У.Уянга: Фантастикийн Баярбат ахыг крашилдаг

1
2020 оны 5 сарын 142020-05-14
У.Уянга: Фантастикийн Баярбат ахыг крашилдаг

 

Тайрмал үс, ялдамхан инээмсэглэл, өөрийн гэсэн хэв маяг, мэргэжлийн бус ч урлагт хөтлөгдөн жүжигчний карьераа эхлүүлэн нэлээдгүй уран бүтээлд тоглож, та бүхний зүрх сэтгэлд том орон зайг үүсгэсэн залуу уран бүтээлчийг энэ удаагийн “Crush” буландаа урьж оролцууллаа.

Энэ хүн бол  Фантастик прадакшны жүжигчин, залуу уран бүтээлч, “37-р точка” ОАУСК-ны Сувдаагийн дүрийг маш чадварлагаар бүтээсэн У.Уянга юм.

Тэрээр Хот ба бүс нутаг төлөвлөлт мэргэжилтэй, сайн гэргий, сайн ээж, маш олон залуусийн хайрыг татсан нэгэн билээ.

------------------------------------------------------------------------------------

-Сувдаагийн дүрээр олон хүний сэтгэлд хүрлээ шүү дээ. Мэргэжлийн жүжигчин биш ч цаанаасаа урлагийн мэдрэмжтэй санагдсан. Багаасаа урлагт хайртай нэгэн байв уу?

-Тиймээ. Сувдаагийн дүрээр намайг төсөөлдөг хүн олон байх. Миний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн. Бага насаа маш завгүй өнгөрөөсөн л дөө.  Хэдий гэр Налайхад ч гэлээ, циркэд ирж уран нугардаг байсан.

Багаасаа урлагт хайртай хүүхэд байсан юм л даа. Найрал дуу байсан ч голд нь амаа хөдөлгөөд зогсчихдог байсан. Уг нь бол таг солгой хоолойтой шүү дээ.

Оюутан болоод ч урлагаас холдоогүй. Эмоци продакшнд бүжигчнээр хоёр жил ажилласан. Тэгээд ерөнхийдөө урлагийн ах эгч, найз нөхөдтэй болсон.

Айлын том, доороо нэг дүүтэй. Долоо билүү наймдугаар ангидаа Налайхаас хот руу орж ирээд арван жилээ 24-р сургуульд дүүргэсэн. 2016 онд МУИС-ийг Хот ба бүс нутаг төлөвлөлт мэргэжлээр төгссөн. МУИС-д ороод нөхөртэйгөө танилцсан. Хамт амьдраад 7 жил болж байна. Бид хоёр гурван настай нэг хүүтэй.

-Гэр бүл болоод багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Нөхрийн тань ямар зан чанар таалагддаг вэ?

-Миний нөхрийг Б.Санаа гэдэг. Хань минь хүн бүртээ адилхан харьцдаг. Маш эелдэг. Хүүхдэд хайртай. Хамгийн гол нь намайг маш сайн ойлгож, дэмждэг. Надаас ах болоод ч тэр юм уу, маш сайн зөвлөгч байж чаддаг. Зарим эмэгтэй хүнээс ч илүү нямбай. Би энэ зан чанараас нь суралцсаар л явна. Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулдаг. Тиймээс ч миний хань өдий болтол гадаадад маш сайн ажиллаж байгаа байх.

-Гадаадад ажилладаг гэлээ шүү дээ. Хол байх хэцүү юу?

-Эхэндээ жоохон хэцүү л байсан. Одоо ч бүр дасчихаж дээ. Манай нөхөр ирэн очин л байдаг юм. Анх хүүхдээ олсоноо мэдхэд бас л гадаадад байсан. Утасны цаанаас хоёулаа уйлж инээгээд л. Ер нь хаана ч байсан баяр жаргал, зовлон гунигаа хуваалцчихдаг юм.

 

4.jpg

"Миний анхны хайр бол миний хань"

-Бие биенийхээ анхны хайр нь гэсэн. Энэ үнэн үү? 

 -Тиймээ. Миний анхны хайр бол миний хань юм. Ханьтайгаа хамт байхад хамгийн гоё мэдрэмжүүдийг авдаг. Анхны гэсэн бүх сайхан дурсамжийг түүнтэйгээ бүтээж байгаа. 

-Амжилттай яваа хүний ард, маш сайн ойлгодог гэр бүл байдаг шүү дээ. Зураг авалтаар хөдөөгүүр  явахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Сүүлд нэг зүйлийг маш сайн ойлгож авсан. Урлагийн хүнийг гэр бүлийнхэн нь л маш сайн дэмждэг бол тэр хүнээс сайн уран бүтээл гарна. Хэрвээ араас нь байнга залгаад л, ирээчээ бариачээ гээд байвал анхаарал төвлөрөхгүй, бараг сүнс нь гэртээ харьчихсан байна шүү дээ. Тийм болохоор араас залгахгүй, тайван байх нөхцлийг бүрдүүлээд, ажилаа урамтай хийх эрч хүчийг олгодог зүйл бол гэр бүл юм.

Хүүхэд өвчихөөд байна шүү дээ, хурдан ирээчээ гэдэггүй. Санаа зоволтгүй ээ санаа амар ажлаа хийчихээд ирээрэй гэх чинь шал өөр шүү дээ. Намайг манай гэрийнхэн маш сайн ойлгодог. Хэзээ ч араас залгаад хурдан ир энэ тэрээ гэдэггүй. Ажлаа сайн хийгээрэй, амжилт гэж урам өгдөг. Манай ээж миний хүүг байнга харж өгдөг. Манай нөхөр бол маш сайн ойлгодог. Юун кино мино шал өөр мэргэжилтэй юм байж  гэж ганц ч удаа хэлж байгаагүй.

-Краш гэдэг үгийг Уянга юу гэж ойлгодог вэ?

-Үерхэх магадлал маш бага тийм харилцааг л хэлэх болов уу даа. Жишээлбэл, би Солонгосын од И Мин У-г крашладаг. Нэг ёсны бүтэлгүй дурлал юм.

-Өөр крашуудаа нэрлэвэл?

-Маш олон краш байна. Хүмүүсээс харамлаад байдаг юм. Peaky Blinders киноны Joe Cole жүжигчин бол миний краш. Нөхөр бол крашд тооцогдохгүй гэж бодож байна. Учир нь бие биедээ хайртай болоод бүр гэр бүл болчихсон болохоор. Монголоос гэвэл дуучин Болд байна.

 

3.jpg

"Би Баяраа ахыг хараад  л крашилсан"

-Фантастик продакшнийхан шижигнэсэн сайхан залуучуудтай шүү дээ. Эдгээрээс аль нэгийн сонгож крашла гэвэл хэнийг нь сонгох вэ?

-Баярбат ахыг сонгоно. Тамираа ах дуудаад киноны пробонд  орох гээд очсон чинь олон жил хараагүй болоод ч тэр юм уу, Баяраа ах аймар өөр болчихсон байсан. Тэгээд л би гэнэт Баяраа ахыг хараад крашилсан.

-Дурлалын талаар асуумаар санагдаж байна л даа, Бүтэлгүй дурлалтай хэр учирч байсан бэ. Анхны харцаар дурлаж байсан уу?

-Бүтэлгүй дурлалтай нээх аймар учирч байгаагүй ээ. Анхны харцаар ч бас дурлаж үзээгүй. Арван жилдээ ер нь бараг үерхэж байгаагүй. Төгсөх ангидаа нэг залуутай үерхэж байгаад удалгүй салчихсан. Бүтэлгүй дурлал гэх юм бол тэрийг л хэлэх байх.

-Хот төлөвлөлт мэргэжлээр төгсчихөөд одоо жүжигчнээр ажиллаж байна шүү дээ. Цаашдаа алийг нь давамгайлж хийх вэ?

-Хот төлөвлөлт гэж ерөнхий мэргэжил учраас цаашдаа нарийн мэргэжлээр сурах шаардлагатай байгаа. Хотын эдийн засаг, газар зохион байгуулалт, төлөвлөлт гээд маш олон салаа байдаг. Энэ дотроосоо сонгоод гүнзгийрүүлж сурах төлөвлөгөөтэй байгаа. Улаанбаатар хотод стандарт дүрмээрээ баригдсан барилга ховор байдаг. Хотын хамгийн чухал зүйл нь гудамж шүү дээ. Яриад байвал их юм байна. Мэдээж энэ мэргэжлээр цаашдаа сурч мэргэшиж байгаад ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Жүжигчнээрээ мөн ажилласаар л байна байх.

-Багаасаа урлагт хайртай байсан гэсэн. Тэгвэл яагаад урлагийн хүн болоогүй, энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Би урлагийн хүн болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Бүжигчин болохоор 10,11-р ангидаа СУИС-ийн леце сургуульд элсэхээр ээжийг дагуулж очиж байсан. Гэсэн ч тухайн жил бүжигчнээр элсэлт авахгүй, харин хуучирын анги үлдсэн орж болно гэсэн. Би бас хуучирын ангид тухайн үед орчих уу энэ тэр гэж бодож байсан. Тэгээд ээж зөвшөөрөхгүй буцаад л хуучин сургууль дээрээ очиж сургуулиа төгсөж байсан. Жүжигчин болно гэж бүр огт бодож байгаагүй.

-Сүүлийн үед юу хийж байгаа вэ, киноны санал ирсэн үү?

-Одоогоор ямар нэгэн уран бүтээлийн санал ирээгүй байна. Ер нь бол киноны санал ирдэг. Гэхдээ Фантастик продакшнд харьяалагддаг учраас тоглох тоглохгүйг тэд шийддэг.

 

uynga.jpg

“Анхны клипэнд 20000 төгрөг төлж 2 секунт л тоглосон байдаг юм"

-Хамгийн анхны уран бүтээлийн санал хэрхэн яаж ирж байсан бэ?

-Хамгийн анх клипэнд мөнгө төлж тоглож байсан. 11-р ангид байсан юм. Сургуулиа төгсөх дөхчихсөн байхад нэг эгч ирээд “За хүүхдүүдээ танай сургууль дээр бид нар клипний зураг авалт хийнэ оролцох хүүхэд байвал нээлттэй. Манай клипэнд тоглоод залуу насаа мөнхлөх боломжтой” гэж хэлж байсан. Тэгсэн нөгөөх нь бүр нэг хүний 10-20 мянган төгрөг төлж оролцуулах байсан юм билээ.

Тэгсэн найзууд маань оръё, оюутан болоход энэ дуу од болчихсон байна гээд, тэгээд орсон. Одоо бодоод байхад инээдтэй ч, үнэхээр л залуу насаа мөнхөлсөн шүү.

Тухайн үед нөгөө клипээ хайж хайж нэг юм үзсэн чинь 20000 төгрөгөөр хоёр секунт л тоглосон байна билээ.

Тэгээд дараа нь Эмоцид бүжигчнээр ажиллаж байхдаа богино хэмжээний кинонд тоглож байсан. Үүний дараа Фантастик продашны зураглаач Ц.Амартүвшин ахын саналаар  пробонд орж тэнцээд “18 нас би чамд хайртай” УСК-нд тоглож байсан. Харин хүмүүсийн хамгийн сайн мэдэхээр Мааз хамтлагийн Хайр эмзэгхэний клипэнд энэ уран бүтээлийнхээ дараа тоглосон.

-Клип, богино хэмжээний кино, УСК, ОАУСК гээд энэ болгонд тоглоод ард нь гарчихлаа шүү дээ. Кинонд тоглох хэр санагдав? Хүнд зүйл юу байв?

-Кинонд тоглох чинь өөрөө кино юм байна билээ шүү дээ. Анх 18 нас би чамд хайртай дээр тоглож байхдаа аймар сандарч байсан. Ядаж байхад дандаа зурагтаар гардаг, мундаг үлгэр дуурайлал авдаг хүмүүстэйгээ нэг кинонд тоглоод ч тэр юм уу. Олны сценийг тоглох гэж хамаг байдгаараа сандарчихсан, бүр хөлс гарчихсан байсан.

Анх клипэнд тоглож байхдаа өөр тийшээ харах ёстой байхад эсрэгээрээ камер руугаа хардаг байсан. Тэгээд бага багаар сурч явсаар өнөөдөр хамгийн сайн уран бүтээлүүдийг гаргаж байгаа фантастикийн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж байна.

Би төрөөд бараг 2 жил ямар ч уран бүтээлд тоглоогүй байсан.Тэгээд сүүлд “Orange” интертайментийн киносутра, Фантастик продакшны 37-р точка уран бүтээлүүдэд тоглосон.

Кинонд тоглохын хамгийн гоё зүйл нь маш сайхан хамт олонтой болох явдал байдаг. Фантастикийн уран бүтээлчид бүгд чадварлаг. Зургийн талбайд нэг ч хүн дэмий сэлгүйцээд ч юмуу, эсвэл зүгээр суугаад байдаггүй. Бүгд завгүй эрч хүчтэй залуус байдаг болохоор би ч бас дагаад тийм болж байгаа.

-Үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

-Хамгийн том үлгэр дуурайлал авдаг хүн бол миний ээж. Мөн би ханиасаа үлгэр дуурайлал авдаг. Ер нь хүн болгонд нэг сайхан зан чанар байдаг болохоор хүний сайныг нь олж харж үлгэр дуурайлал авдаг даа.

 

уянга.jpg

-Сошиал дээр хэр идэвхтэй вэ?

-Би инстаграмаа түлхүү ашигладаг. Фэйсбүүк дээр шэйрлээд л байж байдаг.

-Крашуудаас нь ирж байсан хамгийн сайхан мессеж юу байсан бэ?

-Нөхөртэй чинь, хүүхэдтэй чинь, өөрийг чинь, тэгээд нохойтой чинь хайрлая гэсэн зурвас ирж байсан юм байна.

-Улаанбаатар хотын хамгийн очих дуртай газар гэвэл?

-Миний гэр шүү дээ. Гэр бол хамгийн жаргалтай, тайван газар минь.

-37-р точка киноноос хамгийн дурсамжтай хэсгийг нэрлэвэл?

-Тулгат Хосоо хоёрыг дагаад шоудна гээд гангалаад гарч ирдэг хэсэг. Яг тэр гэрээс гараад явж байсан хэсэг хамгийн гоё хэсэг. Гадаа дулаахан гоё байсан болохоор тэр үеийг бодохоор нээх гоё дулаахан мэдрэмж төрдөг.Ер нь л манай киноны бүх л хэсэг гоё байсан даа.

 

 

Санал болгох

Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

2 өдрийн өмнө
О.Цолмон: ТҮЦ-ээр орж ирсэн хүмүүс хоосон гардаггүй

Цахим орчинд “ТҮЦ-ийн Дагина” хэмээн нэрлэгдэх болсон нэгэн бүсгүйг бид зорилоо. Түүнийг Отгонбаярын Цолмон гэдэг. Тавдугаар сарын 10-ны өдөр “BEAUTY ТҮЦ” байгуулж Хайлаастын өнгө үзэмжийг нэмэгдүүлжээ. Тэрээр энэхүү газарт төрж өссөн бөгөөд алслагдсан дүүрэгт гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байхгүйгээс энэхүү ТҮЦ-ээ байгуулах болсон байна. Түүнтэй хэдхэн хором ярилцсанаа хүргэе.

2 өдрийн өмнө
Синдикат ярилцлага #49: Хувьцаатай иргэн, хуримтлалтай Монгол

Цар тахлын хүнд байдлыг улсын эдийн засаг болон бизнесийн салбар хэрхэн даван туулах вэ, төрөөс авч буй бодлогын хүрээнд зах зээл руу оруулж, иргэдэд өгч буй олон зуун тэрбум төгрөгийг хэрхэн үр ашигтай зарцуулах ёстой юм, хуримтлал үүсгэж, хувьцааны ногдол ашгаа өв хөрөнгө болгож чадах уу зэрэг сэдвийг хөндсөн Синдикат ярилцлагын 49 дэх дугаар танд хүрч байна.

8 өдрийн өмнө
Д.Очирхуяг: Монголд баялгийн хараал биш баялгийн хулгай нүүрлэсэн

Бизнес эрхлэгчийн дуу хоолойг төрд хүргэхээр Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Даваанямын Очирхуягтай ярилцлаа.

9 өдрийн өмнө