэрчилгээгээ гардлаа

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

3 өдрийн өмнө