Хэв шинжит ярилцлага

2020 оны 4 сарын 162020-04-16

Социализмын үеийн утга зохиолд хэв шинж гээч нэг их чухал ойлголт байв. Жаахан өвөрмөц өөр дүр үзүүлж болохгүй. Баатар болгон л тухайн анги нийгмийн төлөөлөл, ерөнхий дүр зураг нь болж байх ёстой. Түүнээс болоод нэг хэсэг баахан адилхан зохиолууд гарсан билээ. Жишээлэхэд, арван жилийн сургуулийн нэгэн ангийнхан төгсөх болно. Тэд ярьж байгаад ангиараа илгээлтээр явцгаах болдог. Ангийн 40 хүүхдийн дунд ямар ч өөр сонирхол, өвөрмөц авьяастай хүүхэд байсан хамаагүй. Ангиараа явах болоход гол баатар маань ч бас баярлах боловч гэрт нь бага зэрэг маргаан гарна.

Ерөнхийдөө гайгүй сэхээтэн айл байх бөгөөд ухвар мөчид ээж нь ихэвчлэн дээд сургуульд явуулна хэмээн зүтгэхэд бараг маргаанд ордоггүй аав нь буурьтайхан дуугарч хүүгээ дэмжин хөдөө явуулчихна. Хөдөө мэдээж хайр дурлалтайгаа учрахаас гадна нутгийн нэгэн хулигаан, эсвэл шоронгоос гарч ирсэн, танхайдуу боловч цаанаа бол сайхан сэтгэлтэй залууг хүмүүжүүлдэг.

Хонь ямаа хариулахын завсар бэлчээр дээрээ алгебрийн ном уншсаар байгаад дээд сургууль эчнээгээр төгсчихнө. Кино дуусахад мань эр Дэлхийн оюутан залуусын наадамд явахаар шалгарна. Аа тийм нэг юм мартаж. Ангиараа хөдөө явахад арын хаалгатай баян айлын нэг муу санаат нөхөр үлдээд гадаадад сургуульд явах боловч сүүлд нь хөөгдөөд ирсэн байх ёстой. Уншсан ном, үзсэн кино шиг санагдаад нэр нь бууж ирэхгүй байна уу? Нэр хайгаад хэрэггүй ээ, энэ бол "хэв шинж".

Зөвхөн социализмын үе ч гэлтгүй, Холливүүдийн гэмт хэрэг хөөсөн, мөнгөний кинонууд ч бас "хэв шинж"-тэй. Гол баатрууд өөлөх юмгүй сайхан залуу хүүхэн хоёр байна. Хэргийг мөрдөх цагдаа нарыг хамтран ажиллуулахдаа заавал хоорондоо огт тохирохгүй хоёрыг сонгоно. Мөрдөх явцад тайчих үзүүлбэртэй газраар орж хүнээс юм асуух нь дамжиггүй. Зугтаж байгаа этгээд санаа зовох хэрэггүй, гудамжинд заавал ямар нэг баяр, жагсаал таарна. Гадуур хувцсаа тайлаад л дунд нь ороод явчихна. Тооцоолуур дээр курсор огт гарахгүй, харин аль ч тохиолдолд нууц үгээ хий гэж шаардах бөгөөд санамсаргүй хэдэн үг хийж байгаад л тэрийг нь олчихно. Зурагтаа асаавал болж байгаа хэрэгтэй холбоотой мэдээ явж байх нь тодорхой. Туслах дүрийн үнэнч цагдаа тэтгэвэртээ гараад ингэнэ тэгнэ гэж яриад эхэлбэл тун удахгүй буудуулах нь гарцаагүй. Хүүхнүүд шүршүүрт орох ч бас тусгүй. Тэндээ л "чадхийлгэчих" гээд байдаг. Хүүхдүүд харин аюулыг мэдээд айгаад байхад хөөрхийг заавал ганцааранг нь нэг өрөөнд унтуулна. За тэгээд дайснууд ирэхэд агааржуулах хоолой нуугдах сайхан газар болох бөгөөд түүгээр мөлхөж яваад эсрэг этгээдүүд хамаг нууцаа ярьж байгааг санамсаргүй харж сонсож болно. Эцэст нь эсрэг талын гол дүрээ заавал нэг хуучин үйлдвэр, машины хаягдалтай газар шахан оруулж хоёулхнаа үзэлцэн буулгаж авах бөгөөд арайхийн дийлснийх нь дараа аваарын дохио хангинан баахан цагдаагийн машин давхин орж ирнэ. Кино дуусахаас өмнө "шаврын хаалт" болоод байсан нэг муу дарга юм уу сурвалжлагчийг ялангуяа эмэгтэй баатар шанаадаад унагахад гэмгүй.

Энэ тухай үл өгүүлээд өгүүлсү. Саяхан (2006 он) Төрийн департаментийн сургуулиас өнгөрсөн гурван жилийн бараг бүх Монгол сонин хэвлэлийг авчруулан гарчиглав. Гол мэдээгээ интэрнэтээс уншаад байдаг болохоор хуучин сониноос хамгийн амтархан уншмаар зүйлс нь нэтэд залагдаагүй томоохон ярилцлагууд байлаа. Сонины дугаар болгон ярилцлагатай юм. Лав зуугаадыг уншсан байх. Сүүлдээ ярилцлага болгоны асуулт давтагдаад, тэр ч бүү хэл өөр өөр хүний хариулт хүртэл давтагдаад, уншсан бүх ярилцлагууд холилдоод, ялгахын аргагүй юм болж эхлэв. Манай өнөөгийн сэтгүүл зүйд бас "хэв шинжит" ярилцлага буй болчихжээ.

Зочноо танилцуулахдаа, жишээ нь тэр хүн зөвхөн хатиг эмчлээд гаршсан эмч бол "Энэ хүнийг Монголчууд Доржийн Бат гэхээсээ илүү Хатигны Бат гэж мэднэ" гэж таницуулна. Чингэхдээ ингэсэн тэгсэн "энэ эрхэм" гэсэн тодотголыг байнга хэрэглэнэ. Ярилцлага ихэнхдээ төрсөн өссөн газар нутгаас нь эхэлнэ. Уултай устай хангай нутгийн эсвэл нар тоссон говь газрын хүүхдүүд ихэвчлэн алдартнууд болдог юм байна. Хотоос тодорсон цөөхөн одод 40, 50 мянгатынх байх агаад орцондоо ямар мундаг хүн амьдарч байсныг заавал дурдана.

Соц үед бага насандаа бүгдээрээ сэргэлэн цовоо байсан бол одоо харин бүгд багадаа атамаан байснаа ярьдаг болж. 

"Хичээлдээ их муу байсөөн, харин хаа очиж тоондоо толгой цохидог байлаа." Тооноос бусад хичээл хэрэггүй гэсэн үг үү? Эсвэл тоонд сайн байсан бол толгойтой болж харагддаг хэрэг үү?

"Таны эмзэглэдэг зүйл юу вэ?" гэж заавал асуух хэрэгтэй, хариулт нь тодорхой - Траншейний хүүхдүүд (энэ 2006 оны нийтлэл, одоо харин ийм асуултад юу гэж хариулдаг болсон бэ? М.С.)

Гэр бүлийнх нь тухай мэдээж асууна. Гэхдээ бас нэг хурган зальтай асууна аа:

"Хатигны Бат гэхээр Монголчууд андахгүй. Харин Бат гуайн гэргий гэхээр бид сайн мэдэхгүй юм?".

Хүрд эргүүлэх ганц боломж олдож байгаа учраас Бат гуай харин ч бэлэн:

"Миний өдий зэрэгтэй яваа минь эхнэрийн маань ач" гэж өчүүхэн ч эргэлзэлгүй хариулна. Тэгээд бас араас нь "Уг нь Монголчууд дунд тэнэг эхнэрээ магтана гэдэг юм, гэхдээ л…" гээд үргэлжлүүлж өгнө.

Дараа нь бүр адгийн тэнэг болоод өөрийгөө магтаж гарна. Ингэхдээ өмнө нь хэлдэг үг нь бас нэг "хэв шинжтэй." "Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Гэхдээ үнэнийг хэлэхэд…"

"Таны бахархаж явдаг зүйл юу вэ?"

"Эх орныхоо унаган сайхан байгаль, эрдэмт ардынхаа өв их уламжлалаар бахархаж явдаг даа." (Эргээд Монгол бичигтээ орвол яах бол? Гэж асуувал “Ёстой болохгүй, баларна шүү” л гэх байх.)

"Та ямар хоолонд дуртай вэ?"

"Мах, гурилнаас өөр юмгүй сайхан лавшаа сайхан даа. Эхнэрийн маань гарын хоол." Энэ хариултыг ялангуяа УИХ-ын гишүүд өгөх бөгөөд энэ нь цаанаа "энэ эрхэм" чинь үнэн хэрэгтээ та бидний л адил гүндүүгүй сайхан монгол хүн шүү гэсэн сэтгэгдэл төрүүлэх ёстой.

"Таны дутагдал?"

"Би ч хүний муу талыг шууд нүүрэн дээр нь хэлчих гээд байдаг л нэг гэмтэй хүн дээ. Үүнээсээ болж олон ч дайсантай болсон доо." Ганц дутагдал нь энэ юм бол үгүй мөн "төгс" хүн ээ.

Хамгийн сүүлд хангалттай асуулт бэлдээгүйдээ бантдаг уу, эсвэл нөгөөх нь нэг юм хэлмээр байна гэдэг үү, "Сүүлчийн асуултыг танд өөрт чинь үлдээе" гэж төгсгөнө.

Ер нь дээр дурдсан асуултуудыг хариулттай нь хуулж биччихээд хэн нэг од, даргын нэр тавиад явуулаад байвал сонинууд хэвлээд байх байх шүү.

2006 он.

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

6 цагийн өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

2 өдрийн өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

21 өдрийн өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

1 сарын өмнө