Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчээр Ц.Цогтыг танилцуулав. Түүнийг гишүүд олонхиороо дэмжиж, амжилт хүссэн. Мөн өмнө нь танилцахаас хойшлуулсан С.Батхүлэгийг УИХ-д танилцуулахаар оруулж ирэхэд гишүүд олонхиороо эсэргүүцэв. С.Батхүлэг нь Голомт банкны өмгөөлөгч, хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан хэдий ч Дээд шүүхийн шүүгч болоход хуульчаар ажилласан жил нь хүрээгүй нэгэн. Хэрэв Хууль зүйн байнгын хорооны гишүүд нэр дэвшигч С.Батхүлэгийн материалтай танилцвал хууль зөрчсөн томилгоо Ерөнхийлөгчөөр шууд хийгдэнэ. Тийм учраас танилцахгүй хэмээн бүгд картаа сугалан гарч, Байнгын хорооны хурлыг ирцгүй болгов. Гишүүдийг гарах мөчид УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж С.Батхүлэгт хандан “Ховдын гурав чинь л үлдсэн шүү” гэж хэлнэ лээ. Тэр нь Ш.Адьшаа, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарыг хэлж байгаа бололтой.

.jpg)
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр миний хөгшин, одоо болио
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярт “Миний хөгшин, одоо болио” гэж хэлмээр байна. Хуулийн шаардлага хангахгүй хүнийг удаа дараа оруулж ирж, УИХ-ыг доромжилж байна. Нэмж тараасан материал дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж. Голомт банкны ажилтан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож. Ирүүлсэн баримтаар сэжигтэй үйл баримт гарч ирлээ. Шүүхэд төлөөлөх эрхийг Дээд шүүгчдийн 2013 оны зөвлөлгөөний журмаар зохицуулж байгаа. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тухай шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийг 2013 онд авсан гэсэн байна. Энэ гэрчилгээг Хуульчийн гэрчилгээг үндэслэж олгодог. Гэтэл Хуульчийн гэрчилгээгээ Дээд шүүхээс гэрчилгээ авсныхаа жилийн дараа авсан байна. Дээд шүүхээс гэрчилгээ авахаасаа өмнө Хуульчийн гэрчилгээгүй байсан байна. Тийм учраас энэ асуудлыг тодруулж байж, эргэлзээг гаргаж байж асуудлыг хойшлуулах гормын санал гаргаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Нэрээ тат гэж байхад ичихгүй ороод ирлээ
-Нэр дэвшигчийн тухайд хуулийн болон ёс зүйн шаардлага хангахгүй байна. Би өөрийг нь нэрээ тат гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд байх юм. Чи өөрөө шүүгч нараас ич л дээ. Би ялгаварлан гадуурхаагүй. Биеэ даасан байр суурьтай хүн биш байна. УИХ-ын босго өндөр байх ёстой. Хэн хэнээ эвгүй байдалд оруулмааргүй байна. Та бол иргэн Батхүлэг биш, Дээд шүүхэд нэр дэвшигч. Тийм л учраас хэлээд байна. Хувь хүнийх нь хувьд хүндэтгэж байна. Байнгын хорооны танхимд хоёр дахь удаагаа ирлээ. Нэг аж ахуйн нэгжийг ялгаж байгаа юм биш. Танай байгууллагатай холбоотой олон төсөл хөтөлбөр шүүхэд орж ирнэ. Та өөрөө 40-өөд хэрэг дээр нь өмгөөлөгчөөр оролцсон байна. Дахиад ч таны өмнө нь ажиллаж байсан байгууллагын асуудал орж ирнэ. Энэ нь сонирхлын зөрчил үүсгэнэ. Таалагдахгүй битгий хэл эсэргүүцэж байна. Үндсэн хуулиар олгогдсон ард түмний мандаттай гишүүн байна. Хууль дээдлэх ёсыг бодож хурлыг орхин гарч байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: УИХ-ын гишүүд ШЕЗ-дөө итгэхгүй байж болохгүй
-Шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг Дэгийн тухай хуульд заасны дагуу оруулж ирж байхад нэг жилийн өмнө шүүхийг шинэчилнэ гэж ярьж байсан Хууль зүйн яаманд ажиллаж байсан хүмүүс ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Би лавлагаа авсан. Гэтэл Хууль зүйн байнгын хороо хүнийг эвгүй байдалд оруулдаг, Шүүхийн ерөнхий зөвлөлд, Монголын Өмгөөлөгчдийн холбоонд итгэдэггүй байдал гаргаж байна. Шударга шүүхийг байгуулна гэж та нар сонгуульд гарч ирсэн. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулаад орж ирж байхад ингэж болдог юм уу. Та нар өөрсдөө шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлж байна. Хууль зөрчиж байгаа гэвэл Эрүүгийн хуулиар шалгуул л даа. Та нарт таалагдахгүй бол хэлэлцдэггүй, таалагдахгүй бол хэлэлцдэггүй жишгийг та нар тогтоож байна. Энэ хүний асуудлыг танилцая гэсэн саналтай байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Шүүхийн ерөнхий зөвлөл ийм болохоор шүүх шинэчлэгдэхгүй байна
-Хойшлуулах биш танилцахаас татгалзах саналтай байна. Хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хүнийг оруулж ирээд байна. Хэрэв бид хойшлуулбал, танилцвал өөрсдөө хууль зөрчинө. Шүүхийн ерөнхий зөвлөл хууль зөрчсөн асуудлыг оруулж ирж байгаа. Булгийн эх нь булингартай учраас адаг нь булингартай. Шүүхийн ерөнхий зөвлөл удаа дараа ийм алдаа гаргасан учраас ШЕЗ-ийн асуудлыг ярих шаардлагатай. Шүүхийн ерөнхий зөвлөл ийм болохоор шүүх шинэчлэгдэхгүй байна. Танилцахгүй, сонсохгүй.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Хүнийг хардаж болно, хэлмэгдүүлж болохгүй
-Шүүхийн ерөнхий зөвлөл, нэр дэвшигчээ сонсчихоод саналаа хураах уу. Хүнийг хардаж болно, хэлмэгдүүлж болохгүй. За нэгэнт ирц хүрэхгүй, гишүүд эсэргүүцэж гарсан учраас танилцаагүйд тооцож байна.