"Сэлэнгэ-2020" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль өндөрлөлөө

2020 оны 10 сарын 162020-10-16
"Сэлэнгэ-2020" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль өндөрлөлөө

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан "Сэлэнгэ-2020" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль Төв аймгийн нутагт явагдлаа. Тус хээрийн сургууль "Терроризмын эсрэг операцын үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбаруудын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах" сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Энэхүү хээрийн сургуулиас бэлтгэсэн сурвалжилгыг та бүхэнд хүргэж байна.

Цэргийн алба хаагчид эх орноо хайрлан хамгаалах хүндтэй үүргийн эзэд учир зэр зэвсэг, тусгайлсан үүргийн техник, хэрэгсэлтэй харьцдаг тэдэнд байнгын бэлтгэл сургуулилт хийх нь хамгийн чухалд тооцогдоно. Тэгж гэмээ нь эх орныхоо эрдэнэт хүмүүний амь насыг чандлан хамгаалах баталгаа болж чаддаг юм гэвэл маргах хүн цөөн биз. "Сэлэнгэ" нь Оросын Холбооны Улс, Монгол Улсын хамтарсан хамгийн том хээрийн сургууль гэдгээрээ онцлог. Энэ утгаараа хоёр орны цэргийнхэн хоорондоо туршлага солилцох том алхам болж чаддагийн сацуу хөрш орнуудын үүрдийн нөхөрлөл, хоорондын элгэмсэг, нэгдмэл байдлын томоохон баталгаа болдог. Эл хээрийн сургуульд байлдагчаас генерал хүртэлх албан тушаалтнууд үүрэг гүйцэтгэдэг. Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд хамт олны нэгдмэл байдал хамгаас чухал болох нь өнгөрсөн долоо хоногт дээрх хөндийд цугларсан хэдэн зуун цэргийн алба хаагчийн сахилга, зохион байгуулалтаас тод харагдаж байв.

Сургуулийн эхний өдөр хуурай дадлага, сургуулилтыг зохион байгуулсан бол үлдсэн өдрүүдэд байлдааны буудлагатайгаар үргэлжилсэн юм. Бие бүрэлдэхүүний хувьд ч гэсэн энэ сургууль тэдний хүсэн хүлээдэг цаг хугацаа болсон нь харагдана. Учир нь, өөрийн тусгаар улсыг хамгаалах үүрэгтэй цэрэг дайчид бол тэд. Хийх зүйлдээ эзэн болох нь тэднээс хамаарах хариуцлагатай холбогддог. Тиймээс энэхүү тактикийн хээрийн сургууль нь оролцож буй бие бүрэлдэхүүний ур чадварыг нэмэгдүүлж, бэлтгэлжилтийг нь хангахад чухал ач холбогдолтой. Дээрээс нь, энэ удаагийн сургууль намрын адаг сард зохион байгуулагдсан учир сургуульд оролцож буй бие бүрэлдэхүүнийг цаг агаарын эрс тэс нөхцөл байдал угтсан юм. Энэ талаар сургуулийн штабын дарга, Хуурай замын цэргийн командлалын төрөл мэргэжлийн офицер, хурандаа Н.Сүхбаатар хэлэхдээ “Цэргийн хүн гэдэг ямар ч хүнд нөхцөлд өгсөн үүргийг ягштал биелүүлж байх ёстой. Ингэж л байж тангараг өргөсөн цэрэг хүнд байх ёстой хатуужил бий болно. Энэ жилийн "Сэлэнгэ" сургууль нь цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд болж байгаагаараа онцлог. Энэ нь бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрын хувьд давхар бэлтгэл болж байгаагаараа онцлог юм" хэмээн ярив. Түүний хэлснээр цэргийн хүн хүйтэн эсвэл халуун байна гэж хэлэх эрх үгүй. Цаг үеийн аль ч хатуу, ширүүн уур амьсгалд дасан зохицох хүндхэн үүргийг гагцхүү цэргийн тодотголтой алба хаагчид л хүлээсэн. Энэ үүргээ ч нийт бие бүрэлдэхүүн хэдийнээ ухамсарласан байсан нь харагдаж байв.

Хугацаат цэргийн алба хаагчид дундаас бусдадаа илүү үлгэр жишээ нь байж, цаашид эх орноо хамгаалах үйлсэд гар бие оролцох хүсэл сонирхолтой, жавхаалаг залуусыг цэргийн гэрээт албанд элсүүлэн авдаг журамтай. Энэ удаагийн “Сэлэнгэ-2020” сургуульд цэргийн гэрээт алба хаагчид цөөнгүй оролцсон. Тэдний нэг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн түрүүч Б.Бямбадоржтой ярилцах боломж олдсон юм. Тэрээр хэлэхдээ "Би 1999 онд Өвөрхангай аймагт төрсөн. Хугацаат цэргийн албаа 2017 онд Өмнөговь аймагт байрлах Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хаасан. Алба хаах хугацаандаа цаашид цэргийн хүн болох мөрөөдөлтэй болсон. Учир нь цэргийн алба надад маш олон зүйлийг сургасан. Дараа дараагийн жилүүдэд ч илүү боловсорч, албаараа бахархаж явах юм сан гэсэн бодол төрсөн. Улмаар 2019 онд энэ ангидаа цэргийн гэрээт албанд элсэн орсон доо. Миний зорилго гэвэл ахлагчийн, бүр цаашлаад офицерын албанд хүчин зүтгэх. "Сэлэнгэ-2020" миний хувьд хамгийн анхны хээрийн сургууль боллоо. Намайг офицер, ахлагчийн албанд бэлтгэх хамгийн гол суурь мэдлэг болно гэдэгт итгэж байна. Энэ удаагийн хээрийн сургуульд миний бие хос гол төмөрт зенитийн суурь ЗУ-23-2 бууны наводчик албан тушаалд томилогдсон. Наводчик гэдэг нь агаар болон газрын цельд тоотын даргын тушаалаар гал явуулах үндсэн үүрэгтэй. Өнөөдөр анх удаа эл үүргийнхээ дагуу буудаж үзлээ. Цэргийн хүн болсных цельд гал явуулах анхны мэдрэмж маш сайхан, омогшим байлаа. Эр хүн болж төрснөөрөө бахархаж байна" гэв. Харин түүний найз, түрүүч О.Энхманлай хэлэхдээ "Би энэ жил 20 настай. Цэргийн гэрээт албанд элсэн ороод дөрвөн сар өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг шинээр мэдсэн. Өнгөрсөн 4 дүгээр сард цэргийн гэрээт алба шинэчлэгдэх хууль, тогтоомж гарснаар бидэнд маш олон боломж нээгдсэн. Үүний жишээ гэвэл, цалингийн хэмжээ өссөнөөс гадна яг л офицер, ахлагч нар шиг өдрийн найман цаг ажил үүргээ гүйцэтгээд гэртээ харих боломжтой болсон явдал юм. Өмнө нь цэргийн гэрээт албанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч заавал ангийн байрлалд байрладаг байв. Дээрээс нь, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж нээгдсэн. Миний хувьд энхийг сахиулагч болохыг мөрөөддөг. Мөрөөдөлдөө хүрэх боломж цэргийн гэрээт албанд бүрдсэнд баяртай байгаа. Миний албан тушаал баруун сумлагч учраас бууныхаа гол төмрийг цэвэрлэх, эвдрэл, гэмтлийг нь засах, тасралтгүй сумаар хангах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд "Сэлэнгэ-2020" хээрийн сургууль надад олон зүйлийг зааж өгч байна. Бусад анги, салбаруудаас ч олон найз, нөхөдтэй боллоо” гэлээ.

Энэхүү хээрийн сургуульд төрөл бүрийн мэргэжлийн цэргийн алба хаагчид оролцож байгаа. Тэдгээрийн мэргэжлийн онцлогийг илүүтэйгээр гаргаж ирэх зорилгоор алба үүргийнх нь талаар ярилцсан юм. Тэдний нэг бол Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэд ахлагч Д.Далайцэрэн юм. Тэрээр хэлэхдээ “Би ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг танкийн наводчик, оператор мэргэжлээр 2018 онд төгссөн. Сургуулиа төгссөн даруйдаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс ажлын гараагаа эхэлж өнөөг хүртэл алба үүргээ гүйцэтгэж байна. Анх "Нохойтой дөрвөн танкчин" киног үзээд энэ мэргэжилд дурласан гэж хэлж болно. Дэлхийн дайны түүхийг харахад ч гэсэн танкийн гүйцэтгэсэн үүрэг чухалд тооцогддог шүү дээ. "Сэлэнгэ-2020" сургуульд оролцсоноор анх удаа байлдааны сумаар гал явуулахад ямар байдгийг мэдэрч үзлээ. Өөрийн эзэмшсэн танкчин мэргэжлээрээ их бахархаж байна. Өнгөрсөн 6 дугаар сард ОХУ-д зохион байгуулагдах байсан "Танкийн биатлон-2020" тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтад хамрагдаж байсан боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад цуцлагдсанд сэтгэл дундуур байсан. Харин өнөөдөр байлдааны буудлагатай хээрийн сургуульд оролцсондоо маш их баяртай байна” хэмээн ярив. Харин өөр нэгэн мэргэжлийн алба хаагчтай уулзаж ярилцах боломж олдсон нь цэргийн сэтгэл зүйч байв. Аливаа орны Зэвсэгт хүчний зохион байгуулалтад цэргийн сэтгэл зүйчийн үүрэг чухалд тооцогддог. Тайван цагт цэргийн сэтгэл зүйч нь алба хаагчдын сэтгэл зүйн онцлогийг судлах, байлдааны бэлэн байдал, бэлтгэл сургуулилт, цэргийн ангийн сахилга батыг сэтгэл зүйн хувьд хангах, цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн асуудлыг нь шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүргийг хүлээдэг. Харин дайны цагт цэргүүдийн сэтгэл зүйд гарч буй өөрчлөлтүүдийг тэр дор нь дүгнэж хурдан хугацаанд хариу арга хэмжээ авдгаараа энгийн салбарын сэтгэл зүйчдээс ялгардаг. Тэдгээр цэргийн сэтгэл зүйчдийн нэг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн сэтгэл зүйн хангалтын офицер, ахмад З.Ганбаяр "Миний аав Б.Цагаан нь артиллерийн мэргэжлээр Зэвсэгт хүчинд 37 жил алба хаасан хүн. Би аавынхаа ажиллаж байсан ангид сэтгэл зүйч офицерын үүрэг гүйцэтгэж явдгаараа үргэлж бахархдаг. Артиллери гэдэг бол баг хамт олны ажиллагаа. Энэ нь том систем бөгөөд дайн, байлдааны үед маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Үүнийгээ дагаад тэдгээр цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг өндөр түвшинд бэлтгэхэд чиглэгдсэн өвөрмөц мэргэжил бол цэргийн сэтгэл зүйч. Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулна гэдэг нь хүн бүртэй тулж ажиллах шаардлагатай гэсэн үг. Жишээ нь, буудагчаас эхлээд удирдлагын түвшинд хүртэл байнгын сэтгэл зүйн дадлага, сургуулилтыг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, хамт олон гэдэг нэг сэтгэл зүйтэй байхгүй л бол дайснаа устгах ямар ч чадваргүй болж хувирдаг. Эсрэгээрээ өөрсдийгөө эрсдэлд оруулах ч тохиолдол бий. Тиймээс манай орны томд тооцогдох байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль болох "Сэлэнгэ" сургуулийн хувьд алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангаж өгдөг ихээхэн ач холбогдолтой. Дээрээс нь, байлдааны буудлагын үед өөрийн аюулгүй байдлаа хурдан, шуурхай сахин хамгаалахаас эхлээд тэр чанга дуу чимээ хүний сэтгэл зүйд хэр их сөргөөр нөлөөлдөг вэ гэдгийг оролцож буй бие бүрэлдэхүүнд бодитоор мэдрүүлдэг. Харин тэрхүү сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг үүргийг цэргийн сэтгэл зүйчид гүйцэтгэдэг онцлогтой" гэв.

Энэхүү сургуулийн төгсгөлийн шатанд бие бүрэлдэхүүн тавигдсэн үүргээ маш сайн биелүүлснийг удирдлагын зүгээс онцолж байлаа. Сургуулийн хаалтын ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг нар оролцсон юм. Тэд сургуулийн явцад бусдыгаа манлайлсан зарим цэргийн алба хаагчдад шагнал гардуулж баяр хүргэсэн юм.

Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ "Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2020" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулиар бид бүхэн бүслэн хаах, самнан дайрах тактикийн ажиллагаануудыг туршин, батальоны тактикийн бүлгээр хөдөлгөөн үйлдэж, байлдааны ажиллагааны зурвасыг эзлэх, байлдааны ажиллагааг явуулах, салбаруудын галын болон тактикийн харилцан ажиллагааг хангаснаараа эрхэм офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид та бүхний ур чадвар нэмэгдсэн гэдэгт итгэлтэй байна. Удахгүй энэ сургуулийн үргэлжлэл болох команд штабын хээрийн сургууль ОХУ-д зохион байгуулагдах ба манай талаас оперативын шуурхай бүлгийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа" хэмээн ярив.

Ийнхүү “Сэлэнгэ-2020” сургууль амжилттай дуусаж бие бүрэлдэхүүн тус тусын ангийн байрлал руу урт цуваа татууллаа. Арав гаруй хоногийн хугацаанд нэг хамт олон, нэг хүч бүрэлдэхүүн болж цаг уурын хүндрэлтэй, эрс тэс уур амьсгалд энэ удаагийн сургуулийг явуулсан нь нийт алба хаагчдад олон дурсамжийг үлдээсний сацуу цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч нар болоод офицер, ахлагч нарт туршлага, ур чадвараа нэмэгдүүлэх өргөн боломжийг олгосноороо өндөр ач холбогдолтой байлаа.

Дэд ахлагч Т.ИДЭР

Санал болгох

Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ

Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа

2 минутын өмнө
Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

41 минутын өмнө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

3 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Эмч, мэргэжилтнүүдэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

20 цагийн өмнө