Т.Бадрахбаяр: Монголчууд хийж чадах ажилд монголчуудаа л ажиллуулах бодлого барьж байна

2020 оны 3 сарын 302020-03-30
Т.Бадрахбаяр: Монголчууд хийж чадах ажилд монголчуудаа л ажиллуулах бодлого барьж байна

 

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс сэргийлж, дэлхийн орнууд гадаадаас ажиллах хүч авахаа багасгаж байгаа. Манай улсын тухайд өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд гадаадаас тодорхой хугацаанд ажиллах хүч оруулахгүй байх шийдвэр гаргасан.

Газар гэсч, бүтээн байгуулах улирал эхэлсэн энэ үед гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд өрнөх ажлуудаа урагшлуулах уу, гадаад ажилчдыг хилээр оруулах уу гэх шийдлээ хүлээсэн асуудал бий. Бид цаг үеийн энэ сэдвээр ХХҮЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяраас ярилцлага авлаа.

-------------------------------------------------------------------

-Манай улс өнгөрсөн онд хөдөлмөрийн гэрээгээр гадаадаас хэчнээн ажилтан оруулж ирсэн бэ? 

-Манай улс өнгөрсөн онд 118 орны 10600 орчим гадаадын  ажилтныг барилга, боловсрол, зам, уул уурхай гэх мэт томоохон бүтээн байгуулалтын салбаруудад дайчилсан. АНУ, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ гэх мэт орнуудын ажиллах хүчнийг дотооддоо ажиллуулж байна. 

-Засгийн газар гадаад ажилчин оруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ хүртэл хэчнээн компани гадаадаас ажилтан авах хүсэлтээ илэрхийлээд байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нэг ч компани, ААН-д гадаадаас ажиллах хүч урих, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоогүй. Гэсэн хэдий ч гадаадаас ажиллах хүч оруулж ирэх хүсэлт компаниудаас ирсээр л байна. Тухайлбал удирдах түвшиний ажилтан, нарийн мэргэжлийн инженер техник, болон санхүүгийн албан тушаалтнуудыг  яаралтай гадаадаас оруулж ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Бид зохих түвшиний байгууллагуудад хандаж хүсэлтийг нь уламжилсан.

Гадаадаас  ажиллах хүч оруулж ирэхээр хүсэлт хүргүүлж байгаа ААН-ийн урилга зөвшөөрлийг бүрэн зогсоох, зөвхөн сунгалт хийх чиглэлийг 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас  манай байгууллагад өгсөн. Өнөөдрийн байдлаар манайд 96 орны 4601 гадаадын иргэн ажиллаж байна. Энэ хүмүүс хорио тавихаас өмнө манай улсад байсан гэсэн үг.

-Төв цэвэрлэх байгууламж, Дарханы зам, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт гэх мэт буцалтгүй тусламжаар манай оронд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтуудын ажиллах хүчний дийлэнхийг гаднаас авч ажиллуулдаг. Тэгвэл эдгээр ажил царцах уу, эсвэл хөдөлмөрийн гэрээгээ цуцалж дотоодын ажиллах хүчнээ ажиллуулах уу. Энэ   асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 

-Гадаадаас ажиллах хүч авах тухай хууль дээр Монголд байхгүй, монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд, өндөр технологи шаардсан ажлын байранд гаднаас ажиллах хүч авна гэж заасан байдаг. Тэрнээс биш замын туслах ажилтан ч юм уу, барилгын туслах ч юм уу ийм тохиолдол дээр аль болох монголчуудаа авч ажиллуулах, монголчуудыг энэ салбарт дадлагажуулах, тэр талын зохицуулалт хийдэг.

Жишээлбэл, 2016-2019 оны байдлаар гадаадаас авах ажилчдын тоо 50 хувь буурч байгаа. Жил болгон бид бууруулах чиглэл барьж байгаа. Үүний гол зорилго нь юу вэ гэхээр үүсээд байгаа ажлын байран дээр монгол ажилчдыг дадлагажуулж, сургаж аль болох гадаадаас ажиллах хүч авахгүйгээр монголчуудыг ажиллуулах бодлого баримталж байна. Өнөөдрийн үүсч байгаа нөхцөл байдлын хувьд ХХҮЕГ-аас ямар ч улс байсан хамаагүй гадны нэг ч иргэнд урилга зөвшөөрөл олгохгүй гэсэн байр сууринаас ажиллаж байна. 

-Гадаадын ажиллах хүчнээс ямар хэмжээний татвар авдаг вэ? 

-Манай улс гадаадаас ажиллах хүч авч байгаа ААН-ээс татвар авдаг. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг тухайн ААН-ээс авдаг. Өнгөрсөн онд 54.3 тэрбум төгрөгийг  авсан байна.  Энэ  мөнгийг шинээр ажлын байр бий болгох, МСҮТ-ийн сурагчдад тэтгэмж олгох хэлбэрээр зарцуулдаг.

Гадаадаас ажиллах хүч урьж ирүүлж байгаа үйл явц 4 үе шатаар явагддаг. Юун түрүүнд гадаадаас ажиллах хүч урьж ажлуулах гэж буй ААН манай байгууллагад хүсэлтээ гаргадаг. Тэр хүсэлтийн дагуу хууль журмын хүрээнд гадаадаас ажиллах хүч оруулж ирэх иргэдийн тоо квотод нь тааруулж, тухайн байгууллагад урилга оруулдаг. Түүний дараа тухайн компани гадаад иргэнээ оруулж ирдэг. Харин  манай байгууллагаас 21 хоногийн дотор ажиллах хүчний зөвшөөрөл олгодог. Ингээд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авч ажиллах боломж бүрддэг. 

-Жил бүрийн гуравдугаар сард дотоодоос гадаадад ажиллах хүч илгээх асуудал яригддаг. Энэ жил байдал ямар байгаа вэ?

-ХХҮЕГ-аас БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг хариуцдаг. Мөн энэ жилээс Япон улс руу ур чадвартай ажилтан илгээх ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь, Коронавирустэй холбоотойгоор гадаадад ажиллах хүч илгээх ажил зогссон байна. БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдийг гуравдугаар сард бүртгэж шалгалтыг нь  авдаг.  Энэ ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байна. Шалгалтандаа тэнцэж шаардлага  хангасан иргэд Хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршаад Солонгосын талаас ажлын байрны санал ирүүлж, бид энд сургалтад хамруулж зуучилдаг. Мөн адил энэ ажиллагаа  зогссон байна.

2020 оны нэгдүгээр сарын 30-аас хойш Солонгосын талаас манай Хөдөлмөрийн бирж дээр бүртгэлтэй 200 гаруй иргэдийг ажиллах хүчээр авъя гэсэн ажлын байрны санал ирүүлсэн боловч энэ иргэдийг илгээх боломжгүй хойшлуулаад байж байна. Тэгэхээр эдгээр иргэд маань хорио цээр цуцлагдаж манай улс болон Солонгос улсад вирусийн дэгдэлт бүрэн зогсоод хэвийн болсон үед дахин зуучлагдан явахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Гэхдээ бид эдгээр иргэдэд санал явуулсан ажил олгогч нарт тодорхой санал хүсэлтийг явуулсан. Нөхцөл байдлыг дурьдаад ажлын байрных нь саналыг битгий цуцлаач ээ, энэ вирусын дэгдэлт зогсоод хорио цээр цуцлагдсаны дараа ажиллагчидаа аваарай гэдэг саналыг хүргүүлж байгаа. Мэдээж ажил олгогчид тухайн бизнесийнхээ шаардлагатай ажлын байр нь дээр  хүн авч байгаа учраас 100 хувь цуцлахгүй хүлээнэ гэсэн хариу өгөхгүй байна. Зарим нэг нь бол харгалзаж үзээд түр хойшлуулаад ажлын байрныхаа саналыг хэвээр байлгаж байна. 

Мөн БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэдэг иргэдээс гэрээний хугацаанд амралтаараа монголд ирээд буцах гэсэн хорио цээрийн дэглэм, нислэгүүд хойшлогдсоноос болоод явж чадаагүй 100-аад иргэн байна. Бид энэ иргэдийн  ажил олгогч солонгосын талтайн ярилцаад, ийм нөхцөл байдлаас хөдөлмөрийн гэрээг нь цуцлахгүйгээр дахиж үргэлжлүүлж ажиллах боломжийг нээлттэй үлдээх тал дээр бас нэлээн харилцаа холбоо тогтоон ажиллаж байна. Мөн ГХЯ болон үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай холбогдоод эдгээр хүмүүсийг солонгос улс руу илгээх боломж бололцоог судалж ярилцаж байна. 

-Япон улс руу  ур чадвартай ажилтан илгээх асуудал юу болж байна вэ? 

-Одоогоор нэг ч хүн яваагүй байна. Японы ажил олгогч компаниудтай гэрээ хийж, монголд япон хэлний түвшин тогтоох, ур чадварын шалгалтыг авсан байсан. Мөн  Японы талаас ур чадвартай ажилтан илгээх авах талаар эхний саналуудыг ирүүлсэн байсан. Гэвч энэ ажил бас зогсонги байдалтай байна. Япон улс руу энэ онд хэлний шалгалтад 100 гаруй залуу, ур чадварын шалгалтад  40 гаруй залуу тэнцэж  эхний ээлжид бэлэн болсон байсан. Японы талаас үндсэн хоёр чиглэлээр ажилтан авах хүсэлтэй байсан. Нэгдүгээрт нийгмийн халамжийн салбарт, хоёрдугаарт Нисэхийн салбарт явуулахаар гэрээ хийгдсэн байсан. Үүнээс  нисэхийн салбарт ажиллах 6-8 хүнийг авах санал ирсэн боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдоод байна.

Ярилцсан Ц.Соёл-Эрдэнэ 

 

 

 

Санал болгох

Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

1 өдрийн өмнө
О.Цолмон: ТҮЦ-ээр орж ирсэн хүмүүс хоосон гардаггүй

Цахим орчинд “ТҮЦ-ийн Дагина” хэмээн нэрлэгдэх болсон нэгэн бүсгүйг бид зорилоо. Түүнийг Отгонбаярын Цолмон гэдэг. Тавдугаар сарын 10-ны өдөр “BEAUTY ТҮЦ” байгуулж Хайлаастын өнгө үзэмжийг нэмэгдүүлжээ. Тэрээр энэхүү газарт төрж өссөн бөгөөд алслагдсан дүүрэгт гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байхгүйгээс энэхүү ТҮЦ-ээ байгуулах болсон байна. Түүнтэй хэдхэн хором ярилцсанаа хүргэе.

1 өдрийн өмнө
Синдикат ярилцлага #49: Хувьцаатай иргэн, хуримтлалтай Монгол

Цар тахлын хүнд байдлыг улсын эдийн засаг болон бизнесийн салбар хэрхэн даван туулах вэ, төрөөс авч буй бодлогын хүрээнд зах зээл руу оруулж, иргэдэд өгч буй олон зуун тэрбум төгрөгийг хэрхэн үр ашигтай зарцуулах ёстой юм, хуримтлал үүсгэж, хувьцааны ногдол ашгаа өв хөрөнгө болгож чадах уу зэрэг сэдвийг хөндсөн Синдикат ярилцлагын 49 дэх дугаар танд хүрч байна.

7 өдрийн өмнө
Д.Очирхуяг: Монголд баялгийн хараал биш баялгийн хулгай нүүрлэсэн

Бизнес эрхлэгчийн дуу хоолойг төрд хүргэхээр Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Даваанямын Очирхуягтай ярилцлаа.

9 өдрийн өмнө