ШИНЭ НОМ | “Есөн бүхэл дөрөвний гурав" түүврээс онцлох 5 шүлэг

4
2020 оны 3 сарын 242020-03-24
ШИНЭ НОМ | “Есөн бүхэл дөрөвний гурав" түүврээс онцлох 5 шүлэг

Залуу яруу найрагч М.Ундралын “Есөн бүхэл дөрөвний гурав” хэмээх анхны шүлгийн түүвэр гарт минь атгаастай. Яг үнэнийг хэлэхэд, уншихаас жаахан бэргэж байлаа. Учир нь өрөөлийн гунигийг өөрийнх юм шиг мэдэрч, шаналахаа мэдэж байсан болохоор...

Ингээд түүний “Есөн бүхэл дөрөвний гурав” түүврээс онцолсон таван шүлгийг хүргэж байна. 

 

ЧАМАЙГ БИ ТАНИХ БОЛОВ УУ?


Гэгэлгэн хавраар биш уйт намраар
Гэнэтхэн хажууд ирж суучихаад
Хайхрамжгүй харцаар ширтэн
Тамхи асуувал уу,...
Би чамайг танихгүй л өнгөрнө дөө!

Чи намайг би гэж таних уу?

Уйт намраар биш гэгэлгэн хавраар ирвэл чинь
Уймарч, өнгөрснөө нэхэн санагалзаад
Өвлийг л зөвхөн дурсаж суух вий дээ...
Тэгээд зуны дэврүүн бороог хүлээвэл ч
Бид ахиад л зөрөх нь дээ...

Чи л намайг би гэж танихгүй бол...

***

 

Халуун нуруунд тань    
үүрүүлж явсан
дурсамж минь бүүр түүрхэн...
Хөр цасанд шигдэх
Хөлийн чимээ тань ч бүдэг-бадаг...
Аав аа,
би өөр юу ч санахгүй байна
Аавын тухай дуунаас
хүүхэд нас минь олдохгүй байна
Гэлээ ч,
Залуугийн тань л алдаа шүү дээ
Заавал би уйлах албагүй ээ...
Охиноо хайрлах хайр тань үнэн ч
Одоо ч ээжийн нулимс хатаагүй байна
Он жил өнгөрөөд, орчлонг танихаар том болсон ч
Олон, олон “яагаад”-ын хариуг олж чадаагүй л явна, аав аа!

***

Б.А-д

Уйлахгүй ээ,
гэхдээ өвдөнө!
Тэврэхэд нь дотор шатдаг
Тийм халуун биеийг мартахгүй!
Хэмлэх үгс л уруул давдаг
хэтэрхий хүйтэн, үнэнээ нуудаг,
Жишүү хардаг ч
жинхэнэ дурладаг гунигт нүд
Өөр нэгний утаанд мансуурахгүй
Өвдөлт бүртээ чамайг л хайрлана
Хүзүүн дэх
толбоноос өөрийг
Дурсахгүй байж чадна
Гэвч,
хүрмэгц чинь л
уйлаад наалдахаа мэднэ
Энэ мөчийг өгөхгүй л юм бол
Өдөр бүр намайг үхүүлээрэй!  

 ***

 

Чи байсан!
энд...
Энд үнссэн,
бас энд...
Юу жинхэнэ
Юу төсөөлөл болохыг
Юуг би гээснээ
Юуг бас орхиж чадаагүйгээ
Ойлгохгүй нь ээ, одоо...
Чи байсан гэх
тэмдэг бүрийг тэмтрээд
нүдээ аниад л оччихдог цаг хугацааг
мартталаа эргэн дурслаа.

***


Бидний
анхны гэр бүлийн зурган дээр
Бид инээмсэглэсэн байх учиртай!
Тэр зургийг хайж олоод
дахин нэг хармаар байна...
Инээдний цаана инээд буй эсэхийг
Ирээдүйн тухай итгэл байгаа эсэхийг
Мөрөн дээрх гар чинь илчтэй байсан эсэхийг
Эсвээс, мөр дарласан ачаа байсан эсэхийг
дахин нэг хармаар байна...
Тэр зурган дээрх өөрийгөө
дахин нэг хармаар байна
Тэр зурган дээрх нүдээ
дахин хармаар байна
Тэмтрэгдэж буй аз жаргал
Тэгээд бас гуниг алин буйг
Тэсгэлгүй бэрх гэж орхисон минь
Түргэдсэн эсэхийг дахин нэг магадламаар байна
Тэр үеийн зургийг ахин нэг хармаар байна
Тэгвэл л би одоо бүхнийг ойлгох гээд байна

Санал болгох

Номын баяраас тэдний "шүүрсэн" ОЛЗ

Номын баяр бүрээр л хайж явсан "сувдаа" олсон мэт инээд цацруулсаар таардаг олон сайхан хүмүүс бий. 

8 цагийн өмнө
ФОТО | Номын баяр

Номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг "Үндэсний номын баяр" энэ сарын 18-20-ны өдрүүдэд боллоо.

12 цагийн өмнө
Номын баяр | Тэдний "точкалсан" ном

Авах номуудынхаа жагсаалтыг бичсээр цүнхээ үүрээд гарсан, зав гаргаад очно доо гэсэн хүсэл тээсэн долоон хүнийг бид энэ удаа онцоллоо.

3 өдрийн өмнө
Цар тахлын улмаас "48 цаг" олон улсын кино наадам цуцлагджээ

Уг кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд эх орноо төлөөлөн оролцдог бөгөөд өнгөрсөн жилийн наадамд 24 баг бүртгүүлэн оролцсоноос 21 баг цагтаа амжиж, бүтээлээ ирүүлсэн байна.

4 өдрийн өмнө