Б.Баяржавхлан: АНУ-ын тэтгэлэгт багтахад ээжийн минь МӨРӨӨДӨЛ биелэлээ олсон

4
2021 оны 2 сарын 172021-02-17
Б.Баяржавхлан: АНУ-ын тэтгэлэгт багтахад ээжийн минь МӨРӨӨДӨЛ биелэлээ олсон

Гаднын орныг зорьж өндөр боловсрол эзэмших зорилготой залуучууд өдрөөс өдөрт нэмэгдэж хэлийг янз бүрийн аргаар сурч байна. Тэгвэл бид бие даан англи хэл сурч, өөрийн хүч чармайлтаар АНУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлэг авсан Б.Баяржавхлантай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулиас хэлний гараагаа эхэлж дэлхийн топ сургуулиудын нэг Swarthmore-д урилгаар суралцахаар болсон. Түүний хувьд есдүгээр ангиасаа англи хэл сурч, 12-р ангиа Flex хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Yale ахлах сургуульд төгсчхөөд ирсэн юм. Ташрамд дурдахад зочин маань 2019 оны Монгол Улсын шилдэг сурагч билээ.

-Юуны түрүүнд зорьсон сургуульдаа тэнцсэнд баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Баянмөнхийн Баяржавхлан гэдэг. 19 настай. Сүхбаатар аймгийн Баруун урт сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийг 2020 онд төгссөн. Гэхдээ 2019 онд АНУ-ын Yale ах сургуулийг Flex хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр төгсчхөөд ирсэн.  Айлын том, доороо хоёр дүүтэй.Одоогоор аав дүү нарын хамт Сүхбаатар аймагт амьдарч байна. Ээж маань Япон улсад байдаг. Тусгай үүргийн нислэгээр удахгүй эх орондоо ирнэ. 

-Урилга авсан сургуулийнхаа тухай танилцуулахгүй юу. Жилд хэдэн хүүхэд тэтгэлгээр ордог, чансаагаараа хэдэд жагсдаг вэ? 

-Swarthmore сургууль "Liberal arts college" дундаа АНУ-д энэ жил нэгдүгээрт жагссан. Чансаагаараа эхний гуравт ордог. Liberal art гэдэг нь яадаг вэ гэхээр цөм хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд судалж, хоёрдугаар курсээс дуртай сонирхож байгаа зүйлээрээ мэргэшиж болдог. Энэ сургуульд өргөдөл өгсөн хүүхдүүдийн 8-9 хувь нь тэнцдэг. Тэгэхээр их босго өндөртэй сургууль юм. 

-Дэлхийн топ сургуульд орохын тулд хэчнээн сар бэлдэв. Мөн хэдэн сургуульд хүсэлтэй явуулсан бэ?

-2020 оны зургаадугаар сард Монгол дахь арванхоёрдугаар ангиа төгсч Томүжин академид элссэн. Тэгээд зургаан сарын турш “GAP” программын дагуу суралцаад АНУ-ын сургуулиуд руу өргөдлөө явуулсан. Нийтдээ 13 сургуульд өргөдөл явуулсан. Хамгийн сүүлийнх нь нэгдүгээр сарын 15-ны өдөр байсан. Гэхдээ эдгээрээс нэг сургууль буюу одоо тэнцсэн байгаа Smarthmore сургуульд эрт шийдвэр буюу “Early Decision” гэсэн сонголтын дагуу өргөдлөө явуулсан. Энэ нь нэг ёсондоо танай сургуульдтэнцвэл бусад сургуульд тэнцсэн байсан ч орохгүй гэсэн утгатай өргөдөл байдаг. Ингээд нэгдүгээр сард явуулсан өргөдлийн хариу шинийн хоёрны өдөр тэнцсэн гэдгээр ирсэн.

0.jpg

-Томүжин академид хэрхэн яаж элссэн бэ? 

-Америкийн Нэгдсэн Улсын шилдэг сургуулиудад Монголын улсын сургуулийн хүүхдүүд ч орж болдог гэдгийг батлан харуулсан газар байсан учраас ямар ч эргэлзээгүйгээр тэдний “GAP” хөтөлбөрт материалаа явуулаад тэнцэж орж байлаа. Яг одоо энэ ярилцлагыг уншаад Томүжин академийн талаар сонирхож байгаа хүүхдүүдэд хэлэхэд энэхүү академи нь аль хэдийн Томүжин Альтернатив хэмээх том сургууль болсон бөгөөд энэхүү сургуульд орох өргөдөл нь нээгдсэн байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

“Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж АНУ-д суралцах болсондоо баяртай байна”

-Хүсэж байсан сургуульдаа тэнцсэн хариу хүлээн авахад ямар санагдсан бэ. Гэр бүлийнх нь бөөн баяр байв уу. Хэзээ сургуульдаа явах вэ?

-Ээжийн маань мөрөөдөл намайг АНУ-д боловсрол эзэмшүүлэх байсан. Мөрөөдлийнх нь үзүүрээс атгаж тэнцсэн мэдээг баярын нулимстайгаар хүлээж авсан. Шинийн хоёрны өдөр хариугаа сонссон болохоор аав дүү, хамаатан садан, найз нөхөд гээд бүгд л надаас илүү баярласан. Харин миний баярлаж байсан зүйл нь ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэх болсон минь л байсан. Хэдийгээр сургууль маань наймдугаар сард орох ч миний хувьд ойрын хугацаанд явах хүсэлтэй байгаа. Гэхдээ ээжийг хэзээ Монголд ирэхээс шалтгаална. Яагаад гэхээр ээжтэйгээ уулзаагүй гурван жил болж байна. Ээж маань намайг АНУ руу сураад ирэхэд Япон руу зөрж явсан. Уг нь бол явсан хугацаа нь жил болж байгаа ч надтай уулзаагүй гурван жил болж байгаа юм. 

1.jpg

-Анх есдүгээр ангидаа аймгийнхаа англи хэлний олимпиадад оролцож байсан гэсэн. Тэр цагаас хэл сурч эхлэв үү?

-Намайг нэгдүгээр ангид байхад нагац ах маань гадаад хүмүүс дагаж Англи хэл сурдаг байсан. Тэгээд ах маань зорилгодоо хүрч АНУ луу ажиллахаар явсан. Тэр цагаасхойш миний гадаадад боловсрол эзэмших хүсэл эхэлсэн гэж хэлж болно. Үүнээс гадна хамгийн том нөлөөллийг ээж өгдөг байсан. Ээж маань намайг бага байхаас л хөдөлмөрлөвөл чамд том ирээдүй бий гэж сануулдаг байсан. Мөн миний хүү гадаадад өндөр боловсрол эзэмшинэ гэж намайг юу ч мэдэхгүй үеэс эхлэн ярьдаг байлаа. Гэхдээ ерөөсөө сургалтад яв, хэл сур гэж шахаж шаардаж байгаагүй. Ер нь хувь хүний өөрийгөө авч явах байдал дээр л шаардлага тавьдгаас биш хичээл ном хий гэж хэлж байсан үе байгаагүй.

Миний англи хэл сурах эрмэлзэл багаас эхэлсэн. Гэхдээ яг сурч эхэлсэн нь 9-р ангиас эхлэлтэй. Тухайн үед аймгийнхаа олимпиадад оролцож дөрөвдүгээр байрт орсон. Тэгээд шар хөдлөөд дараа жил заавал түрүүлнэ гэсэн зорилго тавиад бие дааж сурсан. Үүнийхээ үр дүнг үзэж 10-р ангидаа аймгийнхаа олимпиадад түрүүлж, цааш сурах эрмэлзэл улам бүр төрсөн. Их шартай байгаа биз. /Инээв/

Улс орон даяар FLEX хөтөлбөр хэрэгжээд түүнд хамрагдсан маань ч сурах хүсэл тэмүүллийг нэмсэн. Жилд 20 хүүхэд хамрагддаг тус хөтөлбөрийн хамгийн анхны орон нутгаас хамрагдсан төгсөгчдийн нэг болж байсан.

“Хэл сурах арга барилаа олтлоо хүмүүсийн туршлагаас суралц”

-Хэл сурахад хүндрэлтэй зүйл юу байв?

-Хэл сурахад хүндрэлтэй зүйл бий. Гэхдээ зориг гарган эхлүүлж, түүндээ тууштай байж, хүмүүсийн туршлагаас суралцаж, зөвлөснийг нь хэрэгжүүлбэл тийм ч хэцүү биш. Хүн болгоны сурах арга барил өөр. Гэхдээ сурч эхлээгүй, туршиж үзээгүй хүн өөрийнхөө арга барилыг олж чадахгүй. Тиймээс би хүмүүст бүх хүний туршлагыг хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

Би анх хүмүүсийн зөвлөсөнчлөн кино үзэж, шинэ үг цээжилж эхэлсэн. Тухайн үедээ сүртэй хэнхэг царайлаад өдөр шөнөгүй англи хэл сурсан зүйл байхгүй. Тогтмол өдөр бүр л хийсэн. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлээд бусад үедээ өөртөө цаг гаргаад хэлээ давтдаг байсан. Хоногийн 24 цаг чинь асар их хугацаа шүү дээ. Их зүйлийг амжуулж болно. Би бусадтай адилхан идэж, ууж, амарч, найзуудтайгаа цагийг өнгөрүүлсэн. Гэхдээ англи хэлээ давтах цагийг өөртөө өдөр бүр гаргаж байсан.

3.jpg
3.jpg

-Эхлүүлсэн ажлаа тууштайгаар хийвэл амжилтад хүрч чаддагийн жишээг чи сая хэллээ. Тэгвэл дөнгөж хэл сурахаар зорьж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бусдын хүсэл зорилго тэмүүллийг хүндэлж биширдэг шигээ, өөрийнхөө хүсэл зорилгыг хүндлээрэй. Нэг ёсондоо хэл сурахыг зорилго тэмүүллээ болгоорой. Эхлэх л хэцүү бусад нь яваандаа болдог. Тиймээс эхлүүлээд тууштай байгаарай гэж зөвлөе.

“Дан ганц хэл сураагүй, давхар өөрийгөө олсон”

-Ихэнхдээ тэтгэлгээр суралцсан юм байна. Ер нь хэл үнэгүй сурах ямар ямар боломж байдаг вэ. Чи сургалтад явж байв уу?

-Өөрөө л хүсэх юм бол бүх зүйл нээлттэй болсон. Бид технологийн эрин үед амьдарч байгаа шүү дээ. Подкаст, дуу, кино, шинэ үг гээд бүх зүйл интернетэд байгаа. Тиймээс өөрийгөө дайчлаад эрэл хайгуултай байвал үнэгүй хэл сурах боломжтой. Мөн гадаад хэлтэй найзуудаасаа зөвлөгөө, сургалт авч болно.

Би зорилгынхоо төлөө 11-р ангиасаа хагас жилийн чөлөө авч Улаанбаатар хотод ирээд хэлний сургалтад явж байсан. Энэ үе маань АНУ руу явахын өмнөх нь юм. Тиймээс анхны бөгөөд сүүлийн удаа хэлний сургалтад явсан минь энэ. Энэ хугацаанд хэл сурахын хажуугаар өөрийгөө олж авсан. Дотор хүнтэйгээ ярилцаж, би ямар сэтгэлзүйтэй, юу хийх сонирхолтойгоо олж мэдсэн. Хэл сурахдаа өөрийгөө олсон гэх үү дээ. /Инээв/

“Хэл сурахын тулд 11-р ангиасаа хагас жилийн чөлөө авч байсан”

-11-р ангидаа хагас жилийн чөлөө авсан гэлээ. Сургуулиас чөлөө авахад хэн тусалсан бэ. Энэ хугацаанд юу хийсэн бэ?

-Аав ээж маань их дэмждэг учраас сургуулиас чөлөө авахад тусалсан. Энэ хугацаанд би хэлний сургалтад явж илүү их зүйлийг мэдсэн. Мөн гадагшаа явж сурах төлөвлөгөөтэй байсан болохоор биеэ бэлдсэн. Бас ганцаараа Хөвсгөл рүү аялчхаад ирсэн. Энэ хугацаанд дээр хэлсэнчлэн өөрийгөө л их танин мэдсэн дээ.

4.jpg

-Сургуулиасаа чөлөө авах, хэл сурах гээд энэ бүх шийдвэрийг чи өөрөө гаргасан уу?

-Тийм ээ, би өөрөө бүх шийдвэрийг гаргасан. Аав ээж минь дэмжсэн.

"Хот хөдөөгийн алинд ч англи хэл сурах боломжтой"

-Хот хөдөөгийн боловсролын ялгаа гадаад хэл, хувь хүний хөгжил дээр их гарч байна. Харин чиний хувьд хөдөөнөөс гараагаа эхлүүлж дэлхийн топ сургуульд тэнцлээ. Хөдөө орон нутгийн сурагчдад юу зөвлөх вэ?

-Хөдөөний хүүхэд гээд бусдаас ялгаатай гэж боддоггүй. Дэлхий хавтгай шүү дээ. Бид бүгд адилхан өгөгдөлтэй. Харин ч амар тайван газар амьдарч байгаадаа талархаж байна. /инээв/

Мэдээж улсын болон хувийн сургуулийн хүүхдүүдийн хооронд их ялгаа бий. Гэхдээ яг одоо үүнийг шууд өөрчилж чадахгүйгээс хойш өөрийгөө дайчлах хэрэгтэй. Чи хөдөө сурсан ч хотын хүүхдүүд шиг өөрийгөө хөгжүүлж чадна. Тийм боломж бий.

-Хоёр дүү нь англи хэл сурч байна уу?

-Өөрсдөө сураарай гэж захидаг. Тэрнээс биш шахаж шаарддаггүй. Монголд байх хугацаандаа сэдэлжүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал сонсдог хамтлаг, үзэх дуртай киног нь хамт үзэж дэмжиж байгаа. 

-Мэргэжлээ сонгосон байгаа юу?

-Swarthmore сургуулийн нэг онцлог нь мэргэжил сонголтоо хоёрдугаар курсээсээ хийдэг явдал юм. Эхний жилдээ бүх төрлийн хичээлийг үзээд дараа жилээс нь мэргэжлээ сонгодог. Хөрвөх боломжтой. Тиймээс мэргэжлээ одоогоор сонгоогүй байна. Харин хэд хэдэн мэргэжил сонирхож байгаа. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж, техник технологи, хүний хүсэл, зорилго тэмүүлэл цаг минутаар өөрчлөгдөж байгаа учраас энэ хөтөлбөр их таалагдсан. Сурч байгаад мэргэжлээ сонгоно.

-Эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөх гэж зүйл байдаг. Чиний хувьд аав ээжийнхээ мэргэжлээр суралцах уу?

-Манай өвөө жолооч мэргэжилтэй. Аав ээж эдийн засагч. Гэхдээ энэ нь энэ хүмүүсийн тухайн үеийнх нь хамгийн өндөр эрэлттэй байсан мэргэжил. Харин миний үе өөр. Хүсэл сонирхол минь яаж өөрчлөгдөхийг таашгүй байна. Одоогоор сонирхож байгаа мэргэжил гэвэл сэтгэлзүйн шинжлэх ухаанаар суралцах хүсэлтэй байгаа. Мөн эдийн засгийн суурь ойлголтуудыг олж авна. Бизнесийн салбар, улс төр судлалыг бас сонирхож байгаа. Сурч байх явцдаа дадлагажиж байгаад мэргэжлээ сонгоно.

2.jpg

-Гадаадад боловсрол эзэмшихийн давуу талыг юу гэж хардаг вэ?

-Гадаадад боловсрол эзэмших олон давуу талтай. Мэдээж АНУ-ын захын сургууль Монголын сургуулиудтай эн тэнцүү л байх. Гэхдээ гадаадад сурсны давуу тал нь хэлтэй болно, тухайн орныхоо талаар мэдлэгтэй болно, олон улсын найзуудтай ч болно. Харин яагаад дэлхийн том сургуульд сурах гэж байгаа вэ гэхээр сурч байгаа хүмүүсийн хүрээлэл болон илүү их боломжийн орон зайд орохыг хүссэн. Тэгэхээс Монголын боловсролын системийг голж байгаа зүйл огт биш.

-Тэгэхээр дэлхийн том компанид ажиллах зорилготой юу?

-Тодорхой компанид ажиллана гэсэн зорилго байхгүй ч төгсөөд гадаадад хэсэг хугацаанд ажиллана гэж боддог. Гэхдээ 4 жилийн хугацаанд миний бодол өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө