Хонзондоо сохорсон улстөрчид

2020 оны 5 сарын 52020-05-05
Хонзондоо сохорсон улстөрчид

 

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энд улс орны асуудлыг цогцоор нь харж, бодлого боловсруулах сэхээтнүүд хэрэгтэй. Тэрнээс Төрийн ордон бөх барилдаж, дуу дуулдаг, өөрт нь ямар ч шийдэл байхгүй хэрнээ бусдыг шүүмжилдэг, худлаа эх оронч, хуулиас зугтагсад, хулгай хийхээр санаархагчдын бүгэх газар биш. Тийм учраас энэ удаагийн сонгууль үе солигдох, бодлоготнууд өрсөх, бизнесийнхнээ дэмжих, гадаад харилцаагаа тэлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх шийдлийн өрсөлдөөн болоосой гэж олон нийт хүсч байгаа.

Гэтэл УИХ-ын сонгуулийг хувийн өс хонзонгоо авах хугарлын цэг гэж зүүдлэх явдал нэлээд хэд гарч байна. Ийм хүмүүс төрд сонгогдвол нэгнээ хорлох, шахах, төрийн ажил гацаах алхам л хийнэ. Тэднийг өс хонзонгоо авахад нь тусалж иргэд иргэд саналаа өгөх юм гэнэ ээ. Хүний гараар могой бариулна гэж энийг л хэлэх байх.

Гарьдхүүгийн Баярсайхан

АН-ын гишүүн тэрээр 2008-2012 онд УИХ-д Чингэлтэй дүүргээс сонгогдож байсан. Энэ үедээ чуулганы танхимд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү салаавч гаргаж, улмаас ухамсрын шанаа авч байсан нэгэн. Тэрээр ам халсан уу мэдэхгүй, телевизээр ярьж байхдаа “У.Хүрэлсүхэд шанаадуулсан хариугаа авна. У.Хүрэлсүхийн дэвшсэн тойрогт очиж нэр дэвшинэ” гэж ярина лээ. Харин дараа нь өөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “У.Хүрэлсүх бид хоёр энгийн харилцаатай. Би Хэнтийд биш Чингэлтэйдээ нэр дэвшинэ” гэж ярьжээ.

Лүндэгийн Наранбаатар

2016 оны дөрөвдүгээр сард Монголын Эдийн засгийн чуулганы хаалтын үг хэлж байсан УИХ-ын дарга З.Энхболд руу эдийн засагч Л.Наранбаатар оймс шидэж байсан. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг гацаасан. Л.Наранбаатар Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох талаар нэлээд ярьсан. Түүнийг MCS-ийн хүн гэж хардаг хэсэг нэлээд бий. Тэрээр одоогийн АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын өрсөлдөх тойрогт нэр дэвшинэ хэмээн зарлажээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэгт өрсөлдөх нь.

Эрдэнийн Бат-Үүл

Хотын даргаар ажиллаж байхдаа гэр хорооллыг дахин төлөвлөх тендерт хүүгийнхээ компанийг шалгаруулахад оролцсон хэмээн Э.Бат-Үүлийг АТГ шалгаж, шүүх дуудсан. Мөн АН-ын нөхөр М.Энхсайханыг нь эдгээр өдрүүдэд Тавантолгойн гэрээний асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шүүж байна. Цаана нь, Да.Ганболд, Ц.Элбэгдорж гээд Үүл баатарын найзууд хөвөрнө. Энэ бүхний бурууг Э.Бат-Үүл З.Энхболдоос хайж, түүнийг л нөлөөлсөн гэдэг. Тэрээр З.Энхболдыг УИХ-д гаргахгүй гэж үзвэл ХУД-т биш Баянзүрх дүүрэгт өрсөлдөж мэдэхээр байна.

Нямтайширын Номтойбаяр

Хүн амь, авлига, танхай, хулгайн ан гээд олон хэрэгт нэр холбогдож, шалгуулж байсан Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшинэ гэдгээ телевизээр мэдэгдэв. Түүнийг сүүлд холбогдсон үйлдлүүдийнх нь төлөө УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн. МАН улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн. Н.Номтойбаяр өмнө нь талийгаач Г.Батхүүгийн дүү П.Батчимэгийг УИХ-д нэр дэвшинэ гэж ярьж байсан. Өөрөөр хэлбэл, ХУД-т нэр дэвших цаад зорилго нь талийгаачийн дүүг сонгуульд унагааж хорлох байж магадгүй талаар хэвлэлүүд бичжээ.

Хассуурийн Ганхуяг

АН-ын олон залуу МАН-тай хамтарч С.Эрдэнэ рүү дайрч байгаа. Консул байсан Д.Мөнх-Эрдэнэ, Хера холдингийн Х.Ганхуяг, АЗХ-ын Д.Чимэддондог нарын залуучууд сонгуулийн зардал болгож 100 сая төгрөгөө намдаа өгсөн нэр дэвшигчдийн жагсаалтыг задалж, нам руугаа дайрах болов. Д.Мөнх-Эрдэнэ намын дотоод хурлынхаа бичлэгүүдийг задалж, Д.Чимэддондог намын залуусаа шүүмжилж, Х.Ганхуяг С.Эрдэнийг УИХ-ын сонгуульд унагаахын тулд тойрогт нь өрсөлдөнө гэв. Нам доторх зодооноо сонгуулиар дэврээчихээр сонгогчид сонголтгүй болох биш үү.

Норовын Алтанхуяг

Нүүрсний хэргээр ял шийтгүүлсэн зөвлөх Л.Гансүхтэйгээ хамт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие даахаар төлөвлөжээ. Тойрог нь тодорхойгүй ч түүний бай нь “МАНАН бүлэглэл, Ц.Элбэгдорж, Шударга бусын хонгил”. Сүүлийн хэдэн жил самбар дээр зурж, ярьсан болгон нь хүн. Өөрөөр хэлбэл, хүн буюу хууль хяналтынхантай тэмцэхээр УИХ-ын сонгуульд өрсөлдөх юм байх аа. Гэтэл бид эрх зүйт төр, хуулийн засаглалыг хүсч байгаа. Харин Н.Алтанхуяг гуай өөрийг нь хонгилоор алхуулсан хүмүүсээс өс хонзон авах тухай ярьж байгаа нь юутай хорсолтой.

Энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Ардчиллын төлөөх намууд нэгдэж АН-ыг байгуулсны 20 жилийн ой ч, МАН байгуулагдсаны 100 жилийн ой ч 2020 оны сонгуулийн дараа болно.

Хоёр нам УИХ-ын сонгуульд нэр цэвэр, бэлтгэгдсэн,  боловсролтой, идэр залуучуудыг нэр дэвшүүлнэ гэж ярьсан. Иймээс ч “авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байгаагүй иргэн” сонгуульд нэр дэвшинэ гэдэг заалтыг тохиролцож оруулсан. АН талаас Хөгжлийн банк, Чингис, Самурай бонд, Оюутолгой, Тавантолгойн төсөлтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа нөхдийг нэр дэвшүүлэхгүй. МАН талаас ЖДҮ-тэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа нөхдийг нэр дэвшүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, тэгш ойгоо ялалтаар угтахыг намуудын дарга нар хүсч, нэр сэвтсэн нөхдөө тойргийн гадна үлдээхийг зорьж байгаа. Эцсийн шийдвэрийг АН-ын ҮБХ, МАН-ын Бага хурлын гишүүд гаргана. Бодлого биш өс хонзон зангидаж, түүндээ нүд нь сохорсон улстөрчдийг нэр дэвшүүлбэл сонгуулийн ирц цар тахлаас үл шалтгаалан улам л багасч таарна.

Санал болгох

Хонзондоо сохорсон улстөрчид

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энд улс орны асуудлыг цогцоор нь харж, бодлого боловсруулах сэхээтнүүд хэрэгтэй. Тэрнээс Төрийн ордон бөх барилдаж, дуу дуулдаг, өөрт нь ямар ч шийдэл байхгүй хэрнээ бусдыг шүүмжилдэг, худлаа эх оронч, хуулиас зугтагсад, хулгай хийхээр санаархагчдын бүгэх газар биш. Тийм учраас энэ удаагийн сонгууль үе солигдох, бодлоготнууд өрсөх, бизнесийнхнээ дэмжих, гадаад харилцаагаа тэлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх шийдлийн өрсөлдөөн болоосой гэж олон нийт хүсч байгаа.

1 сарын өмнө
Хөвсгөлд нэр дэвших Х.Эрдэнэбаатарыг шалгаж эхэлсэн үү

Сонгууль дөхөөд, УИХ-ын гишүүн болж хуулиас дээгүүр амьдрах, төсвөөс хулгай хийж баяжих сонирхолтой хүмүүс идэвхжиж, ард түмэнд хайр зарлаад эхэлжээ.

1 сарын өмнө
Ховдын О.Батнасан хятад шийгуаны татварыг 30 хувь болгож нэмүүлнэ

УИХ-ын гишүүн О.Батнасанг парламентын сэтгүүлчид тарвас хэмээн өхөөрддөг. Олон ястны өлгий Ховдоос сонгогдсон О.Батнасаны гаргасан саналыг гишүүд өчигдөр дэмжсэн. Түүний саналыг Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд нэмэрлэх юм.

1 сарын өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Цэцийн дунд суудлаар хэлэлцэнэ

Нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй, тэмдэглэгээ хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй гэж үзсэн атлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор зохицуулсан байна.” гэж нэр бүхий иргэд үзэж  Цэцэд мэдээлэл гаргасан байна.

2 сарын өмнө