Х.Бат-Ялалт: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хувийн мөрдлөгийн хэлбэрийг агуулсан үйлдэл

2018 оны 9 сарын 202018-09-20
Х.Бат-Ялалт: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хувийн мөрдлөгийн хэлбэрийг агуулсан үйлдэл

 

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа. Тэрээр Улаанбаатарт төрж, хүүхэд насаа Зайсангийн эцсийн буудалд өнгөрөөсөн. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийг 1993 онд дүүргэж, Цагдаагийн дээд сургуульд шалгалт өгч тэнцээд 1997 онд төгссөн. Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр Батцэнгэл сумаас эхлэн ажиллаж, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгчөөр 2000 он хүртэл ажилласан. Ингээд АНУ-д эрүүгийн эрх зүйн удирдлагын мэргэжлээр төрийн зардлаар явсан. Ирээд гэрээний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2004 онд ажиллая гэсэн боловч ажилд аваагүй. Иймээс хадмынхаа Дэлгэрхаан дээд сургуулийн дэд захирлаар ажиллаж, цаашлаад спортын бараа оруулж ирдэг компани байгуулж, Пүүл биллъярдын холбоо байгуулалцаж ажилласан.

Ингэж явсаар Төрийн өмчийн хороонд ажиллаж байхад нь Ж.Батзандан, О.Магнай нар санал тавьж Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг байгуулалцсан. Үзэл бодол нийлэлгүй салаад Иргэдийн шударга шүүх ТББ-аа байгуулаад 10-аад жил болж байгаа юм байна. Өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй иргэний зовлонг сонсч, тусалж ажилласан гэдгээ тэр хэлсэн. Дунд нь ИЗНН-ын дэд даргаар ажиллаж, УИХ-д гурван удаа нэр дэвшээд ялагдсан намтар түүнд бий. Бид нийгэмд тэр бүр яригдаад байдаггүй хувийн мөрдөх товчоо, тэдгээрийн эрх зүйн орчны талаар яриа дэлгэснээ уншигч танд хүргэе.


-Хувийн мөрдөх товчоог хуулиар зөвшөөрөх хэрэгтэй гэж таны ярьсныг сонссон. Олон хүнд энэ яриа сэрэмжлэх сэдэл төрүүлж магадгүй юм?

-Манайх шиг социалист дэглэмээс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, ардчиллыг дөнгөж ойлгож байгаа улсад хувийн мөрдлөг гэдэг зүйлийг цочирдож хүлээж авах нь аргагүй. Хувиараа хүнийг мөрдөх, мэдээлэл олж авах нь хуулиар хориотой ч амьдрал дээр байдаг л зүйл. Жишээ нь, эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг бас л хувийн мөрдлөгийн хэлбэрийг агуулсан үйлдэл байдаг. Үндсэн хуульд заасанчлан төрийн нууцад хамаарахгүй мэдээ, мэдээллийг эрж хайж, цуглуулах эрх иргэнд бий. Хувийн мөрдлөгийн зорилго бол мэдээлэл олох. Гүйцэтгэх ажил явуулж байгаа байгууллагууд эрх мэдэлтнүүдийн гарт шилжиж, нийгэмд тархсан ноцтой мэдээллийн мөрөөр ажил хийхгүй, түүнд нь хэн нэгэн хариуцлага хүлээдэггүй явдал байж л байна. Хэн нэгэн гэмт хэргийн шинжтэй мэдээллийг нь ил болгохоор хууль бусаар тагнаж чагнасан хэрэг өөрт нь тохдог. Эсвэл гүйцэтгэх ажлын эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан гэх мэтээр ял тулгах нөхцөл байдал үүсдэг. Үүнийг чөлөөлж нээх цаг нь болсон юм болов уу гэж хуульч хүнийхээ хувьд хардаг юм.

-Хувийн мөрдлөгийг хуулиар зөвшөөрчихвөл төрөөс эрх авсан компани иргэд, аж ахуйн нэгжээс захиалга аваад мэдээлэл цуглуулаад, мөрдөж мөшгөөд байх юм уу?

-Тусгай зөвшөөрлөөр асуудлыг шийдэх боломжтой. Нефть импортлох, архи үйлдвэрлэх компанид ямар шаардлага тавьдаг билээ. Түүн шиг төрөөс хувийн мөрдлөх товчоонд тавих шаардлагаа тодорхой болгож, үйл ажиллагаа явуулах хүрээ заагийг нь гаргаж өгөх үүрэгтэй. Ямар тохиолдолд хувийн мөрдлөгийг хийх, хийхгүй вэ гэдэг хамгийн чухал. Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасанчлан хүнд, ноцтой хэрэгт гүйцэтгэх ажил явуулж болно. Тэрнээс хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт гүйцэтгэх ажил явуулахгүйтэй адилхан хувийн мөрдлөгийг ямар тохиолдолд хориглох вэ, хувийн мөрдлөгөөр илэрсэн нотлох баримтыг яаж байцаан шийтгэх ажиллагааны явцад үнэлж ил болгох вэ гэдгийг цогцоор нь шийдэх ёстой. Хувь хүн нэгнийгээ захиалга өгч мөрдүүлдэг явдал бий. Үүнийг зөвшөөрөх үү, үгүй юу. Эхнэр нь нөхрөө захиалга өгч нууцаар дагуулдаг, эсвэл өөрөө дагаад явдаг асуудал Монголд байж л байдаг шүү дээ. Компаниуд дотроо үүссэн асуудалд эзнийг нь олохоор дотоод хяналт шалгалтаа ажиллуулдаг явдал байна. Намуудын дэргэд, төрийн байгууллагууд дотор дотоод хяналт шалгалт хийж, мэдээлэл цуглуулах, буруутныг илрүүлэх ил далд ажил явдаг. Энэ бүгд хуулийн хүрээнд л өрнөх ёстой. Харин манайд тэр хууль нь, хүрээ зааг нь байхгүй. Улс, нийгмийг хохироосон зүй бус үйлдлийг шалгаж тогтооход мэргэжлийн буюу төрийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хувийн мөрдлөх товчоог ашиглах нь үр дүнтэй. Цаашлаад хувийн мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч хоёрын хооронд ур чадварын шударга өрсөлдөөн, мэдээлэгчдийн дунд найдвартай сүлжээ үүсэх давуу тал бий. Ийм учраас үүнийг хуульчлаасай гэдэг бодол байгаа юм.

-Харуул хамгаалалтын компаниуд ийм захиалга авч бусдыг мөрдөн мөшгөсөн тохиолдол байна. Дөрвөн сарын өмнө ЭЦГ-ынхан хүнийг хууль бусаар мөрдөж мөшгөсөн гэх гурван хүнийг илрүүллээ. Гурван жилийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг хамгаалалтын нөхөд мөрдсөн ч гэх шиг, өөрийгөө мөрдүүлсэн ч гэх шиг мэдээллүүд яваад шалгагдсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт Монголд байгаа асуудлыг хуулиар зохицуулах хэрэгтэй гэж таныг хэлж байна гэж ойлголоо, зөв үү?

-Тийм. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч мөрдөж мөшгих, эрүүдэн шүүхийг хориглоно гэж Үндсэн хуульд заасан. Тэгсэн мөртлөө мөрдөж мөшгөх гэж юуг хэлээд байгааг нарийвчлан заасан тайлбар нь байхгүй. Монголчууд алхам тутамдаа нэгнээ хардаж, мэдээлэл цуглуулж байна. Мөрдлөг аман, биечлэн, тусгай техник хэрэгслээр гээд хэлбэртэй. Хувийн мөрдлөгийн хууль батлагдлаа гэхэд хувийн мөрдөх товчоодод тусгай техник хэрэгслийг өгөх үү, үгүй юу. Тагнуулын техник хэрэгслүүд маш өндөр хөгжсөн. Эрүүл мэндийн байгууллагууд ийм эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг Монголд хэрэглэж болно, болохгүй гээд стандартууд тогтоосон. Тэгсэн мөртлөө Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын ямар эд хэрэгслийг ашиглаж болох, болохгүйг хуульчилж, журамласан баримт бичиг нь байхгүй. Олон улсад хүнийг заавал биечлэн дагаж, чагнаад байх шаардлагагүй болсон. Алсын зайнаас, интернэт орчинд мөрдөж болж байна. Энэ нөхцөлд хүн үнэнч шударга амьдрахаас аргагүй болсон. Ер нь хүний бодит амьдрал, гадна үйлдэл хоёр нь зөрүүтэй байх хэрэггүй л байхгүй юу. Төрийн албан хаагч ажлын байрандаа биеэ хэрхэн авч яваа, ажлаа тараад баар саванд хэрхэн авирлаж байгааг хянахыг мөрдөж мөшгөх гэх үү гэдгээс авахуулаад ойлголтын зөрүүг арилгах л ёстой.

Х.Бат-Ялалт Time.jpg

-Олон байгууллагад төртэй гэрээтэй халхавч, туслах ажилтнууд бий. Хажуугаар нь Доржзодовууд, матаачид өчнөөн байдаг учраас “Хана хүртэл чихтэй” гэж ярьдаг байх. Тэд гаарах юм биш биз. Хэрэв ийм хууль батлагдвал гарч болох сөрөг тал юу байх вэ?

-Өмнө нь ийм санаачилга хэд хэд гарч байсан юм билээ. Үүнийг нээлттэй, маш анхааралтай ярилцах хэрэгтэй. Энэ хуулиар хувийн мөрдлөгийг зөвшөөрөх мөртлөө хүний эрхийг зөрчиж болзошгүй бусад мөрдлөг, түүнтэй адилтгах үйлдлийг хориглох хэрэгтэй байхгүй юу. Цөөхөн байгууллагад энэ эрхийг маш өндөр хяналт, шалгуур дор өгөх хэрэгтэй. Нууц далд аргаар үйлдэгддэг хар тамхи, мансууруулах бодисын худалдааг илрүүлэх, авлига, албан тушаалын хэргийг илчлэхэд хувийн мөрдлөгийг ашиглавал төр өөрөөс гарах зардлаа хэмнэх боломжтой. Гэх мэтээр нийгэмд сайн зүйлд ашиглах ёстой л доо. Тэрнээс буруу зүйл рүүгээ яваад, нийгмийг талцуулж хуваадаг, гадаад улсын захиалгаар мэдээлэл зөөдөг сөрөг зүйл давамгайлж болохгүй. Тиймээс үүнд болгоомжтой хандах ёстой л доо. Нөгөө талаар фейсбүүк хуудсуудаас, цахим сайт, сониноос харж байгаа мэдээллүүд яагаад шалгагдахгүй байна вэ. Яагаад тэдний илчилсэн ноцтой мэдээллүүд ажил хэрэг болохгүй байна вэ. Сонгууль болохоор нэр дэвшигч болгон гэмт хэрэгтэн болчихдог. Сонгуулийн дараа тэдгээр мэдээллийн мөрөөр ажил хийгддэггүй. Хууль гаргаж зохицуулж өгснөөр тагнуулын байгууллагаас хууль ёсны мөрдлөг байв уу, үгүй юу гэдгийг тогтоодог хуультай болъё гэсэн санаа.

-Хувийн мөрдлөгийн хуультай болъё гэж өнгөрсөн хавар нэг сонин дээр бэлтгэл офицер нийтлэл бичсэн байсан. Уншаад үзэхээр манай хамгаалалтын албадын лобби ч юм шиг.

-Хамгаалалтын албад объектууд хамгаалж байгаа гэдэг нэрийн дор их хэмжээний тоног төхөөрөмж, хүн хүч цуглуулж байна. Хамгаалалтын алба нэрийн дор тагнуул, цагдаа, шорон оронгоос суллагдсан хүмүүс, бөхчүүдийг цуглуулж байдаг. Хажуугаар нь тэд мэдээлэл, хүн хайж олохын тулд тагнуулын өндөр хүчин чадалтай техникүүдийг ашиглаж байна. Нэгэнт ил тод байгаа асуудал учраас үүнийг зохицуулах хууль зайлшгүй хэрэгтэй.

-Хувийн мөрдөх товчоонд ажиллах боловсон хүчин Монголд хангалттай байгаа гэж та бодож байна уу?

-Хангалттай гэж бодож байна. ОХУ-д төгссөн чекистүүд, Монголын үндэсний сургуулиуд төгссөн боловсон хүчин, ажлаа солих хүсэлтэй гүйцэтгэх ажилтнууд олон байна. Төр тэднийг ажиллуулж чадахгүй байна. Тагнуул, эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүмүүсийн олж ирсэн мэдээлэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шалгагдахгүй, эсвэл дарагдаж байна. Ийм учраас ажлын урамгүй, үр дүнгүй. Ёстой л төрийн тусгай албанд тангараг өргөсөн учраас мэдээллээ ил гаргаж чадахгүй яваад байна. Аргаа бараад зарим нь хэвлэлийнхэнд чимээ өгч байж араас нь мөрдлөгөө эхлүүлж байна. Магадгүй Хувийн мөрдлөгийн хууль батлагдвал ажлаа үнэлүүлж чадахгүй байгаа гүйцэтгэх ажилтнууд, төлөөлөгч нар мэдээ мэдээллээ бодитой ажил болгох, шалгуулах, гэмт хэрэгтнийг илчлэх боломж бүрдэх юм.

-Хувийн мөрдөгч хөлслөх компани, иргэд их байгаа даа. Ашигтай бизнес биз дээ?

-Бизнес гэж болохгүй. Хувийн мөрдөх товчоог ашгийн бус зорилгоор гэж хуульчлах ёстой. Нийгмийн сайн сайхны тулд мэдээлэл олж, хэн нэгний эрхийг хамгаалах, нийгмийг аюулаас хамгаалах зорилгын үүднээс хувийн мөрдлөгийг хэрэглэх ёстой. Бизнес болгож болохгүй. Хууль зүйн товчоотой хамтарч ажилладаг хувийн мөрдөх товчоодыг байгуулж болох юм. Тэртэй тэргүй мөнгөтэй хүмүүс маш өндөр үнээр техник хэрэгсэл худалдаж аваад, чадварлаг хүмүүсийг аваад олон газруудад тагнуулын байгууллагынх шиг сүлжээ үүсгэж байршуулсан. Ингээд нийгмийн тодорхой хэсгийг хяналтдаа байлгаж байгааг өнөөдөр бид мэдэхгүй л байна шүү дээ. Нууц далд аргаар үйлдэгддэг зүйл учраас хэзээ нэгэн цагт илрэхэд нь шийдэх эрх зүйн орчин байх л ёстой.

Санал болгох

Т.Сайнжаргал: Архивын баримт дахин давтагдашгүй цор ганц хувь учраас номноос илүү үнэ цэнэтэй

Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
Roockie: Кинонд тоглуулахаас өөр аргагүй болтол нь “ОД”  болно гэж боддог

Roockie: Хутгалснаасаа хойш нэг ч удаа холбоо бариагүй, УУЧЛАЛ гуйгаагүй Roockie: Хутгалуулж бэртсэн ч чамтай байхыг хүсч байна Таван харандаа байхад арай өөр өнгийн харандаа байхыг хүсдэг

13 өдрийн өмнө
Ж.Аюуш: Мөрөөдлийнхөө хашаа байшинг өөрсдөө барьж ХААН шиг л амьдарч байна

Хашаандаа мөрөөдлийнхөө орчинг бүрдүүлж, сайхан амьдарч болохыг үлгэрлэж буй  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Ж.Аюуштай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр эхнэр хоёр хүүгийн хамт хоёр өрөө байраа зарж, хоосон газар дээр мөрөөдлийнхөө хашаа байшинг босгож байгаа жирийн нэг залуу юм.

17 өдрийн өмнө
МХЕГ-ын уриалгаар 6850 тонн ил задгай хог хаягдлыг цэвэрлэжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас байгаль орчин, газар, геодези, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр “Зөв дадал – Ногоон ирээдүй” цахим аяныг эхлүүлсэн. Тус аян нь энэ оны тавдугаар сарын 01-нээс 31-ний хооронд улсын хэмжээнд үргэлжилсэн юм.

1 сарын өмнө