Д.Мөнх-Эрдэнэ: Засгийн газар тавдугаар сард огцорч, шинээр эмхлэн байгуулагдахаас аргагүй

1
2020 оны 3 сарын 252020-03-25
Д.Мөнх-Эрдэнэ: Засгийн газар тавдугаар сард огцорч, шинээр эмхлэн байгуулагдахаас аргагүй

 

Засгийн газрын Хууль эрх зүйн газрын дарга асан, хуульч Д.Мөнх-Эрдэнээс Үндсэн хуультай холбоотой цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Одоогийн УИХ өнгөрсөн онд Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг ирэх тавдугаар сарын 25-наас мөрдөх гэж байна. Мөрдөхгүй байж болох уу?

-Болохгүй. Үндсэн хуулийн 70-р зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн бусад шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна гэж хатуу хуульчилсан байгаа.

-Мөрдөхгүй бол ямар асуудал үүсэх вэ. Цэц дээр очих уу?

-Ойлгомжтой юм.

-Одоогийн Засгийн газарт У.Хүрэлсүхээс бусад нь давхар дээлтэй. Тэгэхээр Засгийн газар огцрох уу, өөрчлөн байгуулагдах уу?

-Засгийн газар огцорч, Үндсэн хуулийн дагуу шинээр эмхлэн байгуулагдана гэсэн үг. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг эмхлэн байгуулах буюу Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх зохицуулалтад бүхэлдээ өөрчлөлт орсон. Тухайлбал, хуучин Засгийн газрын гишүүдийг УИХ томилдог байсан бол шинэ зохицуулалтаар УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх болсон. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албыг хашиж болохоор Үндсэн хуульд заасан тул давхар дээлтэй Засгийн газрын гишүүдийг хуульд нийцүүлэн чөлөөлөхөөс өөр гарцгүй болж байна.

-16 сайдаас У.Хүрэлсүхтэй нийлээд тав нь л ажиллах боломжтой. Танхимынх нь тал огцорвол Засгийн газар бүхэлдээ огцорно гэсэн үг үү?

-Бас ч тийм биш. Одоо Үндсэн хуулийн 43-р зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж хуульчилсан байгаа боловч энэ заалт мөн 2020 оны 5-р сарын 25-ны өдрөөс Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж өөрчлөгдсөн.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд юу гэж заасан байдаг вэ?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж зааснаас үзэхэд уг хуулийн зохицуулалт нь органик болон бусад хуулиудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм. Харин Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал нь органик хуулиар бус, Үндсэн хуулиар тухайлан зохицуулагддаг онцлогтой. Мөн Үндсэн хуулийн 39-р зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр гэж тогтоосон тул Таны асуусан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль хамаагүй юм.

-15 сайдын 11 нь огцорвол үндсэн чиглэлийн яам ахалдсан сайдуудаа үлдээх тохиромжтой юу, цаг үеийн бусад нөхцөл байдлаа харгалзаж үзэх зохимжтой юу?

-Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ хуучин жишгээс харахад Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд зэрэг ерөнхий чиг үүргийн яам удирддаг албан тушаалууд давхар дээлтэй байх нь зохимжтой болов уу.

-Тавдугаар сарын 25-нд огцорсон гэж үзэх үү, огцрох өргөдлөө энэ хугацаагаар өргөн барих уу?

-Ерөнхий сайд Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг албан тушаалтан тул 2020 оны тавдугаар сарын 25-наас өмнө Засгийн газрыг огцруулах, шинээр эмхлэн байгуулах ажлыг төрийн хууль, ном журмын дагуу зохион байгуулах биз ээ.

-Огцрох өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэж дуусах, дараагийн Засгийн газрыг томилох хүртэл тэрхүү Засгийн газар, Засгийн газрын гишүүдийн гаргасан шийдвэрийг сайдын шийдвэр, Засгийн газрын шийдвэр гэж үзэх үү?

-Үндсэн хуулийн 40-р зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр энэ хугацаанд хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэр хуулийн хүчинтэй. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх ёстой шүү дээ. Гэхдээ тогтсон жишгээр огцорсон Засгийн газар, сайд онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэлх хугацаанд томоохон шийдвэр гаргадаггүй.

Санал болгох

Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчид, төрийн өмчит ААН-ийн ажиллагсад НДШ болон албан татвараас чөлөөлөгдөхгүй

COVID-19 халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөлөвлөж байгаа эдийн засгийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Түүний хийж буй мэдээллээс онцлох хэсгүүдийг хүргэе.

25 минутын өмнө
Дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх ЕБС, ЭЕШ-д зориулсан теле хичээлийн хуваарь

2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх Теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээлд: Сургуулийн өмнөх боловсрол ЕБС-ийн 1-12 дугаар анги Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Насан туршийн боловсролд зориулсан Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Эрүүл мэндийн хичээлийг тус тус багтжээ. Теле хичээлийг тухайн сувгаар нөхөж үзэх боломжтой.

6 цагийн өмнө
Гадаадын банкны салбар байгуулах асуудлыг сөхөх цаг болсон уу?

Банкны салбарт реформ хийх эхлэл нь гадаадын банкгны салбарыг Монгол байгуулах асуудал байх магадлалтай.

1 өдрийн өмнө