УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ.
Тэрээр янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхины албан татварын хувь хэмжээг 5 байгааг 30 болгож нэмүүлэх саналтай байгаа юм. Энэ нь манай улсын тамхины зах зээлийн 47 хувийг эзэлдэг "Монгол тамхи со" компанийн бизнест шууд хамаарах юм.
Энэ тухай ч Б.Пүрэвдорж гишүүн тодорхой дурджээ. Тэрээр УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалдаа, "УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд агсны “Монгол тамхи Со” компанийн бүтээгдэхүүн болох Сүлд, Улаан шонхор, Алтан навчис, Цагаан өргөө, Dudliss, зэрэг тамхины гаалийн албан татварын хувь хэмжээг 1999 онд тогтоосон 5 хувиар хэвээр үлдээж, бусад тамхи импортлогч 4 компаниас 25 хувиар бага татвар төлөх боломжийг олгосон нь хууль эрх зүй шударга ёс, эрх тэгш байдалд нийцэхгүй гэж үзэж байна.
“Монгол тамхи Со” компани үйлдвэрийнхээ бүх түүхий эдийг Хятад улсаас импортоор оруулдагийн дотор нунтаг тамхи, шүүлтүүр, ороох цаас болон хайрцаг, баглаа боодол хүртэл оруулж ирсээр байна. Монголд зөвхөн үйлдвэр нэрийн дор янжуурын бүтээгдэхүүнийг бэлэн бүтээгдэхүүн болгон савлан боож, худалдаанд гаргах үйл ажиллагааг явуулдаг нь нууц биш юм.
Татварын зөрүүтэй бодлогоос шалтгаалан 2017 оны 5 дугаар сарын 01-нээс мөн оны 8 дугаар сарын 31 хүртэл гаалийн татварт бусад импортлогчид 26.8 тэрбум төгрөг “Монгол тамхи Со” ХХК 1.8 тэрбум төгрөгийн татварыг төлсөн нь бусад тамхи импортлогчдоос 14.8 дахин бага татвар төлсөн гэх үзүүлэлт гарч байна.
Энэхүү татварын зөрүүнээс “Монгол тамхи Со”-аас 2017 оны эцэс гэхэд 14.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжийг алдсан гэх дүгнэхээр байна.
Иймээс дотоодын үйлдвэрлэгчээс 2017 онд 2.9 тэрбум төгрөгийн татвар авах байсныг 17.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлснээр улсын төсөвт 14.6 тэрбум төгрөг нэмж бүрдүүлнэ. Ийнхүү хугацааны эцэст импортлогчдоос 42.9 тэрбум, дотоодын үйлдвэрлэгчээс 17.5 тэрбум, нийт 60.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх боломжтой болно гэж үзэж байна" гэжээ.