Тэд яагаад | Гарцан дээрх "гарцгүй амьдрал"

2020 оны 4 сарын 102020-04-10
ted-yaagaad.jpg

 

Салхи салхилж, их хотын дуу чимээтэй амьдралд улам хөг нэмнэ. Гэрлэн дохио солигдохыг хүлээж уулзвар дээр хэсэг зогслоо. Нэгэн үеийг бодвол хүмүүс амны хаалт зүүж хэвшжээ. Хэдий дэлхий нийтийг цочроосон цар тахал гарсан ч хуучин номын худалдаа, хүнсний мухлаг, гадаах жижиглэнгийн худалдаа, цайны газрууд хэвийн ажиллаж байлаа. МУБИС-ийн урд, бидний хэлж заншсанаар нүхэн гарц дотор ч бүх зүйл энх цагийнх шиг хэвээр. “Өмсөөд үзээрэй танд таарах хэмжээ байгаа шүү“ гэсэн уриалгахан үгс тэндээс сонсогдоно. Мөн морин хуурын эгшиг чих баясгах нь нэн таатай.  

Энэ өдөр би хүн зоны урсгалыг даган алхсаар МУБИС-ийн урд талын нүхэн гарцын дотор, жин хэмжин суух нэгэн эмэгтэйтэй танилцахаар очлоо. Энэ нүхэн гарцаар гарах бүртээ л түүнтэй тааралдаж байсан санагдана. Тиймдээ ч “тэр үргэлж л энд сууж байдаг юм бол” гэсэн бодол л намайг нааш нь хөтөлсөн хэрэг. 

Түүнийг Пүрэв гэдэг аж. Уг  нүхэн гарц дотор 3 дахь жилээ жин үзэж байгаа бөгөөд өглөөний  9 цагаас үдэш 6 цаг хүртэл суудаг байна. 2002 оны зуднаар хамаг малаа алдаж, хотод ирж суурьшсан бөгөөд одоо гэр хороололд хүүгийнхтэйгээ айл байдаг гэнэ.

СУР1.jpg

Тэрбээр “Эгч нь ганц хүүтэй л дээ. Тэр маань эмзэг бүлгийнх. Сэтгэц нь өөрчлөлттэй. Тэтгэврийн мөнгө маань гарт ч үгүй, хамарт ч үгүй дуусчихдаг болохоор ганц толгойн эм авч уухын тулд, хоосон хонохгүйн төлөө л энд сууж байна” хэмээн учирласан юм.

Биднийг ийн ярилцах зуур дөрөв, тавдугаар ангийн бололтой нэгэн охин түүний чихэнд үг шивнэлээ. Гэтэл “Ач охин маань хамт яваа юмаа. Сургууль нь амарчихсан болохоор гэртээ ганцаараа үлдэх болчихоод. Яаж ганцааранг нь орхих билээ. Ээж нь тэнээд олдохгүй. Харин аав нь энэ нүхэн гарцын урд талд хуур тоглоод сууж байгаа” гэлээ. Нүхэн гарцаар гарч явсан хоёр хүн үүрч яваа цүнх, гадуур хүрмээ тайлаад жингээ үзлээ.  Нэг нь таргалснаа, өнөөх нь турснаа  гайхсаар мар, мар инээсээр биднээс холдов.

Пүрэв эгч яриа бүхнийхээ үзүүрт нөхрийнхөө тухай дурсана. Тэнгэрт дэвшээд арван найман жил болж байгаа хүнийг дурсаж байна гэхээр тэд бие биедээ үнэхээр их хайртай байж. Тэрбээр “Тэр минь сайхан хүн байсаан.

Над руу нэг ч удаа гар далайж үзээгүй. Тийм сайн хүнийг бурхан богино наслуулаад аваад явчихдаг юм байна. Сайн ханиас салчихаар өөр хүнтэй суух сонирхол байдаггүй юм байна шүү дээ.

Ингээд гудманд сууж байхаар зарим хүмүүс гуйлга гуйж байна гэж ойлгодог л байх.  Би гэртээ зүгээр суухыг хүсээгүй учраас, хийж болох хамгийн боломжит  ажлыг л хийж байгаа юм. Гудманд хоосон хайрцаг тавьчихаад мөнгө гуйгаагүй шүү дээ. Тиймээс үүнийг амьдрахын төлөөх тэмцэл л гэж ойлгох хэрэгтэй юм. Өөрийгөө таргалчихсан байна гээд сэтгэлээр унаад явж байгаа хүн жингээ үзчихээд сэтгэлээ дүүргээд явна” хэмээн хэлэхэд нь түүнийг жин биш, өрөөлийн амьдралыг жинлэж хүмүүст жаргал түгээдэг юм байна гэсэн бодол эрхгүй төрөв.

 

БУРУУГ ХЭНЭЭС ХАЙХ ВЭ?

Та хэд өөр ажил хийе гэж бодож байсангүй юу? гэсэн асуултад минь “Би сургуулийн хаалга ч татаж үзээгүй. Ээж маань багад өнгөрсөн болохоор дүү нараа харж хандахын тулд сургуулиас гарсан. Хүү маань ч гэсэн сургуулийн хаалга татаагүй ээ. Өөр ажил хийе гэхээр 70 гарсан намайг ажилд авах газар байхгүй шүү дээ. Тэгэхээр дөрөвдүгээр сарын нэгнээс л арван сар хүртэл энд л сууна. Өмнө нь өдөрт 10 мянган төгрөгийн орлоготой байсан ч энэ жил өдөрт 5000 мянган төгрөг л олж байна. Өдөрт 5000 төгрөгийн орлоготой хүн  чинь хоол аваад идчихээр юугаараа амьдрах билээ" гэсэн юм. Энэ үеэр дахин нэг хүн жингээ үзэхээр ирлээ.Тэрбээр жингээ үзчихээд эгчид мянган төгрөг өгөв. Гэтэл “За миний охин хариултыг нь өгөөрэй” хэмээн ач охин руугаа мөнгө барьсан гараа сарвайлаа.

Удалгүй охин аав дээрээ очихоор явлаа. Охины аавыг С.Жаргалсайхан гэдэг аж. Нүхэн гарцын энэ хэсэгт гурван жил сууж байгаа гэнэ. Тэрбээр “ажил олдсон ч цалингаа өгөхгүй байгаа болохоор амьдралаа залгуулахын тулд л ингээд сууж байна” гэсэн юм. Энэ үеэр охин аавдаа ширхэгийн хоол авчирч өгөв.Хоёр ширхэг мантуун бууз, нэг хуушуур байгаа нь уутны цаанаас илхэн харагдана. 

СУР3.jpg

Охины хувьд эмч болохыг мөрөөддөг аж.  Хэдий зурагтаар хичээл орж байгаа ч ойлгохгүй зүйлээ хэнээс асуухаа мэддэггүй байна. Ойр хавьд хичээлээ хамт давтах найз нөхөд ч байхгүй болохоор бараг л хичээлээ хийхгүй байгаа гэнэ.

Сургуульд сурч бичиг үсэг тайлагдаагүй аав, ээж, эмээгийнхээ балагаар хүүхэд ойлгоогүй зүйлээ чухам хэнээс асуухаа мэдэхгүй байна. Энэ бол нийгмийн ердөө ганц дүр дээр тулгарч буй хүндрэлийн жишээ. Цахим хичээл давуу талтай байж болох ч энэ мэт амьдралтай хүүхдүүд ойлгоогүй зүйлээ хэнээс асуух вэ. Сургуульд сурч боловсрол эзэмшээгүй аав, ээж, эмээгийн буруу юу, Хүүхэд ойлгохоор зааж чадахгүй байгаа цахим хичээлийн буруу юу. Бурууг бид хэнээс хайх вэ?

Санал болгох

“Авсанд орох биеийг яаж ч эдэлсэн миний дур”

Time.mn сайтаас хөтлөн явуулдаг “Тэд яагаад” буландаа бид содон сонирхолтой этгээд хэв маягтай хүмүүсийг сонгон урьж оролцуулдаг. Энэ удаагийн зочин бол шивээс сонирхогч С.Тэмүүжин. 

2 сарын өмнө
RATABUZZ  | Амьдрал хэмээх хэмнэл

Түүний дууг, эх хэлээрээ сонсоноосоо хойш... Ямайка аялгуу, монгол үгс, чихэвчнээс залгаад хөврөх Улаанбаатарын хэмнэл... Энд ямар нэг нийцэл, энд ямар нэг зохицол байлаа... 

3 сарын өмнө
Тэд яагаад | Гарцан дээрх "гарцгүй амьдрал"

Ингээд гудманд сууж байхаар зарим хүмүүс гуйлга гуйж байна гэж ойлгодог л байх.  Би гэртээ зүгээр суухыг хүсээгүй учраас, хийж болох хамгийн боломжит  ажлыг л хийж байгаа юм. Гудманд хоосон хайрцаг тавьчихаад мөнгө гуйгаагүй шүү дээ. Тиймээс үүнийг амьдрахын төлөөх тэмцэл л гэж ойлгох хэрэгтэй юм. Өөрийгөө таргалчихсан байна гээд сэтгэлээр унаад явж байгаа хүн жингээ үзчихээд сэтгэлээ дүүргээд явна” хэмээн хэлэхэд нь түүнийг жин биш, өрөөлийн амьдралыг жинлэж хүмүүст жаргал түгээдэг юм байна гэсэн бодол эрхгүй төрөв.

6 сарын өмнө