Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

2020 оны 5 сарын 282020-05-28
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

 

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажил хийгдэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянхошуу дэд төвд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв нээлтээ хийлээ.

Дэд бүтцийн хувьсгал, бүтээн байгуулалтын өөрчлөлт Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд өрнөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын гэр хорооллын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Учир нь гэр хорооллын иргэд маань амьдарч байгаа орчноосоо төрийн үйлчилгээг авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөлд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, залуучуудыг хөгжлийг дэмжсэн бизнес инкубатор төвтэй, гэр бүлийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд олон боломжийг бүрдүүлсэн төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ.

1980-аад оноос хойш хийгдээгүй том дэд бүтцийн хувьсгал, бүтээн байгуулалтын өөрчлөлт Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд өрнөж байна. Цаашлаад Шар хад, Баянзүрхэд хийгдэнэ. Гэр хороололд хотын төвөөс ялгарахгүй орчин нөхцөл бүрдэж эхэллээ. Та бидний хамтдаа хэрэгжүүлж байгаа энэ ажил маань өнөөдөр бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байна” хэмээлээ.

Дэд төвүүдийн гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах юм

 

Энэ үеэр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчлүүлдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Дэд төвүүдийн гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах юм” гэдгийг онцоллоо.

Төслийн 1 дүгээр шатны хүрээнд Баянхошуу дэд төвд 162 га-д шаардагдах дэд бүтэц, инженерийн бэлтгэл хангагджээ. Баянхошуу дэд төвийн 3,600 өрхийн 14 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болж нэг төвтэй хотоос олон төвтэй хот болж хөгжих боломж бий болж байна. Одоогоор Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банк хамтарсан 115 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 3.45 км 700м шугамын өргөтгөлийн ажил, 6.3 км ариутгах татуургын коллектор шугам, 4.8 км үерийн хамгаалалтын суваг, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлуудыг тус тус гүйцэтгэж бүрэн дуусжээ. 

Сурч боловсрон өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөнд талархалтай байгаагаа Хотын Захирагчид илэрхийллээ

Нээлтийн үйл ажиллагааны дараа Хотын Захирагч С.Амарсайхан Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв болон Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр орж үйл ажиллагааг шалган, тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэд, олон нийттэй уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс үйл ажиллагааг нь дэмжсэн, иргэдийг ажлын байраар хангаж, залуучуудыг сурч боловсрон, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн орчин нөхцөлийг гэр хороололд нь бүрдүүлж өгсөнд маш талархалтай байгаагаа Хотын Захирагч уламжилж байв. 

Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 63.49 хувь хүртэл нэмэгдэх аж.

Мөн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх ба бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Баянхошуу дэд төвд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв, Бизнес инкубатор төв /гарааны бизнес эрхлэгч/, дундын оффис, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Авто зам хууларч эвдрэл үүслээ

Өнөөдөр нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ.

4 өдрийн өмнө
Нийслэлд тогтсон борооны усыг амралтын өдрүүдэд соруулжээ

Өнгөрсөн баасан гарагт орсон усархаг борооны улмаас хотод их их хэмжээний ус тогтсон. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд ус соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

4 өдрийн өмнө
Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

7 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

9 өдрийн өмнө