Гарт баригдаж, нүдэнд харагддаг СЭТГЭЛ

2020 оны 3 сарын 262020-03-26
Гарт баригдаж, нүдэнд харагддаг СЭТГЭЛ


“Энэ манай гэр гэж үү. Ямар гоё юм бэ. За одоо хичээлээ хийнээ” гэх хүүхдийн үг сонсогдлоо. Энэ үгийг сонсмогцоо би эргэн тойрноо харав. Энэ сууц,  хувцасны өлгүүр, шүүгээ, ширээ, номын тавиур гээд нүдэнд харагдах бүхий л эд юмс хүмүүсийн сэтгэл болохыг танилаа. Сэтгэл гээч гарт баригдаж, нүдэнд харагддагийг уншигч та ч бас анзаараагүй явсан байж магад. Хэдхэн хоногийн өмнө гэр хороолол дахь байшиндаа ээжийгээ асарч, хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэмжээр амьдралаа авч явдаг байсан 4-12 насны гурван хүүхэд, ээж Ц.Наранцэцэгийн хамт шинэ байранд нүүж ирээд буй нь энэ. 

Наранцэцэг эгчийн хувьд 2012 онд согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж автомашины осолд орж, эмчилгээ хийлгэсэн байна. Гэтэл 2016 онд амьдралын түшиг тулгууүр болсон ханиа авто машины ослоор алджээ. Гурван хүүхдээ тэжээхийн тулд барилга дээр ажиллаж, хүнд зүйл өргөсөн нь ослын үеийн гэмтэлийг нь сэдрээж, суумгай болжээ. Ингэж л хорвоогийн хатуу бэрхийн өмнө гурван хүүхэдтэйгээ хоцорсон аж. Хүүхдүүд нь усанд явж, түлээгээ хагалж, ээжийгээ асарсаар хэдийнэ гурван жил өнгөрчээ. Тэд одоо усанд явж, түлээ хагалахгүй боллоо. Учир нь тэдэнд туслах хандивын аяныг NTV телевиз зохион байгуулж хоёр өрөө байртай болголоо. 

Уг байрыг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд авч өгсөн бол бүх тавилгыг дотоодын “Мөнгөн тавилга ХХК” хийж өгчээ. Мөн хандивын аянд NTV телевизийн сэтгүүлч О.Болор-эрдэнэ, дөрвөн хүүхдийн аав Т.Төгс-эрдэнэ, дуучин Э.Энх-эрдэнэ, Ц.Наранцэцэгийн найз Баярмаа гээд сайхан сэтгэлтэй олон зуун хүн, албан байгууллага нэгдэж, тусалсан байна. 

Ц.Наранцэцэг: Одоо л нэг бүтэн нойртой хонох нь

90864100_1361661897377972_7279183639244439552_n.jpg

Ц.Наранцэцэг эгч Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон юм. Тэрбээр шинэ байранд орсон сэтгэгдлээ хуваалцахдаа “Ийм сайхан тохилог байранд орж байгаадаа баяртай байна. Шөнө охидоо гар чийдэн бариад гарахад нь сэтгэл зовоод хэвтэхээс өөр тусгүй байлаа. Гал хүчтэй асаж байна, угаартчихвий гээд үүр цайтал унтахгүй үе ч бидэнд байлаа. Ийм сайхан байранд орчихно гэж зүүдэлсэнгүй.  Одоо л нэг бүтэн нойртой хонох нь. Зовлонг минь бага ч болов нимгэлж өгсөн монголын ард түмэндээ баярлалаа. Өөрөө босоод галаа түлэх юмсан... Өөрөө хоолоо хийх юмсан гэж ч хааяа бодно. Одоо ийм сайхан орчинд хүүхдүүд маань амьдарч чаднаа. Одоо л надад итгэл төрж байна” гэсэн юм. Өрөөлөөс зовлон гуниг, баяр жаргалаа хэчнээн нуух гэж хичээсэн ч нүд нь хэдийнэ бүгдийг хүүрнэчихдэг үе бий. Ц.Наранцэцэг эгч болоод бяцхан үрсийнх нь нүднээс баярын сувд олж харах сайхан байлаа. 

О.Болор-эрдэнэ: Хүүхдүүдэд нь 8 сая төгрөгний хадгаламжийн данс нээлгэсэн

90766434_669993663829388_7543882722805022720_n.jpg

Харин энэхүү аяныг санаачлан зохион байгуулсан NTV телевизийн сэтгүүлч О.Болор-Эрдэнэ “Анх Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс надтай холбогдсон. Тэд хэлэхдээ, “Бид галын хяналт шалгалтаар очиход бага насны гурван хүүхэд гал түлж байсан. Ээж нь хэвтэрт, бага насны гурван хүүхэд нь амьдралаа авч явдаг юм байна лээ. Бид анхааруулга өгчихөөд буцсан. Дараа нь бид дахин гэрт нь очиж зуухных нь аюулгүй байдлыг хангаж, гурван сарын хүнсийг нь авч өгсөн” гэж хэлсэн. Тухайн үед тус айл угаар мэдрэгчгүй, яндан, зуух нь эвдэрхий байсан учраас угаартах эрсдэл өндөр байсан. Бид онцгой байдлын хэлтсийн ажилчидтай хамт очиж охидтой ярилцах үеэр хүүхдийн мөнгө болон халамжийн мөнгөөрөө амьдардгаа хэлсэн юм. Том охин долоо хоногт нэг удаа Нарантуул зах явж хүнсээ цуглуулдаг. Хүнд зүйл өргөхөөр болвол дүүтэйгээ хамт явдаг. Шөнө босч галаа түлдэг гэж ярьж байсан. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл нь энэ хүнд нөхцөлд амьдардаг ч охид онц сурдаг гэж хэлж байсан. Тиймээс бид хүүхдүүд амьдарлаа авч явдаг юм байна гэдэг мэдээллийг хүмүүст хүргэсэн. Мэдээлэл гарсны дараа олон хүн холбогдсон учраас хандивын аяныг зохион байгуулсан. 

20 сая 300 мянга  төгрөгний хандив цугласан. Ц.Наранцэцэг эгчийг хувийн эмнэлэгт үзүүлж,  шаардлагатай оношилгоо хийлгэхэд 2 сая 100 мянган төгрөг зарцуулагдсан. Харин байрны тохижуулалтад 9 сая төгрөг зарцуулагдсан.  Цахилгаан барааг бүгдийг нь шинээр авсан байгаа. Охидуудад зориулж ханыг нь гүнжийн зурагтай болгосон. Мөн нойлын өрөө босоо шүршүүртэй байсан. Ц.Наранцэцэг эгч усанд орж чадахгүй учраас ванн болгосон. Үлдсэн 8 сая төгрөгийг хүүхдүүдэд нь хадгаламжийн данс нээлгээд гурав хувааж хийсэн” гэсэн юм. 

Т.Ганболд: Тусалъя гэсэн эрмэлзэл маань эцэстээ байр болж хувирсан

 

90913640_2671297396436518_1778606000916398080_n.jpg

Охиноо шинэ байранд орж буйг мэдсэн Ц.Наранцэцэг эгчийн ээж “Алтан Дорнод” компанийн захирал Т.Ганболдод сэтгэлийн үгээ хэлнэ хэмээн утсаар ярьж байлаа. Тэдний хооронд чухам ямар яриа өрнөснийг бид мэдэхгүй ч “баярлалаа...талархлаа..” гэсэн үг лав байсан биз ээ.

Тэрбээр “Би иргэн Ганболд гэдэг хүнийхээ өмнөөс боломжгүй нэгэндээ чадахаараа тусалъя л гэж бодсон. Ээж болон хүүхдүүдийн тухай мэдээллийг анх битүүний өдөр уншсан. Их эмзэглэсэн дээ. Тэгээд сар бүр 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье гэж бодсон. Удалгүй зохион байгуулагч залуустай уулзаж, санал бодлоо солилцсон юм. Бид дулаан орон байртай болгох хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрээд байр авч өгөхөөр болсон. Тусалъя гэсэн эрмэлзэл маань л эцэстээ байр болж хувирсан” гэсэн юм.

Ай хүмүүний сэтгэлийг тэмтэрч үзээд л илч дулааныг нь гайхсан сайхан өдөр байлаа өчигдөр.

Санал болгох

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

1 өдрийн өмнө
Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа.

1 өдрийн өмнө
Хууль бусаар агнасан загас тээвэрлэж яваад баригджээ

Эмээлтийн АТШНТ-оор зургадугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Б  хууль бусаар агнасан загас, тээвэрлэж явсныг хяналт шалгалтын явцад илрүүлсэн байна.

1 өдрийн өмнө
Хоол үйлдвэрлэлийн газруудаас арчдас авахад 59.6 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна

2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

1 өдрийн өмнө