Т.Баярхүү: АТГ-аас Засаг даргын нөөц хөрөнгөтэй холбоотой зөвлөмж хүргүүлсэн

2020 оны 3 сарын 282020-03-28
Т.Баярхүү: АТГ-аас Засаг даргын нөөц хөрөнгөтэй холбоотой зөвлөмж хүргүүлсэн

 

Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирус дэгдэж, олон нийтийг хөл хорионд байлгах онцгой нөхцөл шаардлага үүсээд байна. Манай улс цар тахлаас сэргийлэх ажилд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжилт гаргаж байгаа.

Засгийн газрын нөөц сан болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалттай холбоотой сэдвээр бид АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссарТ.Баярхүүтэй ярилцлаа. 

---------------------------------------------------------------------------

-Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах зориулалт нь юу вэ?

-Засгийн газрын нөөц хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11-р зүйлд зааснаар тодорхой чиг үүрэг бүхий зүйлд зарцуулдаг. Зориулалт нь юу байдаг вэ гэхээр  тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож  тусгах боломжгүй, өөрөөр хэлбэл  явцын дунд шинээр үүсч болох нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах тухай  хуулийн холбогдох  зохих заалтуудын  хүрээнд зарцуулдаг. Тухайлбал тухайн жилд нь урьдчилан тооцоолоогүй гамшгаас үүдсэн үйл ажиллагаанд зарцуулдаг  гэсэн үг.

-Авлигатай тэмцэх газар энэ сангийн зарцуулалтад шалгалт хийж байсан уу?

-Засгийн газрын нөөц санд АТГ-аас тодорхой шалгалтууд хийгээгүй. Харин авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд орон нутагт байдаг Засаг даргын нөөц хөрөнгүүд рүү нэлээдгүй шалгалт орсон байгаа.

-Тэрийг санаж байна. Зуд турхан, үер ус, гал түймрийн гамшгийн үед зарцуулах зориулалттай Засаг даргын нөөц хөрөнгөөр шагнаж урамшуулсан, зугаа цэнгэлд зарцуулсан байсан нь олны шүүмжлэлийг дагуулж байсан?

-Тийм ээ, энэ сангийн зориулалт Засгийн газрын нөөц сантай ерөнхийдөө адилхан.Тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож суулгах боломжгүй, ийм зардлуудыг санхүүжүүлдэг. Нэгдүгээрт хүн мал амьтны гаралтай гоц халдварт өвчний үед, хоёрдугаарт байгалийн гамшигт үзэгдлийн үед, гуравдугаарт хуучин журмаар бол Засаг даргад хуулиар  олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд холбоотой бусад асуудалд гэдэг байсан.

Харин 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн журмаар гуравдах зүйлд өөрчлөлт ороод тухайн жилийн төсөвт урьдчилан тусгах боломжгүй  зардалд Засаг даргын нөөц хөрөнгийг гаргаж болно гэж заасан байдаг. Дөрөвдүгээрт иргэдээс ирүүлсэн тодорхой хүсэлтийг шийдвэрлэхийн тулд Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулж болно гэж байгаа. Дээрээс нь нэмээд Гамшгаас хамгаалах тухай хуульд тухайн Засаг даргын нөөц хөрөнгийн 30-аас доошгүй хувийг заавал бэлэн байлгаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах ёстой гэсэн ийм зохицуулалт байгаа. Нийт нөөцөлсөн хөрөнгийн 30 хувь бол зайлшгүй гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой.

-Засаг даргын нөөц хөрөнгө баяр наадам, хүлээн авалт, дайллага, цайллага, шагнал, урамшуулалд зарцуулагдсан хэвээр байна. Энэ талаар АТГ-аас Засгийн газар болон аймгуудын ИТХ, Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж байсан. Зөвлөмжийн хүрээнд зөрчил хэр арилсан бол. Эргээд мониторинг хийсэн үү?

-Засаг даргын нөөц хөрөнгө Монгол Улсын 21 аймаг, сум, дүүргүүдэд байгаа. Засгийн газрын нөөц сан гэдэгтэй адилхан тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож суулгах боломжгүй, ийм зардлуудыг санхүүжүүлж байгаа. Өмнөх хяналт шалгалтуудаар ямар зүйл ажиглагдаж байсан бэ гэхээр энэ нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг. Тухайн журамд заасан үндэслэлээс гадуур зарцуулдаг.

Зун баяр наадмын үеэр хүмүүсийг урамшуулдаг, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлдэг, нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа мөнгийг давхардуулж Засаг даргын нөөц хөрөнгөөс өгөх ч гэдэг юм уу? Эсвэл тодорхой хэмжээнд хүндэтгэлийн арга хэмжээ янз бүрийн баяр ёслолын арга хэмжээнд зарцуулах гэх мэтээр зориулалтын бусаар зарцуулсан асуудлууд гарч байсан. Үүнтэй холбогдуулаад АТГ-аас Засгийн газарт хэд хэдэн удаа хүргүүлсэн зөвлөмжид энэ асуудлыг тусгасан. Хамгийн сүүлд гэхэд 2020 оны нэгдүгээр сарын 24-д АТГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс тодорхой ажлууд хийгдэж Засаг даргын нөөц хөрөнгөтэй холбоотой асуудлаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байгаа.

Ер нь бол зөвлөмжтэй холбоотойгоор АТГ-аас маш олон удаагийн шалгалтыг явуулж байсан. Үр дүн ахисан тохиолдол ч бий, ахиагүй тохиолдол ч бий. Гэхдээ сүүлийн 2-3 жилд давтамжтайгаар энэ асуудлыг дахин дахин үзэж хянаж шалгасны үр дүнд тодорхой хэмжээнд аймгууд дээр Засаг даргын нөөц хөрөнгийг хуучных шигээ зориулалтын бусаар зарцуулах асуудлууд харьцангүй багассан. Ер нь бол нэлээн үр дүнтэй болсон. Эдгээр хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нь өөрөө гэмт хэрэг шүү дээ. Бид үүнээс сэргийлж, үйлдлээс нь өмнө сэрэмжлүүлж ажиллахыг хичээж байгаа.

Ярилцсан: Ц.Соёл-Эрдэнэ

 

Санал болгох

Б.Отгонжаргал: Ажил алба, гэр бүл үр хүүхдээрээ эн тэнцүүхэн бахархдаг

Бид энэ удаа эх үрсийн баярын босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын  жижүүрийн албаны хэлтэс байхаас эхлэн Мэдээлэл шуурхай удирдлагын төв болтол нь тасралтгүй ажилласан дуудлага хүлээн авагч,  цагдаагийн ахмад, дөрвөн хүүхдийн Б.Отгонжаргалтай  ярилцлаа.

1 өдрийн өмнө
Н.Сувд-Эрдэнэ: Оюуны боловсролтой ч сэтгэлийн боловсролгүй хүнийг би тийм ч их хүндлэхгүй

Нарангэрэлийн Сувд-Эрдэнэ. БНСУ руу түүнийг мөрөөдөл нь хөтөлсөн ч хувь тавилан түүнд өөр бэлэг бэлдсэн байж. Хүний нутаг, гүний хошуунд суралцаж байх үедээ том хагацлын өмнө толгой гудайсан ч сэтгэлийнхээ хүчээр тэр бүхнийг даваад гарсан тэрбээр одоо UBS телевизэд нэвтрүүлэгчээр ажиллахын сацуу СУИС-ийн РТМУС-д багшилдаг юм. Нэр, зүс мэдэхээс хэтрэхгүй тул түүний дотоод ертөнцтэй  танилцахаар түүнийг зорилоо.  

1 өдрийн өмнө
“Шидэт Хуудас” номыг худалдан авч ЭХ ҮР уулзах баярт мөчийг нэг алхмаар ойртуулаарай

“Эх үрсийн баяр” хэдхэн хоноод боллоо. Гэтэл энэ жилийн хүүхдийн баярыг охин, зээ хоёр маань өвчний улмаас өөр улсад тэмдэглэх болох нь...

5 өдрийн өмнө
Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

7 өдрийн өмнө