Б.Ганчулуун: Миний өрсөлдөгч би өөрөө

3
2020 оны 5 сарын 112020-05-11
96257052_684258482349662_2817738295545430016_n.jpg

Баатарын Ганчулуун. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Түүний хувьд “37-р точка” киноны Болдын дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр мөн ирэх бямба гарагт нээлтээ хийх гэж буй “ZURA”  киноны найруулагчаар ажилласан юм. Ингээд түүнтэй шинэ уран бүтээл болон уран бүтээлчийн амьдралын талаар ярилцлаа

____________________________________

ГОЛ ДҮРЭЭРЭЭ ТӨЛӨӨЛҮҮЛЖ КИНОНДОО “ZURA”  ГЭЖ НЭР ӨГСӨН

-Та Фантастик продакшны шинэ уран бүтээл “ZURA” киноны найруулагчаар ажиллажээ. Кино найруулах, дүр бүтээх хоёрын ялгаа өөрт тань хэр мэдрэгдэв?

-Манай продакшны залуус ачааллаа тэнцүүлж авах үүднээс би найруулагчийн багт орсон. Ерөнхий найруулагчаар Б.Тамир, Э.Алдар хоёр харин би нэгдүгээр найруулагчаар ажилласан. Миний хуьд өмнө нь "Параллель ертөнц" киноны найруулагчаар ажиллаж байсан. 

Найруулагч гэдэг бол тухайн уран бүтээлийг томоор нь, цогцоор нь бодож, хардаг нарийн ажил. Ерөнхий найруулагч Б.Тамир уг киноны гол дүрд тоглож байгаа болохоор хажуу талаас нь хараад зөвлөх, дэмнэх үүднээс найруулагчийн багт орж ажиллалаа. Өөрөө жүжигчин болохоор жүжигчдийн дотоод нарийн мэдрэмжүүдийг илүү ойлгосон. Тиймдээ ч  ойлголцоход хялбар байсан. 

-Киноны зураг авалтыг хэр хугацаанд хийв?
-Энэ бүтээл бол бидний 2016 онд гаргасан дөрвөн том төслийн хамгийн сүүлийнх нь. Зүрхний хилэн, Байтаг богд, 37-р точка, ZURA гээд бүгд төлөвлөгөөний дагуу хийгдэж дууслаа. Манай кинонд МУГЖ Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, Ц.Төмөрхуяг, СТА С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх гээд дандаа л тайз дэлгэцийн мундаг уран бүтээлчид тоглосон. 

Бидний хувьд өнгөрсөн оны наймдугаар сараас шинэ киноныхоо зохиол дээр сууж, аравдугаар сард бичиж дуусгасан. Киноны бэлтгэл ажлаа хийж дуусаад  арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл зураг авалт үргэлжилсэн. 

-Киноны нэр их өвөрмөц санагдсан. “Zura” гэж юу гэсэн утгатай үг вэ?

-Санскрит хэлээр дайчин гэсэн үг юм билээ. Хуучин цагт дайчид дайнд хаанаасаа тушаал аваад явдаг байсан. Харин орчин цагийн дайчид бол шүүх, прокрор, цагдаа нар. Хэдий дайнд явахгүй ч  улсаасаа даалгавар авдаг шүү дээ. Гол дүрээрээ төлөөлүүлж л ийм нэр өгсөн. 

-Шинэ киноныхоо нээлтийг онлайнаар хийхээр тов гарчээ. Цар тахал гараагүй бол кино театрт нээлтээ хийх байсан байх тийм үү?

-Уг нь бид кино театрт нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан. Цар тахалтай байгаа энэ цаг үед онлайнаар нээлтээ хийхээр боллоо. Онлайн нээлт энэ долоо хоногийн бямба гарагийн 19:00 цагаас болно. Харин үзэгчид “Юнивишн”, “Look tv”,”Skymedia”, “Skygo, “DDISH TV” зэрэг сувгуудаас үзэх юм. “Skymedia”, “Юнивишн”-ы хэрэглэгчид 88 дугаар суваг, DDISH TV-ийн хэрэглэгчид “live 900” сувгаар хүлээж авч үзэх боломжтой. Тус өдрийн 00:00 цагаас үзвэрийн захиалга нээгдэнэ.  Харин SkyGo-ийн хэрэглэгчид тавдугаар сарын  5-наас урьдчилан захиалах боломжтой.

"УРАН БҮТЭЭЛТЭЙ БАЙХАД ТӨРСӨН ӨДӨР БОЛОХ ИЛҮҮ ГОЁ"

-Өнөөдөр таны өдөр. Уран бүтээлчдийн төрсөн өдөр хөдөө хээр зураг авалт, тоглолтоор явж байхад болох нь олонтаа...

-2017 оны энэ өдөр “Зүрхний хилэн” киноны зураг авалттай байсан. Уран бүтээлтэй байхад төрсөн өдөр болох илүү гоё. Учир нь тэнд ажиллаж байгаа бүх уран бүтээлчид баяр хүргэнэ, боломж нь байвал торт тавьчихсан байна. Хөдөө байх юм бол жоорлосон чихэр, жимснээсээ өгнө. Элбэг дэлбэг биш ч хамт олонтойгоо тэмдэглэх маш сайхан. Энэ жилийн хувьд хөл хориотой байгаа тул гэртээ тэмдэглэх байх.

-“37-р точка” киноны  дүр бүтээсний дараа кинонд тоглох санал ирсэн үү?

-Ирсэн. Гол нь “Zura” киноны найруулагчаар ажилласан болохоор боломж гараагүй. Найруулагч киноны бүх л зураг авалтан дээр байх ёстой шүү дээ. Би “Zura” кинонд дүр бүтээсэн бол яахав. Зураг авалтынх нь төлөвлөгөөг зөрүүлж байгаад өөр уран бүтээлд тоглож болно. Манай продакшны залуусын хувьд өөр кинонд ер нь л тоглодоггүй. Учир нь бид төлөвлөгөө гаргачихсан байдаг болохоор төлөвлөгөөнийхөө дагуу л ажилладаг. Одоо бид дараагийн уран бүтээлээ хийх гээд бэлтгэл ажлууд хийгдэж байна. 

-Кинонд дүр бүтээсний дараа тухайн дүрээсээ гарч чадахгүй байсан л байх...

 

95771153_708030143298640_1762008855715250176_n.jpg

- Би “37-р точка” киноны Болдын дүрийг бүтээхэд мөрөө хавчдаг хөдөлгөөн хийдэг дээ. Тэр хөдөлгөөнийг киноны зураг авалт эхлэхээс өмнө найруулагчид санал болгоход “Чи өөрөө хийгээд хэвшүүлээд чиний дүрд тохиорч байвал болно оо” гэсэн. Тэгээд би тухайн хөдөлгөөнийг өөртөө суулгахын тулд нэлээн бэлдсэн. Эхлээд наалдаж өгөхгүй байсан ч өөрийн болгоод зураг авалтанд орлоо. Гэтэл зураг авалтын дараа бүр хэвшил болчихсон байсан. 

Мөн “37-р точка” кинонд бидний ээж эмнэлэгт нас бардаг шүү дээ. Яг тэр зургийг авч дуусаад зүрх жаахан салгалсан. Жинхэнээсээ ээжийгээ алдчихсан юм шиг санагдаад л. Гэхдээ аль болох тухайн мэдрэмжнээсээ хурдан салахыг боддог. Зураг авалт дууссан бол аль болох өөрийгөө чөлөөлөөд өөрөөрөө байхыг л боддог. Өөрийгөө чөлөөлөхийн тулд хөгжим сонсож, найзуудтайгаа сайхан юм ярьдаг. 

-Кинонд дүр бүтээх, амьдрал дээр Ганчулуун гэдэг хүний дүр бүтээх хоорондоо хэр ялгаатай вэ?

-Бид нар бол найруулагчийн өгсөн дүр дээр л ажиллах ёстой. Дүрийг голох эрх бидэнд үгүй. Мэдээж ямар ч дүр маш их ажиллагаа шаардана. Миний хувьд Ганчулуун гэдэг хүнээс тэс өөр хүнийг гаргаж ирэх гэж л ажилладаг.

-Та хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Хуучны киноны дүр болгон миний багш” гэсэн байсан. Хуучны кинонуудаас сэтгэлд хоногшсон, үзэх дуртай кино тань ямар кино вэ?

-Хуучны кино их үздэг. Учир нь түүхэн кино хийхийн тулд судалгаа хийнэ. Бидний хийх гэж байгаа кинотой төстэй хийгдсэн хуучны кинонуудыг үзэж, тэндээс хувцас, байгаа байдлыг судалдаг.

Миний хувьд “Тунгалаг тамир” “Мандухай цэцэн хатан”  “Тод магнай” “Гарьд магнай” “Цэц магнай” кинонуудыг үзэх дуртай. 

96138182_379032493055238_7975643913782296576_n.jpg

-Хуучны монгол кинонууд орчин үеийн монгол киноноос юугаа онцлог болоод хүмүүс үзээд байна вэ?

-Тухайн үед хэдэн зуун ажилтантай “Монгол кино” нэгтгэл гэж байсан. Одоо цагт техник технологи хөгжчихсөн болохоор нэг ангит киног нэгээс хоёр сарын дотор хийж байгаа. Харин дээр үед бүх зохиол намын төв хорооны хяналтаар ордог, жилдээ тэдэн кино хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тийм ураас сайн бүтээл гардаг байсан байх. Уран бүтээлчид нь ч чадвартай байсан. Ер нь бол кино урлагт хамгийн чухал юм бол санхүү , төсөв шүү дээ. Хуучны кинонууд бол бүгд л улсаас төсөв авдаг байсан. Том баг, томоор хараад сайн уран бүтээл хийсэн болоод л залуус хэчнээн ч үзээд уйдахгүй байгаа байх. Тэндээс сурч авах, мэдэх юм их бий. 

-Ер нь та дуртай киногоо хэр олон удаа үзсэн бэ?

-Мэдэхгүй Би ёстой тоолж үзээгүй. Оскарын шагналт “Шавшанкаас оргосон нь” киног маш олон үзсэн. Бараг тоогоо алдсан. Хамгийн сүүлд гэхэд “Game of thrones”-ыг их шимтэж үзсэн.

“БИДНИЙГ ЗОРИЛГО  ЗАНГИДДАГ...”

-Кино урлаг бол хамтын урлаг. Танай продакшныг нэгтгэж, атгасан гар шиг байлгаж байгаа зүйл юу вэ?

-Ерөөсөө л зорилго л биднийг нэгтгэдэг. Бид 2016 онд Европын Мальта улс руу зургаан сар хэлний сургалтанд явсан. Тэнд бид өнөөдрийг хүртэл хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. “Зүрхний хилэн” киноны зохиол тэнд хүний нутагт байхад бичигдсэн. Эх орон, ижий ааваасаа хол байхаар юм юм л бодогддог юм билээ. 

95219748_2808408852591285_3518825740214730752_o.jpg

Мэдээж бидэнд маргалдах үе бий.  Санаа оноо, үзэл бодол зөрөлдөнө. Эцсийн үр үр дүндээ бидний зорилго нэг учраас зангидагдаж эвлэрнэ. Найман өөр үзэл бодолтой ч бид уран бүтээлээ хийхдээ нэг сэтгэлтэй, зүрхтэй, нэг зорилготой байдаг.

Одоо бид гадны зах зээл рүү Монгол контентыг гаргах, худалдах, борлуулах, түүгээр дамжуулж монгол уран бүтээлчид эх орноо суртчиллах зорилго тавин ажмллаж байна.  Харин юун түрүүнд бидэнд хэл хэрэгтэй. Хэчнээн мундаг чадвартай ч хэл үгүй бол хоцрогдно шүү дээ. 

-Таны өрсөлдөгч хэн бэ?

-Миний өрсөлдөгч бол би өөрөө. Залхууралтайгаа, өвчинтэйгээ тэмцэнэ. Тэрнээс бол Тамираатай, Баяраатай, өрсөлдөөд яах юм. Би өөрийгөө л ялчихсан байхад би хэнийг ч ялна шүү дээ. 

-Киноны зураг авалтын үеэр тохиолдсон хөгжилтэй түүхээсээ хуваалцаач?

-Бид арван дайчдын амиа алдсан Байтаг богд гээд уулан дээр очиж бид зураг авалт хийсэн. Хээр цэргийн майханд байрласан. Байтаг богд уул Булган сумаасаа 100 км зайтай юм билээ. Ямар ч сүлжээгүй газар байсан. Нэг өдөр нэг машин сумын төв явахаар боллоо. Тэгэхэд хүн болгон юм захиж байна. Захиас болгоныг нь картных нь пин кодтой эрийтэл бичээд өглөө эрт машин сумын төвийг зорьсон. Харин үдэш нар жаргахтай уралдан ирж билээ. Естой л нэг тусламжийн бараа илгээлтээр ирж байгаа юм шиг болсон. Хэдий хөгжилтэй байснаа л ярьж байгаа болохоос биш хүндрэлтэй зүйл ч тохиолдоно.

Зураг авалт эхлэхээр хоол нойр, хоолоо аль болох зохицуулж ажилладаг. Өглөө 6 цагт босож, орой 12 гэж унтана. Заримдаа хоол идэх ч завгүй, зургандаа шахагдаж орох ч үе гарна.

Явж явж өлссөнөө мэдээд хоол идэх, ядарсанаа мэдээд унтах ч сайхан. 

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр ажилт хүсье.

Санал болгох

Vandebo хамтлаг дуучин С.Сэрчмаа нар хамтран уран бүтээл гаргажээ

Тус хамтлаг өнгөрсөн онд Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран уран бүтээл гаргасан билээ. 

8 цагийн өмнө
Cigarettes After Sex шинэ дуу гаргажээ

Америкийн эмбиент-поп хамтлаг Cigarettes After Sex "You're All I Want" нэртэй шинэ дуу гаргажээ.

9 цагийн өмнө
“Best of The Voice” Э.Эрхэмбаярыг ШИЛДГЭЭР нэрлэжээ

The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Эрхэмбаяр KNOCK OUT шатны үзүүлбэр тавдугаар сарын 22-нд Дэлхийн шилдэг үзүүлбэрийн жагсаалтад оржээ.

10 цагийн өмнө
Монгол залуу Австралийн “The Voice” шоунд оролцож, дөрвөн шүүгчийг эргүүлж чадлаа

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд  морин хуур, хөөмийн эгшгийг хослуулсан үзүүлбэр үзүүлжээ.

1 өдрийн өмнө