АНУ-д халдвар авсан МОНГОЛ иргэн ЭДГЭРЛЭЭ

5
2020 оны 6 сарын 32020-06-03
АНУ-д халдвар авсан МОНГОЛ иргэн ЭДГЭРЛЭЭ

Лувсанжамбаагийн Мөнхтөр. Тэрбээр АНУ-ын Лос Анжелес хотод гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ны өдөр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан юм. Мөн түүний эхнэр коронавирусийн халдвар авчээ. Энэ тухай ЭМЯ дөрөвдүгээр сарын 25-ны өдөр мэдээлсэн. Харин одоо тэд эдгэрч, гэрийн тусгаарлалтад байгаа аж.  Бид түүнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

________________________________________________________


-Сайн байна уу.  Хэзээнээс халдварын шинж тэмдэг илэрсэн бэ?

-Анх дөрөвдүгээр сарын эхээр нүд, хамар, ам загатнах, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг илэрч, сүүлдээ 10, 11, 13-нд дараалан, оройн цагаар халуурч эхэлсэн, Халуун 37.2-38.4С хүрч, маш их тамирдаж, хөлөрч байсан. Эхнэрт маань мөн ижил шинж тэмдэг илэрч, халуурсан.

Ингээд бид 14-ний өдөр эмнэлэгт очиж, шинжилгээ “арай гэж” өгсөн. Орой нь халуурч байгаад, өглөө, өдрийн цагаар гайгүй болчхоод байсан. Харин биднийг өглөө очиход “-Шинж тэмдэг илрээгүй, бие чинь зүгээр байна!” гэж шалтаглан, шинжилгээ авахаас татгалзсан. Учирлаж, шаардаж байж, би арай гэж шинжилгээ өгсөн. Харин эхнэрийн маань шинжилгээг авалгүй буцаасан. Шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 21-нд гарч, коронавирусийн халдвар авсан талаар надад утсаар мэдэгдсэн юм.

а.png
Ковирусийн халдвар илэрсэн тухай, шинжилгээний хариу)

Шинжилгээний хариу хүлээх хооронд болон түүнээс хойш арав гаруй хоногт эхнэр бид хоёрын толгой байнга өвдөж, үе үе зүрхээр хатгуулж, хоолой арзайх, цэртэй, цэргүй ханиалгах, нус гоожих, найтаах, халуурах, хөлрөх, тамирдах, хоолонд дургүй болох, амт, үнэр мэдрэхээ байх, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд нэмэгдэж, хэд хэдэн удаа гүйлгэсэн. Олон нийтэд мэдэгдсэн нь би л болохоос эхнэр бид хоёрт хоёуланд нь энэ айхавтар өвчин туссан юм шүү.Харин тэнгэрийн авралаар хүүхдүүдэд маань тусалгүй, холуур өнгөрлөө.

Миний хувьд АНУ-д 2005 онд ирсэн. Зураач, барималч мэргэжилтэй. Харин одоо холын тээврийн жолооч.

-Хаанаас халдвар авсан байх гэж та бодож байна?

-Дэлгүүрт явж байгаад л авсан болов уу. Учир нь би хүнсний дэлгүүрт ороод, хамгаалж зүүж явсан нарны шилээ, харанхуйлаад байхаар нь авчихсан юм. Түүний дараагийн 2 дахь өдрөөс нь л нүд, нүүр, хамар, ам тэсэхийн аргагүй загатнаж эхэлсэн дээ. 

-Одоо эмнэлэгт байгаа юу эсвэл гэртээ байгаа юу. Биеийн байдал тань одоо ямархуу байна? 

-Одоо гэртээ байгаа. Энд ер нь үхлүүт болоод түргэн тусламж дуудах юм уу, өөрөө зүтгэж очихоос нааш, хөнгөн туссан битгий хэл, хэр баргийн өвдсөн хүнд эм бичиж өгсөн болоод тоохгүй хаячихдаг юм байна. Зөвхөн утсаар зөвлөгөө өгч байгаа. Онош тодронгуут өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчилгээ бичүүлж авсан, тэгээд бичиж өгсөн, эм тариаг нь уугаад дуусаж байна.

Одоо бидний биеийн байдал сайн байгаа. Бид тавдугаар сарын 11-нд давтан шинжилгээ өгсөн. Давтан шинжилгээний хариу 4, 9, 12 хоногийн дараа, цувж гарсан. Миний шинжилгээний хариу хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 23-нд е-мэйлээр ирлээ. Бидний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан. Тэгээд бөөн баяр болоод байж байна даа.

ө.png
Давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ

Гол нь үүнд манай өрхийн эмч, түүний бичиж өгсөн эм, эмчилгээ, бидний өөрсдийн сахисан гам, дэглэмээс гадна бидэнд сэтгэл санааны маш их дэмжлэг үзүүлсэн, анхаарал тавьж, сэтгэлээ чилээж байсан олон түмний чин сэтгэлийн дэм тус онцгой үүрэг гүйцэтгэснийг онцлон дурдъя! Өнгөрсөн хугацаанд үзлэг хийж, онош тавьсан ALTAMED Medical & Dental Group, Asian Pacific Health Care Venture эмнэлгийн эмч, ажилтнууд, үнэт зөвлөгөө өгсөн ХӨСҮТ-ийн зөвлөх эмч М.Алтанхүү, мөн төвийн эмч Б.Алтангэрэл, Америк дахь Монгол Эмч нарын Холбооны тэргүүн, эмч Н.Нямсүрэн, АНУ дахь, Монгол Улсын ЭСЯ, Сан Франциско дахь, Монгол Улсын Ерөнхий Консулын газар, Лос Анжелес дахь Tibetan Health Center-ийн монгол оточ, Дэнвэр хот дахь Эрүүл Мэндийн Мандухай төв, Сакраменто дахь Занабазар төв, Лос Анжелесийн Монголчуудын Холбооны үе үеийн удирдлага, гишүүн нөхөд, Америк дахь Монголчуудын Утга Зохиолын Нийгэмлэг, Тулга клубийн андууд, байнга санаа тавьж, сэтгэл санаа, эм тан, өглөг хандив, аарц, чацаргана, унших ном, маск гээд зүйл бүрээр тусалж дэмжсэн, төрсөн ах, эгч, дүүс, ойр дотнынхон, таних танихгүй олон зуун монгол ахан дүүстээ машид талархаж байгаагаа дахин илэрхийлье.

-АНУ-д байгаа гадаадын иргэд, тухайлбал монголчууд эмнэлгийн тусламж, бусад халамж үйлчилгээ авах боломж хэр вэ? 

-Эхэндээ эндхийн эрх баригчид нь талцан улс төржиж, олон нийт нь маск зүүхдээ маш хойрго, үл тоосон байдалтай, ази хүмүүсийг үзэн ядах, заналхийлж, биед нь халдах явдал энд тэнд их гарч байсан. Би ч бас тэдний заримтай нь таарч байсан. Цар тахал томоохон хотуудыг хамарч, бодитой аюул нүүрлэж ирэхийн үед дээр дооргүй балмагдаж, бужигналдаж эхэлсэн. Одоо тэмцэх, зохицож амьдрах арга эвээ дөнгөж л олж эхэлж байх шиг.

Монголчуудын тухайд, энд бичиг баримттай, эсвэл сайн дурын даатгалтай хүмүүс нь даатгалаараа үзүүлээд, эм, эмчилгээ үнэгүй, эсвэл даатгалынхаа нөхцөлөөс хамаараад, багахан төлбөртэй авч байгаа. Гэтэл бичиг баримтгүй хүмүүс нэр дээр нь ирэх өндөр төлбөрөөс айгаад, өвдсөн ч шинжилгээ өгөхгүй, үзүүлж харуулахгүй, өөрсдийгөө эмчлээд, эсвэл эмчилгээ авч чадахгүй яваад байна. Лав л Калифорнид шинжилгээ өгөхөд, визийн статус шалгахгүй, үнэ төлбөргүй авч байгаа. Бусад мужууд янз бүр байх аа.

Ер нь сурах, ажиллах, аялах, амрах, эмчлүүлэх, ач зээ нараа харах гээд алба, амины янз бүрийн шалтгаанаар энд ирээд, хорионд орж, буцаж чадахгүй гацсан, мөнгө төгрөгөө дууссан, визнийх нь хугацаа хэтэрсэн, орох газаргүй, хоол ундгүй болсон маш олон хүн байх шиг байна. 4 сар гаран гадаадын янз бүрийн улсад, сэтгэл санаа, санхүүгийн тун хүнд байдалд байгаа иргэд маань хэр удаан тэсэхийг хэлэхэд бэрх! Энэ талаар төр засаг маань судалж үзээд, дорвитой арга хэмжээ аваасай.

-Эх орондоо ирэх хүсэлт тавьсан уу, анх хэзээ тавив. Хэдэн удаа хүсэлт гаргаад байна?

-Би энд амьдраад удаж байгаа болохоор буцах хүсэлт гаргаагүй ээ. Байдал хэцүүдлээ ч эндээ тэсэж үлдээд, давж гараад, дараа нь нутаг явна гэж анхнаасаа бодсон. Энэ тахал намжиж, байдал хэвийн болоод, олон улсын нислэг чөлөөтэй болоод ирэхийн цагт Монгол руугаа манайхан бөөн бөөнөөрөө буцах байх гэж би бодож байгаа.

-Ер нь танд Америк, Монгол хоёр улс энэ тахалд хандаж байгаа хандлага, төстэй, ялгаатай талууд, сургамж авмаар юм юу бодогдож байна, тэр талаар өөрийн ажигласнаа бидэнтэй хуваалцаач?

-Дайн байлдаан, байгалийн гамшиг, өвчин тахлын үед хувь хүний төдийгүй улс үндэстнүүдийн язгуур мөн чанар, төрөлх араншин тодрон гардаг бололтой юм.

Суурин иргэншилт Барууны улс үндэстнүүдийн хувиа хичээсэн аминч үзэл, аюул тулгарахад нэгнээ хаяад зугтдаг бэртэгчин занг, дур зоргоороо аашилсан, ихэмсэг, тоомжиргүй зан чанарыг бид харлаа.

Дэлхийн том улс гүрнүүд ихэрхэн үл ойшоож, яах учраа олохгүй цаг алдаж, мунгинаж байхад Монгол Улсын Засгийн газар ажлаа шуурхай зохион байгуулж, ард түмэн ч тууштай дэмжиж, дээр дооргүй хамтран ажилласны хүчинд, цагийн байдлыг зөв үнэлж, богино хугацаанд эмх цэгцэд орж, энэ аюулт тахлыг дотооддоо алдаагүй, бараг дэлхий дээрх цорын ганц улс болж, олон улсад үлгэр жишээ болохуйцаар ажиллаж байна. Энд, УОК, ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ажилтнуудын нөр их хөдөлмөр онцгой үүрэгтэй байгааг зориуд талархан тэмдэглэе! Ер нь л гадаадад амьдарч байгаа монголчуудын зүрхний угт байсан эх орноо гэх элэг сэтгэл нь энэ цаг үед улам илүү оргилж, эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрч, эрүүл агаар, амгалан тайван амьдрал, ээлт газар шороо, шимт, органик монгол хоол хүнсээ юу юунаас илүү үгүйлж байгаа гэж би бодож байна. Хуучин манайханд гадаад хүн л мундаг, биднээс илүү, хүний дээд, гадаад улс л бол хөгжлөөр тасарчихсан, гоё, манайх л гэж хоцрогдлын туйл, монголчууд бид хамгийн арчаагүй, өөдгүй гэж гутранги боддог байсан бол одоо байдал шал эсрэгээрээ, Монгол бол хамгийн аюулгүй, амар тайван, ээлтэй орон, монгол хүн бол хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн хурдан эвлэлдэн нэгдэж, эмх журамд орж чаддаг, хүн чанар сайтай хүмүүс болж хувирсан. Яг ч хувирсан юм биш л дээ. Угтаа бол өмнө нь ч тийм л байсан хэрэг шүү дээ. Үүнд нэг талаас бидний нүүдэлч, малч удмын цусанд байдаг айсуй аюулыг урьдаас мэдэж, мэдрэх төрөлх зөн, хашир нямбай чанар, аливаад дасан зохицох, чадвар, цэрэг дайны уламжлалтай, зэрэг хөдөлж чаддаг, сахилга бат, дэг журам гээд бидний эрхэм чанарууд ор мөргүй арилаагүй юм байна гэх итгэл төрүүллээ. Нөгөө талаас өвөр зуураа бие биендээ тусалж байгаа, монгол хүний хүнлэг сайхан зан чанар, нэгнээ гэх элгэн халуун сэтгэл, зовлон учирсан хөрш орнууддаа тусалж байгаа өгөөмөр хандлага дэлхийн бусад хүн ардад үлгэр дуурайл болж байна.

Удахгүй дэлхий Монгол руу эргэнэ, гадаад дахь монголчууд эх нутаг руугаа бүр буцацгаана.

-Та Монгол Улсынхаа төр засагт, олон нийтэд хандаж хэлэх үг байна уу?

-Сайны хажуугаар саар оршдогийн үлгэрээр, хэлэхгүй өнгөрч боломгүй хэд гурван үг байна. Юу гэвэл манай дарга нар гадаадад байгаа иргэдээ татахдаа алаг үзэл гаргаж байна, өөрсдийнхөө эхнэр хүүхэд, ойр дотнынхноо түрүүлж татлаа гэсэн хэл ам гарч байна. Энэ ч яах аргагүй ортой. Нэг жишээ хэлье!

Миний зээ дүү Солонгост ажиллаж байгаад, жирэмсний улмаас гэртээ харья гэж хүсэлт гаргаад, өчнөөн хүлээж байж, 2 дахь удаагийн тусгай нислэгээр Монголдоо арай гэж иржээ. Ирээд буух гэтэл дарга даамлууд өөрсдийн хүнээ түрүүлж буулгаж авах гэж хөл толгойгүй юм болсон, онгоцны хамгийн сүүл хэсэгт өвчтэй, настай, тэргэнцэртэй хүмүүс, хүүхдээ дагуулсан эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд урд байгаа тэр олон хүнийг гарч дуусахыг хүлээн,  4 цаг гаруй хашигдаж байж арай гэж газардсан. Тэр хооронд агаар дутагдсан, халууцсан, хөлөрсөн, явдалдаа ядарсан хөгшчүүл үгээ хэлж, хүүхдүүд уйлж майлалдаад сүйд болсон гэсэн. Өглөөний 6 цагаас байрлаж байсан зочид буудлаасаа гарсан дүү маань тусгаарлагдах газраа ирэхэд шөнийн 12 цаг болж байсан гэж байгаа. Онцгой нөхцөлд тэр зэргийн хүлээлт, бэрхшээл байх ч гэлээ хамгийн түрүүнд үйлчлэх ёстой, эмзэг бүлгийн хүмүүсээ хөсөр хаячхаад, өөрсдийн хүмүүсээ хамгийн түрүүнд авах дайрч гэж байсан дарга нарыг бодохоор хэлэх ч үг олдохгүй байна. Тэдгээр хүмүүс нь тэгээд тусгаарлалтад орсон уу, тусгай маршрутаар гэр гэртээ харьсан уу, бүү мэд. Уг нь ийм өвчин зовлонгийн үед бид гадаад дотоод, дарга цэрэг, баян ядуу, хөгшин, залуугаараа ялгарч талцах хэрэггүй юм байгаа юм. Дарга даамал ч гэсэн хүн, адилхан үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө санаа тавих нь зүйн хэрэг. Гагцхүү, түмний итгэлийг авч, төрд гараад, нийт иргэн, улсын нийтлэг эрх ашгийг эн түрүүнд тавьж ажиллах үүрэг хүлээж, эрх эдэлсэн хүн тэр үүрэг хариуцлагаа хамгийн түрүүнд ухамсарлаж, өөрийнхөө үр хүүхэдтэй адилхан харьд гацаж, аргаа барж байгаа түмэн олноо, тэдний олон үрсийн амь нас, аюулгүй байдлыг төлөө хамгийн түрүүнд сэтгэж, зүтгэж ажиллах учиртай баймаар. 

Саяхан болсон УОК-ийн хурлын шийдвэрийг танилцуулахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “-Вакцин гартал хилээ нээхгүй!”, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар “-Гадаадад байгаа 10000 олигарх!” гэхчлэн ярьсан нь ард иргэдээ ялгаварлан гадуурхсан, цаг үеэ олоогүй, төрийн сайд нарын амнаас гарамгүй, болчимгүй үг, үйлдэл боллоо. Үүндээ ард түмнээсээ уучлал гуйгаасай.

Шүүмжлэлээс гадна бас нэгэн зүйлийн санал, санаачилга байна.

Биднийг цээжний зураг авахуулахаар Hollywood Prespetrian Hospital-д очиход ийм асар бариад, үзлэг, оношлогоо хийж байх юм. Бараг л хагалгаанаас бусдыг нь хийж байх шиг. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед, уудам дэлгэр газар нутагтай манай улс хүний олон, хотын чийг, чимээнээс зайдуу, тог цахилгаантай, уул устай, сайхан газар энэ мэтээс санаа аваад, зөөврийн, угсармал барилга барьж, түүндээ оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж, эмч сувилагчдаа байрлуулаад, салхиных нь доод талд олон гэр барьж, гадаадад хоригдсон, хоол унд, мөнгө зоосгүй ягдсан, хавчигдаж туугдсан 

өаө.jpg
АНУ-д томоохон эмнэлгүүдийн гадаа, ийм түр асар барьж, хэвтрийн өвчтөнүүд болон гаднаас ирж байгаа хүмүүсийг хоорондоо ойртож, халдвар авах, тараахаас сэргийлж, коронавирусийн шинжилгээг, болон цээжний зураг, зүрхний бичлэг, халуун хэмжих, цээж чагнах зэрэг үзлэг, шинжилгээг хийж байна.

10000 гаруй иргэдээ байгаа байгаа улстай нь жич ярьж, агаарын тусгай шугам нээгээд, өөрийн онгоц, нисгэгч хүрэлцдэггүй юм бол сул зогсож байгаа өөрсдийнх нь онгоцоор нь, хэр тааруу хөлс өгч авчраад, шинжилгээний бичигтэй, шинж тэмдэг, зовуургүй иргэдээ эрүүл агаарт тусгаарлаж болдоггүй юм уу.Тэгвэл засагтаа ч, иргэндээ ч эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндийн тал дээр ч тустай, цэвэр агаар, байгалийн сайханд сэтгэл санаа нь ч тэнэгэр, алжаал бухимдал нь ч хурдан тайлагдана, ар гэртээ хурдан харина, тусгаарлах байр савны хүрэлцээ, багтаамж ч эрс сайжирч, иргэдийг хүлээн авч, гаргах ажил ч шуурхай болно. Гаднаас ирээд, шинж тэмдэг далд байгаа хүмүүсийг нийслэлдээ олноор нь байлгаж, хүн амынхаа тал хувьд халдвар тараах эрсдэл нэмэхээс ч сэргийлж чадна. Мэдээж аюулгүй, эрсдэлгүй байдлыг тооцож, харуул хамгаалалт чангатай байх хэрэгтэй. 

 

Санал болгох

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Мөн Төв аймагт Хязаалан, Шүдлэн насны хурдан морины өнөөдрийн уралдааны гарааны зурхайд гарах цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Төв аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдэгджээ. 

2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар төлөвлөсөн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

3 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

4 цагийн өмнө