Хүний эрхийн үндэсний комисст нэр дэвшиж байгаа Д.Сүнжид, Б.Энхболд, Ж.Хунан, Х.Мөнхзул, Г.Нарантуяа нараас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд асууж байна.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр тэднээс, “Та бүхэн мэргэжлийн, улс төрийн нөлөөлөлгүй байх шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна. Нам дамжсан нэг ч хүн алга. Бүгд өөрсдийн мөнчгөрөөрөө сурсан, мэдсэн хүмүүс байна. Байнгын хорооны хурал дээр, “Нэг л асуудал дээр дутуу байж магадгүй. Тэр нь зориг” гэж хэлж байсан. Улс төрийн зориг. Надад зоригийг шалгасан ганцхан асуулт байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагыг түдгэлзүүлдэг, чөлөөлдөг хуулийг 2019 оны гуравдугаар сард гаргасан. Энэ хууль Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчдөг гэж үздэг үү гэсэн асуулт байна. Дэлгэрэнгүй хариулах хэрэггүй, “Тийм, эсвэл үгүй” гэж хариулж өгөөч.
Дахиад нэг зүйл. Та бүхэн төрийн бус байгууллагын чиглэлээр, гадна дотны төсөл хөтөлбөрүүдийг ихээхэн хэрэгжүүлж ажилласан. Өнөөдөр та бүхэн томилогдвол гадаад улсын байгууллагын төлөөлөгчийн газарт томилолт аваагүй. Монгол төрийн өндөр албан тушаалтнаар томилогдох гэж байна. Тийм учраас ярьж хэлж байгаа зүйл, албаны нууцлалаас эхлүүлээд өмнө нь тавьж байгаагүй шаардлагууд тавигдана. Үүнийг бодоорой гэж хэлэх гээд байна” гэв.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийг хариулахаас өмнө УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатар, “Энэ хүмүүс Цэцийн гишүүд биш. УИХ-аас баталсан хуулийн талаар шахсан, хөтөлсөн асуултад хариулах хуулийн үндэслэл байхгүй. Хүний эрхийг зөрчиж байгаа, эрүүдэн шүүсэн, авлига хээл хахуульд идэгдсэн шүүх засаглалыг зогсоох, хориглох тэмдэг заавал байх ёстой. Хүний эрхийг хангахын тулд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл бие биедээ хяналт тавьж байх ёстой. Тэр хүрээнд хэрэгжих ёстой” гэлээ.

Үүний дараа ХЭҮК-д нэр дэвшигчид байр сууриа илэрхийлэв.
Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Ж.Хунан:
-2019 оны гуравдугаар сард батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж шүүгчдийг түдгэлзүүлдэг зохицуулалт орж ирсэн нь хүний эрх шууд зөрчиж байна уу гэж асууж байна. Хүний эрхийг шууд бол зөрчөөгүй. Хүний эрхийг хамгаалдаг шүүгчийн томилгоотой холбоотойгоор тодорхой судалгаа явуулсан, явуулдаг байсны хувьд хэлэхэд, энэ зохицуулалт эрсдэлийг бий болгож байгаа юм. Гэхдээ шууд зөрчиж байна гэж харахгүй байгаа. Яагаад гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага тэр зөвлөмжийг хүлээж авах, авахгүй байхыг шийдэж байгаа. Тийм учраас шууд зөрчсөн гэж үзэхгүй байна.
Дотоод хэргийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Энхболд:
-Судлаачийн хувьд Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс төрийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа байгууллагууд тухайн эрхийн хязгаарлалтуудыг хийх эрхтэй гэж үздэг. Тийм учраас 2019 оны гуравдугаар сард гаргасан зөвлөмжтэй холбоотой хуулийн зохицуулалтыг баталсан болов уу гэж боддог. Энэ хууль тодорхой хэмжээнд үүргээ биелүүлж, иргэдийн итгэл суларсан үед шүүхийн асуудлуудыг гаргаж тавьсан нь цаг үеэ олсон асуудал байсан. Гэхдээ энэ нь тогтвортой байнга байх нь яваандаа хүний эрхийг зөрчих, шүүх хараат бус байх байдалд хамгийн ноцтой хохирол учруулах тогтолцоо байдаг. Тийм учраас энэ зохицуулалт үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол шүүхийн хараат бус байх Үндсэн хуулийн зарчим руугаа тууштай орох нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас Шүүхийн тухай хуульд шүүх хараат бус байх Үндсэн хуулийн зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж үзэж байна.
Хараат бус шинжээч Г.Нарантуяа:
-Шүүх хараат бус байх ёстой гэдэг дээр тууштай зогсоно. Хуульд нэмэлт өөрчлөлт орсны дараа өөрийн цахим хуудсан дээр хоёр нийтлэл бичсэн байгаа. Жоомоо алах гээд байшингаа шатаав, Хуульчид хоосон цэцэрхээгүй гэсэн хоёр нийтлэл дээр миний байр суурь тодорхой байгаа. Монгол төрийн язгуур эрх ашгийг сахих болно оо.
Иргэний оролцоо II төслийн зохицуулагч Д.Сүнжид:
-Үндсэн хуулийн Шүүх эрх мэдлийн хэсэг дээр заасанчлан шүүх өөрөө бие даасан, шүүгч өөрөө хараат бус байх ёстой. Яагаад гэвэл төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу хууль тогтоох буюу хуулийг биелүүлэх эрх мэдэлдээ харилцан хяналт тавих учиртай гэдэг үзэл баримтлалыг Үндсэн хуульд суулгасан. Энэ үзэл баримтлалдаа нийцэж байна уу гэвэл үгүй. Тиймээс тодорхой хэмжээний эрсдэлийг дагуулна, шүүгч нарын хараат бус, насаараа томилогддог эрх зүйн байдалд нь. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад ч гишүүд ярьж байсан. Хүний эрх зөрчигдлөө гэхэд сэргээх буюу эцсийн шийдвэр гаргах эрхтэй байгууллага нь шүүх байдаг. Тэр ч утгаараа шүүхийн шийдвэр эцсийнх, заавал биелэгдэх ёстой гэж үздэг. Тийм учраас хүний эрхийг хамгаалъя гэвэл шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах ёстой гэж үздэг.
ХЭҮК-ийн ахлах реферэнт Х.Мөнхзул:
-Шүүх эрх мэдэл өөрөө хараат бус байж хүний эрх хамгаалагдана. Тийм учраас би шүүхийн хараат бус байдлыг зөрчиж байна гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр:
-Зориг байгаа эсэх нь саяын хариултуудаас тодорхой харагдаж байна. Та бүхэн бол Үндсэн хуулийн сахиулагчид. Үндсэн хуулийн төлөө хэнтэй ч үзэлцэх чадвартай байх ёстой. Индэр дээр дарга хэлэнгүүт Үндсэн хуулиа нулимж байгаа хүн хүний эрхийн манаанд зогсож чадахгүй шүү. Ж.Хунан болиорой. Даргаас айдаг хүн хүний эрхийн сахиулагч байж чадахгүй шүү. Хатуу байх ёстой. Хуульчдын холбооны ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Энийг баталж байхад Хуульчдын холбоо юу дуугарсан юм. Хуульчдын холбоог татан буулгах гэж Ц.Нямдорж сайд явж байхад хаана байсан бэ.
УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатар:
-Энэ хүмүүс Үндсэн хуулийн Цэцийн гишүүд биш. УИХ-аас баталсан хуулийг зөв, буруу гэж ярих эрхгүй.
Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа дээрх нэр дэвшигчдийг ХЭҮК-ын гишүүнээр томилж УИХ-аас тогтоол баталлаа.