Д.Ганболд: Монгол найр болгоны эхэнд уртын дуу эгшиглэж байгаасай

2020 оны 5 сарын 202020-05-20
Д.Ганболд: Монгол найр болгоны эхэнд уртын дуу эгшиглэж байгаасай


“Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч Д.Ганболдтой ярилцлаа.

-“Цагаан лавай” чуулга зуны улиралд жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрөөр тоглолтууд зохион байгуулдаг. Энэ жил коронавирусийн халдвартай холбоотойгоор жуулчид цөөн ирэх төлөв ажиглагдаж байх шиг?

-“Цагаан лавай” чуулга 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зөвхөн жуулчдад зориулж ажилладаг чуулга гэвэл эндүүрэл болно. Яахав, зуны улиралд жуулчдад зориулсан ардын урлагийн гайхамшигт хэлбэрүүдээс цогц уран бүтээлүүдийг тоглодог. Бусад улиралд залуучуудад зориулсан тайлбарт тоглолт зохион байгуулах, ойн арга хэмжээ болон тоглолт, шоунд урилгаар оролцох байдлаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг.

Энэ жилийн тухайд, коронавирусийн халдвараас шалтгаалж аялал жуулчлал тааварлашгүй нөхцөл байдалтай болчихлоо. Жуулчдын урьдчилан хийгдсэн гэрээнүүд эхнээсээ цуцлагдаж байгаа тухай аялал жуулчлалын холбооноос мэдээлж байна. Гэхдээ манай чуулга хөл хорио тавигдахаар жуулчдад зориулсан тоглолтоо хийнэ. Мөн энэ зун дэлгэцийн уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн байгаа.

-Ардын урлагийн тоглолтыг орчин үеийн урлагийн төрөл жанруудтай нэгтгэсэн найруулгатай тавих нь үзэгчдэд илүү хүрдэг юм уу, эсвэл цэвэр уламжлалт хэлбэрээр нь тоглох нь илүү хүрэх үү?

-Ер нь үзэгчдийнхээ эрэлт хэрэгцээнээс шалтгаалдаг. Жуулчдад зориулсан тоглолтын тухайд, ардын үндсэн язгуур хэлбэрээр нь тоглож гэмээнэ тэдэнд сонирхолтой байна. Тэд орчин үеийн төрөл жанртай холилдсон хэлбэрийн тоглолтыг үзэх гэж ирдэггүй.

-Ардын урлагийг үнэлэх хандлага сүүлийн жилүүдэд эргэн сэргэж байна гэж үздэг үү?

-1970, 1980-аад оны үед нийгмийг тодорхой хэмжээнд үзэл суртлын нүдээр хардаг болчихсон байсан. Тэр үед хоцрогдсон, бүдүүлэг, феодолын, эсвэл дарангуйлагч Чингис хааны гэх тодотголтой зарим ардын урлагийн төрөл зүйлүүдийг ад үзэх хандлага байлаа.

1980-аад оноос урлагийг үнэлэх, үндэсний урлагийн үнэ цэнийг тухай тухайн үеийн эрдэмтэн судлаачид төрийн төвшинд арай өөр ойлголттой болгож чаджээ. Жишээлбэл, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа гуайн санаачилгаар 1987 онд Ардын язгуур урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулж байсан. Үүнээс эхлээд ардын урлагийн тухай ойлголт арай өөр болж эхэлсэн гэж би боддог.

Харин 1990-ээд оны үед энэ үйл явц саармагжсан. Урлагийн тухай ойлголт хоолноос чухал зүйл биш гээд нэг хэсэг хаягдсан. Би 1981 онд  сургуульд элсээд 1991 онд аравдугаар ангиа төгссөн. Намайг сурч байх үед бүх хүүхдүүд улирлын амралтаараа заавал урлагийн тоглолт үзэх даалгавартай байдаг байлаа. Ингэхээр, жилд нэг хүүхэд дор хаяж 15-аас 30-иад үзвэр үздэг байсан. Энэ нь урлагийг үнэлэх үнэ цэнэ болон үндэсний болоод сонгодог урлагийн соёлтой үзэгчийг бэлтгэхэд маш том хувь нэмэр болж байсан.

-Тухайн үед баримталж байсан соёлын бодлого цэгцтэй байж. Харин сүүлийн жилүүдэд бодлогын хувьд замбараагүй болчихсон л доо?

-Тэр үед соёлын бодлого ийм сайн байлаа. Соёлын яам, Боловсролын яам хоёр нь тусдаа байсан мөртлөө бодлого нь ингэж авцалддаг байсан. Телевиз хүртэл сурагчдын амралтад зориулсан тусгай хөтөлбөрүүдийг үзүүлдэг байлаа. Тэгэхээр тухайн үеийн хүүхдүүд соёлтой, урлагийн тухай ойлголттой, соёлын тухай боловсрол нь өндөр хэмжээнд хүрчихсэн байсан. Тийм ч учраас тэр үеийн урлаг соёлын одод өнөөгийн тайзны урлагийн нүүр царай болж байгаа. “Никитон”, “Харанга”, “Камертон”, “Хурд” хамтлагууд бүгд л тэр үеийн хүүхдүүд байхгүй юу.

1990-ээд оноос хойш “траншейн”-ы хүүхдүүд бий болсон. Урлагийн тухай ойлголтыг хүүхдүүдэд өгдөг систем алдагдчихсан. Соёлын яамны тухай ойлголт байхгүй болсон. Тэр үеийн нэг ерөнхийлөгчөөс “Соёлыг та юу гэж ойлгодог вэ” гэхэд “Манай авгайн чихний ээмэг юм уу даа” гэж хариулж байсан. Тийм л бүдүүлэг ойлголт бий болсон үе. Тайзны уран бүтээлүүдийг хүн үзэхээ больсон. Миний үеийн үзэгчид театрт очиж үзвэр үзэхдээ нүүрээ угаагаад, цэвэрхэн хувцсаа өмсөөд, үсээ самнаад очдог. Тэгээд үзвэр үзэхдээ хажуу талынхаа хүнд садаа болохгүй, үзвэрийн дундуур босож явж болохгүй гэх ойлголттой байдаг. Биднийг арван жилд байхад үзэгчийн маш том соёл, боловсролыг олгосон.

Ерөнхийдөө үзэгчдийн танхим дотроо ангилагдчихлаа шүү дээ. Ub palace, Бөхийн өргөө, Үйлдвэрчний ордны зааланд үзвэр үзэж байгаа үзэгчид тоглолт үзэнгээ самраа цөмчихөөд гараад явдаг, гаднаас бэлэн хоол барьж орж ирж юм үзэнгээ иддэг, дургүй нь хүрэнгүүт уусан ундааныхаа савыг тайз руу шидэх хэмжээний боловсролтой үзэгчид байдаг. 1990-ээд оноос хойших үзэгчдийн боловсрол ийм болчихсон. Харин одоо урлагийн тухай ойлголт үзэгчдийн дунд харьцангуй гайгүй болоод үзэгчид нь өөрийн үзэх урлагийн төрлөө сонгодог болчихлоо. Гэхдээ энэ үйл явц маш удаан байна.

-Арван жилийн хүүхдүүд урлагийн тоглолт үзэхээ бараг болчихсон мэт санагддаг?

-Хоёр яамыг нэгтгэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болгосон хэрнээ алдаатай бодлогоо шийдэж чадахгүй маш олон жил болж байна. Арван жилийн хүүхдүүдийн үзвэрийн тухай асуудал маш бүдүүлэг болсон. Энэ асуудлаа шийдэж чадалгүй 20 гаруй жил болчихлоо. Монгол Улс соёлын бодлогынхоо хүрээнд монгол хүүхдүүдэд юу үзүүлэх тухай яагаад ярихгүй байгаа юм. Би Үндэсний урлагийн их театрт олон жил найруулагч хийсэн. БСШУСЯ-наас жил болгон анкет ирүүлдэг. Арван жилийн хүүхдүүдийн заавал үзэх уран бүтээлийн жагсаалтыг шинээр хийж байна гэдэг юм. Анкетэн дээр нь тухайн жилд хүүхдүүдэд зориулж хийсэн уран бүтээлүүдээ бичээд өгдөг. Гэвч тэрийг нь үзэж байгаа хүүхэд байдаггүй.

-БСШУСЯ бодлогоо эмх цэгцтэй болгож, хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлвэл эерэг үр дүнг хүлээж болох байх л даа?

-Яам асуудлаа эрт шийдчихсэн бол өдийд үндэснийхээ өв соёлыг дээдэлдэг үзэгчидтэй болчихсон байх байлаа. Яагаад хүүхдүүд үндэсний контентоо үзэхгүй хэрнээ “Мулан” гэдэг гадаадын хүүхэлдэйн киног үзээд байгаа юм, яагаад алдартай уртын дуучдаа мэдэхгүй мөртөө гадаадын хамтлаг дуучдыг таниад байгаа юм. Мэдэхгүй байж болно оо, яагаад мэдэхийг хүсэхгүй байгаа юм. Энэ асуудал руу соёлын бодлогоо яагаад хандуулж болохгүй байгаа юм.

“Хү” хамтлаг дэлхийн зах зээл рүү гарлаа гээд хошуураад байна. Гэвч “Хү” хамтлаг дэлхийд гарахад ямар ч төрийн бодлого нөлөөлөөгүй. Харин өөрсдөө бор зүрхээрээ үйлээ үзэн зүтгэж гарч ирж байна шүү дээ. Би лав Б.Дашдондог гэдэг хүнийг төр бодлогоороо бэлтгээд, Б.Дашдондог нь бэлтгэгдсэн хүн учраас “Хү” хамтлагийг гаргаад ирлээ гэж боддоггүй. Хошин урлагийнхан дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийсэн. Муулаад л байна. Би тэд нарыг муулахгүй. Соёлын бодлого байхгүй байна шүү дээ. Харин ч  үзэх юмгүй байх үед хошин урлагийнхан ард түмнийг үзэх юмтай болгож, тодорхой хэмжээнд инээд бэлэглэсэн. Тэд хэсэг хугацаанд Монголын урлаг, соёлыг ямар ч яамны бодлогогүйгээр, өөрсдийн бор зүрхээрээ авч явсан юм шүү. Хошин урлагийнхан өөрсдийнхөө зах зээлийг дагаад кино урлаг руу орсон. Одоо Монголын кино үйлдвэрийг хар л даа, балгас л хэвтэж байгаа биз дээ. Тэгэхэд киноны салбарыг хошин урлагт ажиллаж байсан залуучууд л хөгжүүлж байна шүү дээ. Төр бодлогоороо кино урлагийг дэмжээд байгаа юм байхгүй. Төрийн мөнгөөр хийсэн кино гэж би лав сүүлийн үед сонсоогүй юм байна. Яг үнэнийг хэлэхэд, төр хэдэн Улсын байгууллагуудаа л бодож ажиллаж байна шүү дээ. Эдгээр байгууллагад ажилладаг боловсон хүчинд зориулсан бодлогоо соёлын бодлого гэж яриад байгаа юм. Гэтэл хувийн хэвшлийн энэ олон байгууллагуудын талаар ямар цэгцтэй бодлого баримталж, тэдэнд ямар дэмжлэг үзүүлсэн юм бэ гэдгээр нь төрийн соёлын бодлогыг үнэлмээр байгаа юм. Тэгэхээр төр соёлын тухай бодлогоор хувийн хэвшил рүүгээ хандсан юм хийхгүй бол болохгүй байгаа. Төр хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Урлаг өрсөлдөөн дундаас л хөгждөг. Кино урлаг сүүлийн жилүүдэд маш их хөгжсөн.

97834786_300043311398542_9171611809717682176_n.jpg

-Дрийм фокс телевизээр гадны хүүүхэлдэйн кинонуудыг л гаргадаг, Комикс номын баатруудын ихэнх нь гадаад байдаг. Ер нь үндэсний контентын дүр бүтээхгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Зах зээл шүү дээ. Дрийм фокс бизнесийн байгууллага. Бэлэн контент л тэдэнд ашиг өгнө. Соёлын тухай хууль олон жил яригдаж байгаа. Уг нь энэ хуулиар телевизүүдийн гаргах контентийн 30 хувьд нь заавал үндэсний контент байхаар, түүн дотроо 10 хувь нь хүүхдийн контент байхаар тусгаж өгөх хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол телевизийн захирал бизнесээ л бодно шүү дээ. Түүнээс бус хүүхдүүдийн юу үзэх нь тэр захиралд сонин биш. Солонгос улс киногоороо Тэ Жү Ён гэдэг Чингисээс ч агуу жанжин, гайхалтай хоол хийдэг хүүхнүүд, агуу ухаантай хатад, гайхамшигтай бизнесмэн гэхчлэн дэлхийд байхгүй хүмүүсийг харуулчихаж байгаа биз дээ. Энэ чинь соёлын бодлогоороо түрэмгийлж байгаа явдал. Үнэндээ, Солонгос Хубилай хааны үед боол байсан, дараа япончуудын боол байсан, хятадуудын боол байсан. Хэзээ ч тийм агуу түүхтэй улс байгаагүй. Соёлын бодлого нь Солонгосыг агуу түүхтэй ард түмэн мэтээр харагдуулж байгаа юм.

-Тэгвэл үндэсний контентоо хэрхэн үзэгчтэй болгох вэ?

-Ерөнхий сайд цагаан сараар үндэсний контентийн уралдаан зарласан. Энэ жишгээр Ерөнхий сайдаасаа эхлээд төр засаг нь бодлогоор дэмжээд өгөх юм бол телевизүүд ёс заншлын нэвтрүүлгүүдтэй болно. Хүүхдүүд юу сонсож байна, түүнийгээ л дагаж шүтэж биширдэг болчихсон. Үзэж байгаа сувгаар нь ардын урлаг гарахгүй болохоор гадны соёлыг шүтэх нь аргагүй шүү дээ. “Монголын сайхан орон” симфони телевизээр дуугарахгүй байгаа болохоор орилсон, хараасан, үглэсэн дуунуудыг л хүүхдүүд сурч байгаа. Телевизүүд уртын дууны концерт байнга цацаад байвал хүүхдүүд хүссэн ч хүсээгүй ч түүнд дуртай болно. Хүн мянга сонсохоор ямар ч зүйлд дуртай болдог.

-Та өнөөгийн урлагийн судлал, шүүмжийн талаарх бодлоо хуваалцаач?

-1970, 1980-аад оны үед соёлын яамны бодлогоор хөгжим бүжгийн коллежийн багш нар, тэр үеийн алдартай уран бүтээлчид бэлтгэгдсэн юм. Тэдэнтэй хамт урлаг судлаач, шүүмжлэгчдийг бэлдсэн байдаг. Урлагийн бодлогыг зөв чиглэл рүү явуулахын тулд судлаач, шүүмжлэгчдийн дүгнэлт маш чухал. Урлаг судлал, шүүмжлэл гэдэг мэргэжлийн ажил. Одоо урлаг судлаач, шүүмжлэгчээр ажиллаж байгаа хүн цөөхөн байна. 1990-ээд оны сүүлчээр урлагийн судлал, шүүмжийг маркетинг болгож андуурсан. Судлаач, шүүмжлэгчдэд мөнгө төлж өөрийгөө болоод уран бүтээлээ магтуулдаг хандлага төрийн байгууллагуудад нэг хэсэгтээ газар авч байлаа. Жаахан шүүмжлээд биччихээр тухайн хүнийг ад үздэг байсан. Тэгэхээр нөгөө судлаач, шүүмжлэгч айгаад бичиж чадахаа болиод, үнэнээр нь хэлж чадахгүй болчихсон. Судлаач, шүүмжлэгчид байхгүйн балгаар 1990-ээд оны сүүлч, 2000-иад оны эхэн үед хүн үзэхийн аргагүй баахан кинонууд гарсан. Судлал, шүүмж гэдэг урлагийг арааманд нь жайжигнуулж байдаг зүйл байхгүй юу. Одоо ч араамгүй болчихлоо л доо. Сонинуудад мэргэжлийн шүүмж, судлал бүүр бичигдэхээ больж дээ. Өнөөдөр мэргэжлийн судлал, шүүмж ус агаар мэт дутагдаж байна. Судлал, шүүмж зах зээлгүй болчихоор энэ чиглэлээр сурах хүүхэд байхгүй болчихлоо.

-Сүүлийн үед уртын дууны тухай ойлголт багасаад байгаа санагддаг?

-Уртын дууны тухай ойлголт багасаад л байгаа. Би “Монгол найр болгоны эхэнд уртын дуу эгшиглэж байгаасай, монгол гэр болгоны жаврыг морин хуур үргээж байгаасай, монгол өрх болгоны хойморт нууц товчоо заларч байгаасай” гэж ерөөдөг болсон. Сүүлийн үеийн боржигон найрны зан үйлд Европ, Солонгосын соёл дэндүү түрж орж ирсэн. Ингэснээр Боржигон найрын дэг жаяг байхгүй болж байгаа. Найрын дэг жаягт уртын дууны үнэ цэнэ багассан. Уртын дууны оронд дуурийн театраас дуучин урьж авчираад “Хундагын дуу” дуулуулчихвал сайхан найр боллоо гэж ойлгодог. Уртын дууны бэлгэдэл, үгэн доторх философи нь хундагын дуунаас юугаараа илүү болохыг тайлбарлаж, уртын дууны үнэ цэнийг арван жилээс нь хүүхдийн тархинд суулгачихаж чадахгүй байна. МУБИС-ийн дуу хөгжмийн багшийн ангийг төгсөж байгаа эрэгтэй хүүхдүүд морин хуур тоглоод айлын жавар үргээчихдэг, түүнийгээ хүүхдүүдэд заагаад өгчих хэмжээний ур чадвартай байх хэрэгтэй. Дэлхий хавтгай болж байхад дэлхийн сонгодогуудыг хүүхдүүд хаанаас ч олоод, хэнээр ч заалгахгүй өөрөө сурчих боломжтой болчихсон. Сүүлийн үед тоглож чаддаг эсэх нь хамаагүй гэртээ төгөлдөр хууртай айл “моод” болчихлоо. Уг нь монгол гэрийн хойморт хиртэй даахтай ч гэсэн хуур өлгөөтэй баймаар байгаа юм. Цагаан сарын шинийн нэгэнд түүгээрээ гэрийнхээ жаврыг үргээчихдэг байх ёстой. Арван жилийн дуу хөгжмийн хичээлд морин хуурын ганц ая зааж өгөөд, түүгээрээ дүн тавьчихаж бай л даа. Хэрэв ингэвэл морин хуурын концертыг хүүхдүүд түлхүү үздэг болно.

-“Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээ IPTV-д байршуулжээ. Уг жүжиг таны найруулсан хүүхдийн дөрөв дэх жүжиг байх аа?

-Энэхүү жүжиг маань цэцэрлэгийн дунд болон ахлах нас болоод бага ангийн хүүхдүүдэд зориулсан хэлбэрээр тавигдсан.Уг жүжгийг анх хийхдээ тайзны уран бүтээлийн хэлбэрт зориулж хийсэн. Цаг үеийн байдлаас болоод дэлгэцийнх рүү шилжүүлчихлээ. Уг нь гуравдугаар сард энэхүү жүжгээ тайзны хэлбэрээр тоглохоор төлөвлөөд тоглолтоо хийх тайзны гэрээнүүдээ эхнээс нь хийгээд эхэлчихсэн байсан. Уг жүжиг маань тайзан дээр тавигдахаар үзэгчидтэйгээ хамт асуудлаа шийдэх байдлаар тоглогдоно. Хамгийн шударга үзэгчид бага насны хүүхдүүд байдаг. Таалагдахгүй жүжиг байвал тэдний анхаарал нь төвлөрөхөө болиод, үймүүлээд эхэлдэг. “Миний цэцэн хурга” миний найруулсан дөрөв дэх хүүхдийн жүжиг. 2010 онд “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, 2013 онд “Эрх цагаан хурга”, 2018 онд “Ижил хоёр ботго” жүжгүүдийг найруулан тавьж байлаа. Түүнчлэн 2021 онд Өнчин бухандайн үлгэрээр жүжиг хийхээр төлөвлөж байгаа. Ингэснээр таван хошуу малаар хүүхдийн жүжиг тавих төлөвлөгөөгөө биелүүлэх юм л даа.

-Таны хувьд тайз гэж юу вэ?

-Миний орон гэр. Найруулагч өөрөө “би” хэмээх дүр. Би орон гэртээ өөрийнхөө дүрийг бий болгож байгаа. Тайз өөрөө бас дүр байдаг. Театр тэр чигээрээ дүрүүдийн нийлбэр.Тайзны ажилчин, гэрлийн ажилчдад би хайртай. Тэд ч бас дүр шүү дээ.

У.ЧИНЗОРИГ
 

Санал болгох

Өнгөрсөн 7 хоногт хамгийн их борлуулалттай байсан номууд

Интерном болон Аз хур номын их дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт боруулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтыг хүргэж байна.

1 өдрийн өмнө
13 АСУУЛТ | Б.ТӨРМӨНХ

“13 асуулт” буланд зураач Б.Төрмөнхийг урилаа. Таныг ч бас урьж байна. 

1 өдрийн өмнө
Реппер Ginjin, Mrs M нар хамтран шинэ уран бүтээл гаргажээ

Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өөрийн хэв маяг, өвөрмөц төрхөөрөө ялгарч чадсан залуу уран бүтээлч  Mrs’M нар хамтран "Бороо" нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. 

1 өдрийн өмнө
Номын баяр энэ сарын 5, 6, 7-нд "Мишээл экспо" төвд болно

Үндэсний номын баярыг нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

1 өдрийн өмнө