Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

2020 оны 9 сарын 242020-09-24
Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жулитай ярилцлаа. Тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй, Канад улсын иргэн бөгөөд анх 2010 онд оюутолгойд ажилладаг нөхрөө даган Монголд ирж байжээ. Үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Коронавирусийн улмаас ганцаараа аялахаар болсон байна. Мөн Монгол хүүхдүүдээ бодон бодон иржээ.

Монголд ирж тусгаарлалтаас гараад удаагүй байх үед нь бид ярилцсан юм.

-Монгол хүүхдүүдэд яагаад туслах болсон бэ?

-Нөхрөө даган арван жилийн өмнө анх Монголд ирж байсан. Түүний ажлын зүгээс нэг чингэлэг ачаа авч ирэхийг зөвшөөрсөн. Гэхдээ бид 4 тонны хандивын хувцас хэрэглэл л авч ирсэн. Тэгээд тэрийгээ тараах ажлыг зохион байгуулсан. Тухайн үед Баасандорж гээд залуу бидний хандивын зүйлээс маш сандруу олон юм авч явсан. Би тухайн үед жоохон аядуу аваасай гэж бодсон. Тэгээд хандивын жоохон юм үлдэхэд нь дахиж тэр залуутай холбогдож бараа материалаа аваачиж өгсөн. Харин түүний зүгээс хамт явж тараах санал тавьсан. Тэгээд зөвшөөрч хамтдаа улаанчулуутын хогийн цэг рүү явсан. Тэгээд тэндээс маш аймшигтай дүр зураг нүдэнд бууж, тэдгээр хүүхдүүдэд туслахыг хүссэн.

Өвлийн хүйтэн эд дундаа буюу хоёрдугаар сарын дунд үе байсан. Хүүхдүүд гэртээ гал түлээгүй, түлэх модгүй хүйтэнд маш хэцүү байсан. Нэг хүү намайг хараад эгчээ уучлаарай, манайд сүү байхгүй, сүүтэй цай өгч чадахгүй нь гэж хэлсэн. Би тэр хүүг хараад маш их өрөвдсөн. Бас өөрийгөө эдгээр хүүхдийн төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд 20-30 хүүхдийн ортой гэр цэцэрлэг барихаар шийдсэн. Гэхдээ тэр нь 150 хүүхдийн цэцэрлэг болж өнөөдөр хүүхдүүдээ аван ажиллаж байгаа.

Жули: Цэцэрлэгт анх нэг ч багш ажиллахаар ирж байгаагүй

-Цэцэрлэгээ бариад хүүхдүүдээ хүлээн авахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Цэцэрлэгээ 2013 онд барьж анхны хүүхдүүдээ хүлээн авсан.

Анхны өдөр жоохон сонин мэдрэмж төрсөн. Яагаад гэхлээр нэг ч багш ажиллах гэж ирээгүй. Тэдгээр хүүхдүүдтэй ямар ч багш ажиллахыг хүсээгүй. Хүүхдүүд уйлаад л, манай нөхөр болоод туслахууд хамт байсан болохоор яаж ийж байгаад л давсан. Хүүхдүүдэд амттай хоол хийж өгөөд, хамт тоглож өдрийг өнгөрүүлсэн. Тэгээд дараачийн өдрөөс багш нар ирсэн. Өмнө нь энэ хэсэгт цэцэрлэг сургууль байхгүй байсан. Одоо хүүхдүүд маань сурах хүсэл эрмэлзэлтэй болж өсөж томорч байгаа. Хамгийн эхний шавь нар маань одоо бараг долдугаар анги болж байгаа байх. Тухайн үед цэцэрлэгээр очих бүрт Жули багшаа гээд л нээх хөөрхөн дууддаг байсан. Одоо ихэнх хүүхдээ танихгүй. /инээв/

3.jpg

-Цэцэрлэгийн боловсрол хүүхдийн суурь боловсрол шүү дээ. Хүүхдүүдээ цаашид нь хэрхэн дэмжих вэ?

-Цэцэрлэгийн боловсрол маш чухал. Би өмнө нь нээх чухал гэж бодож байгаагүй юм билээ. Зүгээр л хүүхдүүд маш хэцүү нөхцөлд байна. Тиймээс аюулгүй орчинг бүрдүүлье гэж боддог байсан. Гэтэл хүүхдийн сурч боловсрох эрх чухал байдаг юм билээ. Бид хүүхдийнхээ хоол хүнсэнд маш их анхаардаг. Эрүүл хоол хүнс хэрэглэж байж, хүүхэд хурдтай сэтгэж сайн сурна. Манай цэцэрлэгийн хоол маш амттай.

Манай цэцэрлэгт сурсан хүүхдүүд цаашдаа сургуульд сурахад ямар ч асуудалгүй байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 253 хүүхэд амжилттай төгсөж ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Эдгээрийн гурав нь хувийн төлбөртэй сургуульд суралцаж байна.

Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

-Цэцэрлэгийн урсгал зардлыг аялал зохион байгуулж олдог гэсэн. Санхүүжилтээ яаж босгодог вэ?  

-Маш олон хүн сар бүр бага хэмжээний хандив өгдөг. Мөн Канад, АНУ, ОХУ, Монгол Улсын Засгийн газраас хүүхэд хөгжлийн мөнгө өгдөг. Бид жил бүр хамгийн урт буюу 700 км-ийн морин аялал зохион байгуулдаг. Энэхүү аялалаа бид “Gobi gallop” гэж нэрлэдэг. Энэ жил найм дахь удаагийнх нь байх ёстой байсан. Гэвч коронавирус гараад олон хүнийг хамруулж чадахгүй болсон. Өмнө нь олон орны хүмүүс ирж надтай хамт мориор аялаж, манай үйл ажиллагааг дэмждэг байсан. Эдгээр явж байгаа хүмүүсийн найз нөхөд мөн хандив өргөдөг байв. Мөн миний нөхрийн ажлын хамт олон мөнгө хандивладаг. Бид цэцэрлэгээс гадна маш олон хүмүүнлэгийн ажил эхлүүлж байгаа. Одоогоор номын сан байгуулж байна. Цаашдаа боломж олдвол гэр хороололд англи хэлний сургууль байгуулна. Өнөөдрийг хүртэл 543 мянган ам долларын хандив цугласан. Хүмүүсээс ирж байгаа хандивын мөнгийг 100 хувь цэцэрлэгийн үйл ажиллагаандаа зарцуулдаг.

2.jpg

“Морь унаж сурах гэж 22 удаа унасан”

-Морин аялал хийдэг гэлээ. Хэзээ морь унаж сурсан бэ?

-Сараа гээд найзын маань нөхөр надад морь унахыг зааж өгсөн. Нэг удаа гэр бүлээрээ хөдөө амралтад явж байхад жаахан хүү морь унаж байгаа харагдсан. Тэгээд би монгол ахуйтай танилцах ёстой юм байна гэж шийдээд морь унаж сурсан. Эхэндээ маш хэцүү байсан. Гурван сарын хугацаанд уйгагүй морь унаж, уйлж дуулж байж сурсан. Шогших маш хэцүү санагддаг. Бараг уйлмаар санагддаг байсан. Морь унаж сурах гэж 22 удаа унаж байсан.

-Аялалынхаа талаар яриач. Зөвхөн говь руу явдаг уу?

-Монголын бүх газар руу явдаг. Архангай, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгий, Хөвсгөл гээд маш олон газраар аяласан. Морин аялалд 10 хүн хамрагддаг. Энэ жилээс 20 хүн болгох гэж байгаа. Эдгээр хүмүүс бүртгүүлээд зохих хэмжээний хураамж гаргадаг. Мөн найзуудыгаа хандив өгөхийг уриалдаг.

-Дараагийн аялал хэзээ вэ?

-Энэ жил ганцаараа аялал хийхээр төлөвлөсөн. Одоогоор товоо гаргаагүй байна. Коронавирус гайгүй болвол 2022 онд 84 өдрийн аялал хийхээр төлөвлөж байгаа. Үүндээ маш олон орны хүмүүсийг хамруулахаар зорьж байгаа.  

1.jpg

-Коронавирусээс болж улс орнууд хилээ хаасан. Та монголд ирээд удаагүй байна. Хэрхэн яаж ирэв?

-Би гуравдугаар сард Монголд ирчихсэн байсан. Нөхөр маань 14 хоногийн дараа Монголд ирэхээр байсан. Гэтэл нөхрийг ирхээс өмнө хил хаагдсан. Би монголд гурван сарын хугацаанд байсан. Тэгээд нөхрөө ирж чадахгүй учраас Канад руу буцсан. Тэгээд наашаа ирэх ажил байсан ч монголчууд нутаг буцах хүсэлтээ их өгсөн байсан учраас би наашаа ирэхээ хойш тавьж, нэг ч гэсэн Монгол хүн эх орондоо очиг гэж бодсон. Тэгээд монгол дахь ажлын албанаас та транзит нислэгээр ирж болох юм байна гээд, тэгээд шинжилгээ бүх юмнуудаа дөрөв хоногт багтаан өгч нөхрийн хамт солонгосоор дамжин монголд ирсэн.

-Арван жилийн хугацаанд хэр олон нутаг буцсан бэ?

-Би жил бүр Канад руу буцдаг. Гэхдээ ихдээ л хоёр сар болдог. Ихэнхдээ монголд цаг хугацаагаа өнгөрүүлдэг.

-Өмнө нь Монгол хүүхдүүдээс гадна өөр орны хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байв уу?

-Энэтхэг, Малайз улсын өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалж байсан. Би өөрөө Канад хүн учраас хүйтэнд ямар хэцүү байдагийг мэддэг. Монгол хүүхдүүд өвлийн хүйтэнд даараад байж байхыг хараад үнэхээр их сэтгэл өвдөж туслахыг хүссэн. Тэгээд эдгээр ажлыг хийсэн.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би хоёр хүүтэй. Том хүү маань өөд болсон. Бага хүү маань одоо гучтай. Япон улсад суралцдаг.

 

Санал болгох

Г.Пүрэвдорж: Эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагаанд мэргэжлийн удирдлага шаардлагатай

Монголын эрчим хүчний ассоциацын ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор Г.Пүрэвдоржтой эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. 

7 өдрийн өмнө
Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар: Самар түүж зардаг, вагоноор гэр хийж ганзагын наймаа хийж байсан үе саяхан юм шиг санагдаж байна

Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатартай ярилцлаа.

23 өдрийн өмнө
С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

Хиймэл оюун ухаанаар яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох Монголын “Чимэгэ” технологийг үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш судалгаа хийж, өнөөдөр ийнхүү дэлхийд танигдах технологийн салбарын шинэчлэлийг хийсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаагаа нээсэн бөгөөд алсдаа дэлхийд гаргах зорилготой юм. Та бүхний мэдэхээр болор толь, болор дуранг тэд санаачлан бүтээж байсан юм.

1 сарын өмнө
Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай та бүхнийг уулзуулж байна.

1 сарын өмнө