Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

5
2020 оны 9 сарын 292020-09-29
Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

УДЭТ-ийн уран бүтээлчид өчигдөр “Анна Каренина” жүжгээ сэтгүүлч, судлаачдад зориулан урьдчилан тоглолоо. Агуу их Лев Николаевич Толстойн сонгодог романыг орчуулагч Норовын Пүрэвдагва жүжгийн хувилбарт оруулан бичиж, найруулагч Намнангийн Наранбаатар найруулан тавьж буй билээ. Тоглолтын дараа Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай ярилцлаа. 

--------------------------------------------------------------

"ХАЙРЫГ ТАНИХ ТӨВӨГТЭЙ. ЯАЖ ТАНИХАА Ч МЭДЭХГҮЙ БАЙНА"

-Анна Каренинагийн дүрийг бүтээх хүсэл эмэгтэй уран бүтээлч бүхэнд л байдаг байх. Монголын анхны Аннаг бүтээж байгаад баяр хүргэе?

-Монголд анх удаа тоглогдож буй  нь театр болоод миний хувьд нэг том алхам юм. Жүжигчин хүн бүрт л сонгодог жүжигт дүр бүтээх юмсан гэсэн хүсэл байдаг шүү дээ. Надад ч гэсэн тийм хүсэл, зорилго байсан. Анна Каренина Монголд тавигдаж буй нь, би дүр бүтээж байгаа нь их хувь заяа болов уу. Уран бүтээлчийн маань хувьд ч том хуудас нээж өгч, том түүх болж үлдэнэ байх. Гэхдээ хэдий сайхан дүр авсан байж болох ч түүнийхээ ард хэрхэн гарсан бэ гэдэг л их чухал. Би хэзээ ч дүр голж байгаагүй. Өгөгдсөн дүр болгон дээр хамаг хүчээ л дайчлан ажилладаг. Би угаасаа мэргэжлээ хүндэлдэг. Халтуурдаж, өнгөц хандахыг хүсдэггүй. Тэр чанар маань намайг Аннад тоглох суурийг маань бэлдэж өгсөн гэж бодож байна.

-Би энэ асуултыг үзэгчдийнхээ өмнөөс асууж байгаа юм шүү, уучлаарай. Хэрэв жүжигт гарсан шиг хайр сэтгэлтэй учирвал та түүнийг хэрхэн шийдэх байсан бол?

-Эхлээд хайр мөн үү, биш үү гэдгийг танина. Танилгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргачихвал хэцүү. Гэвч хайрыг таних төвөгтэй. Яаж танихаа ч мэдэхгүй байна. Гэхдээ тэр хүн сонгосон сонголт минь биш байвал өөрөөсөө явуулах хүчтэй гэж бодож байна.

-Жүжиг дундуур хувцсаа нэлээд хэд солих шиг боллоо. Даашинз нь хэр хүнд вэ. Ядрав уу?

-Ядралгүй яах вэ. Хүүхнүүд бид чинь өсгийтэй гутал өмсөнө, хиймэл үс зүүнэ. Бас бидний өмсөж байгаа даашинз их хүнд шүү дээ. Ядраад хүнтэй ч үг солих хүсэлгүй болчихдог л доо. Ядраад чамаас зугтаах гэтэл баригдчихлаа /инээв/.

8.jpg

"БИДНИЙ ХАМГИЙН ГОЛ  ЗЭВСЭГ БОЛ ДУУ ХООЛОЙ"

-Аннад сонгогдоход юу хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна?

-Мэдээж найруулагч маань дотроо Аннаг төсөөлсөн л байгаа. Дүр төрх болоод ур чадварын хувьд хэн нь хэн бэ. Хэнээс нь ямархуу зан авир гарах вэ гэдгийг найруулагч мэдэж байгаа учир дотроо төсөөлсөн Аннатай хамгийн ойрхоныг нь л сонгосон байх.  Театрт ч тэр, кинонд ч тэр хэн ямар дүрд тоглох вэ гэдгийг найруулагч л шийддэг. Бид чинь жүжигчин гэсэн нэртэй л болохоос жүжигчин болж амжаагүй хүмүүс театрт орж ирдэг. Биднийг жинхэнэ жүжигчин болгодог хүн бол найруулагч.

-Найруулагч Н.Наранбаатарт таны хоолой болон гадаад төрх чинь таалагдсан тухай жүжгийн танилцуулга дээр дурдсан байна лээ...

-Ганцхан найруулагч Н.Наранбаатар ч гэлтгүй Б.Баатар гуай ч бас миний дуу хоолойг тайзанд тохиромжтой гэж хэлж байсан. Хэрэв бидний дуу хоолой таатай биш, сул байвал үзэгчид юу ч ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр бидний хамгийн гол  зэвсэг бол дуу хоолой.

13.jpg

"АННА КАРЕНИНАГ АНХ НАЙМДУГААР АНГИДАА УНШИЖ БАЙСАН"

-“Анна Каренина” романаар дэлхийн хэмжээнд 30 гаруй кино хийгдсэн байдаг. Та тэдгээр кинонуудыг үзэж байв уу?

-Ерөнхийдөө Холливүүдийн болон Оросын Аннаг мэддэг байсан. Бүр хэрэг болгоод үзэж байгаагүй. Тухайн үед найруулагч маань романаа л сайн унш. Кинонуудыг нь үзэж дотроо хиймэл дүр бүтээж болохгүй шүү. Үзээгүй бол үзээд хэрэггүй шүү. Чиний Анна эхлээд босож ирэх ёстой. Түүний дараа л чи бүгдийг нь үзэж болно гэж хэлсэн.

-Харин романыг нь хэзээ уншиж байв?

-Романыг нь наймдугаар ангийн сурагч байхдаа уншиж байсан. Ээж маань уран зохиолын багш болохоор манайд олон ном байдаг байсан л даа. Тухайн үед хүүхэд байсан болохоор нарийн ширийн зүйлийг нь ойлгоогүй өнгөрсөн байх. Цаад мөн чанарыг нь гаргаж ирж тоглохын тулд өвөл дахиж уншсан.

-Кинонуудыг нь үзсэн гэж байна шүү дээ. Орон орны Аннагаас таны бүтээсэн Анна юугаараа ялгарч, онцгойрох бол?

-Хүн болгон өөр шүү дээ. Тэгэхээр Баярмаа ч давтагдахгүй. Баярмаагийн тоглосон Анна ч давтагдахгүй.

18.jpg

-Монголд анх тавигдаж байгаа Анна Каренина жүжгийг үзэгчийн суудлаас суугаад үзэж чадахгүй гэж бодохоор танд харамсал төрж байна уу?

-Туслах дүр бүтээж байгаа үед бол бэлтгэлийн үеэр үзэгчдийн суудлаас үзчихнэ. Монголд анх тавигдаж байгаа жүжгийг үзэж чадахгүй байгаа маань нэг талаараа харамсалтай ч надаас өөр жүжигчин тоглосон бол арай өөр цаг үед тавигдах байсан байх гэж бодогдож байна.

"СЭТГЭЛ ХӨДӨЛСӨН, БУХИМДАЛТАЙ ҮЕДЭЭ ШИЙДВЭР ГАРГАХЫГ ХҮСДЭГГҮЙ"

-Дүр дээр ажиллахад мэдээж хүндрэлтэй зүйл байсан л байх?

-Жүжигчин байхын хамгийн хэцүү нь юу гээч. Зохиолчийн хэлэх гэсэн санааг яг таг ойлгож, зохиол дотроос дүрийнхээ сэтгэлзүйг мэдэрч үйл хөдлөл, үг бүртээ шингээж илэрхийлэх л чухал. Тэгж чадсан хүнийг л дүр бүтээлээ гэж хэлэх байх. Дүр бүтээхийн тулд бид өдөр бүр сургуулилт хийж байгаа юм шүү дээ. Сургуулилтаас сургуулилтын хооронд дүрээ өөртөө суулгаж байдаг.

-Та театрт ажиллаад зургаан жилийг ардаа үджээ. Дагалдан жүжигчин байсан хугацаагаа нийлүүлбэл найман жилийг театрт өнгөрүүлж байна шүү дээ. Одоо ингээд бодоход тайз танд юу өгөв?

-Театрт ажилласан хүн гараад хаана ч алзахгүй юм шиг санагддаг. Театр надад сахилга бат суулгаж, тэвчээр хатуужил өгсөн. Жүжигчнийхээ хувьд би хэн бэ, надаас ер нь хэр хэмжээний юм гарах боломжтой вэ. Би ер нь хаана явж байна вэ гэдгээ таньж мэдэхэд тусалсан даа.

14.jpg

-Ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж  байхдаа эсвэл дүр бүтээснийхээ дараа хүмүүс намайг юу гэж бодох, хэлэх бол гэсэн айдас төрж байв уу?

-Үгүй ээ. Би чинь цаасан дээр бичигдсэн үгсийг амилуулж, дотоод зүрх сэтгэлийг нь өөрийнхөө зүрх сэтгэлээр дамжуулж үзэгчдэд хүргэж байгаа жүжигчин хүн шүү дээ. Тэр хүн чинь би биш. Амьдрал дээрх Баярмаа, дүр бүтээж байгаа Баярмаа хоёр чинь өөр хүмүүс учир дүрээсээ ичихгүй, айхгүй. Жүжигчин хүн ямар ч дүрд хувирч, тоглох ёстой л гэж боддог.

-Дүрийнхээ үгийг суулгахад хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Би арван жилдээ зохиол бичдэг, найраглалуудыг цээжээр уншдаг байлаа. Тиймдээ ч одоо хэчнээн урт текст байсан ч хоёр гурван удаа сургуулилт хийгээд л суулгачихдаг. Энэ нь багшийн маань л гавьяа гэж боддог.

6.jpg

-Та 2017 онд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд кинонд ямар дүр бүтээхээ бодож сонгоно. Харин театрын тайзнаа ямар ч дүрд тоглохоос татгалзахгүй” гэсэн байсан. Энэ бодол тань одоо ч хэвээрээ юу?

-Тэр зарчим маань одоо ч хэвээрээ. Яагаад гэвэл жүжигчид бид болж өгвөл тайз руу гарч байх хэрэгтэй. Тайз руу гаралгүй удвал мэргэжлээсээ холдоод, царцчихдаг талтай. Театрт дүр гололгүй, жижиг дүр дээр аль болох чөлөөтэй тоглоод, өөрийгөө шинээр нээж байх нь сонирхолтой санагддаг шүү. 

-Хүн бүхэнд л урам хугарах, шантрах үе бий. Таны хувьд юунаас урам авч, өөрийгөө цэнэглэдэг вэ?

-Шантрах үедээ би “Энэ бол зүгээр л үйл явц шүү. Түүнээс бүх зүйл муугаар эргэчихсэн гэсэн үг биш шүү. Магадгүй чи ядарчихсан болохоор ингэж байгаа байх” гэж өөртөө байнга хэлдэг. Ер нь бол чухал шийдвэрийг сэтгэл санаа хэвийн байх үедээ л гаргадаг. Түүнээс биш сэтгэл хөдөлсөн, бухимдалтай үедээ шийдвэр гаргахыг хүсдэггүй.

-Ярилцсанд баярлалаа

Санал болгох

З.Хосбаяр: Монгол төр Морин хуур хөгжимдөө өгч буй шагнал гэж харж байгаа

Монгол Бахархлын өдрөөр төрийн дээд “Чингис Хаан” одонг хүртсэн морин хуурын чуулгыг бид онцолж байна

14 өдрийн өмнө
Шэнь Минжуань: Шинэ эрин үеийн Хятад, Монголын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих үүргээ биелүүлэх болно

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай ярилцлаа

22 өдрийн өмнө
Г.Даваажаргал: Энгийн зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн хордлогын дуудлага ирдэг

Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа.

2 сарын өмнө
Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

3 сарын өмнө