С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

1
2020 оны 9 сарын 292020-09-29
С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

Хиймэл оюун ухаанаар яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох Монголын “Чимэгэ” технологийг үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш судалгаа хийж, өнөөдөр ийнхүү дэлхийд танигдах технологийн салбарын шинэчлэлийг хийсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаагаа нээсэн бөгөөд алсдаа дэлхийд гаргах зорилготой юм. Та бүхний мэдэхээр болор толь, болор дуранг тэд санаачлан бүтээж байсан.

-Юуны өмнө технологийн салбарт шинэчлэл хийсэн танай баг хамт олонд баяр хүргэе. Хиймэл оюуныг ашигласан технологийн дэвшил Монголд ямар давуу байдал бий болгож байна вэ?

-Баярлалаа. Энэхүү технологи нь дараагийн түвшний олон дэвшилтэт технологийн хөгжлийн суурь болно. Тухайлбал Монгол робот бүтээх боломжтой болж байна. Бэлэн болсон байгаа гурван бүтээгдэхүүний маань хамгийн том давуу тал, үр өгөөж нь хүмүүсийн цаг завыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм. Та бидний найман цагийн ажлыг нэг цаг болгож хялбарчлах бүтээгдэхүүн юм.

-Зөвхөн монгол хэл дээр гарсан байгаа юу?

-Модель маань ямар ч хэл дээр ажиллана. Одоохондоо гэхдээ монгол хэлийг жишиг болгон авч гаргасан байгаа. Цаашдаа бусад хэлнүүдийг сургана.

 -Нээлтээ хийгээд долоо хоног хэдийнээ өнгөрсөн байна. Нээлтийн үеэр есөн бүтээгдэхүүнээ танилцуулсан гэсэн. Эдгээрийг хэрэглэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хэрэглэгчдийн зүгээс маш өндөр сэтгэгдэлтэй байна. Монголын технологийн салбарыг нэг шат ахиуллаа, технологийн хувьсгал хийлээ, Монгол хэл шинжлэлийг ч шат ахиуллаа гээд талархал илэрхийлсээр байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс баярлаж буйгаа илэрхийлж байна. Долоо хонож байгаа апп-ууд маань Appstore, Playstore дээр тэргүүлсээр байгааг нь бодохоор гайгүй эерэг хүлээн авч байх шиг байна.

-Бэлэн болсон гурван бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хэрэглэх вэ?

-Бүх төрлийн таблет, утас, компьютер дээр татаж хэрэглэж болно. Тус бүрийн апп байгаа. Хэрэглээндээ тохируулаад хэрэглэж болно. Чимэгэ гар буюу Keyboard-ийг хэрэглэгчдэдээ үнэ төлбөргүй хэрэглүүлж байгаа. Харин Чимэгэ бичээчийг цагийн 19.800 төгрөг, сарын 752.400 төгрөгөөр ашиглах боломжийг олгож байгаа. Чимэгэ уншигчийн төлбөр хараахан гараагүй байгаа. Энэ долоо хоногийн сүүлээр үнийн мэдээллийг мэдээлэх болно.  

Болор толь.jpeg

 -Чимэгэ гарыг яагаад үнэ төлбөргүй хэрэглүүлэх болсон бэ?

-Чимэгэ системсийн Монголчууддаа барьж буй бэлэг юм. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдүүд гээд төлбөр төлөх боломжгүй олон хүмүүс бий. Хамгийн гол нь бүх Монголчуудынхаа технологийн хэрэглээг нэмэгдүүлэх,  гар утсандаа кирилл бичгээрээ зөв бичихийг дэмжиж буй юм.

-Монгол Улс олон ястантай. Бүх аялгыг таних боломжтой юу?

-Бүх үндэстэн ястны аялгыг таних боломжтой. Мөн алдаа засах программтай. Бид туршилтын хугацаанд олон ястны аялгыг хөрвүүлсэн.

-Чимэгэ технологийг ямар салбарт хэрэглэх вэ?

-Бүх салбарт хэрэглэх боломжтой. Эмнэлгийн салбарт маш их хэрэгтэй. Эмч нар хүний амьтай аврахын тулд цагтай уралдах ёстой болохоос бичиг хэргийн ажил хийгээд сууж байх ёсгүй. Мөн харилцаа холбооны салбарт инновац хийх боломжтой. Цаашлаад танай хэвлэл мэдээллийн салбарт ч хэрэгтэй.

-Хүмүүсийн хамгийн сайн мэддэгээр “Siri”, “Google Voice Search” гэдэг ч юм уу, ижил төстэй технологиудтай харьцуулахад танай систем ямар төвшинд хүрсэн бэ?

-Яриа танилт ижил төвшинд хүрлээ. Монгол хэлний зөв таних магадлал 97 хувь хүрэв. Энэ бол цөөн хүн ярьдаг нөөц бага хэлний хувьд олон хүн ярьдаг их нөөцтэй англи, хятад зэрэг хэлний төвшинд хүрч чадсан анхны амжилт. Тийм ч учраас бид энэхүү системээ зах зээлд танилцуулах нь зүйтэй гэж үзээд, нээлтээ хийсэн. Одоогоор бид ойлгох технологи дээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

-Танай бүтээгдэхүүнүүдийг хаанаас үзэх боломжтой вэ. Веб байдаг уу?

-Байлгүй яахав. https://www.chimege.mn, https://writer.chimege.mn, https://reader.chimege.mn, https://keyboard.chimege.mn,
Төлбөртэй системүүдийн хувьд Apple ID гэдэг шиг Bolor бүртгэл шаардлагатай байдаг. Хүн бүр үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой.

-“Чимэгэ” технологийн ард хэдэн хүн ажилладаг бэ. Хүний нөөцөө хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Дээр хэлсэнчлэн бид цөөхүүлээ том амжилтын ард гарсан. Программ хангамжийн арав гаруй инженер, хиймэл оюуны таван мэргэжилтэн, хориод өгөгдөл бэлтгэгчидтэй ажиллаж байна. Бидний хувьд боловсон хүчин, хүний нөөцийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Хүмүүсээ анхнаас нь бэлдэж байгаа. Хоёрдугаар дамжааны оюутан байхаас нь сургаж ажиллуулж байна.

-Технологийн салбарт хөл тавихад хөрөнгө мөнгө их шаардсан байх. Санхүүжилтэй хэрхэн босгосон бэ?

-Мэдээж хамгийн том тулгамдаж байсан асуудал бол санхүүжилт байсан. Англи хэлийг 1952 оноос хойш судалж өчнөөн тэрбум төгрөгийг улсаас нь санхүүжүүлсэн байдаг. Харин манайх 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамгийн бага зардлаар судалгаа бүх зүйлээ хийлээ. Чимэгэг эхлүүлэхээс өмнө Болор толь, Болорсофтын бүтээгдэхүүнтэй байсан. Тиймээс түүнээсээ санхүүжилт гаргасан. Харин 2019 онд Болдхүү, Бямбаа гэсэн хөрөнгө оруулагчтай болж Чимэгэ системс та бүхэнд энэ бүх боломжийг нээлээ. Чимэгэ технологид олон тэрбум төгрөгийн санхүүжилт шаардсан. Цаашдаа ч шаардах байх.

-Технологийн салбар хөгжихийн хэрээр эх хэл устах аюулд ороод байгаа гэдэг. Танай технологи эх хэлээ аврахад хэр нөлөө үзүүлэх вэ?

-Тийм ээ. Бид цаг алдахгүй цахим орчинд хэлний асуудлаа шийдээд явахгүй бол тийм аюул нүүрлэх нь зүй ёсных. Нэгэн тод жишээ бол Монгол бичгийн кодчиллын асуудал байна. Бид Болор дуран гээд зөв бичгийн дүрмийн алдаа шалгадаг программыг зохиосон нь ч таны дурдсан асуулттай холбоотой.

Манай технологи үүнд маш том эерэг нөлөө үзүүлнэ. Цаашдаа хүмүүсийг механикжиж байгаагаас ч тодорхой хэмжээгээр аврах байх аа.
 

Санал болгох

Г.Пүрэвдорж: Эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагаанд мэргэжлийн удирдлага шаардлагатай

Монголын эрчим хүчний ассоциацын ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор Г.Пүрэвдоржтой эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. 

7 өдрийн өмнө
Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар: Самар түүж зардаг, вагоноор гэр хийж ганзагын наймаа хийж байсан үе саяхан юм шиг санагдаж байна

Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатартай ярилцлаа.

23 өдрийн өмнө
С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

Хиймэл оюун ухаанаар яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох Монголын “Чимэгэ” технологийг үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш судалгаа хийж, өнөөдөр ийнхүү дэлхийд танигдах технологийн салбарын шинэчлэлийг хийсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаагаа нээсэн бөгөөд алсдаа дэлхийд гаргах зорилготой юм. Та бүхний мэдэхээр болор толь, болор дуранг тэд санаачлан бүтээж байсан юм.

1 сарын өмнө
Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай та бүхнийг уулзуулж байна.

1 сарын өмнө