Голомт банкны хуульчаар олон жил ажиллаж, тус банкыг хариуцагчаар татсан болон өөрсдийнх нь нэхэмжлэл гаргасан хэрэгт нь өмгөөлж оролцож байсан С.Батхүлэг Улсын дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн.
Тэнцэхдээ онооны дүнгээр 3-т жагссан хэдий ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр ОХУ-д хамт суралцаж байсан С.Батхүлэгээ хоёр дахь удаагаа Дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар оруулж ирсэн нь энэ долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ундуйцлыг төрүүлсэн.
Ер нь Шүүхийн мэргэшлийн хорооны шалгаруулалтаар өндөр дүн авсан хуульч нар ШЕЗ-ийн гишүүдийн "шилж сонгох" шүүлтүүрээр орохдоо сүүл мушгиад байх нь бий. Долдугаар байранд орсон нөхөр ч Захиргааны давахын шүүгч болсон тохиолдол саяхных. Түүнээс өмнө Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, сая танилцуулагддаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт хамгийн өндөр оноо авсан хэрнээ "шилж сонгох" шүүлтүүр давж чадаагүй хоцорч байсан. Тэгэхээр сүүлийн шалгаруулалтыг ил тод, нээлттэй болгох нь Шүүхийн тухай хуулийн нэг асуудал ч байж мэднэ.
Одоо байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хяналтын шатны шүүхийн шүүгчийг ШЕЗ сонгон шалгаруулж, шалгарсныг нь УИХ-д танилцуулж улмаар Ерөнхийлөгч зарлигаараа томилно. Өөрөөр хэлбэл, С.Батхүлэгийг томилох, татгалзах эрх нь УИХ-д шууд утгаараа байхгүй.
Ийм учраас Голомтын С.Батхүлэгийг танилцуулахаар оруулж ирсэнд гишүүд танилцахаас татгалзаж картаа сугалж хуралдааныг орхисон. Илт эсэргүүцэж байгаа нь, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Амарсайхан, Ш.Раднаасэд нар. Харин илт өмөөрсөн нь Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар байна лээ.
С.Батхүлэг Голомтыг өмгөөлж 40 гаруй хэрэг дээр ажилласан. Ийм учраас сонирхлын зөрчил үүснэ, "эзэн"-дээ үйлчилнэ гэж хууль тогтоогчид хардаж байгаа. Харин хардсан болгоноо танилцахгүй гэж зүтгээд, эсвэл таалагдаагүй болгоноо танилцахгүй буцаагаад байвал олонхи болсон намд л таалагдсан хуульчид шүүгч болох боломжтой болж мэдэх буруу жишиг тогтож магадгүй. Тэгэхээр энэ асуудал дээр мөн л Шүүхийн тухай хуулийн төслийг олноор хэлэлцүүлж байгаа мөчид шийдэл гаргах шаардлагатай болж байна.
Нөгөө талаас нь авч үзвэл Шүүхийн мэргэшлийн хороо, ШЕЗ-өөс шүүгчид нэр дэвшүүлэхдээ УИХ-д эрх байхгүй учраас Ерөнхийлөгчид таалагдахад л болно гэдэг байдлаар хандаад эхэлбэл гажуудал үүснэ. Энэ бас л түрүүн хэлдэг хуулийн шийдэл хэрэгтэй зүйл. ШЕЗ-д хэн ажиллах, хэн ШЕЗ-ийн гишүүдийг санал болгож томилуулах нь маргааны суурь хэвээрээ.
Дээд шүүхэд хоёр сул орон тоо гарч, Захиргааны танхимд нэг, Эрүүгийн танхимд нэг шүүгчийн сонгон шалгаруулалт зарлахад нийтдээ есөн хуульч бүртгүүлжээ.
Тэдний зургаа нь шүүгч, гурав нь өмгөөлөгч байж. Бүртгүүлсэн нэр дэвшигчдээс тавдугаар сарын 1-10-ны хооронд шалгалт авч, үнэлгээ гаргах ажлыг зохион байгуулсан. Шалгалтад биечлэн долоон нэр дэвшигч оролцсон бол хоёр нэр дэвшигч нөөцөөс нэр дэвшсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд шүүгч нар нь 2018 онд Улсын дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимд нь хоёр шүүгчийн орон тоо гарахад сонгон шалгаруулалтад өрсөлдөж, нөөцөд бүртгэгдсэн юм байна. “Дээрх хоёр нэр дэвшигч Шүүхийн мэргэшлийн хорооны 2018 оны шүүхийн нөөцөнд орсон тул 2020 онд нөөцийн хугацаа нь дууссан” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хэлж байна лээ. Тиймээс тэдний авсан оноог УИХ-д танилцуулаагүйн дээр есөн нэр дэвшигчийн нэгийнх нь нэрийг хэлээгүй. Тэр нь шалгалтандаа унасан нөхөр байж.
ШЕЗ-өөс УИХ-д танилцуулсан зургаан хуульчийг оноогоор нь жагсаавал:
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Жаргалсайханы Оюунтунгалаг 92.97 оноо
- Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогт 88.64 оноо
- Өмгөөлөгч Сүхдоржийн Батхүлэг 78.36 оноо
- Өмгөөлөгч Лхагвын Данзанноров 74.99 оноо
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Мөнхөөгийн Пүрэвсүрэн 71.56 оноо
- Өмгөөлөгч Наранчулууны Отгончимэг 67.49 оноо авчээ.
Ц.Цогтыг Дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшүүлэхээр ШЕЗ оруулж ирэхэд Хууль зүйн байнгын хороо танилцсан. Харин С.Батхүлэгээс өөр хүний нэр оруулж ирэхгүй бол танилцахгүй байх бойкот хийнэ гэдгээ УИХ-ын гишүүд хэлж байна лээ. Танилцсанд тооцох, тооцохгүйн тухай маргаан явах л байх. Харин танилцсан тохиолдолд Ерөнхийлөгч адислаад томилох тохироо нь С.Батхүлэг дээр хийгдсэн байх магадлалтай.
Учир нь, оноогоор жагсаавал шүүгч Ж.Оюунтунгалагийн нэрийг УИХ-д танилцуулах байсан байх. Гэтэл Ж.Оюунтунгалагийг Ерөнхийлөгч таалаагүй. Нөгөөтэйгүүр, Ж.Оюунтунгалаг эрүүгийн чиглэлээр мэргэшээгүй, иргэний хэргээр мэргэшсэн доктор. Ерөнхийлөгчийн санаачилгаар ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд Салхитын ордын мөнгийг Засгийн газар ашигласан. Тэр үед Салхитын ордоор авлигын мөнгө цохисон гэх баахан шүүгч нарын нэр цацагдахад Ж.Оюунтунгалаг шүүгчийг түдгэлзүүлэн шалгасан. Ингээд тэрээр багагүй хугацаанд тайлбар мэдүүлэг өгөөд, буруугүйгээ тогтоолгоод шүүхдээ ажиллаж байна. Иймээс л оноогоор гуравт жагссан С.Батхүлэгийг оруулж ирсэн байж болох талтай.
Нөгөөтэйгүүр, дөрөвт жагссан Л.Данзанноров өмгөөлөгчид С.Батхүлэгийн оронд орж ирэх шаанс бий. Эрүүгийн чиглэлээр мэргэшсэн хуульч. Өмгөөлөгчөөр багагүй ажилласан хийгээд УИХ, Засгийн газраас боловсруулж байгаа хуулийн төслүүдийн ажлын хэсэгт орж ажилласан нэгэн. Улстөр ярьвал Ардчилсан намаас албан тушаалд очсон боловч сүүлд нь шоронгийн хаалга татсан нэлээд нөхдийн өмгөөлөгчөөр ажилласан. Томоохон албан тушаалын хэргүүд дээр ажилласан өмгөөлөгч. Нам ярьвал Ерөнхийлөгчийн дэмжлэг хүртэх магадлалтай. Танил яривал Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяртай ч, Э.Батбаярын найз Ж.Батзандантай ч ойр гэх яриа ч бий, зураг ч бий.