Аутизмыг таниулах дэлхийн өдөр | Хүүхдийн хүсэл биелэх ёстой

2020 оны 4 сарын 22020-04-02
Аутизмыг таниулах дэлхийн өдөр | Хүүхдийн хүсэл биелэх ёстой

 

Түгжээтэй хаалганы цаана

Эрэл сурал болж, зорьсон газраа ирээд хаалгыг нь зөөлхөн тогшив. Удалгүй дотроос хөлийн чимээ гарч хэн нэгэн хаалга тайллаа.  Хүүхдийн цангинасан инээд, дуу шуугиан энд үгүй, хаа нэгтээ хүүхэд уйлагнах чимээ л сонсогдоно. 

Үүд нээж өгсөн багштай мэнд мэдэхийн завдалгүй нэгэн хүү гүйн ирж намайг тэврээд амандаа ямар нэг юм бувтнав. “Чамайг хэн гэдэг юм бэ?” гэж асуувал хариу дуугарсангүй. Түүнийг Түвшин гэдэг аж. Тархины хатингаршил гэсэн оноштойгоор “Миний ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төвд ирээд хоёр дахь сартайгаа золгож байгаа гэнэ.

Биднийг очиход хүүхдүүд өдрийн хоолоо идэж байсан  юм.  Өрөөний голд эгнүүлэн төвьсан тусгай сандал дээр зэрэгцэн суугаад багш нарынхаа тусламжтай хоолоо иднэ. Тэднээс тун цөөхөн нь өөрөө хоолоо халбагадаж идэх бөгөөд хооллож дууссаны дараа багш нар  хувцасыг нь сольж, гар нүүрийг нь угааж өгнө.  Эдгээр хүүхдүүдийн хувьд үсэг, тоо сурч үзэг цаас барина гэдэг зүүдэнд нь л биелэх зүйл бололтой. Жижигхэн модон тавиур дээр хүний гар хүрээгүй юм уу гэлтэй хоёр гурван чихмэл тоглоомноос өөр юу ч харагдсангүй.  Телевиз радио, буддаг ном ч байсангүй. Цамцаа товчилж, гутлаа өмсөж, хоолоо халбагадаж идэх ахуйн хичээлүүдийг л тэд энд сурч байгаа юм. 

Цагийн зүү 15.00-ыг зааж байлаа. Хаалга тасралтгүй тогших чимээнд сая нэг ухаан ороод, багш Б.Одончимэгтэй хаалга тайлж өгөхөөр явлаа. Хүүхдүүд дураараа гадагш гарах магадлалтай тул хаалга байнга түгжээтэй, багш нар түлхүүрээ биедээ авч явдаг ажээ. Хүүхдүүд л юм хойно гадагш гарч, хөөцөлдөн тоглож, нарыг цонхны цаанаас биш гаднаас харахыг хүсэлгүй дээ. Бид хаалга тайлтал тортой хувцас барьсан жаахан охин зогсож байлаа. Хэн нэгэнд нь эргэлт иржээ.  Ээж аавыгаа ажилд явсан хойгуур дүүгээ санаад ирсэн гэнэ. Саяхан л энгэр лүүгээ хоолоо асгачихаад уйлж байсан хүү эгчийгээ хараад танисан бололтой “Хайлтай шүү” гэснээ, биеэ хагас өргөн өндийх гэж оролдоно.  

“Миний ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төв Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах галлагаатай хоёр давхар байшинд анх үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнгөрсөн оны гуравдугаар сард  “Залуус” хорооллын нэг давхарт шинэ байранд нүүж орсноор албан ёсны нээлтээ хийсэн юм. Төв нэг хөдөлгөөн засалч, дөрвөн багш, тогооч, сэтгэл зүйчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Олон улсын стандарт ёсоор бол оюуны бэрхшээлтэй найман хүүхдэд нэг багш,  аутизмтай нэг хүүхдэд нэг багш ногдох ёстой. Энэхүү төв нь  4-15 насны хүүхдийг 24 цагаар асарч сувилдгаараа улсдаа анхдагч юм.  “Миний ертөнц” хамт олонтой завгүй ажлынх нь хажуугаар товч ярилцлаа. 


“Төрөөс хувьсах зардал авч байгаагүй”

 “Миний ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төвийн захирал Б.Номинхүү

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төв ажиллуулах болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн ээжүүдийг ажил хийх боломжоор хангахыг хүссэн учраас энэ төвийг анх нээсэн. Ийм хүүхэдтэй ээжүүд ихэвчлэн ганц бие байдаг юм билээ. Хүүхдүүдэд ч бас асаргаа хэрэгтэй. Тэдний хувьд их бага хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд байлгаж, хамгаалахыг хүссэн. 

-Хүүхдүүдэд эрүүл мэндийн талаас ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Одоогийн байдлаар, усан эмчилгээ, хөдөлгөөн засал, асаргаа сувилгаануудыг хийж байна. Цаашид зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд авах хэрэгтэй байгаа.

-Улсаас хувьсах зардал авдаг уу? Сонгинохайрхан дүүргээс яаж дэмждэг вэ?

-Төрөөс хувьсах зардал авч байгаагүй. Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Халамжийн ерөнхий газарт хүсэлт тавьсны үндсэн дээр магадлан итгэмжлэл буюу тусгай зөвшөөрөл гаргаж өгөхөөр болсон. Дүүргийн удирдлагуудад цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах, нөхцөл байдлаа сайжруулахад туслах хүсэлт тавиад байгаа.

-Сайн дурынхан хэр их тусалдаг вэ?
-Биднийг сайн дураараа дэмждэг байгууллагууд, найз нөхөд цөөнгү бийй. Тухайлбал, Монголдоо “Тооди” хүүхдийн живхийг үйлдвэрлэгч хамт олон сар болгон хэрэгцээт живхээр хангаж байна. Мөн “Од” групп халаасны дэвтрийн аянд хамт олноороо оролцож, сарын хүнсний хэрэгцээг хандивласан. “МҮИС”-ийн оюутнууд, фэйсбүүкийн “30-с дээш насныхан” групп дэмжин ажилладаг юм.

-Танай төвд хүүхдээ өгөхийг хүссэн эцэг, эхэд ямар мэдээлэл өгөх вэ?

-Бид эцэг, эхчүүдтэй анх гэрээ байгуулдаг. Баасан гарагийн 16.00 цагаас өмнө хүүхдээ ирж аваад даваа гаригт хүүхдээ авч ирж өгөх ёстой. Төлбөрийн хувьд сарын 250 мянган төгрөг. Хүүхдүүд амралтын өдрүүдэд хариад ирэхдээ ханиад хүрсэн байвал буцаагаад  явуулдаг. Нэг хүүхэд өвдөхөд л бусад нь дагаад өвддөг тул эцэг, эхчүүд багш нар хоорондоо байнга харилцан холбоотой ажиллах шаардлагатай болдог юм.

Манай төвд Багахангай, Баянзүрх, Хан-Уул зэрэг бүх дүүргээс хүүхдүүд ирдэг. Бид одоо нэг л зүйлийг мөрөөдөж байна. Хүүхдүүдээ дандаа цоожтой өрөөнд байлгаад баймааргүй байх юм. Өндөр хашаатай дуу чимээ багатай сайхан газар хэн нэгний зааварчилгаагүйгээр хүссэнээрээ гүйж, тоглоосой гэж хүсэж байна.


“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд маш их айдас, сэтгэл зүйн дарамттай амьдардаг”

 “Миний ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төвийн хөдөлгөөн засалч, эцэг эхийн төлөөл  Б.Одончимэг

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад ямар байдаг вэ?

-Хүүхэд маш гэгээлэг, цав цагаан цаас шиг санагддаг. Миний хувьд хүүхдээс маш  их эрч хүч авдаг. Миний хүүхэд хөл дээрээ босох найдваргүй байсан ч энд ирээд гурван сар болох хугацаанд сувилал эмчилгээ хийлгээд одоо ширээ түшээд алхаж байгаа. Эцэг, эхийн төлөөлөл болон ажилд орсноос хойш хөдөлгөөн засалчаар ажиллаж байна. Анх ажиллахад их хүндрэлтэй санагдсан ч хоёр гурав хоногийн дараа хүүхдүүддээ дасаж эхэлсэн. Хүүхдүүд маань ярьж чадахгүй хэрнээ бүгдийг ойлгоно, харцаараа, гараараа, дуу авиагаараа ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлнэ. Одоо бид хоорондоо маш сайн ойлголцож чаддаг болсон.

-Танай төвийн сэтгэл зүйч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг үү?

-Өнгөрсөн Эх үрсийн баяраар сэтгэл зүйч Э.Хонгорзул 60  ээжид сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд маш их айдас, сэтгэл зүйн дарамттай амьдардаг. Би өвчтэй хүүхэдтэй, намайг хэн ч тоохгүй, ахиад өвчтэй хүүхэд төрүүлчихвэл яана гэх айдсаасаа болж хүнтэй суудаггүй ээжүүд хүртэл байдаг.

-Эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж хэр байдаг вэ?

-Долоо хоногт нэг удаа, хоёр удаа ирдэг эцэг, эхчүүд ч бий. Байнгын асаргаа сувилгаатай олон жил болчихсон учир хүүхдүүдээсээ залхчихсан хүмүүс ч байдаг. Болж өгвөл хүүхдүүдээ авчирч өгчихөөд яваад өгөхийг хичээнэ. Зарим эцэг, эхэд хамтарч ажиллах санал тавьдаг боловч зөвшөөрдөггүй.


ТЭД ҮҮДЭЭ ХААСАН. ГЭХДЭЭ...

“Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3100 хүүхэд байдгаас 1000 гаруй нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байна. Энэ 1000 хүүхдийн төлөөлөл болох 15 хүүхэд тус төвөөр үйлчлүүлж байгаа юм. Магадлан итгэмжлэгдэж, тусгай зөвшөөрөл аваагүй ч өрх толгойлсон ганц бие ээжүүдийг ажилтай орлоготой байлгахын төлөө тэд 24 цагаар ажилласаар байна. Хэдий сайн дурынхан тусалж дэмждэг ч тэдэнд мэргэжлийн хөдөлгөөн засалч мөн тоног төхөөрөмжүүд маш их хэрэгтэй байгаа юм. 

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд гарч тоглох ч эрхгүй ийн байрныхаа цонхоор л гадаах ертөнцийг ажиглан өсөж байсан юм. Байсан юм гэж өнгөрсөн цаг дээр хэлэхийн учир нь “Миний ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төв одоогоор үүдээ хаачихаад байгаа юм. Энэхүү сурвалжлагыг зургадугаар сард хүүхдийн баярын дараахан хийсэн юм. Харин удалгүй байрлаж байсан түрээсийн байр нь зарагдсан учраас чөлөөлөхөөс аргагүй болж, хүүхдүүдээ гэр гэрт нь хариулснаа Б.Номинхүү захирал учирлаж байлаа. Гэхдээ тэр шантраагүй гэдгээ хэлж байв. Өөр илүү тохьтой байр олж, хүүхдүүдээ эргүүлж цуглуулах болно гэлээ. Түүний хүсэл биелнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ бол “хүүхдийн хүсэл”. Хүүхдийн хүсэл биелэх ёстой!
 

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

14 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

15 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

18 цагийн өмнө