Д.Асардарь: Ямар ч сонголтондоо харамсаж байгаагүй...

1
2020 оны 3 сарын 262020-03-26

Д.Асардарь: Ямар ч сонголтондоо харамсаж байгаагүй...

Өнгөрсөн намар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдсан “Надтай үлдээч” жүжгийн гол дүрийг бүтээсэн, залуу жүжигчин Д.Асардарийг “TIME | ЗАЛУУС” буландаа урилаа. 

-Анх удаа гол дүр авч ажиллах хэр байв. Мэдээж анхны гол дүр учир саашаал, шүүмжлэл байсан л байх...

-Гол дүр тухайн жүжигчнийг маш сайн задлаж, ур чадвараа өсгөхөд нь түлхэц болж өгдөг юм шиг санагдсан. Мэдээж гол дүр авна гэдэг бол маш том үүрэг хариуцлага. Хамтрагчид маань туршлагатай хүмүүс байсан болохоор надад маш сайн зааж зөвлөсөн.  
Хүн болгоны үзэл бодол, харах өнцөг өөр учраас хатуу үг сонсогдож л таарна. Анхны гол дүр туршлага дутсан байж ч мэднэ. Гэхдээ хэрэндээ л хичээсэн болохоор хатуу үг цөөн сонссон шүү. 

-Мэдээж шантрах, мэдэхгүй, чадахгүйтэйгээ нуур түлэх үе тохиолдсон л биз дээ?

- Анхны дүрээ авчихаад энэ дүрээр л би юу чаддагаа үзэгчдэд, мөн ажлынхандаа харуулах ёстой гэж бодсон. Ур чадвараа дайчлахаас өөр сонголт байхгүй учраас хичээсэн. Заримдаа найруулагчдаа зэмлүүлчихээд яг яах ёстой юм болоо гэсэн мухардалд орох үе ч гарсан л даа. Хэдий шантарч байсан ч тэрийгээ хүнд харуулаагүй гэж бодож байна. “Чи юуны төлөө дөрвөн жил сурсан юм. Юуны төлөө энэ ажлыг хийж байгаа хүн бэ” гэж өөртөө хэлж, зоригжуулж байсан. 

-“Надтай үлдээч” жүжгийн эрэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Шинэбаяр та хоёрыг нэг багшийн шавь гэж сонссон. Шавь нараа тайзан дээр хамтад нь хараад багш тань хэмжээлшгүй их баярласан байх...

- МУГЖ Л.Дэмидбаатар багш маань “Надтай үлдээч” жүжгийн нээлтийг хөтөлж байсан. Анхны гол дүр авсан жүжгийнхээ хөшгийг багшаараа нээлгэсэн болохоор би өөрийгөө их азтай хүн боддог. Хөшиг нээгдсэний дараа “Одоо ингээд чиний ирээдүйн том зам эхлэж байгаа шүү” гэж хэлсэн. Багшаасаа ийм сайхан үг сонссон учир хичээхээс өөр сонголт үлдээгүй. 

- Театр яг таны хүсэж тэмүүлсэн газар мөн үү? Хүн хүсэж тэмүүлсэн зүйлдээ л сэтгэлээ харамгүй зориулдаг шүү дээ...

-Тийм шүү. Театр бол олон хүний хайр хүндлэл цалгисан сайхан газар. Тоглолтын жижүүр гэж байдаг болохоор жүжигт ороогүй  ч бүгд ирж, жүжгээ үзнэ. Жүжгийн явц хэр байгааг, жүжигчид дүрээ хэрхэн амлуулж байгааг хараад туршлагтай жүжигчид маань үзэх бүртээ л зөвлөгөө өгдөг. Эсвэл үнэхээр таалагдсан бол надад тэр хэсэг чинь үнэхээр таалагдлаа гээд хэлчихдэг. Тийм л халуун дотно газар.

 “Хайрын виз” жүжигт дүр дээр ажиллаагүй болохоор үзэгчдийн суудлаас жүжиг үзсэн юм. Яг үнэндээ үзэгчдийн суудлаас жүжиг үзэх хэцүү санагддаг болсон. Яагаад ч юм тайзан дээр л байх ёстой юм шиг санагдаад, тийш гүйгээд гарчихмаар байсан. 

90633243_827048211125216_121779592905097216_n.jpg

- Таны хувьд чухам хэзээнээс жүжигчин болье гэж бодсон бэ?

-Арван жилдээ урлагийн идэвхтэй хүүхэд байсан. Гэсэн ч  сэтгэл судлаач болно гэж боддог байлаа. Ахлах ангидаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Хэцүү анги” киноны олны хэсэгт  тоглосон юм. Тухайн үед кино бүтэх үйл явцыг дэргэдээс нь хараад жүжигчин болье гэж бодсон. Гэрийнхэн маань ч дэмжсэн.  

-Сэтгэл судлаач болно гэж боддог байсан гэхээр нэлээд бодолтой, магадгүй бичих дуртай охин байсан бололтой?

-Арван жилдээ шүлэг бичдэг байсан. Харин сүүлд бичсэн шүлгүүдээ уншаад өөрөөсөө нэг сайн ичсэн дээ. Одоо бол чөлөөт цагаараа ном л уншдаг. Ер нь намтарчилсан, түүхэн роман унших дуртай. Сүүлд “Бүсгүйн код” гэдэг ном уншсан. Эмэгтэй хүн хэрхэн яаж амжилтанд хүрэх ёстой, яагаад өөртөө итгэх ёстойг зөвлөсөн маш амттай ном.  

-УДЭТ-ийн тайзнаа “Анна Каренина” жүжиг тавигдах гэж байгаа. Уг жүжигт ямар дүр бүтээж байгаа вэ?

-Миний хувьд Сорокина хэмээх гүнжийн дүр дээр ажиллаж байгаа. Жүжгийн бэлтгэлийн тухайд Covid-19 цар тахлын улмаас 3 сарын 30 хүртэл завсарласан. Одоогоор нээлтийн тов тодорхойгүй л байна.

-Тайзны уран бүтээлээс гадна дэлгэцийн уран бүтээлд тоглож байсан. Дэлгэцийн уран бүтээлд тоглох, тайзны уран бүтээлд тоглохын хэр ялгаатай вэ?

- Театрын уран бүтээлтэй байгаа үед дэлгэцийн уран бүтээлд явж амждаггүй. Учир нь театрын ажил ямагт нэгт байх ёстой. Гэхдээ хэрэв дэлгэцийн уран бүтээлийн санал ирвэл дүр бүтээнэ. Жүжигчин хүн дэлгэцийн уран бүтээл дээр энгийн амьдрал дээрээ байгаа юм шигээ байж, нарийн мэдрэх хэрэгтэй. Тайзан дээр ч гэсэн үнэнээсээ байж мэдрэнэ. Гэхдээ илүү даазтай, хэтрүүлэн тоглолтой байхыг шаарддаг.  Яагаад гэвэл хамгийн арын эгнээнд сууж байгаа үзэгчдэд хэлэх гэж байгаа үг, санаагаа биеийн хэлэмжээр үзүүлэх хэрэгтэй. 

-Амьдрал цаг мөч тутамд л биднийг сонголт хийхийг шаардаж байдаг. Таны амьдралдаа хийж байсан хамгийн зөв сонголт гэвэл?
-Би амьдралдаа хийж байсан ямар ч сонголтондоо харамсаж байгаагүй.  Миний бүх сонголт зөв байсан юм шиг санагддаг. Драмын театрт орохын өмнө “VTV” телевизэд  ажиллаж байсан. Надад дэлгэцийн карьераа өсгөөд цаашдаа  ажиллах боломж байсан ч тайз үгүйлэгдээд... Тэгээд л  телевизийн хамт олноо орхиод Драмын театрын өндөр босгыг алхсан даа. 

-Ирээдүй хэмээх бартаат замыг ямар хүнтэй туулахыг хүсэж байна?
-Өсвөр насанд  царайлаг, онц сурдаг залуус таалагддаг байсан. Ирээдүйг маш ухаалаг, тархины булчин сайтай, надад хайртай, хамгийн гол нь миний мэргэжлийг маш сайн ойлгодог хүнтэй л хамт туулмаар байна. Над шиг миний мэргэжилд дурлаад, миний мэдрэмжийг хүндэтгэх хүн л...

-Мэргэжлийнхээ үнэ цэнийг ямар үед илүү мэдэрдэг вэ? 
-Драмын театрт дурлах шалтгаан болдог гол хүн маань МУГЖ Ж.Оюундарь багш. Дариа багш үзэгдээд өнгөрөх дүр байсан ч гайхалтай бүтээлчээр ханддаг. Ганц хоёрхон үг хэлэх байсан ч үгээ цээжил, өөртөө суулга, яагаад энийг хэлж байгаагаа сайн бод гэж зөвлөдөг. Жүжичин хүн мэргэжлээ хүндлэнэ, хайрлана гэдэг ямар үнэ цэнэтэйг,  мэргэжилдээ хэзээ ч хайнга хандаж болохгүйг түүний үг, үйл хөдлөл сануулдаг. Монголын урлагт ийм сайхан хүн байгаад, тэр нь яг бидний дэргэд байгаад баярлаж явдаг даа.

Санал болгох

В.Түвшинтогтох: Дэлхий дахинд номын санчийг стратегийн ач холбогдолтой мэргэжил гэж үздэг

Номын санд оюутан байхаасаа ажилласан тэрээр 2009 онд СУИС-ийг дүүргэсэн мэргэжлийн номын санч хүн. Түүнтэй уншлагын соёл, номын сангийн талаар ярилцлаа. 

2 сарын өмнө
О.Билгүүн: Хүмүүст үлгэр дуурайлал болж байгаа учир буруу алхаж болохгүй гэдгээ ухаарсан

Time.mn сайт “Crush” буланг шинээр нээлээ. Анхны дугаарын зочноор “Бүтэн амьдрал” ОАК-ны Золбоогийн дүрд тоглож, олон охидын харцыг булааж байгаа, жүжигчин, загвар өмсөгч, бизнесмэн О.Билгүүнийг урилаа.

3 сарын өмнө