Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жил ирэх онд тохионо. Ойгоор Өршөөлийн хууль гаргахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үгүйсгээгүй ч авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ манай сайтад ярилцлага өгөхдөө зарласан. Эрх барьж байгаа МАН-аас олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж, зарим нь шоронгийн хаалга татаад байна. Үүнээс дуулиантай нь ЖДҮХС-аас олон зуун саяар, тэрбумаар нь арын хаалгаар мөнгө тоншсон хэргүүд. Өөрөөр хэлбэл, ЖДҮчдэд холбогдох хэрэг өршөөлд хамрагдахгүй нь тодорхой болсон.
ЖДҮ илэрсэн эхлэл
Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн багц хуулийг боловсруулав. Энэ ажлын хэсгийг одоо УИХ-ын гишүүн болсон Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа ахалсан. Ингээд хууль баталсны дараагаар 2018 оны арваннэгдүгээр сард хуулийн этгээдийн эзэмшигчдийн бүртгэл ил болж, Засгийн газрын тусгай сангуудаас зээл авсан улстөрчдийн үйлдэл илчлэгдэв. Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас УИХ-ын гишүүн, сайд, дарга нар өөрсдийн компани, хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн байсныг хэвлэлүүд олон нийтэд ил болгосон.
Ж.Эрдэнэбатын түрүүчийн парламентад Сангийн сайд байхдаа өөрчилсөн журмаас үүдэлтэйгээр зам нь нээгдэж М.Энхболдыг унагааж намаа авахын тулд У.Хүрэлсүх улстөрийн авлига болгож гишүүддээ тараасан хувь байсан гэж судлаачид ярьдаг. Мань эр дүүдээ хүртэл өгсөн байсан нь ЖДҮ өгсөн нь ил болж, Засгийн газар нь савлаж билээ. Танхимынхаа сайд /сайд болох хүмүүс/ нартаа тарааж өгсөн ЖДҮ-гийнх нь дийлэнх хэрэг болоогүй юм даг. Үүнийг юугаар барьсан бол, ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүгч, прокурорын сольдог тогтоолоор уу?
40-өөс тав
ЖДҮ-чин ангилалд олон хүний нэр ил болсон доо. АН-ынхан гэхэд 40-өөд хүний нэр ярайтал гаргаж ирсэн. Тэднээс тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-аар хэлэлцүүлсэн. Дараагаар нь мань эрийг зайлуулсан. Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар. Л.Энхболдоос бусад нь шүүхээр орж, ял шийтгүүлсэн.
Арай самбаатай Б.Батзориг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эхлээд ЖДҮХС-аас авсан мөнгөө буцааж төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад өр зээлгүй, мэдээллээ хуваалцсан гээд хэргээ наймаалцахаар зүтгэсээр улсын яллагчийн хорих ялын саналыг торгох ялаар солиулсан.
Д.Дамба-Очир, Г.Солтан нар хэргээ хүлээлгүй гүрийж байгаад хорих ял шийтгүүлсэн.
Харин өчигдөр “Бишрэлт”-ийн Б.Ундармаа давж заалдах шатны шүүхээр ороод хорих ялаа торгох ялаар солиулжээ. Хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн цэц дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэг заалт унаж, тэрийг нь УИХ хүлээн авч хуулийг өөрчилсөн. Тэр нь аливаа иргэнийг давж заалдахад нь ялыг нь нэмэхгүй байх тухай. Эрүүгийн эрх зүйн бас нэг зарчим бий, тухайн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалтыг хэрэглэнэ гэж. Нөгөөтэйгүүр шүүгч нарт тухайн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, шүүгчдэгчийн байр байдлыг үнэлсний үндсэн дээр ялыг сонгож хэрэглэх эрх нь бий. Б.Ундармааг шоронд хийгээд яах вэ, торгох ял онооё гэж шүүх шийджээ.
Зөрчил
Нийгэм шударга ёс хүсдэг. Энэ эрэлхийлэл, хуульт ёс шүүгчийн шийдвэрээс харагдах л ёстой. Өчигдөр Б.Ундармаагийн ялыг торгох ялаар сольё гэхэд нэг шүүгч эсрэг санал гаргажээ. Үүнийг нь хуулийн хэллэгээр “тусгай санал” гэж нэрлэдэг. Ц.Оч гэдэг шүүгч тусгай санал гаргасан хэдий ч гурван шүүгчийн хоёр нь торгох ял оноох санал гаргасан учраас олонхийн шийдвэр болж гарчээ. Хуулиас харвал, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн гаргасан тусгай санал нууц. Тэгэхээр тухайн саналыг хэн гаргасан, ямар саналтай байсан нь нууцлагдана гэсэн үг. Харин тусгай саналаа Дээд шүүхийн шүүгч нар ил гаргах эрхтэй. Захиргааны Д.Мөнхтуяа зэрэг шүүгч тусгай саналаа бичсэн нь харагддаг.
Уг нь шүүгчдийн аюулгүй байдлыг сайн хангасны дараа тусгай саналаа анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүгч нар ил гаргадаг болчихвол сайнсан. Хуулиар сурч байгаа оюутнууд, эрдэмтэн судлаачдаас эхлээд сэтгүүлчид бид хүртэл тухайн хэргийг олон талаас нь харах ач холбогдолтой. Цаашлаад эрх зүйн хөгжилдөө тустай юм даа. Шүүгчдийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд ил болгох нь хуульчдын өөрсдийнх нь хэлдгээр “Хэл ам, харуул ерөөлийн нэмэр. Аягүй бол гудамжаар явж байхад өсөрхөөд толгой хагалж мэднэ”.
Өршөөл ба жишиг
Манай хууль өөр учраас гаднынхан шиг “Ийм үйлдэлтэй хэргийг ингэж л шийднэ. Алив өмнө нь яаж шийдсэн байна. Архив ух” гэсэн маягаар хэрэг шийддэггүй. Тэгэхээр үйлдэл нь өөр хэргүүдийг адилхан ЖДҮ-чдийн хэрэг, бүгдэд нь 5-8 жилийн хорих ял өгөх ёстой гэхээр зохимжгүй байж таарах нь. Жишээ нь, Г.Солтан ЖДҮХС-аас авсан мөнгөө банк бус санхүүгийн байгууллагаар эргэлдүүлсэн байхад Б.Ундармаа зээлээ авснаас хойш 20 хоногийн дараа төлж эхэлсэн байх жишээтэй. Хэрэг болгоны зам мөр, үйлдэл нь өөр учраас мөрдөгч, прокурор, шүүгчдийн шийдвэр шат шатандаа ялгаатай гарч таарч байна.
Гэхдээ нэг өнцөг байна. Б.Батзориг хэргээ хүлээгээд, хохирлоо төлөөд, уучлалаа гуйгаад анхан шатны шүүх дээр торгуулийн ял авчихлаа. Анхан шат дээр гүрийгээд хорих ял шийтгүүлсэн Б.Ундармаа сая давж заалдаад торгуулж байна. Яг ЖДҮ-чдийн хэрэг гэдгээр нь харвал хохирлоо барагдуулаад, уучлалаа гуйгаад, хэргээ яриад, эрүүл мэндээ тоочоод очвол давж заалдах, хяналтын шатны шүүх дээр Г.Солтан, Д.Дамба-Очир нарт ч торгуулийн ялаар солиулах боломж байгаа юм биш үү.
Дахиад нэг өнцөг байна. Муу ч сайн ч ЖДҮ-гийн хэргээр шүүхийн хаалга татаад байгаа нөхдийн намынх нь 100 жилийн ой болох гэж байна. “Өршөөлд хамруулж чадахгүй нь, уучлаарай. Наана нь хэргээ хүлээгээд торгуулийн ял шийтгүүлээд гар даа” гэж намаас нь хэлсэн байхыг ч үгүйсгэхгүй. ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүх, прокуроруудыг хольж, сольдог явдлыг өөрчлөхгүй бол шүүхийн шийдвэр гэдэг чинь ҮАБЗ-ийн шийдвэр болчихоод байна гэж эртээд хэсэг хуульчид Монголын Хуульчдын холбооны байранд болсон хэлэлцүүлэг дээр ярьж байсан шүү. ҮАБЗ буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэмээх гурван улстөрчийн нөлөөллөөс шүүх засаглалыг гаргах арга нь Шүүхийн хуулийн шинэтгэл юм шиг байгаа юм.
Шагнал буюу прокурор
УИХ-ын гишүүн байхдаа Засгийн газрын бараг бүх тусгай сангаас мөнгө авсан Ж.Энхбаярын үйлдлийг мөрдөгч нар гэмт хэрэг биш гэж үзсэн тул нөхрийг УИХ-ын сонгуульд өнжүүлсний хариуд Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн ажлаар шагнасан. Эхнэрийнхээ компани мөнгө авсныг “мэдээгүй” Я.Содбаатар УИХ-ын сонгуулийн менежерээр ажилласан шагналдаа Шадар сайдын албан тушаал авсан. Ээж нь саундаа мөнгө хүртсэн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, аав нь мөнгө авсан Н.Учрал Цахим бодлогын байнгын хорооны дарга, компани нь мөнгө авсан Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болж УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хамгаалалтад оров. Хоёр удаагийн сонгуульд намаа ялуулсан Д.Амарбаясгалан ЖДҮ-д нэр холбогдсон боловч УИХ-д нэр дэвшилгүй генсекээрээ үлдэв.
Яг л ийм ойлголттойгоор бид өнөөдөр явж байна. Цаана нь юу болсон бол. Уг нь, хэргийн талаар мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэй өгдөг. Дээр нэр дурдагдсан улстөрчид “Боломж хулгайлагчид” мөн үү, биш үү гэдгийг прокурорын байгууллага өгөх ёстой. Өгөхгүй болохоор бид тэднийг хулгайч гэж бодсоор л байх болно. Эсвэл үргэлжлүүлэн шалгаж байгаа, хянаж байгаа гэдэг ч юм уу. Хүний нэрийг хэрэгтэн мэт цацсаныхаа дараа “хэрэгсэхгүй болголоо. Цагаатгалаа” гэдэг мэдээллээ хууль хяналтын байгууллагууд өөрсдөө тайлбарладаг байх нь хүндээ ч, иргэддээ ч хэрэгтэй юм.