ШИРЭЭНИЙ НОМ | Я.Баяраа

4
2020 оны 4 сарын 172020-04-17
ШИРЭЭНИЙ НОМ | Я.Баяраа

 

“Ширээний ном” булангийн анхны зочноор яруу найрагч Ядамсүрэнгийн БАЯРАА-г урилаа. 

 

___________________________________________

-Таны ширээний ном юу вэ? Ширээний номоо хоёр өгүүлбэрээр тодорхойлооч?

-Миний ширээний ном бол зохиолч Тангадын Мандирын “21 хөрөг” гэдэг ном. Товчхондоо монголын түүхээ мэдэж, мэдрэхийн үүдийг сөхөж, өрхийг татах ном доо. Т.Мандир гуайн баримтат уран сайхны бичлэг нь өөрөө уншигчийг татах увидастай. 

-Та ширээний номтойгоо анх хэдийд, хэрхэн учирсан бэ?
Долдугаар ангид түүхийн олимпиадад бэлдэж байхдаа анх уншсан. Увс аймгийн Хоёрдугаар 10 жилийн сургуулийн З.Алтанчимэг багш маань энэ номыг уншаарай гэж их л нандигнаж өгсөн нь санаанд тод байна. Харамсалтай нь тэр номыг уншсанаасаа хойш би түүх биш түүхэн баримтат уран зохиолд илүү хорхойсдог болчихсон. Тэрнээс хойш жилдээ хэд хэд бүтэн уншчихдаг, үе үе сөхөөд харчихдаг, юм бичих гээд болохгүй гацаад байвал сөхөж хардаг ном маань болчихсон. 

-Ширээний ном танд яагаад чухал бас яагаад онцгой санагддаг вэ?

-Энэ номонд “Монголын нууц товчоон”-д холбогдох 21 түүхэн хүний тухай эсээ бий. Зохиолч Т.Мандир энэ эсээнүүдээ түүхэн судар, хөрөг зургуудыг судалж өөрөө зурсан хөрөг зургуудаар чимэглэсэн нь их сонирхолтой. 1980-аад оны сүүлээр зохиолч Т.Мандир “Хөдөлмөр” сонинд ажиллаж байхдаа энэ эсээ, хөргүүдээ цувралаар нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг их татсан гэж тэр үеийн сэхээтнүүд ярьцгаадаг. 

Гэхдээ “21 хөрөг” номын хамгийн онцгой, сэтгэл татам чанар нь бичлэгтээ байгаа юм. Т.Мандирын “Сэнгүр горхины өглөө”, “Түгшүүрт аян”, “Саран зэв” зохиолуудыг уншсан бол түүний найруулга эртний өнгө аястай, монгол хэлний язгуур шинж чанарыг агуулж байгааг анзаарна. Нууц товчооны хэлээр одоо цагт бичээд байгаа ч юм шиг. Иймэрхүү өнгө аяс монголын уран зохиолд Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, Сорогдогийн Жаргалсайхан, Тангадын Мандир таваас өөр зохиолчид төгс төгөлдөр хэлбэрээр төдий л их ажиглагдаагүй санагддаг. Гэхдээ энэ бол судлаачийн байр суурь биш хувь уншигч миний л бодол шүү. Зохиолчид ихэнхдээ зохиолдоо эртний хэл найруулгын өнгө аясыг их хичээж оруулсан нь анзаарагддаг. Түүхэн роман ихээр бичигдэж байгаа энэ цаг үед жишээг нь захаас аван уншиж болно. Харин сая хэлсэн зохиолчид ямар ч үүртэл, түүртэлгүй бичдэг нь надад онцгой санагддаг. 

Зохиолч Б.Номинчимэд нэг удаа ярьж байсан юм. Орчин үед эртний түүхийн баатар, дүрүүдийг одоо цагийнхаа тулга тойрсон яриатай хольж хутгаад, энэ цагийн хомс сэтгэлгээгээр билбүүрдэж бичээд байна гэж... Энэ бол тун үнэн ажиглалт. Гэтэл Т.Мандир гуай уншигчаа шууд л 13 дугаар зуунд хөтлөөд авааччихна шүү дээ. Т.Мандир зохиолч нэг ярилцлагадаа, “Хэлэхээс зовоод байх юм, үнэхээр их бахархсан. Би яаж ийм мундаг бичээ вэ, яаж гээд л... Одоо бол ингэж онож хэлж чадахгүй. Сая дахин хэвлүүлэхэд нэг үсэг ч засаагүй гээд бод доо” гэж хэлсэн байсан. Үнэхээр ч онгодоор бичигдсэн ном л доо. ( Т.Мандирын уг ярилцлагыг эндээс унших боломжтой. )

-Ширээний номынхоо хамгийн дуртай хэсгээс эшлээч?

“21 хөрөг”-ийн Сүбээдэй баатрын хэсэг нь үнэхээр дуртай. Одоо бараг цээжилсэн. Ингэж төгсдөг юм...

жижиг.jpg

..Сүбээдэй цэрэг тэнгис рүү хошууран орсон тэгш өндөрлөг дээр гарч ирэх үес огторгуйг зэгэл үүлс бүрхээд их усны зүгээс салхилж эхэллээ. Цэргүүд аравт аравтаараа цувж нарийн жимээр хэжин буулаа.
Тэнгисийн хөвөөнд Сүбээдэй түрүүлж хүрэв. Нутгийн ихсээс хоёр нь мориноосоо бууж баатрын хүлгийн зуузайнаас атган тэнгисийн ус руу орлоо. Нар үүлсийн цаагуур нуугдахад тэнгэр, тэнгис хоёрын зах мандал ууссан мэт, давалгааны хяр дээрх цав цагаан хөөс л энэ бүдэг саарал орчныг сүлнэ.
“Төрөлх хөх бууцанд минь хүрэх газар үгүй” гэсэн Бужиг аравтны үгийг Сүбээдэй эргэн дурслаа. Мориных нь хөлийг үл таних далайн ус угаана. Элсэн хаялгаар цэрэг морьд дүүрсэн ч эх захгүй шуугиан болсонгүй, өвгөн байцсыг уйгагүй өдөн оролдох айлгүй долгисын чимээ л нам гүмийг эвдэнэ. Сүбээдэй дуулгаа авлаа. Далайн орог буурал мандал түүнд хаврын хавсарганд нүдүүлсэн нутгийнх нь нүцгэн бор толгодыг санагдуулжээ.

-Атираатай байна гэж Сүбээдэй санаандгүй чанга хэлжээ.
Царайд нь санаашралын сүүдэр буугаад холхийг ширтэн хөшсөн цуут жанжныг нүд салгахгүй харж байсан харийн хоёр хүн тэр үгийг бие биендээ шивнэн лавлав. Сүбээдэй дуулгаа өмсөөд:
-Аяа, Атираат тэнгис гэж давтан өгүүлэхэд цэргүүд ам дамжуулан авч дор бүрнээ цээжлэх адил “Атираат тэнгис, Атираат тэнгис” гэлцжээ.

-Энэ булан өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

Яруу найрагч Б.Эрдэнэсолонго ахыг оролцоосой гэж хүсэж байна. Алс хол Франц оронд амьдарч байгаа болохоор уншигчид нь түүнийг шинэ юм юу гаргахнав гэж анаж байдаг л даа. Би тэр уншигчдынх нь нэг байгаа юм. 

Санал болгох

"Нийслэл хүүхэн" ОАУСК бямба гарагаас эхлэн NTV-ээр үзэгчдийн хүртээл болно

Гол усандаа харамчаараа алдартай Батдоржийн багын найз Сэнгээ зуны дэлгэр цагийг тааруулан хөдөө нутгийн гэрт нь зочлон ирснээр киноны хөгжилтэй, адал явдалтай үйл явдлууд эхлэх болно.

12 өдрийн өмнө
“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” реалити шоу 2021.01.09-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

20 өдрийн өмнө
Дуучин Укаг алтан гадас одонгоор шагнажээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд энэ сайхан өдрөө алтан гадас одонгоор шагнагджээ. 

3 сарын өмнө