Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат эмч О.Сэргэлэнтэй өнгөрсөн онд ярилцсаныг нийтэлж байна. Тэрээр 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан.
-Эмч хүний авч болох бүхий л шагнал, цолыг авчээ. Энэ бол таны хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Багш нарын гэр бүлд төрсөн таны мэргэжлийн сонголт анхнаасаа л эмч байсан уу?
-Миний аав Монгол Улсын гавьяат багш Батын Оргой нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийн физикийн багш байлаа. Ээж минь энэ сургуулийн хөдөлмөрийн багш Намнангийн Цэрэндолгор. Би багш нарын гэр бүлд дөрвөн хүүхдийн хоёр дахь охин нь болж төрсөн. 14 дүгээр сургуулийг төгсч, 1976 онд Анагаах ухааны дээд сургуульд хүний их эмчийн мэргэжлээр элсч орсон. Дөрөвдүгээр ангиасаа эмч болохыг мөрөөдсөн гэхээр багийн минь мөрөөдөл. Анагаахын дээдийг улаан дипломтой төгсч, сургуульдаа Мэс заслын тэнхимийн багшаар үлдэж ажилласан. Тэгэхээр би багш, бас эмч хүн байгаа биз.
-Тийм байна. Дөнгөж төгссөн шинэхэн эмч сургуульдаа багшаар үлдэнэ гэдэг завшаан биз?
-Нэгдүгээр курсээсээ мэс заслын эмч болохыг хүсч, одоогийн нэгдүгээр эмнэлэг дээр ирж хагалгаа харах дуртай хүүхэд байсан. Гуравдугаар курст мэс заслын хичээл орох үед сургуулийнхаа “Залуу мэс засалч” клубын гишүүн болсон. Дөрөвдүгээр курст анхныхаа мэс заслыг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг дээр Шагдарсүрэн ахынхаа хяналтан дор мухар олгой авснаар эхэлж байсан. Зургадугаар курст байхдаа мухар олгойны хагалгайг гайгүй хийчихдэг байсан учраас сургуульдаа үлдээсэн юм болов уу. “Залуу мэс засалч” клубт суралцаж байхдаа тэр үеийн гавьяат багш Ч.Пунцаг, АШУ-ны доктор, профессор П.Долгор багшийн удирдлага дор ясны идээт үрэвсэлтэй хүний идээнээс аутовацкин бэлдэж, илтгэл бэлдсэн нь дээд сургуулиудын шилдэг илтгэл, оюутны шилдэг бүтээл болж байсан. 1982 оноос өнөөг хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн багш, сүүлийн 10 жил Мэс заслын тэнхимийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж ирсэн. Түүний зэрэгцээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, мэс заслын эмч, Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Мөн УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагчаар ажиллаж байгаа.
-Хэдэн шавьтай болоод байна?
-Шавиа тоолж мэдэхгүй ээ. 1982 оноос хойш төгссөн оюутнуудын 70-80 хувьд нь хичээл заасан. Яагаад гэвэл, миний лекцэнд тухайн курсын бүх л оюутан хамрагддаг. Ийм учраас 21 аймаг, Улаанбаатар хотын аль ч эмнэлэг очсон “Багш аа, сайн байна уу” гэж угтдаг даа. Багшийн мэргэжил үүгээрээ сайхан.
-Тэгвэл хэдэн хүнд мэс засал хийсэн бэ?
-Би багшилдаг учраас мэсийн эмч нар шиг өдөр бүр хагалгаанд оролцох боломжгүй. Ер нь бол 6000 гаруй мэс засал 37 жилийн хугацаанд хийсэн байна. Үүний дийлэнх нь ходоод, элэг тайрах мэс засал, нойр булчирхайн мэс засал байж. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд бүгдэд нь оролцсон.
-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эхлэл яаж тавигдсан байдаг вэ?
-1996 онд Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдсэн байдаг. Харамсалтай нь, үр дүн тааруухан болсон учраас бүтэн 10 жил зогссон. 1998 онд БНСУ-д зургаан сараар явах боломж олдож, тэнд Солонгосын ходоодны номер нэг мэс засалч Ионсей их сургуулийн профессор, Хавдрын төвийн захирлын удирдлага дор ходоодны мэс засал сурсан. Би ер нь багшийн азтай хүн. Дөнгөж төгсөөд намайг энэ танхимд ирэхэд анагаахын шинжлэх ухааны доктор, профессор цагаан Долгор гэж алдаршсан багш маань өлгийдөж авч, сургаж хүмүүжүүлж, анхны гарааг эхлүүлсэн. Үргэлжлүүлээд Төрийн шагналт, анагаах ухааны доктор, профессор Намжилын Даваацэрэн багш маань анагаах ухааны докторын ажлыг удирдаж, би 1997 онд хамгаалж байсан. 2002 онд Ходоод хүндрэлийн шархны мэс заслын эмчилгээ сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг академич багш, ардын эмч Батын Гоошийн удирдлага дор хамгаалсан. Тэр үед Б.Гоош багш маань тэнхимийн эрхлэгч байсан. Тэгээд шавьдаа тэнхимээ өвлүүлж 2002 оноос хойш Мэс заслын тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж ирсэн.
Ингээд 2005 оноос Английн мэс засалч Мауриз Слопакийн дэмжлэгээр бөөр шилжүүлэн суулгах төсөл эхэлж, манай эмч нар БНХАУ-д энэ мэс засалд сурч ирсэн. 2006 онд хоёр дахь бөөр шилжүүлэн суулгах мэс заслаа гүйцэтгэсэн. Одоо бол 170 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Аливаа улс бөөр шилжүүлэн суулгаж эрхтэн шилжүүлэн суулгах эхлэлээ тавьдаг. Амжилттай болсноор цаашаа явдаг. Энэ жишгээр 2007 оноос элэг шилжүүлэн суулгахаар Мауриз Слопакийн тусламжтайгаар манай УНТЭ-ийн эмч Батчулуун бид хоёр Финландад гурван сар, Германд нэг сар суралцсан. Түүнээс хойш элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төсөл бичиж Шинжлэх ухаан технологийн сангаас төсөл авч 26 гахайд элэг шилжүүлэн суулгасан байдаг. Гахайн элэг хүнийхтэй төстэй. Дараа нь 2009 онд Бээжинд дэлхийн мэс засалчдын хурал болсон. Тэр хуралд урилгаар оролцох завшаан тохиож БНСУ-ын “Асан” анагаах ухааны эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, профессор Сун Ги Литэй уулзаж Монгол Улс ямар төвшинд байгааг ойлгуулж, элэг шилжүүлэн суулгах хүсэлтээ тавьсан. Бид өмнө нь 2005 оноос цахим шуудангаар харилцдаг байсан. Ингээд 2010 оноос Асан төвтэй хамтарч, биднийг сургаж, анхны мэс заслаа хамтарч гүйцэтгэсэн. 46 настай Т гэж эмэгтэйд анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслаа хийж байлаа. Дөнгөж өчигдөр элэг шилжүүлэн суулгах 66 дахь мэс заслаа амжилттай гүйцэтгээд байна.
-Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хэчнээн өвчтөн байна вэ?
-Тэрийг тооцоолон гаргасан нарийн тоо байдаггүй. УНТЭ-т дараалалд орсон хүн гэвэл 2019 онд 24 хүнд элэг шилжүүлэн суулгахаар сонгосон байгаа. Цаана нь бидний бүртгэлд бүртгэгдсэн доноргүй 70-аад хүн байгаа. Хавдар судлалын үндэсний төвийн тухайд одоогийн байдлаар есөн хүнд элэг шилжүүлэн суулгасан. Тэнд голцуу хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгасан байгаа. Бид бол хавдартай болон вирусийн гаралтай элэгний хавдартай хүмүүс, төрөлхийн цөсний цорго нь гаж хөгжилтэй битүүрсэн хүүхэд, цөсний замын хатууралтай хүмүүст элэг шилжүүлэн суулгах шаардлага гардаг юм.

-Монголчуудын элэгний өвчлөлөөрөө дэлхий, Азидаа тэргүүлсэн гэх муу мэдээ сонсогдох болсон. Эх орондоо элгээ солиуллаа гэхэд хагалгааны дараах эмчилгээгээ Монголд хийлгэх боломжтой юу?
-Монгол Улс дээгүүрт орно. В, С вирусийн тархалтаараа Азид хоёр дахь орон болж бүртгэгдсэн. Элэгний хавдраараа дэлхийд тэргүүлдэг. Элэгний хавдрын нас баралтаараа дэлхийн дунджаас зургаа дахин их. Тийм учраас элэгний эмгэг бол Монгол Улсад тулгамдсан асуудал. Өмнө нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсээс мөнгөтэй нь гадаадад суулгуулдаг. Гадаадад суулгасан бол Монголд ирээд эмийн тун гэх мэтээ хянуулах боломжгүй учраас тэндээ л амьдрах шаардлагатай хэцүү нөхцөлд байсан. Бид 2011 оноос элэг шилжүүлэн суулгаж эхэлснээр мэс заслын дараахь хяналтаа Монголдоо буюу УНТЭ-тээ хийлгэх боломжтой болсон. Одоогийн байдлаар бидний хяналтад гадаад болон дотоодод элэг шилжүүлэн суулгасан 400-аад хүн байна.
-Элэгний хавдрын үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас зургаа дахин их гэлээ. Шалтгаан нь юу байх вэ?
-Монгол Улсын элэгний эмгэгийн гол үндсэн шалтгаан нь вирусийн халдвар байдаг. 1950 оны сүүлч 1960 оны эхээр Монгол Улсад вирусийн өндөр тархалт бий болсон. Энэ нь гэртээ ганцхан тариуртай, тэрүүгээрээ ээжийгээ ч, эмээгээ ч, өөрийгөө болон хүүхдүүдээ ч тарьдаг байсантай холбоотой. Сүүлийн үед элэгний вирусийн тархалт гоо сайхны мэс заслуудаас их шалтгаалж байна. Хөмсөг шивүүлэх, давхраа оёулах, баталгаагүй газар шүдээ эмчлүүлэхээс өгсүүлээд маш олон шалтгаан байна. Энэ бүхний эрсдлийг бууруулахын тулд ЭМЯ-наас нэлээдгүй ажил зохион байгуулж байгаа. Өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө ард түмнийг сэргийлэх ажил нэлээд чухал. Үүнд хамгийн гол зүйл нь иргэдийн өөрсдийн мэдлэг. Зүгээр л байшингийн подвальд байрладаг жижигхээн эмнэлэгт очоод гоо сайхны мэс засал хийлгээд байж болохгүй л дээ.
-Аттестатчилал, хяналт шалгалтыг мэргэжлийн хяналт, салбарын яамнаас байнга явуулдаг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, байнгын шалгалт явж байгаа. Гэхдээ л үүний хажуугаар ил далдаар мэс засал хийж мөнгө олох явдал гарч байна. Эмч нарт эмчлэх эрхийн лиценз бий, түүнийг нь хамгийн эхэлж хардаг байгаарай. ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвд Лицензийн алба бий. Тэндээс лицензээ авсан хүнээр л ажилбар хийлгэх хэрэгтэй. Тийм зөвшөөрөлгүй хүмүүсээр гоо сайхны ажилбар хийлгэж огт болохгүй. Тэр зөвшөөрлийг авахын тулд олон бичиг баримт, нарийн шалгалтыг давдаг.
-Элэг шилжүүлэн суулгах боломжгүй ямар тохиолдол байх вэ?
-Элэг шилжүүлэн суулгах заалт, хийхгүй байх эсрэг заалт бий. Бид тэр шалгуураар л явдаг. Жишээ нь, олон эрхтэний дутагдалтай хүнд элэг шилжүүлэн суулгах боломжгүй. Элэгний хавдартай байгаад хавдар нь зургаан см-аас томорсон бол болохгүй гэх мэт. Тэр олон шалгуурыг бид мэс заслаас өмнө шалгаж байж шийдвэрээ гаргана.
-Донорын олдоц хэр вэ?
-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хамгийн төвөгтэй асуудал нь донор. Донорын хуульд зааснаар амьд болон амьгүй донор бий. Монголд ихэвчлэн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байна. Амьгүй донороос хоёр хүнд л элэг шилжүүлэн суулгалаа. Ер нь бол дэлхийн чиг хандлага амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгавал илүү үр дүнтэй гэж үздэг. Нэгдүгээрт, эрүүл хүнийг барьж авч хагалгаа хийхгүй. Хоёрдугаарт, хагалгааны дараа донороо эдгээнэ, хянана гэдэг асуудал байхгүй. Гуравдугаарт, бүтэн элэг тавигддаг. Дөрөвдүгээрт, хагалгааны техникийн хувьд амьгүй донороос авах 50 хувь хөнгөн. Аль ч талаа бодсон амьгүй донороос элэг авах ач холбогдол нь илүү. Үүнд хүмүүсийн сэтгэхүйг бэлдэх хэрэгтэй ч даанч хүмүүс ойлгохгүй байгаа юм.
-Амьгүй донор гэдэг нь нас барсан хүнийг хэлэх үү?
-Тархи нь үхэжчихсэн ч зүрх, цусны эргэлт нь хадгалагдаж байгаа хүнийг хэлдэг. Тархи үхэжсэн эсэхийг нарийн шалгах шалгуурууд бий. Шалгаад тархи нь үхэжсэн бол Донорын хуулийн дагуу ар гэрээс нь зөвшөөрөл авах ёстой. Гэтэл харамсалтай нь, барагтай бол зөвшөөрөл өгдөггүй. Уг нь бурханы номонд талийгаач эд эрхтэнээ хүнд өгөх нь дээдийн дээд буян гэж заасан байдаг. Тэр битгий хэл бурхан багш өөрийнхөө өрөөсөн нүдийг сохор хүнд хараа оруулж байсан түүх бий. Манай бурханы шашин энэрэнгүй сайхан шашин учраас эрхтэнээ өгөхийг дээдийн дээд өглөг буян гэж үздэг байж. Хүмүүс үүнийг ойлгох л ёстой. Нэгэнт нас барж байгаа хүн эрхтэнтэй байна уу, үгүй юу бурханы оронд очиход нь “элэг чинь хаана байна” гэж асуугаад байхгүй л дээ. Тухайн хүн нас барвал эрхтэн нь хэнд ч хэрэггүй болоод хаягдаж байгаа юм. Гэтэл амьгүй донороос 7-8, бүр цаашилбал 10 эрхтэнг авч болно. Өөрөөр хэлбэл, нэг хүн 10 хүнийг амьдруулна гэсэн үг. Энэ утгаараа харахад амьгүй донорын асуудлыг нийгэмд тавих нь маш чухал байгаа юм.
-Миний эрхтэнийг хэрэгтэй хүнд нь өгөөрэй гээд гэрээслэл бичдэг өвчтөн байдаг уу?
-Өнөөдрийг хүртэл гэрээслээд нас барсан хүн алга. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжсөн улсад зөвшөөрөл авах хоёр төрлийн зам бий. Эхнийх нь, тухайн хүн амьд ахуйдаа, “Надад ямар нэг байдлаар азгүй тохиолдол таарвал эд эрхтэнийг минь авч болно” гэсэн зөвшөөрлөө өгдөг. Тийм зөвшөөрөл өгсөн хүний иргэний үнэмлэх юм уу, жолооны үнэмлэх дээр тусгай тэмдэглэгээ хийдэг. Тийм тэмдэглэгээтэй байвал ар гэрээс нь асуухгүйгээр донор болгодог явдал бий. Нөгөө нь, тухайн хүн эрхтэнээ өгөхгүй гэж гэрээслээгүй бол эрхтэнийг нь авах талаар хуульчилсан байдаг. Ийм оронд амьгүй донорын үйл ажиллагаа өндөр хөгжсөн байдаг.
-Манайх Донорын хуулиа жил гаруйн өмнө өөрчилсөн. Гэхдээ өргөн мэдүүлсэн хүнийх нь холбогдсон хэргийг ярьсаар байгаад олон нийт ч тэр, хууль тогтоогчид ч анхаарч чадаагүй. Таны сая хэлдэг зохицуулалт хуульд туссан уу?
-Тусаагүй. Харин нөгөө талаар нь туссан. Өөрөөр хэлбэл, аль ч тохиолдолд ар гэрээс нь зөвшөөрөл авна гэж хуульчилсан. Ёс зүйн хувьд ар гэрээс нь зөвшөөрөл авахгүйгээр эд эрхтэнийг нь авч болохгүй л дээ.
-Амьд донор гэвэл заавал ар гэрийнх нь хүн байх ёстой юу, манай хуулиар. Айлын ганц хүүхэд гадаад явж чадахгүй, төрөл садангийнх нь таарахгүй бол донор хайсаар нас барж байна гэж манай ажлын эмэгтэй надад хэлж байсныг саналаа.
-Донорын тухай анхны хууль 2002 онд батлагдахдаа зөвхөн цусан төрлөөс нь донор авна гэж заасан байсан. Зөвхөн ах, дүүгээс нь авна гэсэн. Тэгэхээр эхнэр нь нөхөртөө эрхтэнээ өгөх боломжгүй байсан. 2012 оны өөрчлөлтөөр үүнийг өргөтгөөд ах дүү, төрөл төрөгсөд, хамаатан садан, олон жилийн сайн санааны холбоотой хүмүүс буюу хуурай ах, дүүгээсээ эрхтэн авч болно гэж өөрчилсөн. Хамгийн сүүлд Донорын тухай хуулиар харь элгийн хүмүүсээс эрхтэн авахыг хориглосон. Гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, ах дүү гэдгээр хязгаарлагдаж байна. Нэг талаас эрхтэний наймаанаас сэргийлж байгаа заалт л даа.
-Донороо хүлээж байгаад нас бардаг хүмүүс хэчнээн байдаг вэ?
-Түрүүн донороо хүлээж байгаа 70-аад хүн байна гэж ярьсан. Харамсалтай нь тэднээс өдөр хоногоор цөөрч, дараагийн хүмүүс нь бүртгэгдэж байдаг. Төрөл садангийн холбоотой хүнээс донор эрхтэн авна гэсэн заалт ихэнх оронд бий. БНСУ-д очоод амьд донороос эрхтэн шилжүүлж авна гэхэд донортойгоо ямар холбоотойгоо заавал албан баримтаар баталгаажуулах хэрэгтэй болно.
-Эрхтэн шилжүүлэн суулгадаг улс хэчнээн байна. Элэг эх орноосоо олж чадахгүй бол гадаадад очоод суулгуулчихна гэж бодож байгаа хүмүүст зориулж мэдээлэл өгөөч?
-Бөөрийг дэлхийн 100 гаруй оронд шилжүүлэн суулгадаг. Хоёр хөрш рүүгээ яваад бөөр суулгуулж болно. Элэгний хувьд манай улс элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орон болж бүртгэгдсэн. Өндөр технологи, нарийн багаж төхөөрөмж шаарддаг мэс засал учраас ихэвчлэн өндөр хөгжилтэй оронд элэг шилжүүлэн суулгана. Дунджаар бөөр шилжүүлэн суулгахаас гурав дахин өртөг өндөр. Оросод гэхэд Москва, Ленинград хотод л элэг шилжүүлэн суулгана. БНХАУ-д гэхэд Бээжин болон наана нь нэг төв бий.
-Эрхтэн шилжүүлэн суулгах зардлыг төрөөс хариуцдаг уу?
-2017 оны сүүлээс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг төрөөс санхүүжүүлдэг болсон. Өмнө нь иргэд өөрсдийн зардлыг гаргадаг байсан. Одоо бол улс, эмнэлэг, өндөр өртөгтэй мэс заслын багажийн даатгалаас санхүүжүүлж байгаа. Элэг солиулж байгаа хүн 10 сая хүрэхгүй төгрөг л өөрөөсөө гаргаж байгаа. Энэ бол өндөр өртөгтэй нэг удаагийн багажийн үнийн 25 хувийг л төлж байна гэсэн үг.
-Та 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болсон. Ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ?
-Дэлхийн шилдэг мэс засалчдыг 70 гаруй орны мэс засалчдаас шигшсэн. Монголоос намайг сонгож, тэр шалгуурт нэр дэвшүүлсэн. Тухайн орныхоо мэс заслын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, дэлхийд дээгүүр үнэлэгддэг сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл, олон улсад оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг нийлүүлж үнэлдэг. Энэ шалгаруулалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага их өндөр үүрэгтэй оролцдог юм билээ. ДЭМБ-ын төслөөр 2005 оноос эхлээд мэс заслын яаралтай тусламжийн чадварыг хөгжүүлж, Монгол Улс даяар 190 сумын эмч нарт сургалт хийж, багаж төхөөрөмжөөр хангаж ирсэн. Энэ бол АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн хийсэн ажил. Энэ ажлаараа ДЭМБ-ын мэс заслын яаралтай тусламжийн зохицуулах төв гэдэг эрхийг 2013 онд авсан. Хоёрдугаарт, Монгол Улс дурангийн мэс засал тун тааруухан хөгжсөн орон байлаа. Дурангийн мэс заслаар цөсний хүүдий авах мэс засал анх 1994 онд АНУ-ын Рашер эмчийн туслалцаатайгаар манай хөдөлмөрийн баатар А.Отгондалай, Г.Нямхүү, Л.Ганболд, С.Сонин нар АНУ-д очиж суралцаад, энэ аргыг нэвтрүүлсэн. 2005 он хүртэл АНУ-ын Свансоны гэр бүлийн сан, Юта их сургуулийн профессорууд Монголд ирж хамтарч ажиллах санал тавихад нь би дурангийн мэс заслыг хөгжүүлж өгөөч гэж гуйсан. Тэр хүмүүс бидэнтэй хамтарч ажиллаад, өнөөдөр Монгол Улсад хоёрхон аймаг л дурангийн мэс засал хийхгүй байгаа. Улаанбаатар хотын бүх эмнэлэг дурангийн мэс засалтай болох суурийг тавьж өгсөн. Свансоны гэр бүлийн сан, АНУ-ын дурангийн мэс заслын нийгэмлэг явсан газар болгондоо багаж бэлэглэж, сургалт хийж өгөөд явсан. Энэ ажлыг Монголын талаас хариуцаж ажилласан хүн нь би байсан. Дурангийн мэс заслыг хөгжүүлснээр өвчтөндөө өвдөлтгүй байх, гоо сайхныг нь хадгалах, улсын эдийн засгийг хэмнэх ач холбогдолтой. Нээлттэйгээр мэс засал хийлгүүлсэнээс хойш тухайн хүн дор хаяж 7-10 хоног эмнэлэгт хэвтэнэ. Эмчилгээ, боолтонд мөнгө зарцуулж, бүтэн сар хөдөлмөрийн чадваргүй байна. Дурангаар мэс засал хийлгүүлсэн бол нэг хоноод эмнэлгээс гална, гурав хоноод ажилдаа явна. Үүнийг хүртэл Дэлхийн мэс заслын нийгэмлэг тооцдог юм байна. Гурав дахь, нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ. Энэ эмчилгээнд манай багийг сургах, үргэлжлүүлэхэд БНСУ-ын Асан анагаах ухааны төв маш их тусалсан. Энэ чиглэл болгоноор тэр байгууллагаас нь надад мэдэгдэхгүй материалууд цуглуулчихдаг юм байна лээ. Би Ази тивээс 11 дахь хүн нь болж 2017 оны Дэлхийн шилдэг мэс засалч эрдэмтний нэгээр шалгарсан.

-Та гэр бүлээ танилцуулаач?
-Би мэс засалчаар төгсч ажилдаа төвлөрөөд нэлээд хожуу ганц хүү төрүүлсэн юм. Хүү минь Монголбанкинд хэлтсийн даргаар ажиллаад эхнэр, хоёр хүүгийн хамт сайхан амьдарч байна. Би сайхан хүүтэй, түүгээрээ их бахархдаг. Хүүг маань аав, ээж хоёр өсгөж өгсөн. Хань минь нас бараад би чинь нэлээд олон жилийг ганцаар туулсан. Ингэж явахад ээж, дүү нарын минь түшиг, амьдралын саад нугачааг давж гарахад найз нөхөд, хамт олон минь тулгуур болдог доо.
-Та эмчийн хувиар гэр бүл, төрөл садандаа юуг анхааруулж, сургаж хэлдэг вэ?
-Загасчны морь усгүй гэж. Яагаад энэ үгийг хэлэв ээ гэж. Би элэгний том эмч мөртлөө ээжийгээ хоёр жилийн өмнө элэгний хавдраар алдсан л даа. Ээж минь эв эрүүл, сав саруул жигтэйхэн сайхан яваад л байсан. Гайгүй байна гээд харж явж байгаад ЭХО-д харуулсан чинь нэг том хавдар гарсан байсан. Маш их цочирддог юм билээ. Би чинь хавьтсан бүх хүнд тусалдаг хэрнээ ээжийгээ яагаад зургаан сар тутамд ЭХО-д харуулсангүй вэ гэж бодогдсон. Тэр үед загасчны морь усгүй гэж юутай үнэн бэ гэж бодогдож байсан. Эмч хүн хамаатан садан, гэр бүлийнхэнд нь эмнэлгийн асуудал тулгарахад байнга л түшиг тулгуур болж явдаг. Гэхдээ миний ээж илүү, бусад нь миний ээж биш гэсэн хандлагаар ажиллаж болохгүй. Ирж байгаа бүх хүн миний ээж, аав, дүү, хүүхэдтэй адилхан. Өвдөж зовоод тусламж хүсээд ирсэн хүнд эмч яг л адилхан хандаж, төрийн үйлчилгээг үзүүлэх ёстой. Би тийм л зарчмыг барьж ажилладаг. Надад бас ингэж сургасан учраас шавь нартаа хэлдэг. Эмч хүн өнчрөл, хагацлыг хүмүүст үзүүлэхгүйн тулд л үхэн хатан тэмцэх ёстой. Энэ бол энэ мэргэжлийн зорилго.
-Эмчийн гар дээр амьдрал төгсч, эмчийн гар дээр амьдрал сэргэдэг. Эмч мэргэжлийн юу нь сайхан бэ.
-Эмч хүний жаргал тэр, зовлон тэр. Өвчтөний бие муудаад, хүндрээд ирэхээр эмч хүн унтаж, хоолоо идэж, гэр бүл дотроо ч тайван байж чаддаггүй. Энэ их хэцүү. Өвчтөн эдгэрчихээд “Баярлалаа” гээд инээх мөч эмч хүний жаргал байдаг. Би боддог юм, баярлалаа гэдэг үгийг сонсч, тэндээс жаргал мэдэрдэггүй бол эмч хүн богино насална. Хүнээс баярлалаа гэдэг үг сонсоход л урьдын бүх стресс, хэцүү байдал арчигдаад алга болчихдог. Эмч хүний жаргал зовлонгийн зааг энэ. Сайн эмч баярлалаа гэдэг үгийг сонсч, өөрөө стрессгүй амьдарна.