Үнэнгийн 100 жилээр нэрлэгдээгүй кандидат

2020 оны 11 сарын 122020-11-12
Үнэнгийн 100 жилээр нэрлэгдээгүй кандидат

Монголын үнэн сонины 100 жилийн ойн дугаарт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан парламентын сэтгүүлч Г.Сонинбаярт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Сонинууд ойн дугаартаа “хадаас материал”-аар уншигчдадаа бэлэг барьдаг. Энэ дугаарын хадаасаар Д.Амарбаясгалангийн яриаг сонгосон нь Үнэн сонины нэгдүгээр нүүрийг голлуулж, бодлогын нүүрүүд болох хоёр, гурав, тавдугаар нүүр дамнуулан нийтэлснээс харж болно. Хадаас мэдээллийн шинж чанарыг өөр хаана ч гарахгүй, цаг үеийн, онц сонин, ач холбогдлын зэргээр нь тодорхойлдог. Энэ ч үүднээс намын төв хэвлэлдээ ч МАН-ын генсек Д.Амарбаясгалан ирэх оны зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой лидерүүдээ нэрлэсэн нь энэ ярилцлага доторх хадаас хэсэг нь байв.

Сүүлийн сонгуулиудад намын гал тогоогоо удирдаж, ерөнхий менежерээр ажиллан ялалт авчирсан Д.Амарбаясгалан үг унагаад ч юм уу, аминчхан яриаг нь сэтгүүлч зөвшөөрөлгүй дэлгээд Үнэнд хэвлэсэн гэвэл худлаа. МАН-ын гол бодлогыг танилцуулах мэдээллийн талбарт МАН-ын генсек хүн бодлоготой л ярьсан байж таарна.

Тэр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүсэлт МАН-ын гишүүдээс ирж байгаа тухай нэрлэв. Аль нь ч төрийн болон намын өндөр албан тушаал хашсан, удирдах ажилд туршлагажсан, 50 нас хүрсэн кандидатууд. Гэтэл намын вакумнаас гадуур хүлээн зөвшөөрөгдөх нь хэд вэ. 2021 оны зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ эрх баригч намын генсек наана нь гэрэлд цохиулж байгаа нь тохиолдлынх биш.

Үнэн сонины 100 жилийн ойн дугаар намын идэвхтэн гишүүд, намын үүрүүдэд тараагдсан байж таарна. Ойн дугаараа сонины сэтгүүлчид бол нандигнаж хадгалдаг. Харин намын гишүүд сониноо яадаг бол. Түүхэн дугаарт нэрийг нь мөнхжүүлж үлдээх ёстой гэсэндээ Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын удирдлагуудаа нэрлэсэн байж болох талтай. Гэтэл туршлагатай парламентч Д.Лүндээжанцанг нэрлэсэнгүй.

Судалгааны байгууллагуудаас гаргасан давхардсан рейтингээр жагсаавал нэрлэгдсэн таваас МАН-ын нэгдүгээр сонголт У.Хүрэлсүх, хоёрт Г.Занданшатар, гуравт Ц.Нямдорж. Бороо гоулд, оффшор дансны асуудлаар нэр хүнд нь уначихсан, УИХ-ын үйл ажиллагаанд идэвх муутай оролцдог Сү.Батболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд Х.Баттулгатай өрсөлдүүлнэ гэвэл МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн дөрөв дэх ялалтаа амсана.

Ө.Энхтүвшин гуай улсын хэмжээнд байтугай МАН-ын хэмжээнд одоо хүлээн зөвшөөрөгдөх нь юу л бол. Ардын намын удирдах аппаратад үе солигдсон, 1990-2000 оныхон сонгогчдын гол массыг бүрдүүлж байгаа бол саяхан л “Үеэ өнгөрөөсөн, самарсан сүүний өрмийг хувааж хүртдэг” гэж МАН-ын залуучууддаа ил далд хэлэгдэж байсан эрхмүүдийг өөрсдөөс нь хавьгүй өндөр рейтингтэй яваа Х.Баттулгатай өрсөлдүүлэх гэж үү. Өнгөрсөн дөрвөн жилийн улстөрөө Содномдаржаа, Чимгээ нарыг өмөөрч, Эрдэнэтийн 49 хувиар хачирлаж Орхон аймгийн сонгогчдоо “усласан” Ц.Нямдорж гуай 2020 онд бие даагчид өвдөг шороодсон. Багагүй хэл амтай дөрвөн жилийг барж шахагдсанаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдын зөвлөхөөр очоод байна.

МАН Д.Амарбаясгалангийн ярьснаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх кандидатаа олноор хэлэлцүүлж, онолын үндэстэйгээр, судалгаанд суурилж тодруулна гэж байгаа бол яаж ч бодсон дэвшигч нь Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар биш байна. Тэгэхээр Д.Амарбаясгалан зориуд тэднийг гэрэлд цохиулж, АН, МАХН, ХҮН-д мэрэх сэдэв болгож өгчээ. Эрх мэдэлд байгаа У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг бусад намууд сонгууль угтаж хэвлэлээр нүдэж л таарна. Нэгэнт нэрлэчихээр бүр их нүднэ. Эрт нүдээд эхлэхээр сонгуулийн үеэр цохилт орохгүй, хор нь гарсан байна. Ийм тактик хэрэглээ болов уу.

Өөр нэг зүйл. 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж, 2019 онд нэмж өөрчилсөн түүхэн үйл явдлын гэрч бол гавьяат хуульч, шалгарсан парламентч Д.Лүндээжанцан. Парламентын 30 жилд сайд, даргын томилгооноос өөрөө зай барьж ирсэн хашир улстөрч түүнийг МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн яриа парламентын сэтгүүлчдийн амнаас ам дамжиж яригдсаар. Тиймдээ ч Д.Амарбаясгалан түүнийг нэр дэвших кандидатуудын тоонд оруулж нэрлээгүй байж болох.

Бас нэг үйл явдал саяхан болсон. Энэ нь УИХ-ын тухай хуулийг өөрчлөхдөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг МАН-ынхан үлдээсэн явдал. Тэгэхээр эрх баригч МАН-д намынхаа 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах амбиц жинхэнээсээ байж мэдэх юм. Саяхныг хүртэл У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд сул хүн дэвшүүлж Х.Баттулгад найр тавих гэж байна гэсэн яриа явлаа даа. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд ялагдах эрх түүнд байхгүй. Нэгт Үндсэн хуулиар хангалттай эрх мэдэл авсан Ерөнхий сайд, хоёрдугаарт засаглаж байгаа намын дарга. Нам нь ялбал дарга нь Ерөнхий сайд болдог, сонгуульд ялагдвал намын даргаа хүлээлцдэг үндсэн дүрэмтэй ууган намын даргаас тийм эрсдэлтэй зориг гарах болов уу.

Санал болгох

Шүд угаах цагтай болох хэрэгтэй гэв

Дэлхийд шүд цоорлын хэмжээ дунджаар 45 хувьтай байдаг аж.  Харин Монголд энэ төрлийн эмгэг хоёр дахин их байна.

1 цагийн өмнө
 П.Эрхэмбаяр: Хөгжлийн банкны гэх шүүх хурал эцэслэх шатанд байна

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын өмгөөлөгчдийн төлөөлөл мэдээлэл өгөв.

3 цагийн өмнө
Гэгээн Ширээт улсын тэргүүн Пап есдүгээр сард Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

3 цагийн өмнө
ЭЗБХ: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны тогтоолыг баталлааИргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө