“Шидэт Хуудас” номыг худалдан авч ЭХ ҮР уулзах баярт мөчийг нэг алхмаар ойртуулаарай

2020 оны 5 сарын 292020-05-29
“Шидэт Хуудас” номыг худалдан авч ЭХ ҮР уулзах баярт мөчийг нэг алхмаар ойртуулаарай

 

“Эх үрсийн баяр” хэдхэн хоноод боллоо. Гэтэл энэ жилийн хүүхдийн баярыг охин, зээ хоёр маань өвчний улмаас өөр улсад тэмдэглэх болох нь...

“Хүсэн хүлээсэн баяраа тэмдэглэх нь битгий хэл, ээжээсээ хол байж санан бэтгэрч, харин охин минь өвчин зовлондоо шаналж сууна” хэмээн ярьсаар жирийн нэг эх хүн манай редакцид ирлээ. Зургаан сарын турш ээжээсээ хол байгаа бяцхан охин нь хэлд орж “Ээж, ээжээ та хэзээ ирэх юм, би таныг санаад байна, хайртай шүү гэх яриаг онлайнаар өрнүүлж хайрын үг чулуудалцаж суугааг нь хараад өмнөөс нь зүрх эмтрэх” юм гэсээр бидний яриа эхэлсэн юм.

Түүний охин Б.Мөнхтуяа эгэл бус амьдрал нэрээр та бидний дунд танигдсан. Тухайлбал Б.Мөнхтуяа гурван том хорт хавдрын ард гарч, одоо БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Бурхан хүнд  даах хэрээр нь ачаа үүрүүлдэг гэгчээр Б.Мөнхтуяагийн амьдралд гурван ч том “хорт хавдар”-ыг үүрүүллээ.

Тэрээр 2015 онд анхны хорт хавдартайгаа нүүр тулсан. Түүний хувьд нөхөртэйгөө үерхээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд хөхний хорт хавдар туссандаа “гэмшиж” бас эмээж байжээ. Ингээд эхнийхээ хорт хавдрын ард амжилттай гарч 2016 онд энхрий бяцхан үрээ өлгийдөн авав. Гэсэн ч дахиад л хорт хавдар. 2019 оны  таван дугаар сард хоёр дахь хагалгаатайгаа нүүр тулжээ.  Охиныхоо төлөө, хайрт ханыхаа төлөө тэр давж гарсан. Гэтэл удаа ч үгүй дахиад хорт хавдар. 2019 оны 12 сар энэ сүүлийх байгаасай гэсэн итгэл найдвартайгаар харь нутгийг зорьж гурав дахь том хагалгаатайгаа нүүр тулж эмчилгээг хийлгэж байгаа юм.

Тэрээр 2015 оноос өнөөдрийг хүртэл гурван том хорт хавдар, 10 гаруй жижиг хагалгаануудад орсон байна. Өдий хугацаанд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, ах дүүсийнхээ буянаар энэ хагалгаануудын ард гарсан ч, одоо тэдэнд ард түмнээсээ хандив гуйхаас өөр аргагүй байдалд үүссэн байна.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрч оны 12 сарын 27-нд  Б.Мөнхтуяа өөрийн бичсэн шидэт хуудас номыг хэвлүүлж байсан юм. Өдгөө 11 мянган ширхэг ном хэвлүүлж,үүнээс 5900 ширхэгийг зарж эмчилгээнийхээ зардалд нэмэрлэсэн байна. Сүүлийн хагалгаанаас хойш эмчилгээгээ хийлгэж, одоо эх орондоо ирэх боломжтой болсон бөгөөд түүнд ирэх зардал, ирээд эмчилгээгээ үргэлжлүүлэх зардал хэрэгтэй байгаа учраас хэвлэлтээс гарсан шидэт хуудас номыг хүүхдүүдээ авч хандив өргөөч гэсэн хүсэлтэй байгааг түүний ээж илэрхийлсэн юм.

Ийнхүү бид түүний ээж Д.Амарбаясгалантай хэсэг хором ярилцлаа.

 

шидэт хуудас.jpg

-“Шидэт хуудас” номыг анх хэдэн онд зохиосон бэ, Охин нь хүүхэлдэйн кино хийх гэж байсан гэсэн?

-Анх хавдартай болоод буюу 2015 онд бичсэн. Уг нь ном бичнэ гэж бодоогүй, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийнэ гэж бодсон. Гэтэл хүүхэлдэйн кино хийх нь нэлээн өртөг өндөр байсан болохоор киногоо хийж чадаагүй. Тэгээд явсаар хоёр дахь хагалгаатайгаа нүүр тулаад, үргэлжлээд гурав дахь хагалгаатайгаа учраад хагалгааны зардал нэлээн өндөр байсан болохоор номоо хэвлэлтэд өгөхөөр шийдсэн. Миний охин хэзээ ч ном гаргана гэж ярьдаггүй байсан. Кино хийнэ л гэж ярьдаг байсан. Гэсэн ч одоо энэ ном нь хүмүүст хүрээд, хүүхдүүд дараагийн дугаарыг нь хүлээж байгаа болохоор ном бичсэндээ баяртай байгаа.

-Номын талаар уншигчид сэтгэл өндөр байсан шүү дээ. Зохиолоос хүүхдүүд юу ойлгосон байна?

-Агуулгын талаар хүмүүс сэтгэгдэл өндөр байгаа. Дотроо олон үйл явдалтай,монгол ардын үлгэрүүд байгаа. Үлгэрийг орчин цагийн хэлбэрт шилжүүлж бичсэн. Агуулгын тухайд нэг ангийн гурван хүүхэд байдаг. Гэгээ, Тодоо, Бодоо гээд. Энэ гурван хүүхэд маань гурван өөр үзэл бодолтой,гурван өөр орчинд өсчихсөн, гурван өөр сурлагатай эрс тэс гурван хүүхэд гардаг.Энэ гурвыг нийтэч болгохын тулд, багш нь ажиглаад монгол ардын үлгэрээр үзүүлэх тоглолт хий гэсэн даалгавар өгдөг. Тэгээд дээрх гурав номын санд очиод монгол ардын үлгэр хайж байсан чинь ганцхан монгол ардын үлгэр байдаг. Тэгээд би авна чи авна гээд булаацалдаж байгаад урчихдаг. Урсаных нь дараа газар доргиод, хуй салхи эргэлдээд, гэрэл гэгээ цацраад явчихдаг. Тэгээд энэ гурав маань шидэт үлгэрийн оронд очсон байдаг.Тэгэж л бүх үйл явдал эхэлдэг.

Дөрөв хүртэлх насны хүүхдүүд аав ээжээрээ уншуулдаг.  Харин бага насны хүүхдүүд өөрсдөө уншаад сэтгэгдлээ үлдээж байгаа. Эцэг эхчүүд хүүхдэдээ уншиж өгөөд ойлгомжтой гоё ном байна. Хүүхдүүдэд маань таалагдсан гэж хэлдэг. Номын сэтгэгдэл эгэл бус амьдрал фэйсбүүк пэйжид их ирж байгаа.

-Одоо Мөнхтуяагийн биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Өчигдөр буюу тавдугаар сарын 28-нд хамгийн эцсийн байдлаар эмчилгээгээ хийлгэж, шинжилгээ өгсөн. Өнөөдөр бүх шинжилгээнийх нь хариу гарч байгаа байх. Монголд ирэхийг солонгос эмч нар зөвшөөрсөн байгаа. Ирээд зургаан сарын хугацаанд эмчилгээ хийлгэх  ёстой гэсэн. Цаанаас нь бүх эмчилгээ, эм тариаг нь өгнө гэсэн. Гэхдээ үнэ төлбөртэй.

 Гэтэл миний охин 2015 оноос хойш хорт хавдарын араас таван жил тэмцэж байна. Энэ хугацаанд миний охин сэтгэл санаа, эд хөрөнгийн уналтад орж байсан. Энэ хорт хавдарын өртөг их өндөр. Тэгээд явахаасаа өмнө яалтчгүй хандивын аянаа зохион байгуулж эхлүүлсэн, одоо ч үргэлжилж байгаа. Тиймээс Элэг нэгт ард түмэн минь миний охины бичсэн “Шидэт Хуудас” номыг худалдан авч эх үрийг  уулзуулах баярт мөчийг нэг алхмаар ойртуулаарай гэж чин сэтгэлээсэй хүсч байна.

 

мөнхту.jpg

-Таван жилийн хугацаанд хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бэ? Одоо эх орондоо ирэхэд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд нэг эмнээс авхуулаад тооцвол бараг тэрбум хүрэх байх. Хандивын аянаар ойролцоогоор 200 гаруй сая төгрөг цугларсан. Одоо ч хандивын аян үргэлжилж байгаа. Хоосон хандив цуглуулахаас илүүтэй хийсэн бүтээснийг нь худалдан авч бодит хандив өргөөсэй гэсэн үүднээс шидэт хуудас номыг худалдаанд гаргасан. Өнөөдрийн байдлаар 11мянган ширхэг ном хэвлүүлсэн. Үүнээс 5100 ширхэг нь үлдсэн байгаа. Хэрвээ энэ ном бүгд борлуулагдаад дуусчих юм бол эх орондоо ирэх зардлынх нь тал нь олдчихно гэсэн үг. Миний хоёр охины заяа түшиж орсон байгууллага болгон нэг гэлтгүй авч байгаа. Цензургүй сурвалжлах баг 100 ширхэг, НЗДТГ-ын ажилчид 110 ширхэг гэх мэт маш олон байгууллага хамт олон бидний хандивын аянг дэмжиж байгаа.

-Шидэт хуудас номыг хаагуур худалдаалж байгаа вэ?

-Шидэт хуудас номыг Эгэл бус амьдрал фэйсбүүк пэйжээр холбогдож авч болно. Мөн 9980-0668 дугаараар холбогдож хүргүүлэн авч болно.

 

 

Санал болгох

С.Бадрал: Технологийн салбарт монгол хэлийг хөгжүүлж, өвлүүлэхийг зорьсон

Хиймэл оюун ухаанаар яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох Монголын “Чимэгэ” технологийг үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш судалгаа хийж, өнөөдөр ийнхүү дэлхийд танигдах технологийн салбарын шинэчлэлийг хийсэн юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаагаа нээсэн бөгөөд алсдаа дэлхийд гаргах зорилготой юм. Та бүхний мэдэхээр болор толь, болор дуранг тэд санаачлан бүтээж байсан юм.

1 өдрийн өмнө
Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай та бүхнийг уулзуулж байна.

2 өдрийн өмнө
А.Туяа: Эрчүүдийг хүлээх хэрэггүй, түрүүлж хайраа илчил

"Single ladies-4" уран сайхны кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Бид киноны гол дүрийн жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа. Тэрээр 30 насны ганц бие эмэгтэйн дүрийг гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн цувралд эсрэг дүрд тоглосон байна. 

6 өдрийн өмнө
Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жулитай ярилцлаа. Тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй, Канад улсын иргэн бөгөөд анх 2010 онд оюутолгойд ажилладаг нөхрөө даган Монголд ирж байжээ. Үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Коронавирусийн улмаас ганцаараа аялахаар болсон байна. Мөн Монгол хүүхдүүдээ бодон бодон иржээ. Монголд ирж тусгаарлалтаас гараад удаагүй байх үед нь бид ярилцсан юм.

7 өдрийн өмнө