Улаанбаатарт нэвтрүүлэх дүүжин тээврийн бодит түүх

13
2020 оны 10 сарын 302020-10-30
Улаанбаатарт нэвтрүүлэх дүүжин тээврийн бодит түүх

 

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг. Арваад жилийн өмнө Таванбогдынхон приус автомашин оруулж ирэхэд “Хөдөө унаж яваад зай нь дуусчихвал ёстой баларна. Бороотойд унавал аянганд ниргүүлж мэднэ. Богино холболт үүсээд машин дотроо цахилгаанд цохиулна” гээд их ч шуугиж, шүүмжилж байв даа. Өнөөдөр хар, приус 10, 20, 30, 40, 41 маркаараа хаа сайгүй. Шатахуунд хэмнэлттэй, сэлбэг хямд приус машин Улаанбаатарт нүд үзүүрлэгдэм олширчээ. Хүмүүс одоо бүр Ниссан Лийфээс ч уйдаж, Тесла авах талаар мөрөөдөж байна. Харин өнөөдөр дүүжин тээврийг болохгүй, бүтэхгүй мэтээр шүүмжилж байна.

Сүүлийн хориод жил Улаанбаатарчууд замын түгжрэл, агаарын бохирдлыг гамшгаар нэрлэсэн. Агаарын бохирдлыг бууруулах гэж элдэв зуух, түлш, халаагуур, шүүлтүүр туршиж, Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлж, Үндэсний хороо байгуулж, нүүрс түлэхийг хориглож үзэв. Олон оролдлого, бүтэлгүйтлийн дараа хотдоо түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр агаарын чанар мэдэгдэхүйц сайжирлаа.

Түгжрэл олон шалтгаантай. Тэр олон шалтгааны нэг шийдэл болгож нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх, олон төрөлт болгох ажлыг Нийслэлийн Засаг дарга нар судалж, оролдож ирсэн. Өртөг өндөртэй тусгай замын автобус, метро, рэйлбус төслүүд тийм ч амжилттай болоогүй. Гэлээ гэхдээ таг орхиогүй бөгөөд хэзээ нэгэн цагт метро баригдах л байх. Харин сүүлийн үед кабелийн тээврийн хэрэгсэл буюу дүүжин тээврийг нэвтрүүлэх талаар эрчимтэй ажиллаж байгаа. Уг нь метро, трамбайтай харьцуулбал өртөг бага, нийтийн тээвэрт шинээр нэвтэрсэн эко шийдэл. Өчигдөр гэхэд л 22 тэрбум төгрөгийг ажлаа эхлээгүй Францын хоёр компанид өгчихсөн байна гэдэг шүүмж явлаа. Хардах нь зүй, харин мэдээллийг бүрэн авсны дараа шүүмжлэх эсэхээ уншигч та тунгаана биз ээ.

Эхлэл ба санал

Францын Үндсэн хуулийн цэцийн дарга Лоран Фабиус Гадаад хэргийн сайд байхдаа 2013 онд тэр үеийн Гадаад харилцааны сайд Лу.Болдын урилгаар Монгол Улсад айлчилсан. Айлчлалын бүрэлдэхүүнд Францаас олон компани ирсний дунд кабелийн тээврийн хэрэгслээрээ дэлхийд тэрүүлдэг Пома группийн төлөөлөл иржээ. Тэгэхэд Пома группэд Монголын томоохон хоёр компани кабелийн тээврийн төсөл хэрэгжүүлэх санал тавьсан. Метро, тусгай замын автобус болон рэйлбус, кабель кар зэргийг хотын захиргаа судалж байсан цаг.

22.jpg
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус нар

Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2015 онд Парист болсон “1000 хотын даргын уулзалт”-д оролцох үеэрээ Пома группийн төлөөлөлтэй дүүжин тээврийн хэрэгслийн чиглэлээр уулзсан байдаг. Монголд ирсэн хойноо тэр Монгол дахь Францын Элчин сайдтай уулзсан бөгөөд дээрх уулзалтуудын мэдээлэл интернэтэд байдаг. Энэ үеэрээ дүүжин тээврийг нэвтрүүлэх техник эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ-г судлуулах туслалцаа авах саналаа Э.Бат-Үүл дарга бичгээр Францын талд илэрхийлжээ. Францын талаас “Бид судалъя. Үүнийг мэргэжлийн компани л хийнэ” гэж хариулсан нь хэвлэлийн мэдээнд бий.

Сонгууль болж, 2016 онд нийслэлд МАН ялж Су.Батболд гэдэг Засаг даргатай болсон. Су.Батболд дарга тухайн оны арванхоёрдугаар сард Францын Элчин сайд руу замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн сүлжээнд агаарын дүүжин тээврийн системийг нэвтрүүлэх төслийг судалгаанд Францын талаас туслалцаа хүссэн албан тоот явуулсан байдаг. Улмаар Пома группийн төлөөлөгчид хэд хэдэн удаа хотын удирдлагуудтай уулзжээ. Өөрөөр хэлбэл, нам харгалзахгүйгээр Нийслэлийн Засаг дарга нар дүүжин тээврийг хэрэгжүүлэх талаар судалж, тодорхой оролдлого хийж байсан нь эндээс харагдаж байна.

С.Амарсайхан өөрийн UB-360 төслөө орхисон нь

Дэлхий дээр цанын баазад ашигладаг дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлдэг компани өчнөөн бий. Харин нийтийн тээвэрт кабелийн тээврийн хэрэгсэл буюу дүүжин тээвэр нэвтрүүлсэн туршлагаараа Австри, Швейцарын хамтарсан Доппельмайр/Гаравента, нөгөө нь Францын Пома групп тэргүүлдэг. 80 жилийн түүхтэй Пома групп Нью-Иорк, Рио, Парис, Москва зэрэг олон хотод дүүжин тээврийг нэвтрүүлсэн туршлагатай. Доппельмайр/Гаравента мөн л олон улсад төслөө хэрэгжүүлж, үр дүнг нь үзчихсэн компани.

Capture.JPG
ПОМА группийн бүтээгдэхүүн

Оюуны ундраа групп Зайсан хилл цогцолбороосоо Сүхбаатарын талбай хүртэл дүүжин тээвэр нэвтрүүлнэ гэж UB-360 төслөө 2010 оноос боловсруулж эхэлсэн байж. Ингээд Австри, Швейцарын хамтарсан Доппельмайр/Гаравента компанитай харилцаж явсаар төслийн гэрээндээ 2016 онд гарын үсэг зурцгаасан. Энэ төсөл Зайсан хилл-Наадам центр-Шангриллагийн баруун тал гэсэн маршруттай.

Харин хотын захиргаа Э.Бат-Үүлийг хотын дарга байхаас Францын Элчин сайдын яамаар дамжуулж Пома групптэй харилцаж, хамтарсан ажлын хэсэг байгуулсан байж. МАН-ын 60 тэрбумын хэргээс үүдэлтэйгээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Су.Батболд, Ц.Сандуй нарыг огцруулсан. Ингээд төлөөлөгчдийн олонхийн санал, МАН-ын шийдвэрээр С.Амарсайханыг хотын даргаар сонгов. Хотод олон жил НИТХ-ын төлөөлөгч хийсэн учраас нийтийн тээврийн салбарт дүүжин тээврийг судалж байсныг мэдэх, бас өөрийн бизнестээ дүүжин тээврийн богино системийг нэвтрүүлэхээр судалж байсан С.Амарсайхан Зайсан хилл дэх UB-360 төслөө хотын дарга болоод орхичихсон.

Тэр “Хэрэв Пома групп хөрөнгөө босгоод, дүүжин тээврийг нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа бол дэмжинэ” гэж. Тэр сонирхлын зөрчил үүсэх тул өөрийн төслөө зогсоожээ.

Дүүжин тээврийн нарийн мэдээлэл

Пома групп ТЭЗҮ-ээ боловсруулж, төслөө Францын Сангийн яамны Төрийн сангийн газарт танилцуулжээ. Франц улс ОECD-д, “Энэ төслийг Монголд хэрэгжүүлмээр байна. Нийгэмд хандсан төсөл учраас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжүүлмээр байна” гэж танилцуулаад ажлаа бүтээж. Хөөцөлдсөөр 40 жилийн хугацаатайгаар, эхний 12 жилийг нь үндсэн төлбөрөөс нь чөлөөлж, жилийн 0.0076 хувийн хүүтэй зээл олгох зөвшөөрлөө OECD-ээс авчээ. Ингээд төслийг санхүүжүүлэх Засгийн газрын зээлийн хэлэлцээрт Монгол, Францын Сангийн сайд нар гарын үсэг зурж, улмаар 2020 оны тавдугаар сарын 15-нд хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан.

Зургадугаар сард Ж.Батбаясгаланг хотын даргын үүрэг гүйцэтгэгч болсны дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Улаанбаатар хоттой хамтарч хийсэн ТЭЗҮ-ээр Баянхошууны эцсээс Ханын материал цаашлаад Гэмтлийн эмнэлгийн хойд тал хүртэлх гурван буудалтай, 5.9 км маршруттай дүүжин тээврийн системийг ашиглалтад оруулахаар болжээ. Энэ 5.9 км-ийг дүүжин тээврээр 15 минутад туулна. Энэ нь 1 секундэд зургаан метр урагшилна гэсэн үг. Гурван буудлын хооронд 30 цамхаг байрлуулах бөгөөд хоёр цамхагийн хооронд 250-300 метр зайтай. Нэг цамхагийг суулгахад 4 ам метр л зай хэрэгтэй. Цамхагийн орой газрын хэвгийгээс 15-20 метр өндөрт байрлана. Нийтдээ 250 кабин төлөвлөсөн. Нэг кабинд 8-10 хүн зорчино. Кабин хүлээх хугацаа ихдээ л хоёр минут байхаар төсөлд тусгажээ.

Кабин тус бүр 600 кг жинтэй бөгөөд найман хүн суулгахад нэг тонн жинтэй болно. Өөрөөр хэлбэл, салхинд хийсэхгүй. Дээр нь хаалга нь автоматаар түгжигддэг, дотроо сэрүүцүүлэх сэнснээс гадна суудал халаагчтай байх юм байна. Баянхошууны эцсээс Ханын материал цаашлаад Гэмтлийн эмнэлгийн хойд тал хүртэлх гурван буудалтай, 5.9 км маршруттай дүүжин тээврийн системд зориулж зээлийн өртгийг 35 сая 400 мянган евро гэж тооцсон бөгөөд Францын тал хоёр дахь маршрутыг багтаан тооцож 60 сая 400 мянган еврогийн зээл олж иржээ. Хоёр дахь гэдэг нь ХУД-ийн Оргилын Миний дэлгүүрээс 120 мянгат, улмаар Хүүхдийн ордон хүртэл 2.7 км зам.

Монгол-Францын хооронд байгуулсан зээлийн зарчим

Дүүжин тээврийг нэн хөнгөлөлттэй, хөгжлийн зээлээр санхүүжүүлэхдээ Францын тал хэдэн гол зарчим хэлэлцээртээ тусгажээ. Энгийнээр тайлбарлавал:

Capture.JPG
Санхүүжилтын зээлийн баримт бичиг

Нэгт, Францын тал 35 хувийн буцалтгүй тусламж агуулсан 40 жилийн хүүгүй энэ зээлийг өгөхдөө Монголын төрийн болон улсын төсвийн сангаар дамжуулахгүй.

Хоёрт, Францын тал өөрсдийн сонгосон, технологийг нэвтрүүлэх компанид мөнгийг шууд өгнө.

Гуравт, өмчлөгч буюу Нийслэлийн захиргаа газраа гаргаж өгч, гүйцэтгэл дээр нь хяналтаа тавина гэжээ.

Тэгэхээр Францын тал зээлээ олгож байгаа учраас хэлэлцээрт заасны дагуу өөрсдөө өөрийн улсын Пома группийг төслийн үйлдвэрлэгчээр сонгосон. Мөн төслийн барилга угсралтыг гүйцэтгүүлэхээр  Францын Эжис группийн охин компани "Эжис рэйл" компанийг сонгосон. Сонголтоо мөнгөний эзэн францууд хийсэн учраас манай талаас үүнд оролцох боломжгүй гэрээтэй юм байна.

Дөрөвт, урьдчилгаа 20 хувийг Францын талаас Төрийн сангийнх нь Натаксис банк олгоно. 35 сая 400 мянган еврогийн 20 хувь нь 7 сая евро буюу монгол төгрөгт шилжүүлбэл 22 тэрбум төгрөг болж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, 22 тэрбум төгрөг Монгол Улсын төсөв юм уу, нийслэлийн төсвөөс гараагүй. Хоёр улсын зээлийн хэлэлцээрийн дагуу явж байгаа ажил учраас төслийн санхүүжилтын зардлыг дүүжин тээврийн өмчлөгч болох Нийслэлийн ЗДТГ Shilendans.mn-д тайлагнах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж Натаксис банкнаас Пома, Эжис рэйл компанид шилжүүлсэн 7 сая евро буюу 22 тэрбум төгрөгийн гүйлгээг Шилэн дансанд тайлагнасныг хэвлэлд хотын төсвөөс гаргасан мэтээр ташаа мэдээлжээ. Францын компаниуд 20 хувийг урьдчилж аваад дүүжин тээврийн төслийн 30 цамхагийг байрлуулах ажлын зургаа дуусгах, кабиныхаа үйлдвэрлэлийн захиалгаа эхлүүлэхэд зарцуулах юм байна.

duujinshil.jpg

Төгсгөлийн оронд Т.Доржхандын үг

УИХ-ын гишүүн, эдийн засагч Т.Доржханд өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэг чухал зүйл хэлсэн. Тэрээр, “OECD гээд Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага бий. 1970 онд байгуулагдаад баялагтай, хөгжсөн орнуудыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.7 хувийг зээл тусламжид өгдөг бай гээд шахаж эхэлсэн. Тэр шахалтын хүрээнд Монгол Улсад Европын холбоо, Япон, АНУ, Францаас мөнгө орж ирдэг. Энэ мөнгийг авч ирэхийн тулд нэлээдгүй ажил болдог. Жишээ нь, 40 жилийн хугацаатай мөнгийг жилийн 1 хувийн хүүтэй авъя гэвэл дэлхийд байхгүй. Хаанаас ч олж чадахгүй. Харин ОECD зэрэг олон улсын байгууллага өндөр хөгжсөн улсуудыг шахаж байгаад тийм зээл, тийм мөнгийг бусад улсад өгүүлдэг. Энэ бол үнэ цэнэтэй мөнгө. Өр үүсгээд байна, зээл аваад байна гэж хүмүүс улстөржөөд байна. Өр бол төсвийн алдагдлаас үүсдэг. Төсвийн алдагдалд олон удаагийн УИХ буруутай. Олж ирж байгаа мөнгийг сайн, муу мөнгө гэж ялгаж байна. Урт хугацаанд зээл аваад, удаан хугацааны дараа төлдөг бага хүүтэй мөнгө бол сайн мөнгө. Харин бидний өмнө нь авч байсан богино хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй бондын мөнгө бол муу мөнгө. Ийм болохоор Засгийн газар урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч байгаа нь сайн. Мөнгөтэй мөртлөө Хятад улс хүртэл Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас зээл авдаг шүү. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт олж чадахгүй байгаа нөхцөлд олон улсын санхүүжилтын байгууллагуудаар дамжуулаад технологи, инноваци, сайн туршлагыг аваад явах нь зүйтэй шүү. Би үүнийг улстөрчийн биш мэргэжилтний өнцгөөс ярьж байгаа юм шүү” гэж хэлсэн.

Санал болгох

Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө

Энэ тэмдэглэлийг уншсаны дараа хөл хорионы тухай нухацтай тунгааж, Засгийн газар, Улсын Онцгой Комисст дуу хоолойгоо хүргээрэй. Монгол Улс сайнаар хэлбэл ардчилсан, муугаар хэлбэл популист төртэй учраас иргэдийн хүсэл, төрийн бодлого хоёр өндөг тахианы үлгэр шиг уялдаатай. Миний хувьд хөл хориог зөөллөх, хэсэгчлэн чөлөөлөх саналтай байна. Учрыг өгүүлэх нь:

3 өдрийн өмнө
Монголын хотуудад зэрэглэл, статус тогтоох асуудал

ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН АНАЛИЗ-СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

21 өдрийн өмнө
Улаанбаатарт нэвтрүүлэх дүүжин тээврийн бодит түүх

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг. Арваад жилийн өмнө Таванбогдынхон приус автомашин оруулж ирэхэд “Хөдөө унаж яваад зай нь дуусчихвал ёстой баларна. Бороотойд унавал аянганд ниргүүлж мэднэ. Богино холболт үүсээд машин дотроо цахилгаанд цохиулна” гээд их ч шуугиж, шүүмжилж байв даа. Өнөөдөр хар, приус 10, 20, 30, 40, 41 маркаараа хаа сайгүй. Шатахуунд хэмнэлттэй, сэлбэг хямд приус машин Улаанбаатарт нүд үзүүрлэгдэм олширчээ. Хүмүүс одоо бүр Ниссан Лийфээс ч уйдаж, Тесла авах талаар мөрөөдөж байна. Харин өнөөдөр дүүжин тээврийг болохгүй, бүтэхгүй мэтээр шүүмжилж байна.

1 сарын өмнө
Нууцад хамаарах тусгай санал ба Өршөөлийн хууль

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жил ирэх онд тохионо. Ойгоор Өршөөлийн хууль гаргахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үгүйсгээгүй ч авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ манай сайтад ярилцлага өгөхдөө зарласан. Эрх барьж байгаа МАН-аас олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж, зарим нь шоронгийн хаалга татаад байна. Үүнээс дуулиантай нь ЖДҮХС-аас олон зуун саяар, тэрбумаар нь арын хаалгаар мөнгө тоншсон хэргүүд. Өөрөөр хэлбэл, ЖДҮчдэд холбогдох хэрэг өршөөлд хамрагдахгүй нь тодорхой болсон.

1 сарын өмнө