RATABUZZ | Амьдрал хэмээх хэмнэл

2
2020 оны 4 сарын 242020-04-24
RATABUZZ  | Амьдрал хэмээх хэмнэл


Регги. Rеggae. Регги хөгжмийн билэгдэл болох улаан, шар, ногоон өнгө, Боб Марлигийн сөөнгө хоолой. Ширэлдсэн үстэй залуус. Ийм хэдхэн үгс, дүр төрхөөр Реггигийн тухай бүх мэдлэг маань хязгаарлагдаж байлаа. Харин түүний дууг, эх хэлээрээ сонсоноосоо хойш... Ямайка аялгуу, монгол үгс, чихэвчнээс залгаад хөврөх Улаанбаатарын хэмнэл... Энд ямар нэг нийцэл, энд ямар нэг зохицол байлаа... 

RATABUZZ хэмээх регги артист 2018 онд гаргасан 10 дуутай RATATOWN хэмээх цомог, мөн бусад уран бүтээлчидтэй хамтарснаа тооцвол хорин дуутай. 13 жил. 20 дуу. Чамлалттай ч юм шиг. Гэхдээ одоогоор түүнээс илүү урын сантай регги артист Монголд ховор.

Жинхэнэ нэр: Г.Тэмүүлэн
Регги нэр: RATABUZZ

Тэр бидэнд реггигийн тухай, Улаанбаатар түүний хувьд регги хот болох тухай, регги хэмээх амьдрах хэмнэлийн тухай ярих болно. 

ҮГ БА АЯЛГУУ

1998 онд Дорнод аймагт өөрсдөө дууныхаа шүлгийг бичиж, уран бүтээл хийх гэж оролддог 10 гаруй хамтлаг байсан гэдэг. Ратабаз харин тэр үед нэгэн поп хамтлагт дуулдаг байжээ. Жилийн дараа буюу 1999 онд поп хамтлагийн гишүүдээрээ нийлж хип хоп дуулдаг болж. Тэгэхэд тэр дөнгөж есдүгээр ангийн сурагч байсан юм. Харин одоо тэр 37 настай. Хамтлагийнх нь бусад гишүүн бүгд л тус тусын замыг даган одож, Ратабаз л ганцаараа урлагтаа үнэн ч үлджээ.

Тэрбээр “Хип хоп дуулдаг жаахан хүүхэд байхдаа би их сагсуу, онгироо байлаа. Харин одоо регги сонсоод ч тэр үү, нас явсаных ч юм уу их тайван болсон. Бие биедээ хайртай байя л даа гэж бодох болсон. Хүн хөгжмөөр боловсордог шиг энэ нь магадгүй реггигээс надад суусан зан чанар байх” гэлээ. Үнэхээр регги урсгалын дууг сонссон бүх хүн л тайвшралыг мэдэрч амар амгалан болдог. Жаргаж буй нарны бүлээн илч, усны чимээ хамгийн түрүүнд мэдрэгдэг. Гэвч регги зөвхөн хөгжмийн урсгал биш нийгмийн урсгал, амьдрах хэв маяг ажээ. Нийгмийн болох болохгүй талыг шүүмжилж, ёжилдгоороо хип хоптой төстэй. Хип хоп дуугаар үзэл бодлоо шууд илэрхийлдэг бол регги ч бас шууд бодит байдлыг дуулах боломжтой аж. Аялгуулаг хөгжимтэй болохоор бусад дуучид шиг хэт мэргэжлийн байх ч шаардлагагүй. Хамгийн чухал нь өөрт мэдрэгдэж буй мэдрэмжээ л дуулалтаараа гаргаж өгөх нь чухал.

rata33.jpg

Ратабаз багаасаа л аялгуунд дуртай хүүхэд байжээ. Дорнод аймгийн төвөөс урагш урсах Хэрлэн голын хөвөө түүний очих дуртай газрын нэг. Тэрбээр “усны чимээнд их тайван байдаг болохоор гол бараадах дуртай байсан” гэв. Голын усны аялгуулаг чимээ түүний регги урсгалд татагдах болсон нэг хүчин зүйл яахын аргагүй мөн. Мөн түүний аав оюутан ахуйдаа Боб Марлигийн дуунуудыг сонсох дуртай байж. Боб Марли бол регги урсгалын хамгийн алдартай төлөөлөгчийн нэг. Түүний “No woman no cry ” дууг сонсоогүй хүн энэ соёлт ертөнцөд ховор биз. 

РЕГГИГИЙН ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИН ӨГҮҮЛБЭРҮҮД 

Реггигийн хувьд Ямайкад үүсэж, удалгүй Америкийн сонсогчдод хүрч, улмаар таван тивийхний сонорыг мялаах болсон. Ингэхдээ дотроо хорь орчим төрөлд хуваагдсан байдаг. Тухайлбал: 

Dub: Регги хөгжмийн анхдагч урсгал. 

Lovers rock: Энэ нь рок хөгжмийн элемент, түрэмгий шинжийг агуулсан төрөл юм. Лондон хотод 1970 оны үед үүссэн. R&B хөгжимтэй нэлээд ойролцоо дуугаралттай бөгөөд дууны шүлэгт нь хайрын тухай сэдэв зонхилдог.

Hip hop, rap: Хип хопын эх өлгий болсон Нью-Йорк хотод регги хөгжмийн энэ төрөл 1980- аад оны эхээр үүссэн гэдэг. Энэ төрлийн уран бүтээлчид реггигийн хэмнэлд “үглэдэг” 

Dancehall: Yellowman, Super cat, Shabba Ranks зэрэг уран бүтээлчид техно хөгжим хүчээ авч эхэлсэн 1980 оны үед энэ төрлийн эхийг тавьжээ. Электро хөгжмийн хурдтай хослох болсноор регги нь бүжгийн талбайд хүмүүсийг уях болсон байна. 

Reggaeton: Латин Америкийн орнуудад регги түгснээр тэндхийн салса, бамба, самба, богато зэрэг хөгжмийн урсгалуудтай сүлэлдэн 90-ээд онд бий болсон харьцангуй залуу урсгал юм. 

Reggaefusion: Реггигийн хамгийн сүүлд гарсан урсгал энэ юм. Электро, рэп, рок, панк урсгалын холимог төрөл.

УЛААНБААРЫГ ЧАГНАХУЙ...

Тэр 2006 оноос регги дуу дуулах болсон. 2008 оны долдугаар сарын 1-нд студи нь шатаж, улмаар нэг жил Алтан ураг студид ажилжээ. Харин үүнээс хойш хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн. Тэрбээр Дорнод аймагтаа гурван жил ПС тоглоомын газар ажиллуулж, овоо ч орлоготой байж. Эхнэр нь ч ажил төрөлтэй. Тов хийсэн амьдралтай энгийн тайван амьдарч байв. Гэсэн ч түүний доторх хүн тэнд байхыг зөвшөөрсөнгүй. Регги түүнийг дуудсан юм. Эхнэрээ ятгасны эцэст зөвшөөрүүлж, хамаг юмаа хаяад л нийслэлийг зорьжээ. 

Тэр хотод ирээд такси барих болов. Таксинд явж байхдаа Улаанбаатарыг машин дотроосоо чагнаж,  шинээ санаануудаа тэмдэглэж, дуугаа бичдэг байжээ. Мөн таксинд явж байхдаа зочиноо зорьсон газарт нь хүргэж өгөх хоорондоо ярилцдаг Рата такси нэртэй нэвтрүүлэг хийж эхэлсэн юм. Тэрбээр 2 жил ажиллаж зуу зуу, мянга мянган хүмүүсийн царай, үг яриа, үйлдэл дунд зам дээр түгжирч, харанхуй гудмаар хэрж, өдрийн орлогоо тоолж байхдаа Улаанбаатарт улам бүр уусаж, Улаабаатарыг улам бүр ойлгожээ. 

RA TA TOWN
Утаат саарал хот минь 
RA TA TOWN
Угаасаа бидний хот минь ...

100-аадхан ширхэгийг гаргасан түүний цомог энэ дуугаар нэрлэгджээ. Тэрбээр 10 жилийн өмнө их туранхай, сахалтай, урт үстэй байсан болохоор харх шиг харагддаг байж. Тэгээд найзууд нь түүнийг харх гэж шоглодог байсан аж. Харх буюу rat гэсэн үгийг тухайн үед моод болж байсан yahoo messenger-ийн чичирдэг buzz товчтой холбож өөртөө уран бүтээлийн нэр өгчээ. Махчилж орчуулбал сандруу харх гэсэн утгатай аж. Хамгийн сонирхолтой нь гэвэл ийм үг дэлхийн хаана ч байдаггүй бөгөөд хайлтын цэснээс хайхад зөвхөн Ратабаз л гарч ирдэг байна. Мөн түүний тодорхойлсноор бол “харх сүрэглэн хотод амьдардаг нийгмийн амьтан” юм.

РЕГГИ ХЭМЭЭХ ХЭМНЭЛ МАЯГ 

Анхандаа түүнийг хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг хардаг байжээ. Үснээс нь татчихаад зугтаах, хүрээд үзчих үү, энэ юу вэ, салах уу  гэсэн асуултууд түүнд ирдэг байж. Тэгээд тэр бүр 2012 онд регги хувцас, хэрэглэл зардаг дэлгүүр нээсэн юм. Улирлын чанартай бизнес биш болохоор орлого ч сайн байж. Бээжингээс бараануудаа авч ирдэг байсан ч тайланд бараанууд байжээ. Харин мөнгөө хураасан ч юмгүй байсаар гурван жилийн дараа эргэлтийн хөрөнгөгүй болчихож. Амьдралын хэмнэл бизнес хоёр зөрсөн хэрэг. Гэхдээ тэр одоо ч дэлгүүрээ ахиж ажлуулах хүсэл тээж яваа. 

rata1.jpg
Тэр ОХУ-ын Воронеж хотод төрсөн бөгөөд зүүн гаран дээр нь төрсөн хотынх нь нэр зурагтай шивээс бий. Мөн Хархны зураг, Дорнод аймгийн газрын зурагтай шивээс анхаарал татна. 

Харин тэр бидэнтэй уулзахдаа dreadlock-оо авахуулчихсан байлаа. dreadlock-той байхаар толгой их ядардаг аж. Толгойгоо хэсэг амрааж байгаад дахиад хийлгэхээр болжээ. Арга ч үгүй биз. Dreadlock их удаан хатна. Тэр хэрээрээ толгой ядардаг байх. Тэрбээр “Үсээ санаж байна. Сүнсээ гээчихсэн юм шиг санагдаад байдаг болсон” гэлээ. Dreadlock-ыг одоо хотын бараг л бүх салонууд дэгээ зүү ашиглаж хийдэг байна. Түүний хувьд анх 2008 онд  "Woofdogg" гэдэг найзаараа хийлгэжээ. Тухайн үед үсний самаар хийлгэсэн аж.

“НАДААС ЮУ ТӨРЖ БАЙНА. ТЭРИЙГ Л ХИЙНЭ...”

Тэр бүх уран бүтээлээ эхлээд өөрийнхөө шүүлтүүрээр оруулдаг байна. Өөрт нь таалагдахгүй бол хэзээ ч гаргадаггүй.  Шууд суугаад нэг дуу гарвал гарна, гарахгүй бол тэр ая, сэдэвтэйгээ хэзээ ч зууралддаггүй байна.  Гэхдээ тэр бүх зүйл дээр регги гэж туйлшрах дургүй аж. “Раттагаас гарах мэдрэмж юу байна тэрийг л гаргана. Надаас юу  төрж байна. Тэрийг л хийнэ. Надад реггигээр гаргаж чаддаггүй мэдрэмж байдаг.Тэрийгээ гаргаж ирмээр байна” гэсэн юм. Мөн эхлээд аяаа сонсож байгаад дууныхаа үгийг бичдэг аж. Бас ном их уншиж, шинэ үгтэй танилцаж, уран бүтээлдээ ашигладаг байна. 

Харин одоо түүний хувьд шинэ зүйл сонирхож эхэлжээ. Хөл хорио тавигдсаны дараа Монгол сурын харваагаар хичээлллэх гэж байгаа аж. Улсын наадамаа хүндэтгээд ороод үзчихье гэсэн бодол нь л түүнийг шинэ сонирхолтой болгожээ.

РЕГГИ АРТИСТ МОНГОЛД ГАРЫН ТАВАН ХУРУУНААС ХЭТРЭХГҮЙ...

Аливаа урсгал, чиглэлийг ганц хүн оруулж ирээгүй нь лавтай. 2006 онд хэд хэдэн хамтлаг, дуучид регги хэмээх нэршлээр уран бүтээлээ хийж эхэлжээ. Харин Ратабаз “ 2004 онд ice top хамтлагийн “сүлжээ” дууг регги дуу гэж явдаг. Орчин үеийн анхны монгол регги дуу гэж хүмүүс хэлдэг юм. Мөн Айзам хамтлагийн “Алтан зул” дуу бол Монголын хамгийн анхны регги хэлбэрийн дуу. Байх ч боломжтой. Яагаад гэвэл ашиглаж байгаа нотууд, тоглогдож байгаа өнгө аяс, ая алгуу, дуулалтын арга барил, үгийн агуулгаараа бол регги дуу гэж хэлж болно. Маргах хүн гарахгүй байх “ гэлээ.  

Харин Монголд арав гаруй хүн уран бүтээлч уран бүтээл хийсэн байдаг ч одоо идэвхтэй байгаа Jiijah, Macho, Moni  зэрэг залуус байдаг байна.  

МОНГОЛД РЕГГИГ НУТАГШУУЛНА...

Тэрбээр сүүлийн үеийн хип хип залуу уран бүтээлчдийн талаар тун өндөр сэтгэгдэлтэй яваагаа нуусангүй. “1998,1999 онд тал талд хамтлагууд үүсэж, тэсрэлт хийсэн. Хүмүүс муулж л байсан. Тэр хамаагүй. Ямар ч байсан зүтгэсэн. Тэд чадсан. Монгол хип хопын суурийг тавьсан. Бас 2006, 2007 онд залуус оволцсон. Яг тийм л давалгаа явж байна гэж би харж байна. 2010 оноос хойшхи унтаа он жилүүдэд тэсрэлт хийж байна залуус” гэсэн юм. 

Харин түүний хувьд  Монголд цэвэр Ямайка реггиг танилцуулах л зорилготой. Аль болох ямайка арга барилаар нь дуугаа монгол хэлээр бичихийг зорьдог байна. Тэр бас реггийн хөгжилд санаа зовдоггүйгээ нуусангүй. 

rata4.jpg

Монголд регги ая хийдэг хөгжмийн зохиолч байдаггүй аж. Харин Ямайкагийн хөгжимийн ертөнцөд нэг ая гарсан бол хүн болгон ашиглах боломжтой. Аяны хулгайд тооцохгүй. Энэ зарчим нь анхнаасаа маш том боломж болжээ. Ратабазын хувьд анхны албан ёсны эх сурвалжаа дурьдаж, гадаад ая ашигладаг байна. 

Мөн тэрбээр регги ая хийж сурах гэж байгаа аж. “Ая хийж сурчихаад Талын, Говийн Алтай, Хангайн мэдрэмжүүдийг мэдэрч, тэр мэдрэмжээ дуу болгох алсын бодол байгаа. Говийн элс, тэмээн жингийн цуваа, хангайн салхи салхилсан мэдрэмжийг ая болгоно. Түүнийг сонсоход л салхины хүүгэх, элс нурах ч чимээ сонсогдох ёстой. Тийм л  бүтээл хийх бодол байгаа" гэсэн юм.  

Санал болгох

RATABUZZ  | Амьдрал хэмээх хэмнэл

Түүний дууг, эх хэлээрээ сонсоноосоо хойш... Ямайка аялгуу, монгол үгс, чихэвчнээс залгаад хөврөх Улаанбаатарын хэмнэл... Энд ямар нэг нийцэл, энд ямар нэг зохицол байлаа... 

1 сарын өмнө
Тэд яагаад | Гарцан дээрх "гарцгүй амьдрал"

Ингээд гудманд сууж байхаар зарим хүмүүс гуйлга гуйж байна гэж ойлгодог л байх.  Би гэртээ зүгээр суухыг хүсээгүй учраас, хийж болох хамгийн боломжит  ажлыг л хийж байгаа юм. Гудманд хоосон хайрцаг тавьчихаад мөнгө гуйгаагүй шүү дээ. Тиймээс үүнийг амьдрахын төлөөх тэмцэл л гэж ойлгох хэрэгтэй юм. Өөрийгөө таргалчихсан байна гээд сэтгэлээр унаад явж байгаа хүн жингээ үзчихээд сэтгэлээ дүүргээд явна” хэмээн хэлэхэд нь түүнийг жин биш, өрөөлийн амьдралыг жинлэж хүмүүст жаргал түгээдэг юм байна гэсэн бодол эрхгүй төрөв.

2 сарын өмнө