“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

4
2020 оны 5 сарын 72020-05-07
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

Фэйсбүүк дээрх MAN.MN пейж дээр 100 чухал сэдэв гээд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэдэг сэдвээр нэвтрүүлэг хийж бүүстэлжээ. Хэсэг хуульчид давхар дээлээ 25-нд тайлах ёстой гэх, нөгөө хэсэг нь үгүй гэх ба нэвтрүүлэгт Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр, Т.Мэндсайхан нарыг скрийн шот байдлаар “урьж”, тэдний багш нар гэх Н.Лүндэндорж, С.Нарангэрэл, Ж.Амарсанаа, завсраар нь Д.Лүндээжанцан нарыг сөргүүлэн тавьж яриулжээ. Сөрж байгаа хүмүүсийг Г.Занданшатар багшаас нь асууя гэж томъёолсон бол У.Хүрэлсүх хуулийн эцгүүд гэж авгайлав. 

Нэвтрүүлэгт ороогүй боловч байр сууриа илэрхийлсэн Б.Гүнбилэг гэх мэт олон хүн бий. Өөрөөр хэлбэл, парламентийн спикер нь маргаан дагуулж буй 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гэсэн хуулийн заалтыг тайлбарлахдаа хууль зүйн шинжлэх ухааны арга, тайлбараар бус харин биологийн насны зөрүүг, багш чинь ингэж хэлж байна дуулав уу жаалуудаа гэсэн өнцгөөр пропагандав. Дундад зуунд дэлхий бөөрөнхий эсэх маргааныг таслахдаа хэсэг санваартнууд тойрч суугаад гар өргөж шийддэгэрхүү юмуу даа янз нь. 

Нэр бүхий хүмүүс хэн нь хэнийгээ багш шавь гэдэг, хэнийгээ биш гэдэг нь тэдний асуудал. Юу үнэн бэ гэвэл, эдгээр хүмүүс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гал тогооноос хамт хооллож, хөгшин залуугүй өдлөн ниссэн нь маргаангүй үнэн. Хоржоонтой нь МУИС-ийн ХЗС-ийн дарга, цэрэг байсан, бараг бүгд докторууд. Эдгээр МУИС-ийн багш нар үе үеийн шавь нартаа үндсэн хуульт ёс, эрх зүйт төр/ёс, хууль дээдлэх ёс, эрх зүйн философи, хууль зүйн техник, төрийн онол, хуульчийн ёс зүй заасан. Учир нь хууль зүйн шинжлэх ухаан гэж тусдаа шинжлэх ухаан байдаг, иймдээ ч өөрийн гэсэн онол арга зүй, зарчим,  философитой эдгээрийг иш үндсээ болгож хууль зүйн маргаан мэтгэлцээнд оролцож, хууль тогтоомжийг уншиж, тайлбарлаж байгаарай гэж номолсон. 

МУИС-ынхан, баахан докторууд хоорондоо талцав. МУИС-ийн докторууд Г.Занданшатарын бэлдсэн нохой зодооны ринген дээр зодолдоод “буурал багш” нарыг ялуулах сценартай, МУИС-ийн докторууд өөрсдөө тэрэнд нь очиж зодолдов. Зодолдохдоо үе үеийн шавь нартаа заасан онол, арга зүй, зарчмаар биш Батзандан, Нямбаатар нар шиг зодолдов. Батзандан, Нямбаатар нар бол “Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай” гэсэн Пифагорын мэргэн үгсийн тусгал. Гэвч МУИС-ийн докторууд тэднээс аюултай юм хийв. Нэр дурдсан хоёрыг бол түмэн мэднэ, тэд ингэж л байдаг юм гэж. Харин МУИС-ийн докторуудын үг “түмний ундаа биш”, “хүслийн ундаа” байх ёстой. МУИС-ийн дугуй зааланд бидэнд заасан шигээ, ажил, нэвтрүүлэг хоёрт адилхан л хандах ёстой. Эрдэм оюуны мэтгэлцээн биш, авгай хүүхний хэрүүл шиг байж болохгүй. 

Нэг бодлын Г.Занданшатарын зөв. Хуульчдын боловсруулсан текстийн дагуу “Бид бүгдийг сайтар төлөвлөсөн, наран дээр шөнө бууна” гээд хэлтэл хуульчид нь талцав. Хуульчдыг хуульчдаар нь, аргаа барсан хүний л ажил. Түүнд буруу байхгүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх хугацааны энэ хэрүүл, бантанг МУИС-хан л зуурсан байгаа. Нөгөө л докторууд, тэдний шавь нар. Тэр хугацааг нь жирийн барилгачин Бат ойлгох албагүй юмаа гэхэд хуульч нар нь ойлгохгүй талцаж цэцэрхэж байна. Хуульч нарын хийсэн текст, хууль зүйн техник, хуулийн бичилт. Заасан, заалгуулсан аль нь ч ойлгохгүй юм хийж байна Та бүхний шавь нар, танай МУИС-хан. Энэ жам ёсны эрх, позитив эрх гэх мэт хууль зүйн философийн мөнхийн маргаан биш 2020 оны 05 сарын 25 чинь ямар учиртай юм бэ, ямар эрх зүйн үр дагавартай байсан юм бэ гэх хууль зүйн бичилт, техникийн асуулт. Шинэ нийгмийн анхны Үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлаад, 70 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө” хэмээгээд Мэдэгтүн, сахигтун гэжээ. Сар гарангийн дараа сайн өдрийг сонгож шинэ Үндсэн хууль амь орно буюу хууль дээр заасан зүйлүүдээ амьдрал болгох нөр их ажил эхэлнэ гэсэн санаа. 
Одоо маргаад байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж  мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснээ Үндсэн хуулийн 39-д “4-өөс бусад нь давхар дээлгүй байна” гээд /Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./, Их хурлын 2020 оны 2 дугаар тогтоолд давхар дээлийг 2020 оны  хаврын ээлжилт чуулганаар тайлах засгийн газрын шинэ хууль батална гээд заасан. Хаврын чуулган гэдэг нь  Монгол Улсын их хурлын тухай хуулиар 4.15-07.01 хоорондох өдөр юм.  Ямар эрх зүйн үр дагавараар 11 сарын 26-аас 05.25-ны хооронд 6 сарын зай гаргасан юм бэ, энэ юунд зориулсан хугацаа вэ? Энэ 6 сарын хугацаанд бэлдэх байсан юмуу, 25-наас хойш бэлдэх байсан юмуу дээл тайлах ажлыг? Сонгуулийн дараа шинэ засагт хамаатай гэж байаа бол  яах гэж ийм олон хугацаа зоосон юм бэ? Энэ асуултад докторууд ихэнх хуульчдад хүлээн зөвшөөрөгдөхүйц хариулт хэлээгүй. Эрх зүйн үр дагаваргүй олон хугацаа тавьж хэрүүл дагуулж, мэргэжлийн ур чадвар дутсанаа толгойлж ажилласан хуульчид нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Нэгэнт багш ярьсны, Та бүгдийн багшийн багш Б.Чимид гуай МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИАС МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ТУХАЙ хуулийг хийхдээ :

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмын дагуу 1992 оны зургадугаар сард багтаан явуулсны үндсэн дээр Монгол Улсын Их Хурлыг, түүнээс Монгол Улсын Засгийн газрыг тус тус байгуулна.

2. Улсын Их Хурал, Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, тэдгээрийн бүрэн эрх эхлэх хүртэл хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлын бүрэн эрхийн хугацаа хэвээр үргэлжилнэ. Энэнээс өөр хэл амгүй бэлэн будаа байх уу. Г.Занданшатар Та буруу ярьсан. Манай хуулийн практик ийм байсан. Тэр практиктыг та бүхэн зөв хуулбарлаж чадаагүй.

Энэ бол докторуудын бидэнд заасан төр, эрх зүйн түүхийг судалж сайныг нь одоодоо дахин ашиглах арга зүй. Энэ текстийг барилгачин Батаа шууд ойлгоно. Харин докторууд энэ хооронд ирээдүйн давхар дээлгүй сайдууд нь “гэртээ телевизтэй байх уу үгүй юу”, “үнэгүй байранд байх юмуу, үнэтэй байранд амьдрах уу”, “хууль хийдэг хүн байх юмуу, дандаа л хэрүүл хийдэг хүн байх юмуу”, “оройн анги төгссөн хүнийг яах юм”, “бүх насаараа байх юмуу, яахын” гэдгийг дотоодын хууль зүйн салбарын эмгэнэл, гадаадын сайн, муу, нөгөө онол юмнуудтай хольж сайн “жор” гаргахад мэтгэлцэх учиртай. Монголоор нэг тарж салбар бүрт шигдэн ажиллаж хор найруулж, бас хор тайлах ерөндөгийг барьж суугаа МУИС-аас төрсөн бүх оюутнууд ямар нэгэн хэмжээгээр Та бүхний эрдмийн хийгээд ёс зүйн үр хөврөл учир үг, үйлдэл бүр дээрээ анхаарах нь чухал гэлтэй. Энэ бол яах аргагүй Та бүхэнд үзүүлсээр ирсэн далдын далд хүндлэл шүү.

Докторуудаа юмаа сайн унш!

МУИС-ийн ХЗС-ийн бүтээгдэхүүн, хуульч Р.Мөнхзул
 

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

8 цагийн өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

2 өдрийн өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

21 өдрийн өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

1 сарын өмнө