КОБАЯШИ ХИРОЮКИ: Монгол Улс ч, хөрөнгө оруулагч тал ч үр ашгаа хүртдэг бодит жишээг бий болгох хэрэгтэй

1
2020 оны 3 сарын 232020-03-23
КОБАЯШИ ХИРОЮКИ: Монгол Улс ч, хөрөнгө оруулагч тал ч үр ашгаа хүртдэг бодит жишээг бий болгох хэрэгтэй

 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд КОБАЯШИ ХИРОЮКИ-тай ярилцлаа. Тэрээр 1958 онд Япон улсын Киото мужид төрсөн. 1983 онд Япон улсын Чюү-О Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн. 1983 онд Япон улсын ГХЯ-д шалгалт өгөн тэнцэж дипломат албанд орсон нэгэн.

-Япон улстай холбоотой монголчууд таныг сайн танина. Гэхдээ бусад хүмүүст таныг танилцуулах гэсэн юм. Та өөрийнхөө талаар ярьж болох уу?

-Юуны өмнө, монголчууд Та бүхний амар мэндийг эрэн мэндчилье. Намайг Кобаяши гэдэг. Би 1983 онд Японы ГХЯ-нд ажилд орсон. Япон улсад дипломат ажилтан гадаад яаманд ороод 2 жилийн хэлний бэлтгэлд хамрагдах ёстой. Ямар хэл сурах тал дээр өөрийн хүсэлтээ илэрхийлдэг ч тухайн үеийн хэрэгцээ шаардлагад үндэслэн гадаад яам шийддэг журамтай. Би англи, герман, франц хэлүүдийг сурах хүсэлтэй байсан. Монгол хэл сурах хүсэлт гаргаагүй. Гэтэл  Японы ГХЯ-аас «Та монгол хэлийг сурч, монгол хэлний мэргэжилтэн бол» гэснээр Монголтой холбогдох эхлэл маань тавигдсан юм. 1983 он гэдэг нь Монгол улс социалист үзэл сурталд автсан үе бөгөөд ийм газар 2 жил хэл сурахад хүндрэлтэй асуудлууд гарсан тул эхний жилдээ АНУ-ын Индианагийн Их Сургуульд монгол хэл судалсан. Индианагийн Их Сургуульд англи хэлээр дамжуулж монгол хэл сурах нь тун хэцүү даалгавар байлаа. Тухайн үед англи хэл маань хангалттай биш байсан, эхлээд англи хэлээ сайжруулж, дараа нь монгол хэлээ сурах байдлаар хичээллэх болсон. Бурхан болооч Хангины Гомбожав гуай миний монгол хэлний багш байлаа.  Гомбожав багш намайг ГХЯ-ны шугамаар Индианагийн ИС-д суралцахаар ирсэнийг мэдэж байсан. Дипломатч хүнд шаардлагатай монгол хэлний мэдлэг эзэмшихийн тулд онолын мэдлэг гэхээсээ өдөр тутамд хэрэглэгддэг монгол үгс, практик мэдлэгийг багшаар заалгасан. Нэг жилийн дараа, МУИС-д ахин 1 жил монгол хэлээ үргэлжлүүлэн сурахаар болсон. Харин Монгол улс үед социалист үзэл суртлын үүднээс Японы дипломатч бусад оюутнуудтай хамт хичээллэх нь зохисгүй гэж үзээд, ганцаарчилсан монгол хэлний сургалтад хамруулсан. Өдөр бүр багштай ганцаарчилан сурдаг, маш чанартай сургалтын үр дүнд монгол хэлийг гайгүй сурч чадсан болов уу. Монголтой холбоотой болсон түүх маань энэ.

Хоёр жилийн хэлний бэлтгэлийн дараа Монгол дахь ЭСЯ-нд 3 жил ажиллаж, тэндээсээ АНУ-ын Чикаго дахь Ерөнхий Консулын газарт томилогдсон. Хожим Японд эргэж ирээд ГХЯ-нд Монголыг хариуцсан газарт 3 жил ажилласан. Үргэлжлүүлэн холбогдох ажил албуудыг хашиж байлаа. Миний хувьд ГХЯ-ны Гэрээ хэлэлцээрийн газрын Гэрээ хэлэлцээрийн хэлтэст 5 жил ажилласан минь хамгийн ихээр туршлага хуримтлуулж, дипломат албан хаагчийн хувьд мэдвэл зохих мэдлэг чадвар, хэлэлцээр хийх арга барил гэх мэт олон зүйлийг сурч, мэдэж авсан үе гэж боддог. Гэрээ хэлэлцээрийн хэлтсээс Хөгжлийн албан ёсны тусламжийн Буцалтгүй тусламж хариуцсан хэлтэст шилжин ажиллаж, үүний дараа АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд томилогдсон юм. 2005-аас 2008 онд  Монгол дахь Японы ЭСЯ-нд дахин томилогдон ажиллах боломж гарсан. Элчин Зөвлөхийн албыг энд 3 жил хашсан. Японд буцаж очоод, хэсэг хугацаанд  уур амьсгалын өөрчлөлт, гадаад бодлого, цөмийн эрчим хүч, далайн аюулгүй байдлын бодлого, хүний нөөц хариуцсан албуудыг дараалан хашиж байлаа. Тэгээд АНУ-ын Нэшвилл дахь Ерөнхий консулаар томилогдон, тэнд 1 жил 5 сар ажилласан. Нэшвиллд олон ажил хийхээр төлөвлөж байсан ч хэрэгжүүлж амжилгүй ахин Монгол руу томилогдох болсон. Бага зэрэг харамсаж байгаа ч,  хоёр дахь эх орон минь гэж санадаг Монголд буцаж ирсэндээ би их баяртай байгаа. Монголд ажиллахыг нэр төрийн хэрэг гэж боддог.

-Социалист Монгол Улсад суралцахаар ирэхэд ямархуу сэтгэгдэл төрөв?

-Яагаад ч юм, гадаад улсад ирсэн гэх сэтгэгдэл төрөөгүй. Манай хоёр орны хүмүүсийн гадаад төрх их төстэй. Япон дахь найз нөхөдтэй минь ижил царай зүстэй хүмүүс маш олон таарч байсан. Мэдээж хотын байр байдал, соёл нь өөр ч гэлээ, хүмүүсийн царай зүс харь биш байсан нь дотно санагдах хамгийн гол шалтгаан байсан байх. Энэ л хамгийн тод сэтгэгдэл байж. Надад гадаад улсад ирсэн гэх ч гадаадад байна гэж огт санагдаагүй юмдаг.

-Та 3 дахь удаагаа Монголд ирж ажиллаж байна. Хэрхэн өөрчлөгдөж байна гэж бодож байна вэ?

-Социалист үед ирж ажилласан үе маань Монголыг мэдэх, ойлгох үндэс суурь болсон. Одоогийн Монголын нийгэмд социалист үзэл суртлын тухай мэдэхгүй хүүхэд залуус олон байгаа. Тэд зөвхөн одоогийн Монголын нийгмийн байр сууринаас аливааг дүгнэн цэгнэж байгаа болов уу. Харин би Монголыг социалист нийгмийн үед анх танин мэдсэнээрээ ялгаатай байх.  Дараа нь би япондоо ГХЯ-ны Хятад, Монголыг хариуцсан хэлтэст 3 жил ажиллахдаа Монголын ардчилал, зах зээлийн шилжилтийн ихээхэн хүнд үед тусламж үзүүлэх боломжийг судалж, улмаар тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах ажилд гар бие оролцож байсан. Социалист тогтолцооноос ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих хүнд хэцүү үеийн дараа монголд хоёр дахь удаагаа томилогдон ажиллах үед маань шилжилтийн үеийг даван туулсан, тогтвортой тайван болж эхлэх үетэй давхцсан юм.

Хоёр дахь удаагийн томилолтоор ирэхэд социализмын үеийг огт үзэж туулаагүй, социализмын үе гэж огт байгаагүй мэт санагдахаар өөрчлөлтүүд Монгол улсад хийгдсэн байв. Монголчууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, эд зүйлсээр хангалуун болоод байсан нь хоёр дахь удаагийн томилолтын гүн сэтгэгдэл юм даа.

Энэ удаа дахин ирэхэд бас л ихээр өөрчлөгдсөн байна. Өндөр барилга олноор баригдснаас гадна Монголын ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ 4 мянган ам.доллар давж, их хурдацтай хөгжиж байгааг хараад машид гайхахын сацуу ихэд баяртай байна. Нөгөө талаар, баян ядуугийн ялгаа ихсэх болон, социализмын үед анх Монголд ирэхдээ мэдэрдэг байсан, япончуудаас тэр бүр олж харахаа больсон халуун дулаан сэтгэл Монголд ч бага багаар алдагдан үгүй болж байгаа нь харамсалтай.

-Та Элчин сайдаар томилогдсон 2019 он бол Хэйсэйн эрин үе дуусч, Рэйвагийн шинэ тоолол эхэлсэн он байсан. Хэйсэйгийн үед манай орны ардчилал, зах зээлийн үетэй давхцаж, энэ 30 жилд хоёр орны харилцаа илүү хөгжсөн гэж боддог. Та харилцааны түүхийг хэрхэн үнэлж дүгнэж байна?

-Хоёр орны харилцааны түүх чамгүй урт юм. Үүнээс зөвхөн сүүлийн 30 жилийг тусгайлан авч үзвэл Япон, Монголын харилцаа үнэхээр маш хурдацтай хөгжсөн үе байлаа. Үүнээс өмнөх харилцааны түүхийг ч бид мартах учиргүй. Өнөөдрийн хоёр орны харилцааг тухайн цагт хүнд нөхцөлд ажиллаж байсан олон хүн хүчээл зүтгэлээрээ бий болгосон гэж би боддог. Өнгөрөгч 30 жил бол шулуухан хэлэхэд ихээхэн амар цаг үе байсан. Үүнийг өмнөх хүнд цагийг даван туулсан явдал нь хоёр улсын харилцааг хамаарч буй хүний хувьд ихээхэн таатай байна. Миний бодлоор Япон улс, Монгол улс аль аль нь хөгжихийн хирээр хоёр улсын түншлэл ч улам бэхжинэ. Япон улсын хөгжлийн ирээдүй амар хялбар биш байгаа. Монголын хувьд ч адил байх. Тулгамдаж байгаа олон асуудлыг шийдээд цааш ахиж дэвших нь бэрхтэй ч бид ярвигтай асуудуудаа хамтдаа шийдэж, даван туулахгүй бол манай хоёр орны түншлэл бэхжих нь удаашрана гэх нэгдмэл ойлголттой байх нь чухал. Энэхүү ойлголтод тулгуурлан хамтдаа хөгжиж дэвжихийн тулд харилцан бие биедээ тусалж, дараагийн төвшинд гарч, хөгжөөсэй гэж хүсэж байна.  

-Сүүлийн 30 жил амар байсан гэдэг нь төсөөлж байснаас өөр хариулт байлаа. Социалист нийгмийн үеийг суурь болгон тэр үед харилцааны суурийг тавихад хичээн зүтгэсэн хүмүүсд хүндэтгэлтэй ханддаг байна.

-Хоёр улсын харилцааг хөгжүүлэхээр зүтгэж ирсэн хүмүүс үнэхээр хүнд цаг үеийг туулсан. Би 1985 оноос хойш ардчилсан хөдөлгөөн өрнөж эхлэх 1989 он хүртэлх тэрн 4 жилийн амаргүй үеийг өөрийн биеэр туулж мэдэрсэн. Түүнээс өмнөх хугацаанд хоёр улсын харилцааг алхам алхамаар ч болов хөгжүүлэх гэж хичээл зүтгэл гаргаж ирсэн хүмүүсийн ач гавъяаны талаар тунгаан бодож үзээд, тэр цагтай өнгөрсөн 30 жилийг харьцуулбал үнэхээр амар цаг үе байжээ гэж хэлэхийг л хүссэн юм.

-Тэр утгаар цаашдын хоёр орны харицааны хөгжлийн талаар таны бодлыг сонсмоор байна... Японы тусламж дэмжлэгээр манай улсын нэг хүнд оногдох ДНБ 4000 ам доллар болсон. Бид тусламж хүртдэг орноос өөрөө өөрийгөө аваад явдаг орон болж байна. Улс төрийн харилцаа маш тогтвортой сайн, хүмүүс хоорондоо ирж очиж байна. Соёлын харилцаа идээвхитэй хэдий ч Эдийн засгийн харилцаа санасан хэмжээнд хүрэхгүй л байна. Илүү үр дүн гаргахын тулд шуудхан хэлэхэд бидэнд юу дутаад байна вэ?

-Би Дэлхийн 2-р дайн дууссаны дараа төрсөн бөгөөд дайны хүнд хүчир үеийг туулаагүй, мэдэхгүй. Эцэг эхээсээ л дуулсан төдий. Монгол Улс бол байгалийн баялаг арвинтай, их хувь тохиолтой орон. Харин Японы хувьд байгалийн баялаг гэхээр зүйл бараг байхгүй. Япон улс хөгжлийнхөө явцад чухалчилж ирсэн цорын ганц зүйл нь хүн юм. Байгалийн баялаг ихтэй байлаа ч тэрийгээ хэрхэн оновчтой ашиглах гэдэг чухал. Байгалийн баялаг шавхагдаж дуусна гэж тооцоод Монголын хувьд хүчин чармайлтаа чиглүүлбэл зохих салбар бол хүний нөөц, боловсрол юм. Монголын төр, өнөөгийн удирдагчид үүнийг ойлгон, зөв чиглэлд бодлогоо зүглүүлэн авч явааг үнэлж байна.

-Харин гадаадын хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа гэх өнцгөөс харвал Монголд хөрөнгө оруулалт хийе гэхэд сонирхол татах зүйл бага байна. Шалтгаан нь юунд гэхээр хөрөнгөө оруулсны дараа элдэв бэрхшээлтэй тулгардаг, хөрөнгө оруулалт хийсэн ч бизнес нь амжилтгүй болсон түүх цөөнгүй байна. Бусад хөрөнгө оруулагчид үүнийг анхааран ажиглаж байгаа учраас хөрөнгө оруулалт хийхгүй. Хамгийн чухал зүйл нь Япон төдийгүй бүхий л орны хүмүүс хөрөнгө оруулалт хийснээр Монгол улс ч, хөрөнгө оруулагч тал ч үр ашгаа хүртдэг бодит жишээг бий болгох хэрэгтэй. “Нэг, хоёр, гурав” гээд жагсаачих хөрөнгө оруулалтын амжилттай жишээнүүдийг бий болговол гадаадын хөрөнгө оруулалт гарцаагүй нэмэгднэ.

Надад таалагддаг монголчуудын зан чанарууд гэвэл, юуны түрүүнд тэсвэр тэвчээртэй, бүтээлч, хэл сурах чадвартай. Монгол орны хувьд байгалийн баялагтай, цаашлаад өмнөд, хойд талаараа хоёр том улстай хиллэдэг. Гадаад харилцааны хувьд ээдрээтэй зүйлс байж магад ч эдийн засгийн хувьд асар том зах зээл оршиж байна. Монголд асар их нөөц, боломж байна. Монгол улс дотооддоо жижигхэн зах зээлтэй ч, Хятад, Оросыг бизнесийн хүрээндээ оруулан тооцож үзвэл асар их боломж байгаа. Тиймээс цаашид Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж бодож байна. Одоо тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн, нөхцөл байдлыг улам сайжруулан шинэчилж, улмаар Монгол улс цэцэглэн хөгжиж, Япон улс ч улам бүр хөгжвөөс хоёр орны түншлэл улам бүр бэхжин тэлэх болно.

-Та хүний хөгжил, боловсрол чухал гэж ярьлаа. Социалист нийгмийг мэдэхгүй хүмүүс, дээр үед сайхан байсан гэж боддог шиг байгаа юм. Бид социалист үетэйгээ харьцуулах юм бол их дэвшил хийсэн. Гэхдээ түүнийгээ мэдэхгүй байгаа нь бас цаашид сайжруулах зүйл юу вэ гэдгээ тодорхойлж чадахгүй байх шиг...

-Дээр үе гэдэгт хэдий үеийг хамруулж байгааг чинь мэдэхгүй байгаа ч, социализмыг гаднаас нь ажиглах завшаан тохиосон хүний хувьд хэлэхэд сайн зүйл цөөнгүй байсан. Тухайлбал, баян ядуугийн ялгаа байгүй. Бүх хүмүүсийн орлого бага бөгөөд бүгд ойролцоо төвшинд, өдөр тутмын амьдралд мөнгөний асуудлыг төдий л хурцаар тавихгүй, улсаас томилсон албыг хашаад, ажлаа хийж чадвал амьдралаа залгуулаад явах нь сайхан байсан байж магад. Гэхдээ, хөндлөнгөөс харж байхад социалист улс ба чөлөөт эдийн засагтай улсын иргэдийн амьдралын төвшин аль нь дээр байсан бэ гэвэл, тэр цагт ч зах зээлийн эдийн засагтай улсын иргэдийн амьдралын төвшин хамаагүй дээгүүр байсан. Тогтолцоондоо хангалуун байхын тулд яах ч аргагүй чөлөөт зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөн бүхий нийгэм нэн чухал юм. Социалист үзэл суртлын сул тал нь хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй байсанд оршиж байлаа. Эргээд «тэр үе рүүгээ буцах уу?» гэсэн асуултыг монголчуудад тавьвал яасан ч зөвшөөрөхгүй нь тодорхой. Баян ядуугийн ялгаагүй байсан нь сайхан мэт боловч эргээд тэр үедээ очихгүй нь ойлгомжтой гэж би боддог.

-Та саяхан хүлээн авалт дээр  Монголоор мэндчилгээ дэвшүүлсэн. Монголчууд бид өөрсдийн маань хэлээр гадна хүн ярихад баярладаг.

-Монголчууд хэл сурах авьяастай, тэр дундаа миний гайхдаг нэг зүйл бол япон хэлээр сайн ярьдаг хүн маш олон байдаг. Тухайн өдрийн хүлээн авалтад ирсэн хүмүүс дунд магадгүй япон хэлээр надаас ч илүү ярьдаг монголчууд олон ирсэн байхад би монгол хэлээр болхидуу ярьж мэндчилгээ хүргэсэн нь надад жаахан ичмээр санагдсан. Гэхдээ, миний хувьд ГХЯ-нд ороод японы ард түмний татварын мөнгийг зарцуулан монгол хэл сурч эзэмшсэн. Өөрийнхөө чадлын хирээр монгол хэлээр та бүхэнтэй шууд харилцаж чадахуйц болох тал дээр хичээж байгаа бөгөөд тэрхүү хичээл зүтгэлийн нэгэн илрэл нь тэр байсан гэж хүлээж авбал баяртай байна.  Монгол хэл маань тийм ч сайнгүй тул цаашид монгол хэлээ улам сайжруулыг хичээх болно.

-Та олимпийн баг тамрчдад хандан “Шинэ нисэхээсээ  нисээд ганзага дүүрэн ирэхийг хүсэн ерөөе” гэснийг хүмүүс их талархан хүлээж авч байх шиг байна. Олимпийн жил та ямар нэг спортын төрөлд найдвар тавьж буй төрөл бий юү?

-Мэдээж монголчууд ганцаарчилсан спортын төрөл, тэр дундаа тулааны спортын төрөлд хүчтэй байдаг нь он удаан жилийн туршид эрхэлж ирсэн монголчуудын нүүдлийн мал аж ахуйн соёлтой холбоотой бөгөөд түүний нөлөөгөөр буй болсон хүчтэй бие бялдар, мөн хахир хатуу нөхцөлд өнгөрүүлэх амьдралын дүнд олсон тэсвэр хатуужил гэх 2 чанар  нөлөөлдөг юм болов уу. Монголчууд ганцаарчилсан спортын төрөлд олон медаль аваасай гэж хүсэж байна. Мөн энэ удаагийн Олимпоос хойш дараа дараагийн Олимпийн үеэр багийн спортод амжилт үзүүлэн сайжирвал Монголын нийгмийн цаашдын хөгжлийг илтгэх нэгэн хэмжүүр болох болов уу. Спортын тэмцээн уралдаанд хүчтэй оролцсноор Монголын нийгэм ч мөн хөгжин дэвжинэ. Энэ хоёр зүйл хоорондоо холбоотой мэт надад санагддаг.

-Спортын амжилт улсын хөгжлийн барометр байж магад гэдэг санаа сонирхолтой юм. Багийн спортоор анх удаа сагсан бөмбөгийн 3 -ын эсрэг 3 Монголын баг олимпод оролцоно. Медаль ч авч магад гэж би битүүхэн горьдож байгаа.

-Тийм үү ...Тэгвэл би ч гэсэн дэмжиж , тоглолтыг нь үзнээ. 3 хүний баг цаашид бүр олон 11, 15 хүнтэй баг олон улсад илүү сайн өрсөлддөг болоосой гэж хүсч байна Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд нэмж хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, гадаадын компани Монголд бизнес эрхэлж, ашиг хүртэх тал дээр иргэд төдийлөн хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага ажиглагддаг. Хөрөнгө оруулагчид л зөвхөн ашиг олж, монголын баялгийг цөлмөөд явчих гээд байгаа, монголын баялаг үгүй болж байгаа гэсэн үзэл санаагаар хандвал гадаадын хөрөнгө оруулалтыг хэзээ ч Монголд татах боломжгүй. Харин ч эсрэгээр гадаадын хөрөнгө оруулалт орж, энд компани байгуулж, монголын боловсон хүчнийг бэлтгүүлж авахын ашиг тусыг бодох хэрэгтэй болов уу. Монголчууд гадаадын компанид ажилласнаар ноу-хауг нь сурч эзэмшиж, менежментэд суралцна. Гадаадын хөрөнгө оруулалтыг богино хугацааны «нэмэх, хасах» дүн байдлаар тооцож үзэх бус, харин тэндээс боловсрол, туршлагыг монголчууд эзэмших боломж гэж үзэх нь зүйтэй гэж бодож байна.

Тухайлбал миний бие Нэшвиллын ерөнхий консулын албыг хашиж байх үед Тэннэсси мужид Ниссаны үйлдвэр, Кэнтакки мужид Тоёотагийн үйлдвэр байсан. Аль алиных нь захирлын албан тушаалыг америкчууд хашдаг. Япон ажилтан бараг байхгүй ч японы эд зүйлсийг үйлдвэрлэх соёл уламжлагдан нутагшиж, түүнийг сурч эзэмшсэн америк ажилтнуудын ур чадвар гайхалтай байсан. Тэд Америкт цоо шинэ үнэлэмж, компанийн шинэ соёлыг нэвтрүүлж олон талт соёлын хүчин зүйлээр улсаа хүчирхэгжүүлж буй бодит жишээг би нүдээрээ  харсан.  Монголын хувьд ч ийм жишгээр улсаа хүчтэй болгоосой гэж хүсэж байна. Энэ талаар АНУ-д ажиллаж байхдаа би эргэцүүлэн бодож байсан. Одоо Монголд ирээд, заавал Япон туршлага ч бус, зөвхөн Монголын өнцгөөс гэлтгүй, олон улсын өнцгөөс ч харж үзэн тунгаан бодож, энэ талаар Монгол хүмүүстэй санал бодлоо солилцож, дэмжиж ажиллая гэж бодож байна.

Ярилцсан М.Уламбадрах

Санал болгох

Капитал банкнаас НДЕГ түрүүлж  104.2 тэрбум төгрөгөө авна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй “Капитал банк”-ны эрх хүлээн авагчдад холбогдох, тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх тухай гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

11 минутын өмнө
Сүх далайтал үхэр амар

Нэг гарц нь дотоодын аялал жуулчлал. Дэлгэр цаг ирж байна. Энэ олон хүнийг зунжин гэрт хорьж дийлэхгүй. Тэгэхээр энэ зах зээл дээр Монголын олон туршлагатай мэргэшсэн операторууд орж ирэх нь тодорхой. Бүгд нэг гараанаас хүч үзнэ. Монголчуудад зориулсан аяллыг шинэ түвшинд гаргаж ирнэ гэж харж байна.

7 цагийн өмнө
195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна

2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ

2 өдрийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Хувиараа НДШ төлдөг иргэдийг 10 сарын 1 хүртэл төлснөөр тооцно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр коронавирусийн үеэр авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ иргэд, аж ахуй нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл авахгүй гэж мэдээлсэн. Мөн хувь хүний орлогын албан татварыг зургаан сарын турш авахгүй гэсэн.

5 өдрийн өмнө