Roockie: Кинонд тоглуулахаас өөр аргагүй болтол нь “ОД” болно гэж боддог

1
2020 оны 6 сарын 232020-06-23
Roockie: Кинонд тоглуулахаас өөр аргагүй болтол нь “ОД”  болно гэж боддог

 

Охид бүсгүйчүүдийг уран бүтээлээрээ цэнгүүлж, басхүү тэдний хайрыг татах болсон нэгэн залуу репперийг энэ удаагийн “CRUSH” буландаа урьж оролцууллаа.

Энэ хүн бол "Өөрийнхөөрөө амьдрая" уриатай Roockie буюу У.Мөнхбагана.

Тэрээр Багануур дүүргийнх. 23 настай. Өндөр 175 см. Жин 65 . Ганц бие. Энгийн цэвэрхэн эмэгтэй хүнд дуртай. Жүжигчин. Реппер. Ёотон брендийг үндэслэгч.  

“Краш” дуугаа тухайн үед үерхэж байсан эмэгтэйдээ зориулж дуулсан

-2018 онд  “Краш” нэртэй уран бүтээл гаргаж байсан. Та "Краш" гэдэг үгийг юу гэж ойлгодог вэ?

-Би “Краш”дуугаа 2018 онд тухайн үед үерхэж байсан эмэгтэйдээ зориулж дуулж байсан. Одоо ч түүнтэй холбоотой байдаг. Чин сэтгэлийнхээ гүнээс дуулж, аяыг нь өөрөө хийж, үг болгоныг нь шигтгэж бичсэн болохоор хүнд хүрэх нь ойр, сэтгэл рүү нь өнгийсөн байж магадгүй. Өөрөө ч дуртай. Хааяа эморохоороо сонсдог. Краш гэдгийг юу гэж ойлгодгийг  уран бүтээлээс минь ойлгох байх.

-Хоёр жилийн өмнөх найз охинтойгоо холбоотой байдаг гэхээр, одоо найз охингүй гэсэн үг үү?

-Одоогоор найз бүсгүй байхгүй. Хүсвэл байж болно. Экс найз охинтойгоо холбоотой байгаа. Гэхдээ ганц бие.

- Танд энгийн даруухан цэвэрхэн охидууд таалагддаг гэсэн. Тэгвэл эмэгтэй хүний юуг түрүүлж хардаг вэ?

-Би өөрөө цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Тийм болохоор хамгийн түрүүнд цэвэр цэмцгэр байдлыг нь хардаг. Мэдээж гадаад үзэмж чухал. Мөн боловсрол, мэдлэгтэй байдлыг хардаг. Хоёрын хооронд гурвын дунд нэг юм ярьчихаад зүгээр л нэг өнөө маргаашийг аргацаадаг эмэгтэйд дургүй. Гүйгээд ажил зохицуулдаг, ухаантай мэдлэгтэй эмэгтэй таалагддаг.

-Ирээдүйн эхнэрээ ямар байгаасай гэж боддог вэ?

-Эрх чөлөөтэй дураараа амьдраасай гэж боддог. Яагаад миний хажууд байснаараа ямар нэг юманд санаа зовох ёстой гэж. Ямар ч зүйлд санаа зовохгүй, зүгээр л дураараа жаргалтай байгаасай гэж боддог. Мэдээж тэр хүн жаргалтай байснаараа намайг жаргалтай болгоно.  

Roockie2.jpg

“Би шархдаж бэртээд, ийм хэцүү зүйл болсон ч чамтай байхыг хүсч байна”

-Найз бүсгүйдээ зориулж дуу гаргаж байсан. Харин сүүлийн дуу болох “IB NI MACHD RAIHTAI” дууг хэн нэгэнд зориулж дуулсан уу?

-Энэ дууныхаа клипийг өөрөө найруулсан. Тайз засалт, найруулга бүх юмнуудаа Мөнхтулгатай ярилцаж байгаад хийж байлаа. Мэдээж ямар нэгэн уран бүтээл гарахад, хэн нэгэн хөшүүрэг, сэжүүр болдог.

Тэр нэг өдрийн хэргийн талаар хэвлэлд ярилцлага өгөхөөс илүүтэй, уран бүтээлч хүн юм чинь уран бүтээлээрээ дамжуулж хэлэх гэсэн зүйлээ хэлэхийг зорьсон.

Энэ уран бүтээл хайрын дуу. Тийм болохоор “Би шархдаж бэртээд, ийм хэцүү зүйл болсон ч чамтай байхыг хүсч байна” гэсэн утгаар гаргасан.

Ерөнхийдөө энэ сэдвээр ярихыг хүсэхгүй байгаа. Тэр үед болоод өнгөрсөн зүйлийг эр хүн шиг тэнд нь орхих нь зөв байх. Одоо эрүүл саруул сууж байна. Тэгээд л болоо.

-“Татарын дуунуудыг сонсоод эмороод байна” гээд дуун дээр нь гардаг шүү дээ. "Эморч" байсан дурсамжаасаа хуваалцвал?

 -Зориулж бичсэн эмэгтэйтэйгээ хамгийн анхны болзоон дээрээ Татарын “Жаргалтай хосууд” дууг сонсож байсан. Тэр дурсамж маш тод үлдсэн. Жаргалтай хосууд дууг сонсоход тэр хүн бодогддог. Дуу дурсамжийг сэдрээдэг. Тэгээд л яг тэр үгийг бичсэн. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн хэсэг нь яг чиний асуусан “Татарын дуунуудыг сонсоод эмороод байна” гэдэг хэсэг юм билээ.

-Таны дуунууд амьд мэдрэмжтэй санагддаг л даа. Дуугаа хаана бичдэг вэ?

-Би ер нь дуугаа бичихдээ үнэн голоосоо дотор нь орж, бүр тэр ертөнцөд амьдарч байгаад бичдэг л дээ. Ихэнхдээ ганцаараа байхдаа бичдэг. Өөрөө эхлээд торгон мэдрэмжийг авч байгаад, яг тэр мэдрэмжийг хүмүүс мэдрээсэй, түүнд ороод сонсоосой гэж боддог. Ихэвчлэн гэртээ байхдаа бичдэг.

Roockie6.jpg

-Ганцаараа байхдаа уран бүтээлээ бичдэг гэлээ. Хэр ганцаарддаг вэ?

-Ерөнхийдөө ганцаардаад сурчихсан. Урлагийн хүн болохын тулд өөртэйгөө ярилцах, уран бүтээлээ туурвихдаа олон хоног харанхуйд байсаар байгаад түүндээ бүр дасчихсан. Яагаад гэхээр би өрөөнийхөө гэрлийг асаагаад байдаг хүн биш. Эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс илүү маш их зүйл тохиолддог. Нуруун дээр үүрэх ачаа их гэх юм уу даа. Тэрэндээ жоохон ганцаарддаг. Ганцаардах үедээ өөртэйгөө ярилцаад л “өө больё больё” гээд л гялс мартчихдаг.

-Ганцаараа амьдардаг уу. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ юу?

-Ээж, дүүтэйгээ амьдардаг. Ер нь жоохон эрх. Манай ээж намайг өөрөөсөө явуулах дургүй. Ганцаараа хэсэг амьдарч үзсэн. Гэхдээ ээж маань намайг ганцаараа байхад жоохон дургүй. Тийм болохоор тусдаа гарах хүртлээ ээжтэйгээ хамт амьдарна.

-Ёотон, Эрвээхий, Чихэр гээд уран бүтээл, хийж байгаа бизнесүүд нь их гоё гоё нэртэй байна л даа. Өөрөө ямар амттанд дуртай вэ, бас дуртай өнгө?

-Би мөхөөлдсөнд дуртай.

Дуртай өнгөний хувьд их тод өнгийн хувцас өмсөх юм гээд надад хүмүүс хэлж байсан. Яг тийм өнгө гээд хэлэхэд хэцүү л юм. Жоохон улаан, шар ч юм уу. Тод өнгөнд дуртай. /Инээв/

-Уран бүтээлч болохоосоо өмнө нарийн боов хийж байсан, найзуудаа гарынхаа хоолоор дайлдаг гэсэн. Ямар хоолонд дуртай вэ?

-Хүн л болсон хойно мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгээд маш цэвэрхэн ажил хийх хэрэгтэй байсан болохоор нарийн боовыг сонгож хийсэн. Тэрнээс өмнө тогоочоор сурч байсан. Манай гэрийхэн болон найзууд маань намайг сайн тогооч гэж магтдаг. Баяр ёслолоор надаар хоол хийлгээд байдаг шүү дээ. Миний дуртай хоол гэвэл Рамен байна. Ер нь үе үе сайхан рамен иддэг дээ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Он гарснаар нэлээд хэдэн уран бүтээлээ өлгийдөн авсан. Видеотой нэг уран бүтээлээ үзэгч олонд хүргэсэн. Мөн өөр уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийсэн. Тухайлбал, IB NI MACHD RAIHTAI,Сүүлчийн бүжиг, AMN-Chiher, NADAD HAMAAGVI гэх мэт уран бүтээл хийсэн байна. Яг одоо бол Татарын Заяа болон дуучин Хишигдалайтай хамтраад нэг уран бүтээл хийж байгаа. Тавдугаар сард ганцаараа болон дээд үеийн ах эгч нартай хамтарч гурав дөрвөн уран бүтээл гаргахаар төлөвлөсөн. Ер нь зогсолтгүй л урагшилсаар байгаа.

“Болд чинь бурхан биш шүү дээ. Магадгүй насны эцэст би ч God нь болох юм билүү”

-Дуучин Болдтой уран бүтээл гаргах бодолтой явдаг гэсэн. Хамтарч ажиллах санал тавьж байсан уу?

-Хүндэлж явдаг уран бүтээлчид гэвэл Man on the moon, Татарын Заяa, Opozit хамтлагийн Энэрэл байна. Уран бүтээлч хүн ер нь хамгийн шилдэг гэсэн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсдэг. Тийм болохоор Камертон хамтлагийн Болд ахтай хамтарч уран бүтээл хийхийг боддог. Мэдээж хийх л байх. Тэрнээс мөрөөдөл энэ тэр бол биш. Тэр хүн надад зохидог. Одоогоор бол царай царайгаа харж амжаагүй л байна. Уулзвал эхний ээлжинд танилцах байх.

Гэхдээ Болд чинь бурхан биш шүү дээ. Магадгүй, насны эцэст би God нь болцон ч байх юм билүү. Зүгээр л ард түмний сонголт.

roockie5.jpg

-Гаран дээрээ нэлээд их шивээстэй юм?

-Шивээсэнд дуртай. Би анхны шивээсээ ЕБС төгсөх жил хийлгэж байсан. Тухайн үед аав ээжээсээ нууцаар хийлгэсэн. Би дээгүүрээ нүцгэн унтдаг хүүхэд байсан. Тэгээд шивээс хийлгэснээсээ хойш пудволктой унтаад, тэгээд аав аль эрт мэдчихсэн. “Одоо нэгэнт хийлгэчихсэн юм чинь хувцасаа тайлаад нүцгэн унт” гээд надад хэлж байсан.

Гарын шуун дээрх эрвээхийг хамгийн сүүлд шивүүлсэн. Үргэлж сайн сайхныг дагуулах, цэвэр цэмцгэр, өнгөлөг, эрх чөлөөтэй байхын төлөө гэсэн утга санаагаар хийлгэсэн. Надад ёотон гээд бренд байгаа. Түүнээс урган гарсан мөн эрвээхий гээд брендтэй.

Ер нь урлагийн хүн тэр тусмаа жүжигчин мэргэжилтэй болохоор биеийн далд хэсэгт шивээс хийлгэдэг. Хэзээ нэгэн цагт том зорилгодоо хүрч жүжигчнээрээ явах учраас гарын шуу, бугуй бол яах вэ, хувцас өмсөөд дарагдах болохоор зүгээр байх гэж бодож байгаа. Нүүр, хүзүү энэ тэрээрээ хийлгэхгүй.

-Жүжигчин гэснээс киноны санал хэр ирж байгаа вэ. Ямар дүр бүтээхийг боддог вэ?

-Би яг ч сургуулиа төгсөөгүй байгаа л даа. Гэхдээ жүжигчний ур чадвартай гэж боддог.

Би түүхэн кинонд тоглох юмсан гэж боддог. Шивээстэй болохоор болдоггүй л гэдэг юм билээ. Яахав тухайн үед намайг тоглуулахаас өөр аргагүй “ОД” болно гэж боддог. 2019 онд нэг киноны нээлтэд оролцсон. Аймшгийн “ҮР” гээд киноны гол дүрд тоглосон. Миний тоглосон анхны кино байсан. Түүнээс хойш кинонд тоглох бодол маань улам бүр нэмэгдсэн.

roockie4.jpg

-Залуучуудыг басах хандлага нийгэмд их ажиглагддаг л даа. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Залуучуудыг хэрэгтэй зүйлдээ цаг зав гаргаж, ирээдүйд өөрсдийгөө бэлддэг байгаасай гэж боддог. Муу зүйлсээс хол, ялангуяа хар тамхи сэтгэцэд нөлөөлөх зүйлсээс хол байж бие биетэйгээ боловсон харьцаж, нэгэндээ урам өгдөг байгаасай гэж хүсдэг. Залуу хүмүүс л нийгмийг бүрдүүлж байгаа. Тиймээс илүү эрч хүчтэй байж нэг нэгэндээ эерэг цэнэг түгээж байгаасай гэж боддог.

“Таван харандаа байхад арай өөр өнгийн харандаа байхыг хүсдэг”

-Сошиалд хэр идэвхитэй хүн бэ?

-Идэвхитэй. Идэвхитэй байхаас өөр аргагүй. Фэйсбүүк, Инстаграм, Youtube, гээд бүгдийг идэвхитэй хэрэглэдэг. Ер нь өдөрт бүх мэдээллээ шалгаад орж гараад л байж байдаг.

Би ер нь цахимаар арай өөр хүн байхыг боддог. Мөн өөр зүйлийг дамжуулахыг зорьдог.

 Та бүхэн миний сүүлийн хоёр уран бүтээлээс ажигласан байх. Сүүлийн клип дээрээ өөрийнхөө санааг гаргаж ирлээ шүү дээ.

Таван харандаа байхад арай өөр өнгийн харандаа байхыг хүсдэг. Тэрүүгээрээ ялгарахыг хүсдэг. Мөн манлайлагч байхыг боддог.

-Надад хамаагүй гээд уран бүтээлийг найзуудаараа нийлж гаргасан. Одоо надад хамаатай болсон байна билээ. Энэ захиалагчтай юу, Сонгуулийн ажил гэж харагдаж байгаа?

-Тийм. Энэ захиалагчтай. Бид нийгэмд ямар нэг хэмжээнд сайн үйлсийн аян хийх ёстой. Тэр ч үүднээсээ залуучуудыг зөв сонголт хийхэд нь уриалж энэ зүйлийг хийж байгаа.

-Сайн явж, бусдаас өөр, илүү байсныхаа төлөө ийм бэртэл авсан байх гэж бодож байна л даа. Тэр залуу таньтай хамт амьдардаг байсан  гэж ярьсан?

- Хамт амьдардаг байсан ч нь хаашаа юм. Тэгэж л яриад байна билээ. Гэрт нь очдог байсан байхгүй юу. Бид нар танилцаад удаагүй байсан. Ахаа гэж хүндлээд гэрт нь очиж үгээ бичиж, хамт хоолоо хийж идээд, сайндаа л хоёр гурав хоног хонодог байсан байх. Мэдээж бид нар бага залуу байсан. Сайн хандаж байгааг нь гэнэ биз дээ. Муу сайнаа ялгаж байсан үе байхгүй юу.

Roockie.jpg

"Өнөөдрийг болтол надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй”

-Тухайн өдрөөс хойш холбогдсон уу?

-Уучлаарай гэж нэг ч удаа яриагүй шүү дээ.

-Эмнэлгээс гараад БНСУ-руу аялан тоглолт хийчихээд ирсэн гэсэн. Энэ талаараа яривал?

-Эмнэлгээс гараад л шууд явсан. Тоглолтоо хийчихээд, БНСУ-ын туршлагаас судлаад ирсэн. Хамгийн анхны аялан тоглолтоо Дорнод аймаг руу хийж байсан. Ерөнхийдөө нэг зүйлийг маш сайн ойлгосон. Албан ёсны компани, ААН, эсвэл том хүн оролцоогүй л бол ийшээ тийшээ яваад дэмий юм байна гэж бодсон. Яагаад гэхээр хамгийн сүүлд буюу 2019 оны наймдугаар сард Баянхонгор руу яваад бүтэлгүйдээд ирсэн. Замдаа онхолдож, зуучилсан хүмүүстэйгээ тохиролцоогүй ирсэн.

 

Санал болгох

Д.Цэцэгбадам: 479 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн

Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Цэцэгбадамтай тус прокурорын газраас Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлын талаар ярилцлаа.

5 өдрийн өмнө
Ш.Алтанцэцэг: Монголд үйлдвэрлэдэг эфирийн тос олон талын тустай

Эфирийн тосны  судалгаа, хэрэглээ, ач холбогдлын  талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ш.Алтанцэцэгтэй ярилцлаа.

5 өдрийн өмнө
Гавьяат эмч О.Сэргэлэн: Амьгүй донорт арван хүнийг амьдруулах чадамж бий

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат эмч О.Сэргэлэнтэй өнгөрсөн онд ярилцсаныг нийтэлж байна. Тэрээр 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан.

1 сарын өмнө
П.Дуламрагчаа: 25-аас дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь цус харвах эрсдэлтэй

Өнөөдөр “Тархины цус харвалттай тэмцэх өдөр” тохиож байна.

1 сарын өмнө