Б.Ганхуяг: Хэрэв вакцинтай малын мах идвэл элэгний цирроз үүснэ

18
2020 оны 5 сарын 62020-05-06
Б.Ганхуяг: Хэрэв вакцинтай малын мах идвэл элэгний цирроз үүснэ


Нийслэлд худалдаалагдаж буй махны хяналт шалгалтын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганхуягаас тодрууллаа. 

______________________________________

-Малчид хавар зуны саруудад малдаа ямар вакцин хийдэг юм бэ?

-Дөрөвдүгээр сарын 15-аас зургадугаар сарын 15 хүртэл эхний ээлжийн хаврын тарилга, туулгалт явагддаг. Есдүгээр сарын 15-аас арваннэгдүгээр сарын 15 хүртэл намрын тарилга туулгалтын ажил явагддаг. Одоо бол малын халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх тарилга, туулгалтын ажил эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл, цусан халдварт өвчин, дотрын халдварт хордлого, галзуу, боом, шүлхий, цэцэг өвчнөөс урдчилан сэргийлэх вакцинууд хийгдэж байгаа. Монгол Улсын хэмжээнд 20-24 нэр төрлийн вакцин хавар, намрын тарилга, туулганд зориулж үйлвэрлэдэг. Энэ нь аймаг сум болгонд харилцан адилгүй. 

Вакциныг амьд буюу сулруулсан гэж хоёр ангилдаг. Гэхдээ вакцин үйлдвэрлэхийн тулд антибиотикоор ариун байдлыг нь хадгалдаг. Жишээлбэл, галзуугийн вакцин бол сулруулсан вакцин. 

-Малд вакцин тарьснаас хойш хэд хоногийн дараа мах, сүүг хүнсэнд хэрэглэдэг вэ?

-Малын гаралтай түүхий эдийг 14-21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх боломжтой. Өөрөөр хэлбэл, шимэгдэх өвчний туулга, вакцин хийсэн бол мах сүүг хүнсэнд 14 хоногийн дараа хэрэглэж болно. Харин вирусийн эсрэг вакциныг малд хэрэглэсэн бол мах, сүүг 21 хоногийн дараа хэрэглэх боломжтой. 

-Вакцинтай малын махыг мэдэхгүй идчихсэн тохиолдолд хүний биед ямар хор нөлөөтэй вэ? 

-Ямар ч бэлдмэл дотор антибиотик байдаг. Энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй. Хэрэв вакцинтай малын махыг идсэн бол элэгний цирроз үүснэ. Мөн хүний биед байх ёстой антибиотикын хэмжээ ихэснэ. 

Гэхдээ малын гарал үүсэл гэж юм бий. Тэгэхээр тухайн сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч хяналт тавьж ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэрчилгээ олгохдоо “Танайх тэдэн сарын тэдэн малаа вакцинжуулсан. Тиймээс 21 хоног танайхаас бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхгүй” гэж хяналт тавих ёстой юм. Мөн авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр байгаа хяналтын байцаагч давхар хяналт, шалгалт хийнэ. 

-Малчид ихэвчлэн малдаа туулга, тариа хийхдээ өөрсдөө хийчихдэг. Тэгэхээр өөрийн харъяа аймаг, сумынхаа мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчид вакцинжуулснаа үнэн зөв мэдээллээгүй, бүртгүүлээгүй байх тохиолдол гарч болно. Үүний улмаас аймаг, хотод мах ороод ирсэн байх ч магадлалтай. Хэрэв хотод вакцинтай мах ороод ирсэн худалдаалагдаж байгаа бол иргэд хэрхэн таних вэ?

-Ийм тохиолдолд танихад маш хэцүү. Малын эмч үйлчилгээний хөлс авдаг учраас малчид өөрсдөө тарилга, туулга хийчихдэг. Хэрэв хотод вакцинтай малын мах ороод ирсэн бол үүнийг лабораторийн шинжилгээгээр л тогтооно. Өөрөөр хэлбэл үлдэгдлийн шинжилгээ хийнэ гэсэн үг. 

Мөн иргэд махаа худалдаж авсныхаа дараа цайраад байнаа, шөл гарахгүй байна, гашуун байна гэдэг. Харин иргэд махаа худалдаж авсаныхаа  дараа анзаарах биш, авахаасаа өмнө гарал үүсийг нь л сайн баталгаажуулах хэрэгтэй.

Одоо бүх юм цахим болж байгаа. Цахимаар хаанаас, хэзээ юугаар орж ирсэн, хэзээ вакцинжуулсан бэ гэдгийг нь лабораториос эмч дуудаад шалгуулах боломжтой.

Мөн гүнзгийрүүлж шалгуулъя гэвэл лабораторит антибиотикын  үлдэглийн шинжилгээг хийлгэж болно. Үлдэгдэлийн шинжилгээ гэдэг нь маханд антибиотикын  үлдэгдэл хэдэн хувьтай байгааг шинжлэнэ гэсэн үг. Хүний биед байх ёстой антибиотикын хэмжээ маш бага байдаг шиг малын маханд ч бас яг л тийм хэмжээтэй байх ёстой.

-Байх ёстой хэмжээ нь яг хэд юм бэ?

-Тарилга, бэлдмэлүүдийн малын биед хадгалагдах хэмжээ нь харилцан адилгүй.

Гэхдээ вакцин, туулгаас гадна манай улс царван, шарилж ихтэй. Антибиотиктэй  ургамал маш их ургадаг. Малд тарьсан ч тариагүй ч амаараа түүгээд идчихдэг. Энэ нь Монгол малын нэг онцлог юм даа. 

-Ер нь худалдааны төвүүдээр явж хяналт шалгалт хийхэд вакцинтай малын мах худалдаалагдаж байсан тохиолдолууд гарч байна уу?

-Бид хараад вакцинтай малын махыг танихгүй. Өдөр болгон хяналт шалгалтыг захын дэргэдэх лабораториуд хийнэ. МХЕГ-аас бол  төлөвлөгөөт хяналт шалгалтууд хийдэг. Иргэдээс гомдол ирсэн бол төлөвлөгөөт бусаар мөн хяналт шалгалт хийнэ. 

Худалдааны төвийн лангуу болгон дээр өөр өөр аймгаас ирсэн мах байгаа. Тухайн махнаас дээж авч, шинжилгээ хийхийн өмнө тухайн лангууны махыг худалдаанд гаргахгүй түр саатуулдаг. Шинжилгээний дараа худалдаанд гаргах, усгалд оруулахаа шийддэг.

Мөн Улаанбаатарт боомтой малын мах ороод ирж болно. Малчид мэдэхгүй боомтой малаа нядлаад Дэнжийн мянгад оруулаад ирлээ. Гэтэл Дэнжийн мянгийн худалдаачин гар дээрээ шархтай байж таараад бээлий өмсөлгүйгээр маханд хүрэхэд тухайн хүн боом тусна. Хэрэв хүн боом тусвал тухайн зах хорио цээр тогтооно. Хорио цээр тогтоож тухайн махны бар кодыг уншуулаад хэний малын мах болохыг нь таниж болно. Хэрэв тухайн мах бичиггүйгээр буюу хулгайгаар ороод ирсэн бол захын мал эмнэлэг хүлээж авах ёсгүй. Энэ бол хууль бус зүйл.  Дэнжийн мянга дээр нэг ширхэг хонины толгой орж ирсэн ч бар кодыг нь уншуулсан л байх ёстой. 

Санал болгох

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.

5 цагийн өмнө
Д.Сарангэрэл: Архины хамааралтай болон хүчирхийлэл үйлддэг этгээдүүдийг бүртгэж, эргүүл хийж байх хэрэгтэй

9 настай хүүхэд нас барсантай холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг мэдээлэл хийлээ. 

5 цагийн өмнө
Ломбардуудын 36 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

Ломбардуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухайд 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

5 цагийн өмнө
Г.Дагиймаа: Охины бүдүүн гэдэсний чацархай урагдаж, хоёр талын олон хавирга хугараад бороолсон байсан

Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан байх магадлалтай

5 цагийн өмнө