Л.Энхбаяр: Манай улсын терроризмын аюулын эрсдэл "Багаас дээш дунд түвшинд" гэж үнэлэгдсэн

2020 оны 5 сарын 122020-05-12
Л.Энхбаяр: Манай улсын терроризмын аюулын эрсдэл "Багаас дээш дунд түвшинд" гэж үнэлэгдсэн

 

Терроризмтой тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж, манай улсад Терроризмтой тэмцэх зөвлөл ажиллаж эхэлсэн. 

Тус зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга ахалдаг бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар Тагнуулын байгууллага терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Өнөөдөр бид Терроризмтой тэмцэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Л.Энхбаяртай энэ талаар ярилцлаа. 

-Та манай уншигчдад Терроризмтой тэмцэх зөвлөлийн талаар товч танилцуулахгүй юу?

-Терроризмтой тэмцэх зөвлөл нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ахлуулсан, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй.

Терроризмтой тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж Зөвлөлийн эрх зүйн үндэс тавигдаж төрийн 19 байгууллагын бүрэлдэхүүнтэй, 21 аймагт Салбар зөвлөлтэй, Зөвлөлийн ажлын албатайгаар хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ажиллаж байна.

2019 онд Терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль”-ийг УИХ-аас баталснаар Монгол Улсын терроризм болон зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоонд томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, Зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүрэг нэмэгдсэн. Тухайлбал, Зөвлөлд терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүргээс гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх чиг үүрэг шинээр нэмэгдсэн. Түүнчлэн хуульд терроризм, терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд НҮБ болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас өгсөн зөвлөмж, шаардлагуудыг тусгаж, эрх зүйн зохицуулалтыг бий болгосноороо чухал ач холбогдолтой.

Эрсдлийн үнэлгээгээр манай улсын терроризмын аюулын эрсдэл “багаас дээш дунд түвшинд” хэмээн үнэлэгдсэн

-Шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа вэ?

-Хууль батлагдсантай холбогдуулан хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, Зөвлөл, Салбар зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх ажлуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Зөвлөлийн ажиллах журам, Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг тус тус шинэчлэн найруулж, батлуулаад байна. Мөн Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулж эцэслээд байна.

-Терроризмтой тэмцэх зөвлөлийн үндсэн чиг үүрэг, эрх хэмжээг товчхон танилцуулбал?

-Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй.

Зөвлөлийн үйл ажиллагаа зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү төвлөрч байна.

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл нь

  • терроризмын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, терроризмоос ангид байх үзлийг төлөвшүүлэх
  • терроризмын нөхцөл байдал, түүний суурь нөхцөлийг үнэлэх замаар холбогдох үнэлгээ, дүгнэлт хийж түүнийг Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах
  • терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагыг шуурхай мэдээллээр хангах юм.

Хэрэв терроризмын шинжтэй гэмт хэрэг үйлдэгдсэн, халдлага болсон тохиолдолд Зөвлөл нь хуульд заасны дагуу террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй.

-Монгол Улсад терроризмын аюул занал бодитойгоор бий юу?

-Дэлхийн аль ч улс, хүн ам терроризмын аюул заналаас ангид байна гэж үгүй. Терроризм, түүний аюул занал ямагт оршсоор ирсэн. Гагцхүү аюул заналын цар хүрээ ямар байна вэ гэдэгт асуудлын гол бий.

Терроризмтой тэмцэх зөвлөл 2015 оноос эхлэн “Монгол Улсын терроризмын аюулын эрсдлийн үнэлгээ”-г жил бүр боловсруулж, ҮАБЗ болон төрийн холбогдох байгууллагуудад эрсдлийг бууруулахад чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсээр байна. Энэхүү эрсдлийн үнэлгээгээр манай улсын терроризмын аюулын эрсдэл “багаас дээш дунд түвшинд” эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн.

Зарим судлаач, иргэдийн зүгээс Монгол Улсад терроризмын аюул занал байхгүй, эрсдэлгүй мэтээр байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр юунд тулгуурлаж энэ байр суурийг илэрхийлж байгаа вэ гэдгээ тайлбарлах нь зүйтэй.

Олон улсын терроризмын нөхцөл байдлын индекс гэсэн ойлголт бий. Манай улс энэхүү индексээр терроризмын аюул занал харьцангуй бага хэмээн тодорхойлогдсон хэдий ч аюул заналыг шууд үнэлж, эрсдэлгүй улс гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаас, энэхүү индекс нь зөвхөн дэлхийн улс орнуудад үйлдэгдсэн террорист гэмт хэрэг, халдлага болон түүний улмаас амь насаа алдсан иргэдийн тоон мэдээнд үндэслэдэг. Эрсдлийг нэмэгдүүлж буй гадаад болон дотоод хүчин зүйлс ямар түвшинд байгаа, түүнээс манай улсад нөлөөлж болзошгүй асуудал юу байгааг тодорхойлж байж бид эрсдэлтэй юу үгүй юу гэдгээ мэднэ.

-Тухайлбал эрсдэлийг нэмэгдүүлж буй ямар хүчин зүйлс байна вэ?

-Эрсдлийг нэмэгдүүлж буй гадаад хүчин зүйлд олон улсын террорист байгууллага, тэдгээрийн гадаад террорист дайчид (foreign terrorist fighters)-ын гуравдагч улс орнууд руу шилжиж буй шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна.

Өнгөрсөн хугацаанд террорист байгууллагад дэлхийн 120 орчим улсаас 50 мянга гаруй иргэд эх орноо орхиж, гишүүнээр элссэн тоо баримт бий. Террорист байгууллагуудын эсрэг дэлхийн улс орнууд цэргийн ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд үйл ажиллагааны хүрээ хумигдаж, улмаар гишүүд нь гуравдагч улс орнууд руу шилжих, нэвтрэн суурьших, улмаар террорист халдлага үйлдэх аюул занал бодитой байна.

Манай улсын хувьд эдгээр этгээдүүд нэвтрэн орж ирж болзошгүйг олон улсын байгууллагуудаас анхааруулж байгаа.

Харин дотоод хүчин зүйлсийн тухайд террорист үйлдэлд ашиглагдаж болзошгүй зэвсэг, хэрэгслийн хяналт сул, олон нийтийн сүлжээ зэргээр дамжуулан суртал ухуулга явуулах, гишүүн элсүүлэх зам сувагт тавих хяналт сул, терроризмын суурь нөхцөл үүсэн бүрэлдэх эрсдэлтэй, терроризмтой тэмцэх байгууллагуудын чадавх сул зэргийг товчхон дурдаж болохоор байна.

-Тэгвэл эрсдэлийг бууруулахад хамгийн чухал зүйл нь юу байх ёстой?

-Эрсдлийг бууруулах чиглэлээр тус зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсээр байна.

Хуульд заасны дагуу тагнуулын байгууллага нь зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд тэргүүлэх чиг үүргийг гүйцэтгэж байгаа хэдий ч энэхүү тэмцэл нь дан ганц нэг байгууллагын оролцоонд тулгуурлаж байсан түүх байхгүй. Терроризмын аюул занал, түүний эрсдлийг бууруулах, түүнтэй амжилттай тэмцэхийн үндэс нь хамтын хүчин чармайлт байсаар ирсэн. Тийм учраас терроризмтой тэмцэх үйл ажиллагаа нь иргэн, олон нийтийн байгууллага, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг туслалцаанд тулгуурладаг. Үүнийг НҮБ болон олон улсын бусад байгууллагаас ч гишүүн улс орнуудад зөвлөмж болгож байна.

Энд онцлоход, терроризмын эрсдлийг бууруулах хамгийн том хүчин зүйл бол иргэд, олон нийтийн байгууллага, тэдгээрийн дэмжлэг, туслалцаа юм. Иймд бидний зүгээс иргэдийг соён гэгээрүүлэх, аливаа терроризмын шинжтэй суртал ухуулгад автуулахгүй байх, энэ чиглэлээр олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлд анхаарч байна.

-Иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр ажилласан гэдэг нь содон сонсогдож байна. Энэ чиглэлээр ямар ажлууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлэв?

-Энэ ажил нь Зөвлөл, түүний ажлын албаны хариуцсан үндсэн чиг үүрэг юм.

Өнгөрсөн хугацаанд Зөвлөлөөс өөрийн бүрэлдэхүүн байгууллага, аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн албан хаагч, иргэд, олон нийт болон их, дээд сургуулиудын оюутан залууст терроризм, түүний аюул занал, түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, түүнд иргэд, олон нийтийн байгууллагын оролцоо гэсэн сэдвүүдийн хүрээнд нийт 10,000 орчим хүнд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулаад байна.

Түүнчлэн терроризмын орчин үеийн чиг хандлага, олон улсын нөхцөл байдал, манай улсад нөлөөлж болох хүчин зүйлсийн талаар тогтмол судалгаа, дүн шинжилгээний ажил хийж, ҮАБЗ болон бүрэлдэхүүн байгууллага, салбар зөвлөлд сар тутам мэдээлэл хүргүүлэхийн зэрэгцээ тухайн мэдээллийн нийтэд танилцуулж болох хэсгийг зөвлөлийн болон тагнуулын байгууллагын цахим сайт дээр байршуулах замаар иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байна.

-Олон улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага ямар байгаа вэ? Танай зөвлөл энэ тал дээр юунд анхаарч ажиллаж байна?

-Зөвлөлийн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн нэгэнд терроризмын нөхцөл байдал, суурь нөхцөлийг үнэлэх замаар үнэлэлт, дүгнэлт бүхий мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн холбогдох байгууллагад танилцуулах юм. Энэ хүрээнд бидний зүгээс олон улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, түүний манай улсад үзүүлж болзошгүй нөлөөлөл, эрсдэл юу вэ гэдгийг тодорхойлно.

Олон улсад терроризмын нөхцөл байдал үндсэндээ өөрчлөгдөн хувьсаж байна. Террорист байгууллага, этгээдийн зүгээс үзүүлэх аюул занал бодитоор оршсоор байна.

Террорист байгууллагын гадаад террорист дайчдын шилжилт хөдөлгөөн тулгамдсан асуудал болж байна. Тэдний хувьд Ирак, Сирийн бүс нутгаас шахагдаж гуравдагч орон руу нэвтрэхийг санаархаж байна. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалж террорист этгээдүүд шилжин суурьших хамгийн таатай бүс нутагт Төв Ази орж байна.

Шашин болон зохион байгуулалттай гэмт хэрэг тэр дундаа хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, газар зүйн байршил зэрэг нь Төв Азид террорист этгээд шилжин суурьших таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн тэд үйл ажиллагааныхаа арга хэлбэрийг өөрчлөх болсон. Тухайлбал, цахим орчинд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, жижиг бүлэг, бүлэглэлүүд өөрсдийн санхүүжилтийн эх үүсвэрээ бие даан шийдвэрлэх болж байна. Түүнчлэн халдлага үйлдэхдээ шинэ технологи, хими, биологи, цөм, цацраг идэвхт бодис, хэрэгсэл ашиглахыг эрмэлзэх болсон.

Иймд бидний хувьд энэхүү нөхцөл байдал, суурь нөхцөлийг үнэлэх замаар өөрсдийн үйл ажиллагааг төлөвлөх, төр, засгийн удирдлагыг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах, Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдаанд энэхүү асуудлыг гишүүддээ танилцуулж тогтмол мэдээлэл өгч ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд Терроризмтой тэмцэх зөвлөлөөс соён гэгээрүүлэх үйл ажиллагаанаас гадна өөр ямар томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн бэ?

-Зөвлөл нь Монгол Улсын “Терроризмын аюулын эрсдлийн үнэлгээ”, “Терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээ”-г жил бүр боловсруулж, холбогдох зөвлөмж, чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

Монгол Улсад террорист гэмт хэрэг, халдлага үйлдэгдсэн үед шуурхай хариу арга хэмжээ террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдсэн дадлага сургуулийг 2018 оноос хойш “Хаан Шонхор” нэрийн дор зохион байгуулах болсон. Энэ хугацаанд сөрөг тусгай ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллагын 1,800 гаруй албан хаагчийн томоохон дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан.

Түүнчлэн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлтэй хамтран сөрөг тусгай ажиллагааны бүсийн дадлага, сургуулийг жил бүр зохион байгуулж байна.

-Терроризмтой тэмцэхэд дотооддоо иргэд, олон нийт, төрийн оролцоо, дэмжлэг чухал юм байна. Харин бусад улс орнууд, олон улсын байгууллагатай ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Монгол Улс нь терроризмтой тэмцэх олон улсын 19 гэрээ хэлэлцээрээс 13-т нь нэгдэн ороод байна. Цаашид үлдсэн 6 гэрээ хэлэлцээрт нэгдэн орох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2010 онд БНТУ-тай “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Улмаар 2015 онд ШХАБ-ын Терроризмтой тэмцэх бүсийн бүтэц байгууллагатай “Терроризм, экстремизмтэй тэмцэхэд хамтран ажиллах, мэдээлэл солилцох” протокол байгуулсан.

Өнгөрсөн онд БНКаз Улс, БНКиргиз Улс, ОХУ-тай “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулан хамтран ажиллаж байна. Тус зөвлөлөөс НҮБ, ЕАБХАБ, ШХАБ-ын ижил чиг үүргийн байгууллага болон гадаад улсын терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудтай чадавхи бэхжүүлэх, мэдээлэл солилцоо, сургалт дадлага, хурал зөвлөгөөн болон хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр олон чухал үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж ирсэн.

Тухайлбал, 2019 онд НҮБ, ЕАБХАБ-тай хамтран “Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд бүх нийгмийг хандуулах” сэдэвт бүс нутгийн өндөр түвшний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус хуралд төлөөлөгчдийн зүгээс оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн дуу хоолой, дэмжлэг туслалцаа энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал гэдгийг тунхагласан.

-Та дээр Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдааны талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-ТТЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан байдаг. Зөвлөлийн хуралдааныг улиралд нэг удаа хийнэ гэсэн журам бий. Зөвлөлийн хуралдааныг тогтмол хийх нь чухал ач холбогдолтой.

Хуралдаанд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр танилцуулах болон хэлэлцүүлэх асуудлыг Ажлын албанаас боловсруулж шийдвэр гаргуулдаг. Тухайлбал, Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр Зөвлөлийн гишүүн байгууллагуудыг цаг үеийн мэдээ, мэдээллээр тогтмол хангадаг. Олон улсын болон бус нутгийн терроризмын нөхцөл байдал, чиг хандлага ямар байна, үүнтэй уялдан манай улс юунд анхаарч ажиллах вэ гэдгийг Ажлын албанаас тодорхойлж гишүүдэд мэдээлэл танилцуулдаг.

Зөвлөлийн хуралдааныг 2017 оноос хойш тасралтгүй зохион байгуулж терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн олон чухал шийдвэр хуралдаанаас гарсан. Зөвлөлийн 2020 оны ээлжит хоёрдугаар хуралдааныг бид 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Хуралдаан зохион байгуулах зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос авсан бөгөөд оролцогчдыг 2 метрээс багагүй зайнд байлгаж, халдварын сэргийлэлт хяналтыг чанд мөрдөн, хүн бүрийг хамгаалах хэрэгслээр хангаж аюулгүй байдлын өндөр түвшинд зохион байгуулна.

-2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болох Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдааны талаар тодруулъя.

-Зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлыг холбогдох саналын хамт боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Хуралдааны шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Түүнчлэн хуралдаанд Ажлын албанаас өмнөх хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт болон зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын товч тайланг танилцуулна.

-Чухам ямар асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.

  1.     Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлж Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Анх удаагаа үндэсний хөтөлбөртэй болох гэж байгаа бөгөөд энэ нь зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлж, дунд хугацааны бодлогын хэмжээнд авч үзэж буйгаар онцлогтой.
  2.     Тус зөвлөл нь 2019 онд батлагдсан хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хүлээж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр буюу хими, биологи, цөм цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус зөвлөлөөс цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцүүлнэ.
  3.     Улсын хэмжээнд байлдааны болон үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, химийн хортой болон аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, устгалын нөхцөл байдал, түүнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлнэ.
  4.     Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх тухай саналыг хэлэлцүүлнэ. Зөвлөл нь 19 байгууллагын бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнд цаг үеийн хэрэгцээ, шаардлага, холбогдох үндэслэлийн дагуу зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороог шинээр оруулах саналыг хэлэлцүүлнэ.

-Улсын онцгой комиссоос хуралдаан зохион байгуулах зөвшөөрөл авсан талаар хэллээ. “Ковид 19”-ийн цар тахлыг зарим судлаачид биотерроризм гэж үзэж байна. Энэ тал дээр танай байр суурь ямар байгаа вэ?

-Терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллага, тусгай албадын зүгээс энэхүү цар тахлыг биотерроризм гэж албан ёсоор дүгнэсэн зүйл байхгүй байна.

Зарим нэг судлаач, албаны хүмүүсээс биотерроризмын шинжтэй байж болзошгүй гэсэн таамаглалууд дэвшүүлж байгаа хэдий ч нотлогдсон зүйл алга. Гэхдээ дэлхийн ихэнх улс орнуудын хувьд цар тахлын үед авч буй арга хэмжээ нь биотерроризмын халдлагын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй төсөөтэй байна.

Биотерроризмын цар тахлаас ялгарч буй гол шинж нь өвчин үүсгэгч нян, вирус, бактерийг лабораторын аргаар зориудаар гарган авч түүнийг хүн ам, ургамал амьтанд санаатайгаар халдварлуулах, өвчлүүлэхэд оршдог. Өөрөөр хэлбэл биотерроризм нь үй олноор хөнөөх зорилгоор зэвсэг бүтээх, түүнийг ашиглах шинжтэй байдаг.

Санал болгох

Б.Отгонжаргал: Ажил алба, гэр бүл үр хүүхдээрээ эн тэнцүүхэн бахархдаг

Бид энэ удаа эх үрсийн баярын босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын  жижүүрийн албаны хэлтэс байхаас эхлэн Мэдээлэл шуурхай удирдлагын төв болтол нь тасралтгүй ажилласан дуудлага хүлээн авагч,  цагдаагийн ахмад, дөрвөн хүүхдийн Б.Отгонжаргалтай  ярилцлаа.

1 өдрийн өмнө
Н.Сувд-Эрдэнэ: Оюуны боловсролтой ч сэтгэлийн боловсролгүй хүнийг би тийм ч их хүндлэхгүй

Нарангэрэлийн Сувд-Эрдэнэ. БНСУ руу түүнийг мөрөөдөл нь хөтөлсөн ч хувь тавилан түүнд өөр бэлэг бэлдсэн байж. Хүний нутаг, гүний хошуунд суралцаж байх үедээ том хагацлын өмнө толгой гудайсан ч сэтгэлийнхээ хүчээр тэр бүхнийг даваад гарсан тэрбээр одоо UBS телевизэд нэвтрүүлэгчээр ажиллахын сацуу СУИС-ийн РТМУС-д багшилдаг юм. Нэр, зүс мэдэхээс хэтрэхгүй тул түүний дотоод ертөнцтэй  танилцахаар түүнийг зорилоо.  

1 өдрийн өмнө
“Шидэт Хуудас” номыг худалдан авч ЭХ ҮР уулзах баярт мөчийг нэг алхмаар ойртуулаарай

“Эх үрсийн баяр” хэдхэн хоноод боллоо. Гэтэл энэ жилийн хүүхдийн баярыг охин, зээ хоёр маань өвчний улмаас өөр улсад тэмдэглэх болох нь...

5 өдрийн өмнө
Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

7 өдрийн өмнө