М.Сарантуяа: Теле хичээлийн явцад Монголд дохионы хэлэнд шинэчлэлт хийх шаардлагатай болсныг ойлголоо

2020 оны 9 сарын 42020-09-04
М.Сарантуяа: Теле хичээлийн явцад Монголд дохионы хэлэнд шинэчлэлт хийх шаардлагатай болсныг ойлголоо

 

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн дохионы хэлний багш Магсарын Сарантуяатай товч ярилцлаа. М.Сарантуяа багш бол теле хичээлийн дохионы хэлний орчуулгыг хийж буй, туршлагатай мэргэжилтэн юм.

______________________________________ 

 

-Анх дохионы хэлийг хэрхэн сурав?

-Би анх МУБИС-д дохионы хэлийг эзэмшсэн. Монголын дүлий иргэдийн нийгэмлэгийн орчуулагч Эрдэнэбилэг надад багшилсан юм.  Үүний дараа 1987 оноос 29 дүгээр сургууль багшилж эхэлсэн.  Хамт ажиллаж байсан сонсголын бэрхшээлтэй багш их тусалсан. Тэгээд мэдээж хэрэг хүүхдүүдтэй харьцах шаардлагатай болсон. Үнэндээ бол одоо ч дохионы хэлээ сурсаар л явна. 

-Манай улсад одоогоор дохионы хэл эзэмшээд мэргэшээд явж байгаа хэчнээн хүн байдаг юм бол?

-Сүүлийн үед нэмэгдэж байгаа. Нэг үе маш цөөхөн байсан. Сүүлийн үед ТББ-уудын шугамаар дохидог хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Түүнээс гадна манай сургуулийн багш нар ч гэсэн сайжирч байгаа учраас теле хичээлүүд дээр хуваагдаж дохиж байна. Одоо манай сургуулиас 10 гаруй багш нар дохиж байгаа. Мөн манайх сонсголгүй туслах багш нартай. Тэд маань баг хамт олон болоод багш нартаа тусалдаг. 

-Цахим хичээлийг дохих, жирийн яриаг дохих хоёр ялгаатай байх л даа...

-Тухайн хүнтэйгээ нүүр тулж уулзаад харилцаа үүсгээд хичээл заах, телевизийн дэлгэцээр дохих хоёр өөр л дөө. Гэхдээ бүгд  л аль болох тухайн хичээлийн багшийн хичээлээр олгох гэж байгаа зорилго, зорилтуудыг хүүхдүүдэд бүрэн дүүрэн хүргэчих юмсан, ойлгуулчих юмсан гэсэн чармайлттай ажилладаг. Хүүхдүүдтэй харилцахад бол мэдээж асуулт, хариулт өрнүүлнэ. ЕБС-ийн хичээлийн бүтэц ямар байдаг билээ тэрэнтэй л адилхан хичээл нь явагдана. Манай хүүхдүүдийн онцлог нь гэвэл сонсгол нь тэг хүүхдүүд нэлээд байдаг. Сул сонсголтой хүүхдүүд ч бас байгаа. Тэг сонсголтой хүүхдүүддээ бол дохионы хэлээр, сул сонсголтой хүүхдүүддээ бол сонсголд нь тохируулаад өндөр тоноор,  аппараттай бол тодорхой зайнаас ярьдаг. 

-Сонссон үгсээ үйлдэл болгож гаргахад таны дотор юу болдог нь сонирхолтой юм?

-Мэдээлэл тархинд хүрч ирсэний дараа үүнийг ямар байдлаар хүнд илэрхийлвэл ойлгох бол, яаж хүнд ойлгуулах вэ гэсэн бодол л түргэн зуур эргэлддэг. Жишээлбэл,  харь хэлнээс нутагшсан үгнүүд, шинжлэх ухааны нэр томьёонуудыг хүнд ойлгуулахаар хүргэх чухал. Тэр тусмаа Шинжлэх ухааны хичээлүүд багш нарын дохионы чадварыг маш их сорьж байна. Бид нар өчигдөр бүрэлдэхүүнээрээ уулзахад, “Монголд дохионы хэл сайн хөгжөөгүй байна. Бид нарт хийх юм их, сайжруулах юм их байна. Одоо бид нар бие биендээ анализ хийж байна. Баг хамт олноороо өргөн хүрээнд ажиллах ёстой байна” гэсэн дүгнэлтүүд гарч байсан 

-Манай улсад дохионы хэлний толь гэж байдаг юм уу?

-Дохионы хэлний тольнууд бий. Анхны толь 1995 онд гарсан. У.Баднаа багш удирдаж гаргаж байлаа. Тэрнээс хойш энэ чиглэлийн ТББ-уудын анхны суурь тавигдаж, тэнд сонсголгүй залуус, энгийн хүмүүстэй нийлж байгаад зурагт ном хийж байсан. Тэр нь явсаар байгаад 2007 онд БСШУСЯ, ЭМЯ дээр дохионы хэлний 3000 үгийн толь болж гарсан. Миний хувьд энэ 3000 үгийн толийг гаргахад гар бие оролцсон. Үүний дараа ТББ-ууд 200, 1000 үгтэй толь хийсэн. Нэг үеэ бодвол бас дохионы хэлний номнуудтай болсон шүү. Гэхдээ энэ бүхэн шаардлага бүрэн хангаж чадахгүй. Энэ теле хичээлийн явцад Монголд дохионы хэлэнд шинэчлэлт хийх шаардлагатай болсныг ойлголоо. 

-Таны хувьд хэчнээн үгийн сантай вэ?

-Өдөр болгон л сурч байна. Өнөөдөр гэхэд би “цахилгаан багтаамж” гэдэг үг сурлаа.

-Дохионы хэл чинь өөрөө боловсрол шүү дээ. Таны анзаарснаар ямар хүүхдүүд дохионы хэлийг сайн сурч байна вэ?

-Сургуульд орсон бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд өөр. Төгсчихсөн байгаа төгсөгч нэг өөр шүү дээ.  Хүүхдүүдийн нэг хэсэг нь гэрээсээ сургуульд явна. Зарим нь дотуур байранд сууна. Дотуур байранд байгаа хүүхдүүд дохионы хэл сайн сурна. Өөртэй нь адилхан бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт байгаа болохоор маш сайн эзэмшдэг. Тиймээс дохионы хэлээр нь дамжуулж боловсрол олгох юм бол илүү үр дүнтэй байдаг. Хос хэл гэж яриад байгаа. Хос хэл гэдэг нь дохионы хэлнээс гадна бичгийн хэл эзэмшихийг хэлээд байгаа юм. 

Манай багш нар 1-12 ангийн бүх хичээлийг зааж байна. Тэрнээс гадна насан туршын боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтын материалууд, тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээл гээд маш олон удаа телевизээр дохионы хэлээр хичээл зааж байна.

-Одоо танай хойч үе нэлээн боловсрогдож, бэлтгэгдэж байна гэсэн үг үү ?

-Ер нь бол залуу багш нар дохионы хэл сурч байгаад би их баяртай байгаа. Нэг үе би чинь нэг биеийг мянга хуваах дөхдөг л байлаа. 

-Та одоо тэгэхээр хэдэн жил ажиллаж байна гэсэн үг вэ?

-Би боловсролын системдээ бол 32 жил ажиллаж байна. 

-Цалин, урамшуулал хэр байдаг вэ? 

-Ажлын өвөрмөц онцлогоос хамаараад тусгай сургуулийн багш нар маань жирийн сургуулийн багш нараас 30 хувийн нэмэгдэл илүү авдаг юм. Энэ ажилд орсон л бол манай багш нар бүр насаараа ажилладаг. Энэ мэргэжлээрээ сурсан учир энэ сургуулиас өөр газар ажил олдох боломжгүй гэдэг утгаараа тэтгэвэрт гартлаа ажилладаг. Дохионы хэлний багш нарыг 1980 оны сүүл үе, 1990 он хүртэл Унгарт бэлтгэж байгаад тасалдсан юм. Тэгээд нэг хэсэг бэлтгэгдсэн байсан хүмүүс маань тэтгэвэрт гараад ажиллах хүнгүй болсон. Боловсролын яам сүүлийн жилүүдэд энэ тал дээр анхаарч байгаа. Гадагшаа Орос, Хятадад ганц нэг хүн, Японд, Солонгост ч бас суралцаж байна. МУБИС ч бас ангитай болсон. 

-Таны сургуульд сонсголгүй хүүхүүдийн хамран сургалт хэр вэ?

-Манай сургуульд нэг үе 600 гаруй хүүхдүүд орж ирж байсан. Одоо бол жилээс жилд цөөрөөд байна. Өмнө жил 307 хүүхэд сурч байсан. Энэ жил 298 болчихлоо. Энэ маань юуг илэрхийлээд байна вэ гэхээр хөдөө орон нутагт цөөн тооны ангиуд бий болоод байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ тэнд суралцуулж байна. Зарим нэг нь завсардаж байна. Өөр нэг онцлогийг нь ажиглаад байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд биш жирийн сургуульд суралцуулъя гэсэн хандлагатай байна. Энэ нь тэгш хамран сургах гэсэн боловсролын бодлоготой холбоотой. Хэрэв анги танхимд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байх юм бол тухайн багшид 30 хувийн хөнгөлөлт өгөхөөр болж байгаа. Эцэг эхчүүд бол жирийн сургуульд хүүхдүүдээ өгвөл хөгжих орчин сайжрах байх гэсэн хандлагаар өгч байгаа.

-Тэр хандлага нь хэр үр дүнтэй байх бол, та ажигласан уу?

-Шилжсэн ганц хоёр шавь нарынхаа эцэг эхтэй холбоо бариад утасдаад асуухад, “Эхлээд очиход хоцрогдолтой байсан. Хүүхэддээ нэмэлт хичээл авч байна. Нэг үеэ бодвол эрс дээр болж байна. Хэлмэрч орчуулагчдын холбооноос дохионы хэлний орчуулгын сургалт явуулж байна. Зав чөлөө гаргаад өөрөө хүүхэддээ тайлбарлаж өгөөд байгаа” гэж голчлон хариулах юм. Ерөнхийдөө бол энгийн ЕБС-д сурах нь зарим тохолдолд илүү байна гэж байна шүү. Тэгэхээр тусгай хэрэгцээт боловсрол гэхээсээ илүү тэгш хамран сургах гээд дэлхий нийтийн сүүлийн үеийн хандлага нь бол тодорхой үр дүнтэй байна гэдгийг хэлээд байгаа юм. Гэхдээ энгийн сургууль руу авааччихаад буцаагаад авчирч ирж байгаа ч эцэг эхчүүд байна. Хүүхэд маань жаахан дургүйцээд байх юм. Өөрийг нь ойлгодог орчинд авч ирвэл зүгээр юм уу гэсэн эцэг эхчүүд байна. Ер нь хүний сурах орчныг эцэг эхчүүд, хүүхэд өөрөө л шийдэх нь зүй ёсны хэрэг. 
 

Санал болгох

МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувиар хямдрууллаа

Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ

20 цагийн өмнө
М.Бадарч: Би гүжирдүүлсэн

Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь батлагдсан талаарх мэдээлэл өнөөдөр ч анхаарлын төвд байна. Тэгвэл Улсын арслан М.Бадарчаас гарч буй мэдээллийн талаар дараах тодруулгыг авлаа

1 өдрийн өмнө
ТӨСӨВГҮЙ гэх үгийн золио нь 13 настай охины амь

Зам тээврийн ослын улмаас 12 настай охин нас барж, 13 настай эмэгтэй Х нь  биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Дээрх хэрэг

1 өдрийн өмнө
ЭМЯ: Хөх хотод сурсан 30 сувилагч гэрчилгээгээ гардлаа

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

1 өдрийн өмнө