Н.Сувд-Эрдэнэ: Оюуны боловсролтой ч сэтгэлийн боловсролгүй хүнийг би тийм ч их хүндлэхгүй

2020 оны 6 сарын 52020-06-05
Н.Сувд-Эрдэнэ: Оюуны боловсролтой ч сэтгэлийн боловсролгүй хүнийг би тийм ч их хүндлэхгүй

Нарангэрэлийн Сувд-эрдэнэ. БНСУ руу түүнийг мөрөөдөл нь хөтөлсөн ч хувь тавилан түүнд өөр бэлэг бэлдсэн байж. Хүний нутаг, гүний хошуунд суралцаж байх үедээ том хагацлын өмнө толгой гудайсан ч сэтгэлийнхээ хүчээр тэр бүхнийг даваад гарсан тэрбээр одоо UBS телевизэд нэвтрүүлэгчээр ажиллахын сацуу СУИС-ийн РТМУС-д багшилдаг юм. Нэр, зүс мэдэхээс хэтрэхгүй тул түүний дотоод ертөнцтэй  танилцахаар түүнийг зорилоо.  
 

“ОДОО ХҮРТЭЛ НАМАЙГ МАНАЙ АНГИЙНХАН “КАМЕНДАТ СУВДАА” ГЭДЭГ”

-Та анх СУИС-ийн харъяа Радио телевиз медиа урлагийн сургуульд найруулагчаар элссэн ч удалгүй БНСУ улс руу суралцахаар явсан юм билээ. Таны мөрөөдөл найруулагч биш байсан юм гэж үү?

-Миний мөрөөдөл жүжигчин болох байсан л даа. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид байхад ОХУ-ын Санкт-Петербург хот руу манай улсаас Хүүхэлдэйн театрын жүжигчний мэргэжлээр 10 оюутныг суралцуулахаар болсон юм. Сонгон шалгаруулалтад орж 16 хүүхэд үлдсэн ч 10 нь л явах ёстой. Явж чадаагүй зургаан хүүхдийн нэг нь би.

98588092_284418342729367_7704045575146045440_n.jpg

Олон сарын хугацаанд бэлдсэн зүйл минь талаар өнгөрсөн болоод ч тэр үү урам хугарч найруулагч больё гэж шийдээд РТМУС-д найруулагчаар элссэн. Тэр үед видео контент бүтээж, өөрөө ч түүндээ тоглодог хүн болно гэж бодсон. Хэн ч миний хүсэл мөрөөдлийг хорьдоггүй байсан учраас ганцаараа шийдвэр гаргасан л даа. Сургуульдаа жил хагас хиртэй сурсан ч ангийнхаа онц сурлагатан, ангийн дарга байлаа. Одоо хүртэл манай ангийнхан намайг “Камендат Сувдаа” гэдэг.  

Харин нэг өдөр телевизээр Конгжу урлагийн их сургууль тийм, тийм мэргэжлээр элсэлт авч байна гэсэн зар харсан. Хэдий найруулагчаар сурч байгаа ч жүжигчин болох хүсэл мөрөөдөл минь цээжнээс хатгаад байсан учир тус сургуулийг маш их судалж байж сонгосон. Тэгээд нэг жилийн хөтөлбөрийг зургаан сарын хугацаанд өглөөний 9 цагаас оройны 6 хүртэл уртасгасан цагаар үзэж, хэлний шалгалтаа өгч, их сургуульдаа тэнцсэн. Харин мэргэжил сонгох болоход нэвтрүүлэгч, дуу оруулагч, жүжигчин гэсэн сонголтуудаас нэвтрүүлэгч гэсэн сонголтыг дугуйлчихсан. Уг нь жүжигчин болохыг асар их хүссэн хэрнээ яагаад ч юм тийм сонголт хийчихсэн.

-Хийсэн сонголтондоо одоо харамсдаг уу?

-Харамсдаггүй. Гэхдээ тухайн үед гомдож, урам хугарсан ч гэсэн жүжигчин болно гэсэн мөрөөдөл минь одоо хүртэл бий.

- Санкт-Петербург хот руу явж суралцсан залуус одоо хаана ажиллаж байгаа вэ?

-УДЭТ-т найз О.Итгэл маань туслах найруулагчаар ажилладаг. Мөн найз Б.Билгүүн маань “Сити” дээд сургуульд жүжигчний уран чадварын багшаар ажиллаж байна. Бусад нь Улаан-Үдийн театрт жүжигчнээрээ ажиллаж байгаа. Ер нь бүгдтэй нь л холбоотой байдаг.

Би Драмын театрт тавигдаж байгаа жүжгүүдийг зорин зорин очиж үздэг. Тэр үед дандаа өөрийгөө гол дүрийн эмэгтэй жүжигчнийх нь оронд тавьдаг. Хэзээ ч өөрийгөө үзэгчийн суудалд байна гэж боддоггүй. Яг өөрийгөө тоглож байгаагаар л төсөөлдөг.

-Тэгэхээр хэрэв жүжигчин болсон бол тайзны урлагийн сонгох байжээ дээ...

-Тэгэлгүй яахав. Би Хүүхдийн ордны драмын дугуйланд таван жил сурсан. Тэр үед дандаа 80 настай эмээгийн дүр гээд ур чадвар шаардсан хүнд дүрд тоглодог байсан.

“ГАДААДАД БАЙСАН 100 ӨДӨР БАЙЛАА ГЭХЭД 99 ӨДӨР НЬ ХЭЦҮҮ ӨДРҮҮД ӨНГӨРДӨГ”

-БНСУ-д суралцаж байх хугацаандаа маш олон зүйлийг суралцаж, соёлын ялгааг мэдэрсэн байх. Ер нь Солонгос залуус монгол залуусаас юугаараа өөр санагдсан бэ?

-Солонгос залуус маш чөлөөт сэтгэлгээтэй. Залуу насыг боловсронгоо жаргаж өнгөрөөдөг хүмүүс. Хэзээ ч юм сурахгүй өнгөрнө гэж байхгүй.

-Монголд байсан Сувд-эрдэнэ БНСУ-д очоод хэр өөрчлөгдсөн бэ?

-Би Монголд ч тэр гадаадад ч тэр зүтгэлтэй байсан. Зүтгэл бүх цаг үед хэрэгтэй. Хүн хайртай бүсгүйгээ болзоонд урихдаа хүртэл зүтгэлтэй байх хэрэгтэй. Багаасаа л би маш завгүй хүүхэд байсан. Хичээл тарлаа дугуйлан, дугуйлан тарлаа хэлний сургалт гээд л явна. Миний итгэл үнэмшил, миний нүд, чихийг нээж өгсөн газар бол яахын аргагүй Солонгос улс. Гэхдээ гадаадад байсан 100 өдөр байлаа гэхэд 99 өдөр нь хэцүү өдрүүд өнгөрдөг. Тэгээд бодохоор залуус маань эндээ төлөвшөөд тэр хэцүү 99 өдөртэй нүүр тулахаар очвол илүү үр дүнтэй сурах байх.

“ЗОЧИД БУУДЛЫН НОЙЛ ЦЭВЭРЛЭХ ҮНЭХЭЭР ГОЁ БАЙСАН”

-Солонгосоос сургуулиа төгсөж ирээд анх сурч байсан сургууль болох РТМУС-д мэргэжил дээшлүүлэн суралцсан. Харин одоо тус сургуульдаа багшилж байна шүү дээ. Багш болно гэж төсөөлж байв уу?

-Мэдээж багшлах саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Тэгээд эхний улирал би чадах эсэхээ үзье, хүүхдүүдийг хохироогоод яахав гэж бодсон.

2018 оны есдүгээр сарын 3-ны өдөр байсан санагдана. Би нэгдүгээр дамжааны оюутнуудад хамгийн анхны хичээлийг нь орсон. 60 гялалзсан нүд миний амнаас ямар хий гарах нь уу гээд хүлээгээд сууж байсан. БНСУ-д сурсан бүх юмаа тэдэнд зааж өгөхийг хичээж, хүүхэд бүрийг мэдэхгүй, чадахгүй гэсэн айдастай нь нүүр тулуулсан. Би өөрийгөө зөвхөн хөтлөх ур зүй, илтгэх урлаг, ярианы уран чадварын хичээл ордоггүй гэж боддог. Чиглүүлдэг, өөрийгөө олоход нь тусалдаг.

97943406_239113837515028_7356312541686923264_n.jpg

-Одоо мэргэжлээрээ UBS телевизэд ажиллаж байна. Мөн төгссөн сургуульдаа багшилж байна шүү дээ. Аль ажил нь таныг “илүү” жаргалтай болгодог вэ?

-Оюутнуудтай ойр байж мэддэг, чаддаг бүхнээ тэдэнд зааж өгөх л намайг жаргалтай болгодог. Би оюутнуудыгаа надаас илүү сайн яваасай, надаас их мөнгө олоосой, надаас илүү мундаг мэргэжилтэн болоосой гэж нэг ч удаа атаархлын сэтгэл байхгүйгээр хүссэн. Энэ хүсэл маань намайг аз жаргалтай болгодог. Яагаад ч юм хичээлдээ очих тэр өдөр би  “нисээд” байдаг. Ниссээр сургууль руу ордог, ниссээр сургуулиас гардаг.

Би хамгийн түрүүнд ээж рүүгээ залгаж багш болж байгаа тухайгаа хэлэхэд “Өө одоо дахиад л завгүй юу, гэр бүл зохиох чинь дахиад л хойшлох уу” гэсэн. Миний үеийнхэн үерхэж, нөхөрлөдөг, хайрлаж дурладаг үед би БНСУ-д сураад, сурахынхаа хажуугаар ажил хийж байсан юм.

-Цагийн ажил хийдэг байсан гэлээ. Ямар ажил хийдэг байсан бэ?

-Анх зочид буудлын нойл цэвэрлэдэг байсан. Гэрийнхээ нойлыг ч цэвэрлэж үзээгүй атлаа хүний нутагт буудлын нойл цэвэрлэж үзсэн л дээ. Гэхдээ үнэхээр гоё байсан. Одоо бодох тусам сайхан санагддаг. Харин дараа нь сургуулийнхаа дор байдаг цайны газарт зөөгч хийж үзсэн. Мөн эмнэлэгт Солонгос хэлний орчуулагч хийж байсан. Би цагийн ажил хийгээд олсон мөнгөө өдөр тутмынхаа хоол хүнсэнд зарцуулдаг байсан. Харин сургалтын төлбөр, бусад хэрэглээний зардлыг хоёр ах минь хийдэг байлаа. Тэд маань шөнө нойр авалгүй, өдөр найз нөхөдтэйгөө уулзалгүй, өөрсдийнхөө сурах цаг хугацааг зольж миний төлөө ажилласан. Одоо хоёулаа мэргэжлээрээ ажилладаг.

-Оюутнууд тань таныг үзэл бодолдоо тууштай, хүчтэй эмэгтэй гэж хардаг юм билээ. Тэгвэл энэ хүчтэй эмэгтэй чухам юу хийж бүтээхээр зорьж яваа вэ?

-Би дөрөвдүгээр сард цусны хорт хавдартай Цэрэндулам эгчид туслахаар Хандивын онлайн тоглолт зохион байгуулах багт оролцож 50-иад сая төгрөгийн хандив цуглуулж багахан ч болов нэмэр болсон. Мөн энэ сард амжиргааны түвшин доогуур 9 айлд Нэг сарын хүнс хандивлах аянд гар бие оролцсон. Сайн үйлсийн аянд оролцоод явж байхдаа би нийгмийн орхигдсон хэсэг буюу ажилгүй, мэргэжилгүй, боловсролгүй, арчаагүй энэ хүмүүсийг сэхээрүүлэх ажил хийх ёстой болохоо ойлгосон. Яагаад “арчаагүй” гэж тодотгож хэлж байна вэ гэхээр, эрүүл саруул байдаг хэрнээ хувцсаа угааж өмсдөггүй, гэрээ цэвэрлэдэггүй, шалаа угаадаггүй, хүүхдийнхээ гэзгийг ч самнаж өгдөггүй юм билээ. Тэгээд бусдыг ухааруулсан, сэхээрүүлсэн, ойлгуулсан, томоожуулсан зүйл хийх ёстой юм гэдгийг маш сайн ойлгосон. Тиймдээ ч 2016 оноос хойш “Ухаарахуй” нэвтрүүлгээ хийж байгаа. Мөн 108 сургаалтай дэвтэр гаргасан.

Гэхдээ хүмүүсийг соён гэгээрүүлэхийн тулд өөрөө би зөв байх ёстой. Мөн манай найзууд хамтраад хоёр хоногийн өмнө өрх толгойлсон нэг ээжид хоол, хүнс өглөө. 

-Таны ердийн нэг өдөр яаж шуухан өнгөрдөг вэ?

100686301_846125995879165_3337687384291540992_n.jpg

-Коронавирусээс өмнөх амьдрал маань маш эрчтэй байсан. Харин коронавирус гарснаас хойш миний амьдрал намуун байгал шиг л байна.

Миний хувьд өглөө телевиз дээрээ ирж “кофе юу, цай юу” нэвтрүүлгээ хөтөлдөг. Өдөр мэдээ унших бол мэдээгээ уншина, орой мэдээ унших бол мэдээгээ уншина. Энэ бол миний хамгийн чухал ажил. Мөн ээж рүүгээ өдөрт гурван удаа утсаар ярьдаг. Өөрийнхөө цахим хуудсанд нэг эерэг пост заавал оруулдаг. Энэ чинь бас ажил шүү дээ. Гадуур сөрөг сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс бол хүмүүст сөрөг энергийг өгч байгаа. Тэрийгээ хүмүүс тэр бүр мэддэггүй л байх.

Би сүүлийн үед их ном уншиж байгаа. Цойлогсод, Хосын жор, Эзэнт гүрний туульс номуудыг уншсан. Мөн Анна Каренина жүжигт дүү Т.Маргад маань жаахан хүүхдийн дүрд тоглож байгаа болохоор Анна Каренина романыг хэрэг болгож уншсан. Миний мөрөөдлийг биелүүлж Драмын театрын тайзан дээр гарч байгаа учраас жүжгийн нээлтэд очиж,  дүүдээ цэцэг өгнө. Т.Маргад маань миний төрсөн ахын хүү л дээ.

 

"БИ ХҮНИЙ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛЫГ НЬ Л ХАРДАГ"

-Өнгөрсөн жил би таниас “одоо хүртэл ганц бие юм уу” гэж асуухад “араас гүйцэж ирэх хүн байхгүй байна шүү дээ” гэж хариулсан. Тэр үгийг та зүгээр ч нэг хэлээгүй байх?

-Миний хувьд маш их сонголтыг алгасаж, удаан хугацаанд ганцаараа тэвчээртэй байсны эцэст нөхөртэйгөө учирсан. Яагаад энэ хүнийг сонгосон бэ гэвэл, эрдэм мэдлэг бол биш. Маш их сэтгэлийн хүчтэй хүн байсан. Сэтгэлийн хүчтэй, зүтгэлтэй, бусдад хандаж байгаа хандлага нь надад үнэхээр их таалагдсан. Тэр үед би араас гүйцэж ирэх хүн байхгүй байна гэдэг үгийг “Сэтгэлийн хүч”-ээр л хэмжиж хэлсэн юм.

85051706_2675152186090546_6907075811682025472_n.jpg

Би хүний сэтгэлийн боловсролыг нь л хардаг. Оюуны боловсролтой ч сэтгэлийн боловсролгүй хүнийг би тийм ч их хүндлэхгүй. Сэтгэлийн боловсролтой хэрнээ оюуны боловсролгүй, хүн байсан ч би тэр хүнийг хүндэлж чадна.

-Нөхөртэйгөө танилцсан түүхээсээ хуваалцаач?

-Бид хоёр нэг багшийн шавь байсан юм. Лхаарамба  Д.Жавзандорж  2015  оноос  эхлэн жилд 4 удаа Монголд ирж ном тавьдаг байсан. Өөрөөр хэлбэл, энэ буруу, энэ зөв хэмээн амьдрах ухааныг заадаг байсан юм. Тэр хичээл дээр нөхөр бид хоёр 4 жил бие биенийгээ хараад, зөрөөд л өнгөрдөг байсан. Тэгээд 4 жилийн дараа учирсан даа. Одоо надад түүний байгаа газар хамгийн тайван, тухай газар санагддаг болсон.

Тэр минь намайг ажил руу явахад цүнхэнд байнга л идэх юм хийж өгдөг. Аав л намайг тэмцээн уралдаанд ийш тйишээ явахад бүх юмыг маань бэлдэж өгдөг байсан. Яг л аав шиг минь хүн.

-Мөн гэр бүлийн бизнес эхлүүлсэн гэж сонссон...

-Одоо бид хоёр кофе шоп ажиллуулж байгаа. Манай кофе шоп “Шинэ монгол харүмафүжи сургууль”-ийн нэг давхарт байдаг. Одоогийн байдлаар ганцхан л салбартай.

Мөн би Солонгосийн “DraCell” гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх гүүрийг тавилцсан. Нүүр царайгаар нь ажиллаж байгаа.

98458391_558761651508772_702231589597216768_n.jpg

 “МИНИЙ ААВ ХАМГИЙН САЙН ЭРЭГТЭЙ НАЙЗ МИНЬ БАЙСАН”

-Онгоцны буудал дээр баяртай гэж хэлчихээд л “эргээд харахад” аав минь байгаагүй гэж та өмнө нь дурсаж байсан. “Том” хагацлын өмнө толгой гудайсан тэр мөчөө эргэн дурсвал?

-Би өдөр бүр л аавтайгаа хамт байсан. Бараг л хамгийн их хамт байсан эмэгтэй хүн нь би байх. Одоо бодох нь ээ хамт байсан өдөр бүхэн нь л надад сургаал байж. Миний аав хамгийн сайн эрэгтэй найз минь байсан.

Би хааяахан шүлэг бичдэг юм л даа. Аавыгаа маш удаан хугацаанд бодож, бурхан болохоос нь 7 хоногийн өмнө аавдаа зориулан шүлэг бичсэн юм. Тэгэхэд би БНСУ-д сурч байсан болохоор бичсэн шүлгээ утсаар уншиж өгсөн. Тэгэхэд аав минь “намайг өөрийн биеэрээ ирж эргэсэн юм шиг мэдрэмж төрлөө гэж” хэлсэн. Тэгж хэлчихээд л уйлаад утсаа салгасан даа.

Би яг 7 хоногийн дараа сургуулиа төгсөх байсан. Гэвч аав минь намайг хүлээлгүй тэнгэрт дэвшсэн. Тэр үед надад гуравхан шалгалт үлдчихсэн байсан л даа. Энэ гурван шалгалтаа өгөөд их сургуулиа төгсөх үү эсвэл нутаг руугаа явах уу гэсэн хоёр сонголттой нүүр тулсан. Тэгээд би инээж байгаад шалгалтуудаа өгч сургуулиа төгссөн. Бүр сургуулийнхаа “Шилдэг оюутан” болсон.

Хэн нэгэн намайг гомдоох ч юм уу эсвэл миний амьдралд ямар нэгэн хэцүү үе байдаг даа. Тэр үед би тэр шалтгаанаас болж уйлахгүйгээр сэтгэлдээ шууд аавыгаа авчирч боддог. Тэгээд тэсэлгүй уйлчихдаг. 

Гэсэн ч би ганцаараа явж байхдаа цаатан ардын “Самгалдай”  дууг сонсож урам авдаг. 

Санал болгох

Д.Батсүх: Өнөөдрийн Ж.Эрдэнэбатын жишээ ирээдүйд болох буруу жишгийн эхлэл бүү байгаасай

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр анхан шатны шүүхээс зургаан жилийн ял биеэр эдлэх, эдэлж гарч ирээд зургаан жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхгүй байх ял сонссон. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулах нь, Ж.Эрдэнэбат албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн учраас дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо, 12 жил буюу гурван сонгууль өнжих нь гэсэн мэдээллүүд гарч эхлэв. Бид шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Д.Батсүхээс цөөн зүйл тодруулсан. Д.Батсүх нь Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч бөгөөд туршлагатай өмгөөлөгч нарын нэг юм.

3 өдрийн өмнө
Т.Сайнжаргал: Архивын баримт дахин давтагдашгүй цор ганц хувь учраас номноос илүү үнэ цэнэтэй

Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргалтай ярилцлаа.

9 өдрийн өмнө
Roockie: Кинонд тоглуулахаас өөр аргагүй болтол нь “ОД”  болно гэж боддог

Roockie: Хутгалснаасаа хойш нэг ч удаа холбоо бариагүй, УУЧЛАЛ гуйгаагүй Roockie: Хутгалуулж бэртсэн ч чамтай байхыг хүсч байна Таван харандаа байхад арай өөр өнгийн харандаа байхыг хүсдэг

17 өдрийн өмнө
Ж.Аюуш: Мөрөөдлийнхөө хашаа байшинг өөрсдөө барьж ХААН шиг л амьдарч байна

Хашаандаа мөрөөдлийнхөө орчинг бүрдүүлж, сайхан амьдарч болохыг үлгэрлэж буй  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Ж.Аюуштай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр эхнэр хоёр хүүгийн хамт хоёр өрөө байраа зарж, хоосон газар дээр мөрөөдлийнхөө хашаа байшинг босгож байгаа жирийн нэг залуу юм.

21 өдрийн өмнө