Сүх далайтал үхэр амар

2020 оны 4 сарын 12020-04-01
Сүх далайтал үхэр амар

 

(Аялал жуулчлалын салбарынхандаа зориулав)

Олон улсад дэгдсэн цар тахлаас болж манай аялал жуулчлалын салбар хүнд цохилт аваад уналтын байдалд ороод байна. Сүхдүүлсэн үхэр адил. Ази, Номхон далайн орнуудын хэмжээнд хаврын аяллын 75 хувийг цуцлаад байна, цаашид ч цуцална гэж Блүүмберг айлдаж байна.

2020 онд аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийх магадлал өндөр байгаа үед санал бодлоо хуваалцахыг хүссэн юм.

--------------------------------------------------------------

Монгол Улс цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод гурван сарын нүүр үзэж байна. Засгийн газар Монгол хүнийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх эрс шийдвэртэй алхмууд цаг алдалгүй авсны үр дүнд бид дотроо аюулгүй байгаа ч вирус тээгчид гаднаас орж ирэх аюул нүүрлэсэн үед Монголын аялал жуулчлалын улирал эхлэх гэж байна. Монголын хорио цээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэлхий анхааралтай судалж, шагшин магтаж байна гэнэ. Монголын арга туршлагыг дэлхий хэрэгжүүлж байна гэж хөөрцөглөх юм. Цаг алдаагүй авсан арга хэмжээг нь сайшаана. Гэхдээ юм эерэг, сөрөг хоёр талтай. Хорио цээрийн хатуу дэглэм нь өвчинг тархах нөхцлийг хааж байгаа ч эдийн засгийг нүдэн дээр хорлож байна.

Сүх далайтал үхэр амар гэж манайхан таг чиг л суугаад байх юм. Хэдүүлээ яах ийхээ дотроо ярьж төлөвлөгөө гаргахгүй юм уу.

Монголын аялал жуулчлалын талаар, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн талаар хөл хорионд байгаа энэ үед хэн ч ярьж анхаарал хандуулахгүй нь. МХАҮТ-аас жижиг дунд бизнесүүдийг хамгаалах талаар санал, төлөвлөгөөгөө засагт танилцуулаад байдаг. Бид хоцрох вий дээ. Манай салбар ЖДҮ-д багтдаггүй болохоор бид засгийн бодлогын гадна үлдчих аюултай. Ниргэсний дараа хашгирна гэгч болох вий.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэгч салбар, гурван тулгуурын нэг гээд ярих мөртлөө энэ хугацаанд аялал жуулчлалын бизнесийг хамгаалах талаар төлөвлөгөө гаргасангүй, таг. Манай салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3.1 хувийг эзэлж 804.8 тэрбум төгрөг бий болгож Монгол Улсын нийт ажлын байрны 4.9 хувь буюу 54 000 хүнийг ажлын байраар хангадаг гэсэн 2018 оны статистик байна. Бид 2018 онд 529 370 мянган, 2019 онд 577 000 жуулчин хүлээж авчээ. 2020 оны хувьд нэг сая жуулчин авах зорилт тавиад байтал Ковид19 гарч төлөвлөгөө нурлаа гээд тайлбарлачих байх. Энэ зорилго ч яахав.

Монголд нийт 475 тур оператор байдаг гэсэн тоо бий. Дээрхи тооны жуулчдыг Монгол улсад авч ирэхэд хамгийн чухал нөлөөг үзүүлдэг хөдөлгөгч хүч, зүрх нь тэд. Энэ тур операторууд жуулчныг оруулж ирээд зочид буудал, гэр бааз, агаарын тээвэр, газрын тээвэр гээд олон салбарт мөнгийг нь хувааж өгдөг гол зохицуулагч. Гэтэл энэ жил газарт шингэчих гээд байна.

Манай компани дээр байсан 4, 5, 6 дугаар сарын аяллууд бүгд цуцлагдсан. Бүгд л адил байгаа болов уу. Мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа мэдээлэлд дүгнэлт хийхэд Монголын аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудад өвчлөл, халдварын тархац өндөр байна. Монгол орныг зорин ирдэг жуулчдын ихэнхи нь 60-65 насныхан. Энэ насны ангилал нь тахалд өртөх магадлал өндөр байгаа нь аяллаа цуцлах үндсэн нөхцлийн нэг болжээ. Тэдгээр орнуудад хөл хорио тогтоож, иргэдээ гадагш аялахгүй, гэртээ байхыг анхааруулж сануулсаар. АНУ цар тахлын дараагийн голомт болох магадлал өндөр боллоо. Европт цар тахлын дэгдэлтийн оргил үе нь 5, 6 дугаар сар гэж үзжээ. Австрали бүх иргэдээ долдугаар сарын сүүл хүртэл аялахгүй байхыг зөвлөж байна. Зүүн өмнөд Азийн улс орнуудад цар тахлын дэгдэлтийн хоёр дахь том давалгаа орж ирнэ л гэнэ. Монгол улс 4 дүгээр сарын 30 хүртэл хил хаалттай, зорчигч урсгал байхгүй. Энэ нь цаашид сунгагдах магадлал ч өндөр байна...

Миний бодлоор 6, 7 дугаар саруудад жуулчин авах боломж тун хомс, ялангуяа Америк, Европ тивээс. Хятад өвчний тархалтыг хяналтандаа аваад иргэдээ амьдралын хэвийн гольдрилд нь аажмаар оруулж байна, тодорхой хэмжээгээр аялал жуулчлал, дотоодын агаарын тээврийн салбараа сэргээж эхэллээ. Энэ жилийн хувьд Хятад, Солонгос, Хонконг зэрэг орнууд бидний ажиллах гол чиглэл болж магадгүй. Ялангуяа төрийн тэргүүний Хятадад хийсэн айлчлал, 30 мянган хонь үр өгөөжөө өгөх нигууртай. Хятадын жуулчдыг хүлээн авах бодлогоо ажил хэрэг болгох нь чухал санагдах. Шууд нислэгтэй, аюулгүй газраас жуулчин авах тухай бодцгооё. Хятадын жирийн иргэн ч бидэнд “Баярлалаа” гэж хэлээд байгаа. Энэ их чухал. Чулуу болгочих юмсан.

Бидэнд 9-12 сар хүртэл аяллаа зарах боломжтой. Оргил үеэс хойш гэж тооцоолох ёстой байх.

Зорчигч урсгалын хаалт гэдэг бол аялал жуулчлал байхгүй ээ гэсэн үг. Хүн байхгүй жуулчин байхгүй. Тэгэхээр бид орлогогүй болох эрсдэл маш өндөр. Бид салбарынхаа хүний нөөцийг хамгаалах, ажлын байраа хадгалах зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Хүний хүүхдүүд айхтар л шийдэж байна. Д.Трамп агаарын тээвэр, аялал жуулчлалын салбартаа тэрбумаар тоологдох мөнгө хийж байна гэж сонсогдлоо. Хойд айлын тэргүүн аялал жуулчлалын компаниуддаа тэтгэмж өгнө гээд амлачихлаа. А.Меркель хатагтай нь найдвартай аж ахуйн нэгжийнхээ ажлын байрны хамгаалалтад зориулж төрөөс 90 хувийн зардлыг нь даалаа гэх юм. Харин манайх одоогоор дуугүй сууна. Улс орнууд аялал жуулчлалын салбараа хамгаалах арга хэмжээг тууштай авч эхэлжээ. Бид бас хамгаалуулмаар байна. Эдийн засгийн гурван тулгуурын нэг гэсэн. Эсвэл тэр зүгээр сэтгэлийн хөөрөл байсан юм уу.

Аялал жуулчлал угаасаа хүний анхдагч хэрэгцээ биш. Аялал жуулчлал хүний аз жаргал, дурсамж, мэдрэмж, хүсэл мөрөөдлийн хэрэгцээ тул тэвчиж болох зүйл. Аминаас үнэтэй аялал жуулчлал гэж байхгүй.

Дэлхий нийтээр аялал жуулчлал, тээврийн салбар хумигдаж манай зөвхөн агаарын тээврийн салбар эхний хоёр сард өмнөх оны мөн үеэсээ 13.3 тэрбум буюу 21.7 хувиар бага орлого олжээ. Хоёрдугаар сард 16.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь өмнөх сараас 14.2 тэрбум төгрөгөөр буюу 45.7 хувиар буурчээ.

Монгол Улсын аялал жуулчлалын оргил үе нь хоёр, гуравдугаар улирал байдаг тул аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөө харьцангуй бага байна гэж ҮСХ-ны судалгаанд үзжээ. Гэвч нөхцөл байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл Монголыг зорих гаднынхан өнгөрсөн оны 600 орчим мянган жуулчны хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй. Ялангуяа, COVID-19 халдвартай холбоотойгоор Азийн улс орнуудыг зорих жуулчдын тоо буурна хэмээн шинжээчид үзэж буй гэнэ.

91805262_1451126848399098_8162165448570306560_n.jpg

Эхний хоёр сарын байдлаар 28 хувийн бууралттай байгаа. Зочид буудлууд, жуулчны баазуудын үйл ажиллагаа, мөн гадагшаа иргэд зорчих, гадаадын иргэд хүлээж авахыг хориглосон шийдвэрүүд нь аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлж байгаа. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс манай салбарын аж ахуй нэгжүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг нягт мөрдөж ажиллаж байгаа нь харагдаж байна.

Коронавирус Монголд тархаагүй орон болж чадвал Монголын аялал жуулчлалыг огцом өсөлтөд оруулна гэсэн гэнэн дүгнэлт хийж, олон нийтэд яриад байгааг ойлгохгүй юм.

Тэгсэн хирнээ аялал жуулчлал бол вирус түгээгч, аюулын харанга гээд ЭМЯ-ны шуурхай мэдээгээр яваад байдаг. Арван нэгэн цагийн мэдээ гэдэг айдас. Ард түмэн айдас дунд байна.

Жуулчин ирэхээр вирус тээгчид гэдэг далд айдас нийгэмд суучихлаа. Францын иргэн Анх-Отгон Монголыг Коронагийн жагсаалтад оруулсан ч түүний бие сайжирч эдгэрээд эмнэлэгээс гарах гэж байгаа гэсэн. Энэ их сайн зүйл. Монголыг сурталчилж байгаа сайн итгэл. Гадныхан бидэнд итгэхэд том тус хүргэнэ. Форбс сэтгүүлийн сурвалжлагчийн нийтлэл биднийг Коронагаар дамжуулж дэлхийд эерэгээр харагдуулсан. Бид зөв тактикаар ажилласан. Гэхдээ одоо эдийн засгийн хямралаа давчихвал супер жишээ болно. Гэхдээ аялал жуулчлалын өсөлтөд давуу тал болохгүй гэдгийг бодоорой.

Бид чинь нэг яаманд харъяаглагддаг салбар. Тэр яам нь хос морьтой. Хорио цээрийн үед байгаль орчин л яриад байна. Энд тэнд амьтанд өвс, тэжээл тавилаа гээд мэдээгээр гарах. Аялал жуулчлал нь байдаггүй. Аялал жуулчлал нь айлын шоовдор хүүхэд адил. Энэ үед тэр яамнаасаа бодлого чиглэл авмаар байдаг. Энэ жил салбараа унагаачихвал, хүний нөөцөө алдчихвал ирэх жилүүдэд буцаад одоогийн түвшиндээ хүрч очиход хэцүү болно. Салбарын хүний нөөцөө алдчихвал хэнд ч сургалт хийж, чанараа сайжруулах юм? Бодоорой... Ер нь манай аялал жуулчлал олон хямралд өртөж унаж босч л явсан. Гэхдээ анх удаа хөл хорио гэдэг зүйлтэй тулгарч байна. Бүх л хүнд хэцүү, ухаанаа олохгүй л байгаа. Төлөвлөгөө шийдвэр гаргаж ажиллах нь зүгээр сууж байгаад хохирол амссанаас дээр.

Хувийн хэвшлүүд зүгээр суухгүй, бүгд л эрсдэлийг яаж даван туулах талаар бодож байна. Нэг гарц нь дотоодын аялал жуулчлал. Дэлгэр цаг ирж байна. Энэ олон хүнийг зунжин гэрт хорьж дийлэхгүй. Тэгэхээр энэ зах зээл дээр Монголын олон туршлагатай мэргэшсэн операторууд орж ирэх нь тодорхой. Бүгд нэг гараанаас хүч үзнэ. Монголчуудад зориулсан аяллыг шинэ түвшинд гаргаж ирнэ гэж харж байна. Гэхдээ МХАҮТ-аас гаргасан мэдээлэлд 260 мянган ажлын байрыг алдах эрсдэл өндөр байна гэсэн. Тэр хэмжээгээр хүмүүс ажилгүй болно. Тэгэхээр засаг одоо л эдийн засгаа хамгаалах арга хэмжээ авахгүй бол дотоодын аялал жуулчлал нь балкон дээрээ, хашаан дотроо, Туулын эргээр л үндэсний үйлдвэрээ дэмжээд лонхон дотор зуныг өнгөрөөх аюултай шүү. Хорио цээрийн үед хүмүүс голдуу зурагтаар аялж байна. Тэгэхээр энэ үед аль болох олон аяллын нэвтрүүлгүүдийг ард иргэддээ үзүүлж зуны аяллыг төлөвлөх бэлтгэлийг нь хангах хэрэгтэй. “Дэлгэцнээс биш дэргэдээс нь мэдэрье” энэ жилийн дотоод аяллын уриа байж болно.

Засгаас юу хүсээд байгаа вэ? – Тодорхой байдал.

• Монгол Улс энэ жил гадаадын жуулчдыг хүлээж авах эсэх – Хөл хорио ингээд үргэлжлүүлээд байх уу. Өвчлөл гарсан улс орнууд тусгай суваг гаргаад, хяналтаа сайжруулаад жуулчдыг оруулж гаргаад л байна. Бид яг ямар бодлогоор жуулчдыг оруулж гаргах вэ. Жуулчид асууж байна. Юу гэж хариу өгөх юм? Бид нар амарна гэх юм уу.

• Монгол Улсад жуулчид ямар журмаар, яаж аялуулах талаарх зөвлөмж – Зарим улс орнууд жуулчин нэвтрүүлэх тодорхой журам гаргажээ. Өмнөд Солонгос цахим апп суулгаад ир гэж байна. Тэрүүгээр нь хянах гэнэ. Одоогийн байдлаар жуулчин ирвэл өөрийнхөө зардлаар 14 хоног тусгаарлагдаад Монголыг үзсэн ч юм байхгүй буцаад явах нь байна, журам нь тийм байна. Эсвэл бидэнд тодорхой чиглэл дестинэшн гаргаад өгчих. Тэрүүгээр нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ оруулъя.

• Аялал жуулчлалын сангийн мөнгөн зарцуулалтыг энэ үед юунд зарцуулах талын төлөвлөлт байгаа бол тодорхой танилцуулмаар байна – Энэ жил ямартаа ч манай салбарт зургаа ч билүү найман билүү тэрбумын төсөв батлагдсан. Тэр мөнгөөр аялал жуулчлалын салбарын төсөл хөтөлбөрүүд, Монголыг сурталчлах үзэсгэлэн, худалдаанд зарцуулна гэж ойлгож байгаа. Хорио цээрээс шалтгаалаад олон улсын үзэсгэлэнггүүдийг цуцалсан сайдын шийдвэрүүд гарсан. Энэ мөнгөө салбарт яаж хөрөнгө оруулалт хийх талын төлөвлөгөө байвал харчихмаар л байна. Сонгуулийн жил болохоор зардлыг бүр тодорхой хармаар байна.

• Аялал жуулчлалын салбарын ажлын байрыг хадгалахад ямар дэмжлэг үзүүлэх тал дээр ажиллаад ядаж НДШ-ийг тодорхой хугацаанд хойшлуулж өгөхийг хүсье. Бид төлөхгүй гээд байгаа юм биш, цаг сайхан болохоор буцаагаад төлчихнө. Ямар ч гэсэн бодлого гаргаж байгаа гээд дуугүй байх хэрэггүй. Ингэж ажиллана, тэгж бүтээнэ гээд тодорхой зүйл яривал хамтраад ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Ямар ч гэсэн МАЖХ нэг юм хийх гээд санал асуулга авч л байна. Засагт хүргүүлсэн байх. Гэхдээ удаан байна. Жар орчим мянган хүний ажлын байрны асуудал. Энэ бүхэнд салбарын хамт олон идэвхитэй оролцоод санал бодлоо хэлээд төрд хүргүүлбэл тустай. Одоо гаргах шийдвэр энэ салбарын ирээдүйд маш чухал. Холбоогоо дэмжиж ажиллахыг уриалъя. Төрдөө дуу хоолойгоо хүргэе.

Бие бие рүүгээ дайрахгүй, эв нэгдэлтэй байж энэ үеийг туулах нь тодорхой. 2020 он хүнд ч 2021 он гэж бий.

Салбараараа хүнлэг байя, ажиллах хүчнээ цомхтгохгүй, бизнесийн өөр сувгуудыг эрэлхийлье. Хорин жил ажилласан хүнээ халах хэцүү шүү. Ганцаараа биш олуулаа хүчтэй. Бизнес түншүүдтэйгээ, үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоотой байж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажиллахыг уриалъя. Та бүхэндээ амжилт хүсье.

“Монголиа Экспедишнс” ХХК-ийн захирал С.Алдархишиг

Санал болгох

Таван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотоос нийт 22496 хүн азтан болсон байна.

17 өдрийн өмнө
Ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна

2020 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байна.

21 өдрийн өмнө
Д.Занданбат: Аудитаар 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

22 өдрийн өмнө
Нэг сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн

И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.

23 өдрийн өмнө