+30 нэр дэвшигч Та нар сонс!

2020 оны 5 сарын 172020-05-17
+30 нэр дэвшигч Та нар сонс!


Аргагүй, аргагүй цаг нь . . . одоогийн улс төр, хөрөнгө мөнгөний найруулагч, гол дүрүүд та нарын насан дээр, зарим нь түүнээс ч багадаа тухайн үеийн 30, 40, 50-иад оныхныг түрж гарч ирсэн, тэр үеийн уриа лоозон нь биелэлгүй өнөөг хэр төрлөө олоогүй сүнс шиг хэсүүчлэн амьтан хүнийг айлгаж явна. Тэд дээд үеийнхэндээ тавьж байсан тэр үеийн зарчмын шаардлагыг одоо та нар дээд үеэсээ шаардаж байна. “Хүнд суртлын аппрадыг устгая!”, “Залуу үеийг бүү басамжил!”, “Ардын эрхэт төр хэрэгтэй!”, “Бид ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө амь насаараа дэнчин тавьж байна!”, “Улс төрийн товчоог огцорхыг шаардаж байна!”, “Ашигт малтмал, байгаль ээж минь сүйдэж байна!”, “Зээлийн социализмыг халъя!”, “Хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэе!”, “Тэгш эрхийг шаардаж байна!”. Уг нь өнгөрсөн 30 жилд эдгээр лоозонгийн учрыг олчихсон, эдүгээ дэлхийд хүч үзэх замдаа орчихсон байх байтал 30 жилийн өмнө нусаа татаж гүйсэн бидний үеийхэн ах нарынхаа лоозонг бариад их хуралд нэр дэвшицгээлээ. Та нарын өнөөдрийн барьсан лоозонг бидний дүү нар 30 жилийн дараа бариад нэр дэвших үү буюу нийт 60 жил нэг лоозонтойгоо Монгол Улс уруудах уу гэдэг нь Та нарын минь гарт ирлээ.

Та нартай мөр зэрэгцэн 30 жил нэр дэвшиж байгаа хүмүүс 30 жил эх орноо хөгжүүлж чадахгүйгээ нэгэнтээ нотолсон, харин одоо тэд зөвхөн хувийн гэмээр дуусаагүй ажил үлдсэн учраас зэрэгцэж байгаа болов уу.
Хөгшрөх гэж юу вэ? Миний бодлоор хөгшрөх гэдэг залуу байхаас хэцүү, дэндүү хариуцлагатай, том ухаан, ур шаардсан хүний амьдралын үе. Сингапурын Ерөнхий сайд агсан Ли Куан Юг сүүлчийн замд нь үдэх ёслолын арга хэмжээг youtube—р зориуд үзэж билээ. Ёстой 8 настай бүү хэл “8 сартай” балчираас 80 ба түүнээс дээших цөмөөрөө гэлтэй ирээд хэдэн км замыг зайгүй эгнэн зогсож түүнд хүндэтгэл үзүүлж байв. Хэдэн өдөр улс орон даяар гашуудал зарлав, дэлхийн улс гүрний бүхий л лидерүүд бөхийж хүндэтгэв. Тэр 92 насандаа таалал төгсжээ. 1992 оны Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багшийн бие чилээрхүүд хамт ажилладаг ахын хамт Хууль зүйн үндэсний хүрээлэнд байрлах өрөөнд ортол уушигны аппрад зүүчихсэн, нэлээд турчихсан гэхдээ ажлаа хийгээд сууж байв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Солонго багш нэгэн лекцэн дээр хэлэхдээ их сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн оюутнууд Б.Чимид багшийн байрны  орцонд оочир үүсгэчихсэн, өөрсдийн эрдмийн ажил дээрээ ганц ч удаа болов улаан балаар нь “эрээчүүлэх” гээд зогсож байдагсан гэж билээ. Багш 79 насандаа таалал төгссөн. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн гэрээс үл мэдэгчид салдаггүй. Voice of Mongolia шоуны тайзан дээр 40 хол гарсан дуучин Б.Болдод 17 настай охин хайртай гэдгээ зарлав. Яагаад?  Хүний зүрх зөв ажилд тууштай цохилж, өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагт тэнцвэртэй хандаж, хүлээн зөвшөөрч, цагийн аясыг даган хувьсаж чадах аваас “мода”-наас гардаггүй жамтай аж. Эс чадвал, бүхнийг би бүтээсэн, та нар сонс-би ярина хэмээн муйхарлах аваас дараагийн үе нь түүнийг эс хүлээн зөвшөөрч хазаж, тангарах, сүргээсээ гадуурхах, эцэсдээ сүргээсээ хөөх нь сүргийн хатуу хууль гэлтэй. Хэдий өвөө, эмээгийн насанд хүрсэн боловч эрх мэдлээс тасрах л юм бол амьдарч эс чадах тийм өчүүхэн амьдралыг бүтээсэн бол тухайн хүндээ хөөрхий, өөрийнхөө учрыг олж чадаагүй хүнээр өчнөөн жил улсын хариуцлагатай ажлыг хийлгэж сонгосон бид гаслантай. Үдлээд буцах хорвоод биеийг барахад бурхан болоочийг Соёлын төв өргөөнөөс үдэх үү, өөр газраас уу, Алтан өлгийд үү өөр газар нутаглуулах уу гэдэг нь би мундаг байсан гэсэн ном бичихээс илүүтэй Та ард түмэнд хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдөж, хайрлагдсан улс төрч байсан бэ гэдгээс хамаарна. Царцаа нүүлгэж болдоггүй, хар машиныг хакердаж болдоггүй ертөнцийн хамгийн шударга сонгууль бол улс төрч таныг эцсийн замд нь үдэх ажил явдалд хичнээн хүн зүрх сэтгэлийн дуудлагаар ирж хүндэтгэл үзүүлж байна вэ гэдэг асуудал билээ. Шинэ үе өмнөх үеийнхнээс хэн нь Түшиг болж чадах, хэн нь дараа болохыг ялгаж мэдэж байгаа. Шинэ үеийг энэ мэт асуудлыг ялгаж чадахгүй гэж хэлж байгаа бол хуучин үе болох Та ч бас тэр үед ялгаж чаддаггүй байсан л гэсэн үг. Түшиг мөн хэмээвээс насан хутаг олсны хойно ч түүнийг “эс амраан” санагалздаг аж. Залуу хүн гэдэг нь биологийн нас нэгд бус харин 3 цагийн хэлхээнд өөрийгөө өөрчилж, шинэчилж, хөгжиж чаддаг хэн бүхнийг хэлнэ. Эдгээр үгс одоо нэр дэвшиж байгаа нийт залууст хамаатай.

Бидний үеийн шинэ нэр дэвшигчдийн хувьд соц нийгмийн сүүлийг мушгиж, талханд оочирлосон сүүлчийн үеийхэн, шилжилтийн нийгэмд өлсөж, эцэг эхдээ хаягдаж өссөн, өмч хувьчлал, буурлын буянаас шуудаар юу ч хүртээгүй, гэхдээ Z-хнээс нээх хоцроогүй хэрэглээтэй, бор зүрхээрээ өөртөө болсон хэдэн бор юмтай, 50, 60-аад оныхны найруулсан хоронд 70-аад оны улс төрчид бараг даяараа “хордсон” тул стийл 50, 60-аад оны улс төрчдөөс шууд хамаарал бүхий манайдаа л том улс төр лүү хүлгийн жолоо заллаа. 50, 60-аад оныхны учир нь үл мэдэгдэх энэ тэмцэл, нэгнийгээ орон шоронд хийх, өс хонзон энэ бүхнийг эд нар өөрсдөө л дарах юм шиг байна. Шинэ үеийн бид тэдэнтэй тэмцэж үрэгдэхийн оронд зодооныг өөрсдөд нь үлдээх буюу хүчтэнүүдийг ижил хүчтэй хүмүүс нь л дарах жамтай аж. 70-аад оныхон шиг дарагдаад юу ч биш болох уу, ардчилсан нийгэмд өсч өндийж, боловсрол эзэмшсэн бид жинхэнэ ардчилсан нийгмээ өөрсдөө бүтээж Z-ийхэнд дамжуулах уу гэдэг хариуцлагатай зааг дээр ирлээ. Олимпийн хөнгөн атлетикийн сонгодог төрөл 4х100м буухиатай адил юмдаа. Одоо шинэ үе гэгдэж байгаа Та дараагийн үедээ хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдэж чадахгүй байвал ухамсартайгаар зайгаа тавьж өгөөрэй. Энэ бол маш том ухаан, соёл гэлтэй.

Бохир улс төр, ажлын арга барилд нь бүү уус, өөрсдийнхөө эрүүл тогтолцоог бүрдүүл. Амжилт! 

+30 Р.Мөнхзул /2020.05.17/

 

Санал болгох

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 11.00 цагт эхэлсэн.

12 цагийн өмнө
МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

14 цагийн өмнө
С.Жавхлан 127 сая төгрөгийн үнэ бүхий малтай

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг гэр бүлийн орлогоо 44 сая 748 мянган төгрөг гэж мэдүүлжээ.

16 цагийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллана

Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагаас ажил эхэлж, 17 цаг хүртэл ажиллах юм.

18 цагийн өмнө